Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж, Япон улсын Ерөнхий сайд Шинзо Абэ нар 2014 оны 7 дугаар сарын 22-ны өдөр хэлэлцээ хийж, Монгол, Японы хооронд “Эдийн засгийн түншлэлийн хэлэлцээр” байгуулах зарчмын тохиролцоонд хүрэн хамтарсан мэдэгдэлд гарын үсэг зурсан юм.
Үүнээс хойш хоёр улсын Засгийн газар хэлэлцээрийн төсөл дээр ажиллаж, эрх зүйн зохицуулалтыг уялдуулж байна. Хэлэлцээний ахлагчаар хуучнаар Эдийн засгийн хөгжлийн дэд сайд томилогдон ажиллаж байсан бөгөөд тухайн яам татан буугдсанаар ажлын хэсгийн бүрэлдэхүүнийг шинэчлэх шаардлагатай болжээ.
Засгийн газрын өчигдрийн хуралдаанаар “Эдийн засгийн түншлэлийн тухай Монгол Улс, Япон Улс хоорондын хэлэлцээр” байгуулах хэлэлцээний явцын тухай дэлгэрэнгүй мэдээлэл сонсоод, хэлэлцээ хийх ажлын хэсгийг шинэчлэхээр тогтлоо. Талууд хэлэлцээрийг 2015 оны эхний хагаст багтаан байгуулахаар төлөвлөж байгаа тул дотооддоо авч хэрэгжүүлэх ажлуудыг ажлын хэсэг хариуцаж ажиллана.
Хоёр улсын эдийн засгийн түншлэлийн хэлэлцээр нь оёмол, сүлжмэл бүтээгдэхүүн, савхин эдлэл, зарим төрлийн гутал, хүнсний зарим бүтээгдэхүүн зэрэг манай экспортын бараа Японы зах зээлд хөнгөлөлттэй тарифаар чөлөөтэй нэвтрэх, дэвшилтэт техник технологи, ноу-хауг Монголд нэвтрүүлэх, хоёр орны бизнес эрхлэгчдийн хамтын ажиллагааг гүнзгийрүүлэх, ажлын байр нэмэгдүүлэх, улмаар хоёр орны эдийн засгийг интегралчлах чухал ач холбогдолтой юм.