Ч.Дашдаваа: Шинжлэх ухааны тусгай хууль хэрэгтэй

131127-2tЭнэ удаагийн “Өглөөний зочин” ярилцлагын буландаа  түүхийн ухааны доктор, профессор Ч.Дашдаваатай ярилцсан ярилцлагыг хүргэе 

Шинжлэх ухааны тусгай хууль хэрэгтэй гэж та ярьж байсан. Гэтэл “Шинжлэх ухаан, технологийн тухай” болон “ШУА-ийн эрх зүйн байдлын тухай” хууль гэж бий?

-Энэ хуулиуд шинжлэх ухааны салбарын асуудлуудыг зохицуулах чадваргүй гэдгээ аль хэдийнэ харуулчихсан. Технологи, инноваци зэрэг өөрсдөө ч учрыг нь олдоггүй үгийг академийнхан урдаа барьж, тэдгээрийн ард нуугдах замаар шинжлэх ухааны асуудлыг хуульчилсан нэр зүүж өнгөрөөсөн нь өнөөдөр  тун тодорхой боллоо.

Иймээс дээрх хуулиудыг яаралтай өөрчлөх хэрэгтэй. Технологи, инновацийн наад захын шаардлагын хэмжээнд Монголын шинжлэх ухаан хүрээгүй байна. Шинжлэх ухаан, технологи, инновацийг хөгжүүлнэ гэж олон жил  ярьсан боловч олигтой үр дүн гараагүй. Ийм учраас эхлээд шинжлэх ухааны  үйл ажиллагааг зөв гольдролд оруулах шаардлага тулгарч байна. Хэрэв улс орны нийгэм-эдийн засгийн хөгжлийг эрчимжүүлэхийг хүсч байгаа бол шинжлэх ухааны салбарын бүхий л харилцааг хуульчлан зохицуулах зорилтыг яаралтай хэрэгжүүлэх хэрэгтэй.

Өмнө нь баталсан хоёр хууль шинжлэх ухааныг хөгжүүлж чадаагүй, чадахгүй байгаа юм бол шинэ хуулийг батлахын тулд юу хийх хэрэгтэй вэ?

-Шинжлэх ухааны хуулийн үндсэн ойлголтуудыг зөв эрэмбэлж тодорхойлохоос ажлаа эхлэх нь зүйтэй. Хуучин хуульд “суурь, хавсрага судалгаа”, “эрдэм шинжилгээний ажилтан” зэрэг уртаашаа найман нэр томъёо оржээ. Энэ нь тухайн хууль агуулгын хувьд ямар ядуу болохыг шууд хэлээд өгч байгаа юм. Шинжлэх ухааны тухай шинэ хуульд гол асуудлыг хуульчлан зохицуулахтай холбогдсон 20 гаруй нэр томъёо, үндсэн ойлголтыг тодорхойлох шаардлагатай болно. Үүнээс гадна хуулийн үзэл баримтлалыг боловсруулах, хуулийн төсөлд ажиллах хүмүүсийн бүрэлдэхүүнийг нэлээд бодож байж шийдвэрлэх зэрэг шаардлага тулгарна.

Шинжлэх ухааны салбарын гол хөдөлгөгч хүч бол эрдэмтэд. Эдгээр эрдэмтдийн эрх үүргийг хуульчлахад юуны өмнө анхаарах ёстой болов уу?

-Шинжлэх ухааныг жинхэнэ ёсоор хөгжүүлэх зорилттой  холбогдон шинжлэх ухааны үйл ажиллагаа явуулж буй бие хүн, хуулийн этгээд зэрэг субъектүүдийн эрх, үүргийг нарийвчлан тодорхойлж өгөх ёстой болно. Эрдэм шинжилгээний бүтээл туурвих хамгийн таатай боломж, нөхцлийг жинхэнэ эрдэмтэн, мэргэшсэн судлаачдын өмнө нээж өгөх, шинжлэх ухааны салбарын харилцаанд тууштай ардчилсан ёсыг нэвтрүүлэхэд онцгой анхаарал тавимаар байгаа юм. Өөрийн туурвисан шинжлэх ухааны бүтээлийн хэрэгжилтийн үр дүнд бий болсон орлогоос зохих хувь хэмжээг хүртэх, салбартаа сэдвийн хүрээнд аж ахуйн үйл ажиллагаа эрхлэх зэрэг заалтуудыг шинэ хуульд оруулвал ажилд их тус болно.

ШУА-д жижиг, дунд, том толгойтой феодалууд өсөн үржиж, шинэ мэдлэгийг бий болгогч гол хүчин болсон эрдэм шинжилгээний ажилтнуудыг дарамтлагчид, дарангуйлагчид болцгоож байгаа нь шинжлэх ухааны хөгжлийг жинхэнэ ёсоор чөдөрлөх болсныг энэ оны эхээр нийтлүүлсэн өгүүлэлдээ онцгойлон тэмдэглэсэн юм. Шинжлэх ухааны төслийг эзэгнэж байдаг Академийн гишүүдийн дээрэнгүй зан авирыг зогсоох, залуу судлаачдад үзүүлэх дэмжлэгийг нэмэгдүүлэхэд шинэ хуулийн заалт чиглэгдэх ёстой нь мэдээж хэрэг. Бас бүх бурууг “хөгшчүүлд” чихэж болохгүй бөгөөд өнөөдөр Академи юм хийдэггүй залуучуудаар дүүрчихсэнийг хүлээн зөвшөөрөхөөс өөр аргагүй, үүнтэй холбогдон ажилтнуудыг аттестатчлах зорилтыг жинхэнэ ёсоор хэрэгжүүлж чаддаггүй өнөөгийн байдлыг шинэ хуулиар эрс шууд таслан зогсоох ёстой. “Орон сууц барих буюу худалдан авах зориулалтаар буцалтгүй тусламж хөнгөлөлттэй зээл авах” зэрэг хэрэгждэггүй, хэрэгжих боломжгүй худал заалт бүхий хуулийг өөрчилж, эрдэм шинжилгээний ажилтны нийгмийн хангамжийн асуудлыг өнөөгийн цаг үе, бодит байдалтай нийцүүлэн шийдвэрлэсэн хууль гаргах хэрэгтэй байна.

Шинжлэх ухааны чухал субъект болох эрдэм шинжилгээний байгууллагуудыг Боловсрол, шинжлэх ухааны яамны харьяаны ба их сургуулийн дэргэдэх хэмээн зохион байгуулж түүний эрх зүйн байдлыг тогтоож өгөх хэрэгтэй. Эрдэм шинжилгээний байгууллагуудыг нэгтгэж томсгох, эрх хэмжээг нь нэмэгдүүлэх чиглэлээр өөрчлөлт хийх шаардлагатай.

Их дээд сургууль дахь эрдэм шинжилгээний ажлыг үндсээр нь өөрчлөхөд шинжлэх ухааны хууль чиглэгдэх ёстой. Их сургуулиудыг эрдэм шинжилгээ, сургалт, үйлдвэрлэлийн үйл ажиллагаа эрхэлдэг болгоно хэмээн  олон арван жил зүтгэсэн боловч тэр нь тунхаглалын чанартай, хоосон ярианаас цааш хэтэрсэнгүй.  Жилд 15  орчим кредит цагийн хичээл заах нормоо арай гэж биелүүлж байгаа багш нар хичээлийн хажуугаар судалгааны ажил эрхлэнэ гэдэг боломжгүй зүйл болох нь нэгэнт батлагдлаа. Иймээс эрдэм шинжилгээний ажлын талаар тодорхой үр дүнд хүрсэн их сургуулиудад  Судалгааны их сургууль  хэмээх статус олгодог бусад орны туршлагыг судалж хуульдаа тусгаж оруулах замаар асуудлыг шийдвэрлэж болох мэт санагдана.

Тэгвэл шинжлэх ухааны салбарын ажилчдад олгодог шагнал урамшуулал ямар байх ёстой гэж?

-Шинжлэх ухаан, технологийн хуульд “шинжлэх ухаан, технологийн салбарын шагнал” гэсэн тусгай зүйл бий. Түүнд шинжлэх ухааны нээлт хийсэн иргэн, судлаачдын хамтлагт “байгаль, нийгмийн ухааны шагнал”,  шинэ технологи, бүтээгдэхүүн, материал бий болгон үйлдвэрлэлд нэвтрүүлж ажилласан  байгууллага, иргэнд “технологийн дэвшлийн шагнал” олгоно гэж хуульчилсан байдаг. Хуулийн хэрэгждэггүй олон заалтын нэг нь энэ. Хууль гарснаас хойш  ийм шагнал хүртсэн  байгууллага, хувь хүний талаар судлаачдын дунд ямар нэг ойлголт байхгүй байна. Байгаль, нийгмийн шинэ үзэгдэл хуулийг тодорхойлж, шинжлэх ухааны шинэ нээлт хийсэн иргэн, судлаачдын хамтлаг Лувсанданзан доктороос хойш гараагүй байх. Технологийн дэвшлийн шагналын тухайд бол бүр ч ярих юм байхгүй, өндөр үр ашиг, ач холбогдол бүхий шинэ технологи, бүтээгдэхүүн, материал бий болгоно гэдэг бол манай ШУА-ийн зүүдэнд ч орох зүйл биш.

Монголын өнөөгийн нөхцөлд хэрэгжихэд бэрхтэй  ийм худал заалтаар иргэн, судлаачдын хамтлагийг хуурч байхын оронд шинжлэх ухааны хөгжилд судлаачдын оруулсан  хувь нэмрийг бодитой үнэлэхэд чиглэгдсэн шагналын шинэ тогтолцоог бий болгох хэрэгтэй. Нөгөө талаар шинжлэх ухааны шилдэг бүтээл туурвисан судлаачдад улсаас олгодог шинжлэх ухааны тэтгэлгийг өргөтгөмөөр байгаа юм. Суурь, хавсрага судалгаа явуулахад, боловсон хүчнийг бэлтгэхэд идэвхтэй оролцсон эрдэмтэн судлаачдад энэхүү тэтгэлгийг олгодог байвал тэдний ажил, амьдралд их тус болно.

Шинжлэх ухааны удирдлага, зохион байгуулалтын төвшин ямар байна гэж та үздэг вэ. Удирдлагын үйл ажиллагааг сайжруулах талаар юу хийх ёстой вэ?

-Хуулиар шийдвэл зохих онцгой чухал зорилтын нэг  бол шинжлэх ухааны удирдлагын тухай асуудал болно. Шинжлэх ухаан хөгжихгүй байгаа, эрдэм судлалын ажил хүссэн үр дүнд хүрэхгүй байгаагийн гол шалтгаан нь шинжлэх ухааны удирдлагын  алдаатай, буруу тогтолцоо Монголд олон арван жил оршиж ирснээр тодорхойлогдоно. Үүнтэй холбогдон шинжлэх ухааны үйл ажиллагааны удирдлагын зарчмуудыг цоо шинээр тодорхойлон шинэ хуульд тусгах хэрэгтэй байна.

Үндэсний шинжлэх ухааны системийн хөгжилд Засгийн газар гол үүрэгтэй нь эргэлзээгүй хэрэг. Шинжлэх ухаан, технологийн тухай хуульд Засгийн газар, шинжлэх ухааны асуудал хариуцсан төрийн яам хоёрыг зааглан салгасан нь инээдэмтэй хэрэг. Яам бол Засгийн газрын үргэлжлэл шүү дээ. Засгийн газрын чиг үүргийг тодорхойлохдоо Шинжлэх ухаан, технологийн хуульд заасан шиг жижиг сажиг зүйлийг бус харин шинжлэх ухааны хөгжлийн тэргүүлэх чиглэлийн дорвитой томоохон асуудлуудыг улс орны нийгэм-эдийн засгийн хөгжлийн тэргүүлэх чиглэлтэй нягт холбоотойгоор томъёолоход анхаарал тавих ёстой.

Шинжлэх ухааны хөгжилд ашиг тусгүй, хаана ч хэрэгждэггүй, хэн ч тоодоггүй 16 төрлийн зөвлөмж гаргахаас өөр үүрэггүй, юм хийдэггүй, орон тооны бус Шинжлэх ухаан, технологийн үндэсний зөвлөл гэдэг байгууллагыг болон яам бүрт байдаг шинжлэх ухаан, технологийн зөвлөлүүдийг татан буулгавал зохино. Шинжлэх ухааны удирдлагын тогтолцоог Засгийн газар, Шинжлэх ухаан техникийн дээд комисс, шинжлэх ухааны үндэсний зөвлөлүүд, шинжлэх ухаан-техникийн улсын хяналтын зөвлөл зэргээс бүрддэг болгон өөрчилбөл шинжлэх ухааны хөгжилд тус нэмэртэй баймаар санагдана.

Шинжлэх ухаан-техникийн Дээд комисс нь Засгийн газрын гишүүд, төрийн байгууллагын удирдах ажилтнууд, тэргүүлэх эрдэмтэд, мэдлэгийн янз бүрийн салбарын экспертүүд, эрдэм шинжилгээний олон нийтийн байгууллага, хувийн компани, аж ахуйн байгууллагын төлөөлөгчдөөс бүрддэг,  шинжлэх ухааны, шинжлэх ухаан-техникийн болон инновацийн үйл ажиллагааг хөгжүүлэхэд чиглэгдсэн тэргүүлэх чиглэл, стратегийн зорилтыг төлөвшүүлэх, шинжлэх ухааны тус бүрийн чиглэлээрх суурь болон хавсрага судалгааны тэргүүлэх чиглэлийг тодорхойлох, эрдэм шинжилгээний үндэсний зөвлөлүүдийн санал дүгнэлтийг хэлэлцэх, шинж­лэх ухааны үйл ажиллагааг улсын төсвөөс сан­хүү­жүүлэх саналыг боловсруулах, эрдмийн зэрэг, цолыг үндэсний хэмжээнд баталгаажуулах  зэрэг олон чухал үүргийг хэрэгжүүлдэг байхаар тог­тоовол ажилд тустай мэт.

Улс орны нийгэм-эдийн засгийн хөгжлийн тэргүүлэх чиглэлтэй нийцүүлэх үндсэн дээр шинжлэх ухааны тэргүүлэх чиглэл бүрээр Засгийн газраас байгуулдаг шинжлэх ухааны Үндэсний зөвлөлүүд бол шинжлэх ухааны тухайн салбарын үйл ажиллагааны бодлого, чиглэл, тулгамдсан асуудлыг боловсруулан шийдвэрлэж байдаг хамтын удирдлагын байгууллага байна. Шинжлэх ухааны, шинжлэх ухаан-техникийн болон инновацийн төсөл, хөтөлбөрийн явц, хэрэгжилтийн талаарх улсын хяналтыг хүчтэй болгох, түүний ил тод, хараат бус байдал, захиргааны удирдлагын нэгдмэл байдлыг хангахын тулд Шинжлэх ухааны техникийн улсын хяналтын үндэсний төвийг байгуулах хэрэгтэй. Чингэснээр шинжлэх ухааны үйл ажиллагаанд оршиж байгаа хяналтгүй, эмх замбараагүй байдлыг эцэс болгоно.

Хуулийн агуулга энэ бүхнээр дуусахгүй байх. Ач холбогдол нь ч ойлгогдож эхэлж байна?

-Мэдээж санхүүжилтийн асуудал гэх мэтээр өөр олон заалтуудыг боловсруулах хэрэгтэй болно. Ер нь шинжлэх ухаан, технологийн хууль дутуу дулимаг боловсруулсан учраас дураараа дургих явдал шинжлэх ухааны байгууллагын удирдлагын дунд байсаар байна. Тухайлбал, 2014 оны дөрөвдүгээр сард УИХ-ын НББШУБ-ын Хорооноос гаргасан шинжлэх ухааны салбарыг бэхжүүлэх зарим арга хэмжээний тухай тогтоолыг дурдахыг хүсч байна. Хүрээлэнгүүдийн санхүүгийн бие даасан байдлыг хангах, орлогын олон эх үүсвэртэй болгох зэрэг заалтууд орсон нь зүйтэй боловч шинжлэх ухаанд зарцуулах зардлын хэмжээг хөгжиж буй орнуудын жишигт хүргэж тогтоох, хөрөнгө оруулалтыг улсын төсвийн хөрөнгө оруулалтын таван хувьд хүргэх хэрэгждэггүй мөрөөдлөө тусгасанд шүүмжлэлтэй хандмаар байгаа юм. Энэ нь нөгөө талаар Засгийн газрынхаа эсрэг нууцаар салаавч үзүүлсэнтэй адил болсон байна.

Шинжлэх ухааны тухай шинэ зүйлийг боловсруулж батлахад цаг хугацаа хэрэгтэй. Тэр болтол шинжлэх ухааны салбарт шинэчлэл өөрчлөлт хийх боломж бий юу?

-Байлгүй яах вэ. Эрдэм шинжилгээний хүрээлэн, төвийг байгуулах, татан буулгах бүрэн эрх хуулиар Засгийн газарт аль эрт олгогдсон шүү дээ. Улсын төсвөөр санхүүждэг хүрээлэн, төвүүдийг Боловсрол, соёл, шинжлэх ухааны яамны шууд харьяанд шилжүүлэх арга хэмжээг Засгийн газраас яаралтай авах хэрэгтэй. Эрх зүйн байдлын тухай хуульд заасны дагуу ШУА-ийг төрийн ивээлд байдаг олон нийтийн байгууллага маягаар төлөвшүүлбэл зохино. Эрдмийн дээд байгууллага хэмээн академийг олон арван жилийн турш иргэнээсээ эхлээд төрийн тэргүүнээ хүртэл шүтэн биширч, хир халдаадаггүй, гар хүрч чаддаггүй байсан сэтгэлгээнээс салах цаг аль хэдийнэ болчихжээ. ШУА төрийн бус байгууллага гэдэг зүй ёсныхоо байран дээрээ төвхнөж, эрдэмтдийн клуб маягаар ажиллаж, тэжээж ирсэн ард түмэндээ тус нэмрээ үзүүлдэг болмоор байна.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

Санал болгох мэдээ

Г.Билгүүн: Байгалийн боржин чулуу ашиглан халтирдаггүй явган хүний зам хийж байна

32-ын тойргоос Хүнсний 4-р дэлгүүр хүртэлх 1.2 км явган хүний замыг байгалийн боржин чулуугаар шинэчилж …