1911 оны 12 дугаар сарын 29-ндБогд хаант Монгол Улс тусгаар тогтнолоо зарласан өдрийг Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээсний баярын өдөрболгосноос хойш жил бүр эх түүхээ эргэн санах, түүхэн хүмүүсээ алдаршуулах ажлууд зохион байгуулж байгаа юм.
Үндэсний тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 103 жилийн ой, Монголын төр засгийн анхны гадаад айлчлалын 100 жилийн ойд зориулан “Монгол Улсын анхны Ерөнхий сайд Намнансүрэн Оросын эзэнт улсад” үзэсгэлэн Монголын Үндэсний музейд нээгдлээ.
Ард олноо “Ягаан ноён” хэмээн хүндлэгдэж ирсэн Монгол Улсын анхны Ерөнхий сайд, Сайн ноён хан Төгс-Очирын Намнансүрэнгийн умард хөршид 1913-1914 онд хийсэн төрийн айлчлал манай орны гадаад харилцааны түүхэнд тод мөр үлдээжээ.
Монгол Улсын 28 дахь Ерөнхий сайд Ч.Сайханбилэг уг үзэсгэлэнг нээж хэлсэн үгэндээ “Өнөөдөр бид Монголын түүхийн нэгэн чухал үйл явдлын баримтуудтай танилцаж байна. XX зууны эхэнд Монголчууд Их Орос улстай улс төр-эдийн засгийн харилцаагаа өргөжүүлэх, тэднээр дамжуулан өрнө, дорнын улс орнуудтай харилцахыг чухалчилж байв. Энэ зорилгын улмаас Монгол Улсын анхны Ерөнхий сайдын умард хөршид хийсэн айлчлал хүнд бэрх нөхцөлд үргэлжилсэн ч улс Монголоо дэлхийн их гүрнүүд Франц, АНУ, Япон, Германд таниулахыг хичээж, Богд хааны албан захидлыг гардуулж, Оросын хаант улсын төрийн 10 яамны 7 яамны сайд, дэд сайд, худалдаа, эдийн засаг, цэргийн 10 гаруй дарга, эрхтнүүдтэй ажил хэргийн уулзалт хийж чадсан юм. Мөн Оросын сүүлчийн Николай II хаантай хоёронтоо уулзаж, Төрийн Думын хуралд хүндэт зочноор оролцож, Ерөнхий сайд, Гадаад, Дотоод, Сан, Шүүх, Цэргийн яаманд биечлэн айлчилж Монголын тусгаар тогтнолоо баталгаажуулах, цэрэг зэр зэвсгийн тусламж хүртэх, эдийн засгийн дэмжлэг, зээл авах ажпуудыг хөөцөлдсөн юм” гэж тодотголоо.
Айлчлалын үеэр их гүрнүүдийн харилцааны асуудлаас яриа хэлэлцээр саатаж байсан ч тухайн үед 35 настай байсан Ерөнхий сайд Т.Намнансүрэн огтхон ч халширч шантралгүй, бодлогоосоо ухралгүй ажилласан байдгийг түүхчид олон судалгаандаа тэмдэглэжээ.
Энэ үзэсгэлэнд Монгол төрийн анхны Ерөнхий сайдын айлчлалтай холбоотой ховор гэрэл зураг, дүрс бичлэг, баримт эх хэрэглэгдэхүүнийг Оросын Түүхийн архив, Эрхүүгийн Улсын архив, Санкт-Петербургийн Гэрэл зураг, дуу дүрсний архив зэргээс шинээр илрүүлж, судалгааны эргэлтэд оруулан дэлгэсэн байна. Үзэсгэлэнг Ерөнхийлөгчийн Тамгын газар, ШУА-ийн Түүхийн хүрээлэн хамтран олон нийтэд хүргэж байгаа юм гэж Засгийн газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах албанаас мэдээллээ.