Өнгөрсөн долоо хоногийн баасан гаригийн УИХ-ын чуулган дээр МУ-ын Ерөнхий сайд Ч.Сайханбилэгийн Шинжлэх ухааны хүрээлэнгүүдийн талаар хэлсэн үгийг эсэргүүцэж ШУ-ны академийн үйлдвэрчний эвлэлийн хорооныхон өчигдөр сэтгүүлчдэд мэдээлэл өглөө. Энэ үеэр тус хорооны дарга П.Баяраас зарим зүйлийг тодрууллаа.
-Хэвлэлийн хурал хийх болсон шалтгаанаа тодруулж өгнө үү?
– Бидний хэвлэлийн хурал зарлах болсон шалтгаан бол Ерөнхий сайд Ч.Сайханбилэгийн УИХ-ын нэгдсэн чуулган дээр ШУ-ы хүрээлэнгүүдийг нэгтгэнэ гэж ярьсныг эсэргүүцэж байгаа юм.Хамгийн түрүүнд хэлэхэд Шийдлийн Засгийн газрын тэргүүний шинжлэх ухааны талаарх ойлголт, мэдлэг нимгэн байгаад маш их харамсаж байна.
-Ерөнхий сайд яг юу гэж хэлсэн юм бэ?
– Ч.Сайханбилэг сайд хэлэхдээ “Тоо томшгүй олон эрдэм шинжилгээний хүрээлэнгүүдийг нэгтгэн зохион байгуулах, тэдгээрийг их сургуулиудтай холбох, харьяалалд нь шилжүүлэх ажлыг хийнэ. Тухайлбал хөнгөн үйлдвэрийн хөгжлийн судалгаа хүрээлэн, Нэхмэлийн хүрээлэн, Дулааны техник үйлдвэрлэлийн экологийн хүрээлэн, Ой модны сургалт судалгааны хүрээлэн зэрэг байгууллагыг төсвөөс гаргаж ШУТИС-ийн харьяанд шилжүүлнэ. Ийм олон хүрээлэн төсвөөс санхүүжиж байгааг байтугай, ийм нэртэй байгууллагууд байдаг эсэхийг энд олон хүн мэдэхгүй гэдэгт бий хувьдаа эргэлзэхгүй байна” гэсэн. Манай салбарынхан Ерөнхий сайдын энэ үгтэй огт санал нийлэхгүй байгаа. Манайд тоо томшгүй тийм олон хүрээлэнгүүд байхгүй.
-Манайд ШУ-ы хэдэн хүрээлэн байдаг вэ?
-Ерөнхий сайд л тоо томшгүй гэж хэлсэн болохоос тийм олон хүрээлэн байхгүй. Засгийн газрын 1997 оны 31-р тогтоолоор эрдэм шинжилгээний байгууллагуудыг цөөлсөн бөгөөд одоо идэвхтэй үйл ажиллагаа эрхэлдэг төрийн өмчийн 40 орчим хүрээлэн бий. Тэгээд ч Ерөнхий сайдын хэлсэнчлэн ШУТИС-ийн харьяанд шилжүүлнэ гээд байгаа хүрээлэнгүүд одоо ч ШУТИС-ийн харьяанд байдаг. Удирдлагуудыг нь ШУТИС-ийн захирал томилдог. Ийм байхад өөрийнх нь юмыг өөрт нь эргүүлж өгнө гэж яриад байгааг ойлгохгүй байна. Тэгээд ч Засгийн газрын тогтоолоор байгуулагдсан эрдэм шинжилгээний хүрээлэнгүүд дотор улсын төсвийн нэг ч байгууллага байхгүй гэдгийг холбогдох дарга нар нь Ерөнхий сайдад хэлж өгөөгүй гэж үү.Тэд бүгдээрээ улсын захиалгаар зарласан төсөлд уралдаад, шалгарсан нь санхүүжилт авч, судалгаа шинжилгээ хийдэг. ШУА-ийн харьяа хүрээлэнгүүдийн дийлэнх нь гадаад хамтын ажиллагаанаасаа дийлэнх хөрөнгөө босгож үндсэн ажилдаа зарцуулдаг.
– Гадны өндөр хөгжилтэй орнуудын хувьд эрдэм шинжилгээний хүрээлэнгүүд нь их сургуультайгаа нэгдсэн байдаг. Тэгэхээр энэ жишгээр явсан нь дээр гэж үзэх хүмүүс бас нэлээд байгаа. Та бүхэн яагаад үүнийг эсэргүүцэж байгаа юм бэ?
-Шинжлэх ухааны салбарын хүрээлэн төвүүдийг их дээд сургуулиудад харьяалуулахдаа эхлээд хууль, эрхзүй, санхүү, эрх үүргийн хуваарилалт зэрэг асуудлыг зөв шийдэж бэлтгэсний дараа хийхгүй бол орчин цагийн 90 гаруй жилийн түүхтэй Монголын шинжлэх ухааны салбарын чадамж доройтох, устаж үгүй болох аюултай. Дахин босгох нь хэдэн арван жил үргэлжилж мэднэ. Хүрээлэн төвүүдийг их дээд сургуулийн харьяалалд шилжүүлэх нь олон сөрөг үр дагавартай.
-Тухайлбал?
-Нэгдүгээрт: Эрдэм судлалын ажлын үндсэн чиг үүрэг алдагдана. Их дээд сургуулиудад хүрээлэн төвүүдийг харьяалуулж байсан практик бий. Тухайлбал Эдийн засгийн хүрээлэн, Математикийн хүрээлэн, Хууль зүйн секторыг их сургуульд нэгтгэсэн ч өнөөдөр тэр байгууллагууд үүд хаалгаа барьсан байна. Хоёрдугаарт: Статус, санхүүжилт, орон тооны асуудал тодорхой бус учир шинжлэх ухааны салбарт ажиллагсдын хөдөлмөрийн эрх ашиг ноцтой зөрчигдөж ажилгүйдэл үүсэн амьдралын баталгаа үгүй болно. Гуравдугаарт: Одоогоор их дээд сургуулиуд шинэчлэл өөрчлөлт нь дөнгөж эхлэлийн шатандаа явж эмх, цэгцэндээ ороогүй, шинэчлэлтийн үр дүн гараагүй, судалгааны болох цаг болоогүй байна.
-Эдийн засгийн нөхцөл байдалтай холбогдуулж ийнхүү нэгтгэснээр хэмнэлт хийхээр тооцоолсон байх. Ер нь эндээс хэдэн төгрөгийн хэмнэлт гарах боломжтой бол. Та бүхэнд мэдэж байгаа зүйл байна уу?
-Өнгөц харахад цалин хөлс, зарим урсгал зардлын хэмнэлт гарч байгаа юм шиг харагдаж болох боловч 60 орчим орон тоог цомхтгож, 600 сая төгрөгийг хэмнэнэ гэсэн тооцоо Сангийн яам гаргаад байгаа сурагтай. Энэ нь хямралыг намжаах их мөнгө үү? улс орон хямралтай ийм ээдрээтэй цаг үед хүрээлэнгүүдийг их сургуульд яаран сандран нэгтгэх нь эртэднэ. Тэгээд ч эрдэмтэд эдийн засгийн хямралд хүргээгүй шүү дээ. Энд хэн ийм хямралд хүргэснийг бүгд мэдэж байгаа.
-Одоо та бүхний зүгээс эсэргүүцэж буйгаа мэдэгдчихлээ. Цаашид юу хийх вэ?
-Бид өнөөдөр /өчигдөр/ Ерөнхий сайдад эсэргүүцэж буй мэдэгдлээ хүргүүлнэ. Ингээд энэ сарын 31-нд Чингисийн талбай дээр жагсаал хийхээр болсон. Энэ жагсаалд манай эрдэмтэд оролцоно.
Ярилцсанд баярлалаа
Эх сурвалж: Olloo.mn