Найман хувийн хүүтэй орон сууцны зээлийг өчигдрөөс арилжааны банкууд албан ёсоор олгож эхэллээ. Орон сууцтай болох хүсэлтэй хүн бүрийн анхаарал татаж буй 8 хувийн зээлийн олголт, явцын талаар Худалдаа, хөгжлийн банкны Гүйцэтгэх захирлын орлогч Л.Соронзонболдтой уулзлаа.
-Өчигдөр 8 хувийн зээлийн нээлтийн ёслол Худалдаа, хөгжлийн банкин дээр боллоо, танайх зээлээ олгоод эхэлсэн юм байна лээ, энэ зээлийн эргэн тойронд ярилцъя?
-Арилжааны банкууд бүгд өөр өөрсдийн нөхцөл боломждоо тулгуурлаад орон сууцны зээлийг олгож байсан. Худалдаа, хөгжлийн банкны хувьд 2005 оноос хойш орон сууцны зээлийг тасралтгүй олгосон гэдгээрээ онцлог гэж хэлж болно. Банкуудын хувьд эх үүсвэр гаргахад хэцүү цаг үе хэсэг хугацаанд тулгарч байсан шүү дээ, бүгд зээлээ хэсэг хугацаанд хааж байхад манайх олгож байсан гэдгээрээ онцлог байсан байх.
Тэр утгаараа Засгийн газрын тэргүүн, Монголбанкны Ерөнхийлөгч нар Нээлтийн ёслолд хүрэлцэн ирж, зээл олголтын үйл явц болоод харилцагчидтай өчигдөр уулзлаа. 8 хувийн анхны зээлдэгч, өмнөх зээлээ 8 хувь руу шилжүүлсэн зээлдэгч, долларын зээлээ төгрөгийн 8 хувьтай зээлд шилжүүлсэн харилцагчдын төлөөлөлтэй уулзсан.
Зээл олголтын хувьд бүх салбар, тооцооны төвүүд харилцагчийн зээлийн материалыг хүлээн аваад, зээлээ олгоод эхэлсэн. Зээлийн шаардлага, бүрдүүлэх материалаа бид вэб сайт, бусад хэрэгслүүдээр нийтэд мэдээлж байгаа.
Өмнө нь танайхаас орон сууцны зээл авсан харилцагчдаа 8 хувьд шилжүүлсэн үү, танай банкны хувьд нэлээд олон харилцагчид байгаа байх, хэрхэн хүлээж авч байна?
Мэдээж хэрэг, зээлийн хүү 8-10 хувиар багасч байгаа тул харилцагчид маань маш баяртай байгаа. Би Танд нэг жишээ хэлье, 80 м/кв байр авахад дор хаяж 120 сая төгрөг болно. Урьдчилгаа төлбөр 30 хувь төлөөд ойролцоогоор 80 сая төгрөг жилийн 18 хувийн хүүтэй зээлсэн гэж үзье. Тэгвэл одоо 8 хувийн хүүтэй авснаар сар бүр төлөх тэнцүү төлбөрийн зөрүү нь 500,000 төгрөг болж байгаа юм.
Хагас сая төгрөгийг сар бүр хуримтлуулахад тэр айлын амьдралд бодитой бөгөөд маш том хэмнэлт болж чадна.
Монголд өнөөдөр 30 гаруй мянган иргэн орон сууцны зээлтэй байгаагаас 8 орчим мянга нь ХХБ-нд орон сууцны зээлтэй. Эдгээр зээлдэгчдээс тодорхой шаардлагуудыг хангаж байгаа харилцагчдын жагсаалтыг бид амралтын өдрүүдээр шүүж, 8 хувийн зээл рүү шилжүүлж, холбоо барьж эхэлсэн. Одоо банкин дээр ирж нэмэлт гэрээ хийх асуудал үлдсэн байгаа, заавал өнөөдөр маргааш ачаалал үүсгэлгүй, 14 хоногийн дотор харилцдаг салбар, тооцооны төв дээрээ очин, гэрээгээ байгуулахад болно.
Өмнөх зээлээ шилжүүлж байгаа харилцагчдаас банкууд дор бүрнээ тодорхой хэмжээний шимтгэл авч байгаа юм байна лээ. Танай банк хэдэн хувийн шимтгэл авч байна?
Шилжүүлж байгаа харилцагчдаасаа манай банк огт шимтгэл авахгүй байхаар тогтсон. Анх тэр харилцагч манайхаас зээлээ авахдаа шимтгэлээ төлчихсөн тул зээлийг нь 8 хувьд шилжүүлсний төлөө дахин шимтгэл авах нь зохисгүй гэж бид үзсэн.
Банк бүр өөр өөрийн гэсэн дотоод журмыг гаргаад, энэ 8 хувийн зээлийг олгож байгаа, шимтгэлийн хувьд ч янз бүр тогтоосон байна лээ.
Шинээр зээл авах гэж буй иргэдийн хувьд тавигдаж байгаа нөхцөл, шалгуурыг Та юу гэж бодож байна?
Ер нь бол энэ зээлийн зорилтот зах зээл нь тогтмол ажил хийдэг, дундаж орлоготой өрхүүдэд зориулагдсан гэдгийг ойлгох хэрэгтэй. Товчхондоо бол тогтмол ажилтай, байгууллагадаа 1 жилээс дээш ажилласан, зээлийн сарын төлбөр нь өрхийн татварын өмнөх орлогын 45 хувиас хэтрэхгүй байх, хувьдаа бизнестэй бол 2-оос дээш жил гэсэн хэд хэдэн шалгуурууд байгаа.
Манай салбарууд дээр очоод зөвлөгөө авч, материалаа бүрдүүлээд зээлээ авч болно. Мөн урьдчилгаа төлбөрөө мөнгөөр хуримтлуулж чадаагүй боловч өөрийн гэсэн байртай хүмүүсийн хувьд урьдчилгаа төлбөртөө үндсэн болон хамтран эзэмшдэг ээж аавын байраа ч барьцаалж болохоор байгаа.
Хэрэглээний зээлтэй хүмүүс авч болохгүй гэж яригдаад байгаа, цалингийн зээлтэй байсан ч 8 хувийн зээлд хамрагдахгүй гэсэн үг үү?
Хамрагдах боломжтой. Тухайн иргэний орлого хүрч байвал 8 хувийн зээлийг олгоно. Ер нь бол хэрэглээний зээл аль ч улс оронд өндөр хувьтай байдаг. Манай улсын хувьд ч гэсэн иргэдийн зээлийн дийлэнх хувийг хэрэглээний зээл эзэлдэг.
ХХБ-ны хувьд иргэдэд хэрэглээний жижиг зээл тогтмол олгодог, гэхдээ харилцагчид маань бусад зээлээс харьцангуй өндөр хүүтэй хэрэглээний жижиг зээл авснаас, үр ашигтай зүйлд зээлээ зарцуулах нь зүйтэй гэдэг бодлого барьдаг тул орон сууцны зээлийг түлхүү олгодог.
Манай олгосон иргэдийн нийт зээлийн 50 гаруй хувийг орон сууцны зээл тогтмол эзэлсэн байдаг юм. Нийт банкны салбарын хувьд авч үзэхэд хэрэглээний зээл 2011 онд нийт зээлийн 65 хувийг, 2012 онд 60 орчим хувийг эзэлж байгаа нь нэлээд өндөр үзүүлэлт төдийгүй тийм ч сайн зүйл биш юм.
Хэрэглээний хэт их өртэй байвал яаралтай санхүүгийн шаардлага гарсан үед өндөр хүүндээ мөнгөө төлөөд байх нь иргэдийн амьжиргаанд сөргөөр нөлөөлөх, цаашлаад эдийн засагт ч таатай биш. Төрөөс хэрэгжүүлж байгаа 8 хувийн зээл нь иргэдийг жижиг хэрэглээндээ зээл авах биш, урьдчилгаа төлбөрөө хуримтлуулах, байр, орон сууцтай болох эрмэлзлэлийг бий болгоно гэдэгт итгэлтэй байна.
Ярилцсанд баярлалаа.
Эх сурвалж: