ШУА-ийн Философи, социологи, эрхийн хүрээлэнгийн Захирал, академич Г.Чулуунбаатартай ярилцлаа.
НЭГ. ШИНЖЛЭХ УХААНЫ САЛБАРЫН МЕНЕЖМЕНТ НЭГ Л ЗҮГШРЭХГҮЙ БАЙНА.
-Танай хүрээлэнгийн тэнхээ ямар байна? Өмнөө тавьсан зорилгоо хэрэгжүүлэхэд хүрэлцэхүйц хүн хүчтэй, санхүүгийн боломжтой эсэхийг сонирхож байна л даа.
-Хүрээлэн 1972 онд бие дааж байгуулагдаад 1980-аад оны сүүлчээр хамгийн сайн бэхжиж 70 шахам орон тоотой, өндөр мэргэжлийн чадварлаг эрдэмтэдтэй хүчирхэг институци болоод байлаа. 1996 он гэхэд бараг тарахдаа тулсан ч 1997 онд ШУА-ийн тухай Засгийн газрын тогтоол гарч хэвийн ажиллах боломж бүрдсэн. Одоо 30 гаруй орон тоотой, туршлагажиж яваа залуу судлаачид голлосон боломжийн чадавхитай болж явна. Санхүүжилттэй холбоотой хоёр асуудлыг олон жил ярьж байна. Нэг дэх нь ажилтнуудын цалин. Өмнөх нийгмийн үед эрдэм шинжилгээний ажилтнууд ойролцоогоор яамны газрын даргатай адил цалин авдаг, нийгмийн нэр хүнд нь ч өндөр байлаа. Одоо бол олигтойхон компанийн үйлчлэгчийн хэмжээний цалинтай, дунджаар 500 мянга орчим төгрөг шүү дээ. Тэр хэмжээгээрээ нэр хүнд сайнгүй болчихоод байна. Хоёрт, судалгааны санхүүжилт, материаллаг бааз нь ямагт бусад салбараас хоцрогдонгуй явж ирлээ дээ. Гэлээ ч хүрээлэн маань нэр хүндтэй хэвээрээ, нийгмийн үүргээ хэвийн хэрэгжүүлж байгаа, цаашдаа бэхжих боломжтой.
-Манай төр, засаг танай хүрээлэнгийнхний хүч боломжийг хэр ашиглаж байна. Та бүхний бүтээл, саналыг төрийн бодлогод тусгаж байна уу?
-Иргэдийнхээ оюуны хэрэгцээнд үйлчлэх, төрийн бодлогын шинжлэх ухааны үндэслэлийг боловсруулахад суурь судалгааны хүрээлэнгүүдийн ажлын гол үр дүн чиглэх ёстой. Миний бодлоор манай шинжлэх ухааны байгууллага, хүрээлэнгүүд иргэдийнхээ оюуны үйлдвэрлэлд бүтээгдэхүүн нийлүүлэх үүргээ боломжийн сайн хэрэгж үүлж байгаа. Харин төрийн бодлогын шинжлэх ухааны үндэслэлийг боловсруулах үүрэг нь, хэрэглэгч, захиалагчаас хамааралтай байдаг учраас хангалттай сайн гэж хэлж чадахгүй. Гэхдээ манай хүрээлэнгийн судалгааны гол гол чиглэлээр гарсан үр дүн төрийн бодлогод шууд ба шууд бусаар тусгагдаж байгаа гэж хэлж болно. Шийдвэр гаргах эрх мэдэл бүхий засаг төрийн байгууллагыг ШУА, хүрээлэнгүүд, эрдэмтэдтэй холбодог үр ашигтай механизм, зөв тогтолцоо бүрдэхг үй байгаа нь бидний гол бэрхшээл юм. Судалгаа захиалж хийлгэнэ, төслийн захиалагч нь төрийн байгууллага байна гээд биччихсэн хууль, дүрэм журам маш олон. Харамсалтай нь манайхан судалгаа захиалж чаддаггүй, сураагүй, яг юу хүсээд байгаагаа нарийн тодорхойлж өгдөггүй. Тийм асуудлаар нэг судалгаа хиймээр байна гээд даалгавар ч юм шиг, захиалга ч юм шиг юм яриад байдаг. Өөрөөр хэлбэл, төр судалгаа захиалж, захиалагчийнхаа үүргийг ёсоор нь биелүүлдэг ёс журамд суралцмаар байна уу даа гэж бодогддог. Ер нь хүн уураг тархиндаа, төр нь шинжлэх ухаандаа түшиглэж чадвал үндэстэн оршин тогтнож, бие даан хөгжиж чадна гэж би ойлгодог.
-Шинжлэх ухааныг манай төр жаахан шоовдорлоод байна гэх яриа ялангуяа энэ салбарынханд байдаг шиг санагддаг. Та ч бас ийм бодолтой явдаг юм шиг сэтгэгдэл төрлөө.
-Шоовдорлох ч арай биш юм аа. Ер нь шаардлагатай хэмжээнд анхаарч, зохих арга хэмжээ авах, санхүүгийн болон бодлогын дэмжлэг үзүүлэх тал дээр бодох юм бий. Гэхдээ сүүлийн жилүүдэд алхам алхмаар дээрдэж байгаа шүү. 1990-ээд оны сүүлч, 2000 оны эхэн үеийг бодвол одоо илүү итгэл найдвар төрүүлж, ямар нэг хэмжээгээр урам зориг өгч байна.
-Тэгвэл Төрөөс шинжлэх ухааны талаар баримтлах бодлого гайгүй сайжирч байгаа гэж ойлгож болох уу?
-Зарчмын хувьд тэгж ойлгож болох байх. Бодлогын зарчим, тэргүүлэх чиглэл, гол хуулиуд нь гарчихсан. Одоо төрөөс шинжлэх ухааны талаар баримтлах бодлогын төслийг шинээр боловсруулаад байгаа. Харин санхүү, менежмент нь л нэг болохгүй юм. Өнөөгийн Монголын нийгэмд шинжлэх ухааны салбарын менежментийг хэн хийх вэ гэдэг асуудал олигтой шийдэгдэхгүй цаг алдаад байх шиг санагддаг. Төсөв, санхүүгийн бүх харилцаа Төрийн сан, БШУЯ-ны Шинжлэх ухаан, технологийн сангийн шугамаар их хөшүүн, хүнд сурталтай зарчмаар явдаг. Сайд, ШУА-ийн ерөнхийлөгчид эрх шилж үүлэх гэрээ байгуулдаг. Гэтэл тэнд хүрээлэнг үүдийн төсвийн ерөнхийлөн захирагчийн эрх мэдэл шилждэггүй. Энэ талаар Засгийн газрын нэг тогтоол гараад бараг тэр дороо хүчингүй болсон гэж дуулдсан. Тэгэхээр шинжлэх ухааны санх үүгийн салбарын менежментийг бодлогын яам хийгээд байгаа биз дээ. Төр бол хамгийн муу менежер гэж нэг үг бий дээ. Мөнгөний бараг эрх мэдэлгүй шахам менежерүүд ямар олигтой менежмент хийх вэ дээ. Энэ асуудлыг нухацтай яриад нэг мөр шийдчихмээр байгаа юм. Уг нь шинэчлэлийн Засгийн газар Ажлын хэсэг байгуулж жил гаруй ажиллаад овоо яримаар болж байснаа таг болчихсон. Одоо ч тэгээд улс төр нь бужигнаад, Засаг төр нь унаж тусаад бас сонгууль дөхөөд олигтой юм хүлээгээд нэмэргүй л болчих шиг боллоо доо.
-Таны бодлоор энэ чиглэлд нэн даруй хийчихэж болмоор ямар ажил байна вэ?
-Том хууль, бодлого гэвэл ойрын нэг хоёр жилдээ бүтэхгүй биз дээ. Харин Засгийн газар, яам өөрийнхөө эрх мэдлийн хэмжээнд шийдээд хийчихэж болох хоёр, гурван ажил байна гэж бодогдоод байгаа юм. Нэгдүгээрт, шинжлэх ухааны салбар, ялангуяа ШУА, түүний хүрээлэнгүүдийн төсөв, санхүүг Төрийн сангийн тогтолцооноос гаргачихмаар байгаа юм. Болохгүй бол зөвхөн улсын төсвийн дэмжлэгээ Төрийн сандаа үлдээгээд үйл ажиллагааны орлогоороо санх үүгийн менежмент хийх боломжийг нь олгоод арилжааны банкинд данстай болгох боломж бий. Хоёрдугаарт, ШУАийн ерөнхийлөгчийг харьяа хүрээлэнгүүдийнхээ төсвийн ерөнхийлөн захирагч нь болгочихмоор байна. Бүр арга ядахад БШУ-ны сайд, ШУА-ийн ерөнхийлөгчид эрх шилж үүлэх гэрээ байгуулахдаа тусгай захиалгатай бүтээгдэхүүн, хүрээлэнгүүдийн суурь судалгааны төсвийн эрх мэдлийг хамтад нь шилжүүлж болмоор байна. Гуравдугаарт, есдүгээр сард баталсан Засгийн газрын 301 дүгээр тогтоолоор “Шинжлэх ухаан, технологийн төсөл хэрэгж үүлэх журам”-аар суурь судалгаа, төсөл хоёрыг адил журмаар хэрэгжүүлэхээр болж. Бас сонгон шалгаруулалтаас эхлээд төсөл хэрэгжиж дуусах бүх шатанд ШУА, түүний салбарын Бага чуулгануудын оролцоо, үүргийг байхгүй болгож, суурь судалгааны хүрээлэнгүүд нь хувийн компани, ТББ, хувь иргэнтэй адилхан төсөл хэрэгж үүлэгч л байхаар болгосон. Ингэснээр ШУА, түүний харьяа хүрээлэнгүүд их суларч ер нь түвэгтэй олон асуудал үүсэхээр байна. Тийм учраас энэ журмыг эргэж харах хэрэгтэй. Төсөл, суурь судалгаа хоёрыг санхүүжүүлэх, сонгон шалгаруулах зарчмыг ялгах ёстой. Бүх шатанд ШУА, түүний харьяа хүүрээлэнг үүдийн оролцоог зохистой болгох учиртай. Энэ бүхнийг хийхэд хууль журмаар айхтар хатуу хорьсон зүйл байхгүй. Засгийн газар, Сангийн яам, БШУЯ-ны түвшинд яриад хамтын шийдвэр гаргах замаар шийдэж болох л зүйл.
ХОЁР. ТӨР, НАМ, БИЗНЕС ГУРВЫГ ДАХИН САЙН САЛГАМААР БАЙНА.
-Та нэг үе улс төрд нэлээд ойр явсан хүн болохоор энэ сэдвээр зарим асуулт тавимаар байна. Монголын улс төрийн намууд одоо хэр нь төлөвшөөгүй гэдэгтэй та санал нийлэх үү? Ер нь нам төлөвшиж буй гол шалгуур нь юу байдаг юм бэ?
-Намын төлөвшил гэдгийг юу гэж ойлгохоос их зүйл хамаарна. Даргатай, байгууллагатай, гишүүнтэй, оффистой байвал нам болчихлоо, төлөвшчихлөө гэж ойлговол манай бүх нам бараг ийм байгаа байх. Харин орчин үеийн улс төрийн соёл, хэм хэмжээний дагуу хуулийн хүрээнд шударга, хариуцлагатай ажилладаг, улс орон, хүн ардынхаа төлөө хөгжлийн цэгцтэй бодлого боловсруулж, түүнийгээ тууштай хэрэгжүүлдэг, ард олныхоо итгэлийг дааж чаддаг улс төрийн ардчилсан институт болж чадсан уу гэвэл хэрэг дээрээ одоо манайд нэг ч нам төлөвшөөгүй байна. Тулхтай, хоёр том нам гэж бид ярьдаг ч тэр хоёр маань ямар байгааг сүүлийн 3-4 жилийн дотор болсон, одоо болж байгаа үйл явдлууд харуулж байна. 90 гаруй жилийн түүхтэй МАХН хоёр хуваагдаж, түүхээ ч, эрх мэдлээ ч, эд хөрөнгөө ч, гишүүд, дэмжигчдээ ч булаацалдах болсон. Үр дүнд нь бүх сонгуульд ялсангүй. 25 жилийн түүхтэй Ардчилсан нам дотоод зөрчил, бүлэг фракцуудын тэмцлээс болж Засгийн газраа унагаж авлаа. Одоо яаж хөгөө тарьж, бантан хутгаж байгааг бид харж байна. Тэгэхээр намууд төлөвшсөн гэж гэж хэн ч хэлэхгүй байх. Ер нь улс төрийн нам хэр зэрэг төлөвшиж байна вэ гэдгийг хэмждэг ерөнхий шалгуур бий. Тэр нь ямар хэв шинжийн нам бэ гэдгээсээ хамаарч бас ялгаатай. Шинжлэх ухааны ангиллаар бол манайд байгаа бүх нам олон түмний намын хэв шинжээр байгуулагдсан. Бүтэц, зохион байгуулалт, үйл ажиллагаа нь бүгд адил. Одоо бүр үзэл баримтлалын ялгаа ч үгүй болчихсон. Орчин үед ийм хэв шинжийн намуудаас картель хэв шинжийн нам руу шилжих үйл явц эрчимтэй өрнөж байна. Ийм намд гишүүнчлэл гэхээсээ илүү дэмжигчид чухал. Бүтэц, зохион байгуулалт нь түүндээ нийцсэн байдаг. Гэтэл манай намууд бүтэц зохион байгуулалтаасаа эхлээд бүх зүйл нь олон түмний намын шинжтэй, хатуу гишүүнчлэлтэй мөртөө бодит үйл ажиллагаа нь картель намын хэв шинжтэй болчихоод байна. Ам ажил нь зөрдөг, агуулга хэлбэр нь хоорондоо таардаггүйн гол шалтгаан энд байна уу гэж бодогддог. Зөв төлөвшихийн тулд эхлээд ямар хэв шинжийн нам болохоо тодорхойлчих хэрэгтэй. Хатуухан хэлэхэд манай намууд чинь өөрсдийгөө ер нь ямар болчихоод байгааг мэддэггүй л юм шиг санагдаад байгаа юм.
-Картель хэв шинжийнх гэдэг чинь ямар нам юм бэ?
-Картель хэв шинжийн улс төрийн нам гэдэг ойлголт олон түмний болон кадрын намуудын ажил үйлс хөгжингүй орнуудад сайнгүй болоод ирсэн 1990-ээд оны эхээр дэлгэрсэн зүйл. Ер нь улс төрийн шинжээ нам бүдгэрүүлж, картелийн зарчмаар ажиллана гэсэн үг л дээ. Ийм намд 2-3 гол шинж бий. Нэгд, ийм намууд улс төрийн тогтолцоон дахь байр сууриа бэхжүүлэхэд төрийн нөөц боломжийг (эрх мэдэл, санхүү хөрөнгө гэх мэт) ашиглахыг хичээдэг. Хоёрт, намуудын хоорондын харилцааны болон бусад асуудлыг шударга өрсөлдөөний зарчмаар гэхээсээ илүү зөвшилцөл, ил далд яриа хэлэлцээр, хуйвалдаан, тохиролцооны зарчмаар шийдвэрлэхийг эрмэлздэг. Гуравт, сонгуулийн үед төрийн болон томоохон компани, корпорацуудын хөрөнгө, санх үүг ашиглахын төл өө ажилладаг. Тэгэхээр маш нарийн хууль, тоглоомын тодорхой дүрэмгүй бол нэг их бүтэлтэй зүйл биш л дээ. Харамсалтай нь манайхан хууль ч үгүй, зохион байгуулалт, тоглоомын дүрэм ч үгүй байхад бодит амьдрал дээр ийм зам руу явж орчихоод байна. Нам дамжсан олигархи бүлэглэл бүхнийг шийдэх гэж оролдоод байна уу даа гэж олон түмэн хардаад байдаг чинь хоосон зүйл биш л байхгүй юү.
-Тэгвэл намуудыг хөлийг нь олуулахын тулд яах ёстой болж байна вэ?
-Ер нь Монголд ямар нам байгуулж болохыг Улс төрийн намуудын тухай хуулиар зааж тодорхойлно шүү дээ. Тэгвэл үндсэндээ 1990-ээд оны эхэнд баталсан хуулийг одоо мөрдөж байна. Сонгуулийн хууль зэрэг намтай шууд холбоотой зарим хуульд өөрчлөлт орох үед түүнд нийцүүлж бага зэрэг зохицуулалт хийж байсан байх. Гэтэл тэр үеийн намын тухай хууль хэрэг дээрээ нэг намын тогтолцооноос олон намын тогтолцоонд шилжих эрх зүйн үндсийг бүрдүүлсэн төдий. Төлөвшил, хариуцлага, санхүүжилт, гишүүнчлэл, сонгуульд оролцох, төрд оролцох гээд олон асуудал нь бүрхэг. Тэгэхээр эхлээд Улс төрийн намын тухай хуулиа орчин үеийн шаардлага, амьдралын бодит хэрэгцээнд нийцүүлж маш сайн болгох хэрэгтэй. Тэгж байж улс төрийн төлөвшлийн процесс хуулийн дагуу явах учиртай. Энд нэн даруй шийдэх хэдэн тодорхой асуудал бий. Нэгдүгээрт, гишүүнчлэлийн асуудал. Хатуу, сул, гишүүнчлэлгүй гэх мэтийг шийдэх ёстой. Хоёрдугаарт, зохион байгуулалтын хувьд заавал үндэсний хэмжээний бүтэцтэй байх хэрэгтэй эсэхийг тодорхойлох. Гуравдугаарт, намын санхүү, хөрөнгө. Яаж санхүүжих, хөрөнгөө яаж зарцуулах, тайлагнах гээд олон асуудал байна. Дөрөвдүгээрт, сонгуульд яаж оролцох. Бүх шатны сонгуульд оролцох эрхтэй байх уу? Нутгийн өөрөө удирдах ёсны байгууллагын сонгуульд нам оролцох уу? Оролцвол ямар хэлбэрээр гээд асуудлууд байна. Тавдугаарт, төр, намын харилцаа ямар байх талаар шийдэх зүйл бий. Их тодорхой хуультай, дээр нь улс төрийн тоглоомын дүрэм нь тодорхой, улс төрийн соёл, ёс зүйн хэм хэмжээ нь олон түмний хяналтаар хязгаарлагдаж чадвал нам зөв төлөвших байх л даа.
-Монгол Улсад хөгжлийн тулгуур үзэл, үндсэн чиглэл байна уу, үгүй юү гэж бодогдох боллоо. 10-20 жилийн дараа ийм түвшинд хүрэх юм гэсэн бодит төсөөлөл бидэнд ер байна уу?
-Цаасан дээр буусан, албан ёсоор төрөөс баталсан, одоо хүчин төгөлдөр байгаа бичиг баримт гэвэл олон бий. Хамгийн сүүлийнх нь Мянганы хөгжлийн зорилтод суурилсан Үндэсний хөгжлийн цогц бодлого гэж УИХ-аар 2008 онд баталсан том баримт бичиг байгаа. Тэнд маш тодорхой зорилт, төсөөлөл бий ч одоо түүнийг мэддэг, санадаг хүн бараг алга болж. Дайны дараах Япон, Солонгос шиг ч юмуу? Эсвэл 1978 онд хятадуудын зарласан шиг маш товч, ойлгомжтой тийм зорилго, эрхэмз үйл манайд байхгүй байна. Улс орныхоо хөгжлийг сонгуулийн дөрвөн жилийн циклээр хардаг, дараагийнх нь өмнөхөө тас мартдаг учраас бодлогын залгамж шинж алдагдаж, хөгжлийн алсыг харсан стратеги байхгүй болчихоод байна. Харин одоо бол улс орон 10, 20 жилийн дараа тийм болж хөгжинө гэхээсээ илүү тэдэн жилийн дараа тийм өр төлнө гэх шахуу л юм ярьдаг боллоо. Үндэстнийг ирээдүй өөд хөтөлсөн нэгтгэгч үзэл санаа, хүрэх зорилгогүй бол улс орон яаж хөгжих билээ дээ.
-Миний бодоход бид ялангуяа эдийн засгийн хөгжлийн хувьд 1990 оноос хойш өнгөрсөн хугацаатай харьцуулбал тийм ч ахицтай биш байх шиг. 24 жилд биднээс илүү амжилтад хүрчихсэн, хөгжчихсөн улсууд зөндөө байх юм. Энэ юутай холбоотой вэ? Бодлогын алдаа байна уу, бололцоо нь доогуур байв уу. Бид юун дээр алдав?
-Япон, Солонгос гээд Азийн барууд гэхээ больё гэхэд хажуугийнхаа Хятадыг харахад асуудал ойлгомжтой байгаа л даа. Асар том газар нутаг, байгалийн их баялаг, цөөн хүн амтай, тун авсаархан эдийн засагтай, төр ёсны асар их уламжлалтай манай орныг зөв бодлогоор удирдвал түргэн хөгжих боломж бий. Одоогийн байдлаар байшин барилга, зам харгуй, бараа таваар гээд харагдах төдийгөөр бол овоо хөгжиж байна гэх л байх. Хүмүүсийн ахуй амьдрал, бодит орлого, соёл боловсрол гээд хүнд хүрсэн үзүүлэлтээр бол олигтой ахисангүй. Ардчилал, хүний эрх, эрх чөлөөний үзүүлэлтээр том ахиц гарсан. Харин хариуцлага, нийгмийн эмх цэгц, ёс суртахуун, шударга ёсны үзүүлэлт бүр унаж гүйцлээ. Тэгэхээр манайд хөгжсөн ч юм шиг, доройтсон ч юм шиг их будлиантай, зөрчилтэй дүр зураг бий болчихож. Эдийн засгийн, хүний хөгжлийн, нийгмийн капиталын үзүүлэлтүүдээр бол боломжоо ашиглаж хөгжиж чадсангүй. Багцлаад хэлбэл, чанаргүй, хүндээ хүрч чадаагүй, хэлбэр төдий хөгжил гэмээр юм уу даа. Ийм болсны шалтгаан олон. 1990-ээд оноос бодлогог үйн алдаа, 2000 оны үеэс зарим алдаатай бодлогын уршиг, одоо бол дахиад бодлогын хаос буюу хоосрол үүссэний гай гарч байх шиг байна. Бодлогын ийм дампуу цикл хоёр зүйлээс болсон. Нэг нь гадныхныг, тэр дундаа барууныг сохроор хуулан дуурайх, тэдний улс төрийн бодлогын тоглоомд ухамсартай ба ухамсарг үйгээр татагдан орж, өөрсдийн толгойг ажиллуулахг үй болсонтой холбогдоно. Нөгөө нь дотроо улстөржин талцаж, нэг нь нөгөөдөө гох дэгээ болдгоос бодлогын залгамж чанар алдагдаж, тасалдал их гарсантай холбоотой байх. Энэ сиймхийгээр гол төлөв гадаадынхантай холбоотой улс төр-бизнесийн бүлэглэл улс орноо хөгжүүлэх бодлогын оронд хувийн явцуу сонирхлоо гүйцэлдүүлэх бодлого боловсруулж, хэрэгж үүлж ирсэнтэй бас холбогдоно.
-Улс төрийн эрх чөлөөг бид эдийн засгийнхаас илүүд үзэж ирснээс болов уу. Хятадыг харвал эдийн засгийн эрх чөлөөг тэргүүнд тавьсан шиг, тэгээд амжилт олж байх шиг санагддаг.
– Ерөнхийдөө тийм гэж үзэж болно. Эрх чөл өө бол гагцүү хүнд холбогдох ойлголт. Түүнийг уураг тархиар дамжуулж улс төр, оюун санаанд, эдийн засагт, соёл урлагт гээд хүний үйл ажиллагааны бүх салбарт олгодог, бас хязгаарлаж болдог зүйл. Ер нь тодорхой хязгаартай байх ёстой эд. Хязгааргүй эрх чөлөө гэж энэ хорвоод байхгүй. Улс төрийн салбарт хүний эрх чөлөөг ардчилсан зарчмуудаар хязгаарлаж, хангахыг нь ардчилсан дэглэм, эдийн засгийн салбарт бол төрийн бодлого, нийтийн эрх ашгаар хязгаарлаж хувийн өмчийн эрх чөлөөг хангахыг чөлөөт зах зээлийн тогтолцоо гэж ойлгож болно. Хятад бол хязгаарлагдмал ардчиллыг үзэл суртлын тодорхой хязгаарын дотор маш нарийн тооцоолсон, залгамж шинжтэй, цэгцтэй, хатуу бодлогоор хөгжүүлж байна. Хүчтэй төрийн зохицуулалт бүхий нарийн төлөвлөгөөтэй чөлөөт зах зээлийн тогтолцоо хөгжиж үр дүнгээ өгч байгаа. Үүнийг дорнын нийгэмд, Хятадынхаа онцлогийг тооцсон бодлого гэж ойлгож болно. Манайд бол улс төр, эдийн засгийн өөрчлөлтийг зэрэг хийсэн гэж бид сайрхдаг. Тийм тал ч бий. Гэхдээ социалист байсан Азийн орнуудаас ганцхан манайх л барууны ардчилал, зах зээлийн загварыг шууд авсан. Өөр газар оронд, хөгжлийн өөр түвшинд, өөр үндэстэнд таарч тохирч байсан бүхэн Монголд яв цав тохирохгүй нь ойлгомжтой. Тэр бүр тохирохгүй байгааг бид 24 жил ямар нэг хэмжээгээр мэдэрсэн гэж боддог. Миний бодоход ардчилал, зах зээлийн замыг сонгосон нь буруу биш. Буруу нь дорнын нийгэм, Монголынхоо онцлогийг тооцож, судалж, сонголтоо зөв хийж чадаагүйд л байна. Монголын онцлог гэдэг бол юуны өмнө монголчууд дэлхий дээр төр ёсныхоо уламжлалаар хамгийн баялаг ард түмэн. Тэгэхээр “Малаа яаж маллахыг марксизмаар заалгахгүй” гэж манай нэг сайн яруу найрагчийн хэлсэнчлэн монголчууд бид Төрөө яаж засахаа гадныхнаар нэг их заалгаад баймааргүй байгаа юм. Гаднынхан бол өөрийнхөө л юмыг заана, өөрсдийнхөө сонирхлыг л хавчуулах нь ойлгомжтой. Гэтэл манайд төр ёсны уламжлалд чинь гаднынхнаас дутахааргүй, дор хаяад дүйлгэж үзэх, жишиж харьцуулах хэмжээний онол ухаан хангалттай байгаа шүү дээ. Жишээ нь өрнөдийнхний хууль дээдлэх ёс гэдэг зүйлийг агуулга, шинж чанараар нь манайхны төрөө дээдлэх үзэл санаатай нэг зиндаанд тавьж, нэг түвшинд жишиж, харьцуулж судлаад үзвэл сонирхолтой үр дүн гарна гэдэгт би эргэлздэггүй. Өрнөдийн төрд хууль гол бол манай төрд ёс суртахуун гол байсан гээд яривал их юм гарна даа.
ГУРАВ. ҮНДСЭН ХУУЛЬ ҮЕЭ ӨНГӨРӨӨГӨӨГҮЙ Ч ЭРГЭЖ ХАРАХ ЗААЛТ ЦӨӨНГҮЙ БИЙ
-Манай Үндсэн хуулийн зарим заалт өнөөгийн нөхцөлд үүргээ гүйцэтгэж чадахгүй, өөрөөр хэлбэл цаг үеэсээ хоцроод, үеэ өнгөрөөгөөд байгаа юм биш үү. Бидний алдаа үүнтэй холбоотой юм биш байгаа.
-Үеэ өнгөрөөсөн үү, хэрэглэж, хэрэгжүүлж чадаагүй юү гэдгийг нарийн судлах шаардлагатай. Үндсэн хуульдаа учиртайхан хандах ёстой. Эхлээд энэ хуулийн боломж, эрх зүйн чадавхийг бүрэн ашиглаж байна уу гэдгээ нэг мөр нягтлан дүгнэх хэрэгтэй. Тэр дүгнэлтдээ тулгуурлаж яахаа яримаар байгаа юм. Улс төрийн учир шалтгаантай хүчин зүйлийг гол болгож, улс төрийн аргаар шийдэж болохгүй. 2000 онд иймэрхүү аргаар оруулсан өөрчлөлтөө одоо бид “дордуулсан долоо” гэж цоллоод юу болж байгаа билээ дээ. Юуг, яаж өөрчлөхөө сайн судлахгүйгээр өөрчлөх тухай хоосон яривал олигтой үр дагавар гарахгүй шүү дээ.
-Тэгэхээр юуг, яаж өөрчлөхөө бид одоо хэр нь тодорхой болгоогүй л байна гэсэн үг үү?
-Яг ч тийм биш байх аа. Зарим нь нэлээд тодорхой, зарим нь эргэлзээтэй, зарим нь огт тодорхой биш байгаа. Би ямар нэг хэмжээгээр тодорхой болсон гэж үзэж байгаа зарим нэг зүйлийн талаар санаагаа товч хэлье. Тухайлбал, Ерөнхийлөгчийн сонгууль явуулах журмыг Үндсэн хуулийн 31 дүгээр зүйлийн 1-8 дахь заалтаар зохицуулсан. Энд Ерөнхийлөгчийн сонгууль хоёр шаттай байна, анхан шатны сонгуульд оролцсон нийт сонгогчийн олонхийн санал авсан нэр дэвшигчийг УИХ Ерөнхийлөгчөөр сонгогдсон гэж үзэж бүрэн эрхийг нь хүлээн зөвшөөрсөн хууль гаргана гэсэн буй. Энэ бол үнэндээ онол, олон улсын туршлага практик, амьдралд гардаг хүндрэл, бэрхшээл талаасаа эргэж хараад цэгцэлчихмээр л зүйл байгаа юм. Эрдэмтэд, мэрэгжлийн судлаачид үүнийг үндэслэлтэй хэлдэг, бүр ухаалаг бус, этгээд заалт гэх мэтээр шүүмжилдэг юм билээ. Өөрчдөх хоёр арга зам бий. Монгол Улсын Ерөнхийлөгчийг ард түмнээс шууд сонгодог нэг шаттай болгох эхний арга. Энэ аргаар асуудлыг шийдвэл Монгол Улс Ерөнхийлөгчийн засаглалын шинж давамгайлсан эсвэл хагас буюу холимог засагтай улс болно гэсэн үг. Байж болох л хувилбар. Төрийн тогтолцоонд Ерөнхийлөгчийн институтийн эзлэх байр суурь, бүрэн эрх зэргийг нь үүндээ нийцүүлж нарийвчлах зайлшгүй шаардлага гарна. Нөгөөх нь Ерөнхийлөгчийг зөвхөн парламентаас сонгох зам. Ийм замаар асуудлыг шийдье гэвэл Монголд сонгодог парламентын бүгд найрамдах ёс олон улсын нийтлэг жишгийн дагуу тогтоно. Энэ тохиолдолд эргээд л Ерөнхийлөгчийн статус, бүрэн эрх, парламенттай хэрхэн харилцах зэргийг нарийвчлан зохицуулах хэрэгтэй болно. Аль ч хувилбарыг сонголоо гэсэн төрийн эрх мэдлийг хуваарилсан Үндсэн хуулийн зарчмыг хөндөх болно.
Дашрамд дурьдахад Монгол Улсад одоо байгаа засаглалын хэлбэрийг “холимог буюу хагас Ерөнхийлөгчийнх” гэж зарим судлаач үздэг. Энэ хувилбарыг улам боловсронгуй болгож, Монголын уламжлал, онцлогт нийцүүлэн хөгжүүлэх боломжтой. Манай Үндсэн хуульд дутагдаад байгаа нэг зүйл бол парламент ба Засгийн газар хоёр тусдаа байж, харилцан хариуцлага хүлээдэг орчин үеийн парламентат ёсны жишиг, зарчим юм. Энэ бол эцсийн дүндээ Засгийн газрын төлөө Парламентын хүлээх хариуцлага буюу Засгийн газрыг огцруулах Парламентын эрхийг зарим талаар хязгаарлах асуудал юм. Өөрөөр хэлбэл, Парламентыг тараах эрхийг Ерөнхийлөгчид олгох зохицуулалтыг зөвхөн Засгийн газрын хүсэлтээр хэрэгжих зарчим тогтоох хэрэгтэй. Ингэснээр наад зах нь Засгийн газрын судалж үзээд, бодож тооцоолоод Парламентад оруулж ирсэн төсвийг гишүүд, намын бүлгүүд өнөөгийнх шиг дур зоргоороо өөрчлөөд сүүлд нь ямар ч хариуцлага хүлээхгүй, ерөөсөө төсвийн хариуцлагыг эзэнгүй болгодог практик тодорхой хэмжээгээр хязгаарлагдах болно. Бас цэвэр улс төрийн болон бусад ялих шалихгүй шалтгаанаар Засгийн газраар оролдох нь Парламентын гишүүдэд тодорхой хэмжээний эрсдэлтэй болж, Засгийн газрын төлөө Парламентын хүлээх хариуцлага тэнцвэртэй байх механизмыг бий болгож чадах юм. Ингээгүйгээс үүдсэн сөрөг үр дагаврын жишээ бидний саяхны түүхэнд ч бий, дэлхийн улс орнуудын сургамж ч бас байна.
-Та гаднын туршлагын талаар жаахан дэлгэр үүлж болох уу?
-Дэлхийн II дайны дараа парламентын засаглалтай зарим улс оронд Засгийн газраа олон удаа огцруулах төрийн тогтворгүй байдал үргэлжилж, парламентын ноёрхол тогтох сөрөг хандлага нэлээд дэлгэрсэн. Тухайлбал, Франц, Италид 1940-50-иад оны үед 10 гаруйхан жилийн дотор Засгийн газар 50-60 удаа солигдсон байдаг. Тэгээд Францад Шарль де Голийн санаачилгаар 1958 онд хагас Ерөнхийлөгчийн буюу холимог засаглалын хэлбэрийг Үндсэн хуулиараа бий болгосноор энэ байдлыг залруулсан бол Итали улс мөн л Үндсэн хуулиа өөрчилж байж энэ байдлыг зогсоосон байдаг. Франц, Италийн энэ туршлагад үндэслэн парламентыг тараах журмыг парламентын болон холимог засаглалтай олон оронд үр дүнтэй хэрэглэдэг болсон юм билээ. Бас нэг жишээ бол Засгийн газарт итгэл үзүүлэх эсэх, өөрөөр хэлбэл, огцруулах асуудлыг Парламент хэлэлцэхдээ дараагийн Засгийн газрын тэргүүнд нэр дэвшигчийг зэрэг хэлэлцэж шийддэг зарчмыг Германд анх, одоо Европын олон оронд хэрэглэдэг болсон конструктив санал хураалтын журамд үндэслэсэн рациональ парламентат ёсны үзэл баримтлал ч гэж бий. Ер нь миний энд хэлээд байгаа үзэл санаа, зарчмуудыг Үндсэн хуульдаа тодорхой суулгаад хэрэгжүүлбэл одоогийн парламентын абсолютизмын сул талууд, хариуцлагагүй байдлыг багасгах, төрийн эрх мэдлийн хуваариалалт, харилцан хяналт тавих, тэнцвэржилтийг сайжруулах эрх зүйн суурь орчин одоогийнхоос илүү сайн бүрдэх болов уу гэж бодож байна.
-Монгол Улс яг одоо бий болоод байгаа, тодруулбал Засгийн газар нь огцорчихоод, үүрэг гүйцэтгэгч сайдтай үед төсөв баталлаа, цаашид ямар Засгийн газар төвхнүүлэхээ эрх баригч нам тодорхойлж чадахгүй байгаа энэ нөхцөл байдал юунаас үүдэлтэй вэ?
-Хамгийн эхний суурь шалтгаан бол манай улс төрийн намуудын төлөвшил, улс төрийн тогтолцоонд эзэлж буй байр суурь, гүйцэтгэж буй үүрэг нь дэлхийн ардчиллын хөгжил, Монголын нийгмийн эрэлт хэрэгцээ, монголчуудын үндэсний эрх ашиг, Монголын төрт ёс, монголчуудын ёс суртахууны суурь үнэт зүйлсэд харшилсан шинжтэй болсон явдал. Сүүлийн 10-аад жилийн гол гол судалгааны дүнгээс үзэхэд улс төрийн нам, улстөрчдөд итгэх итгэл тасралтгүй буурсаар ирсэн нь үүний илэрхийлэл мөн. Улс төрийн намын нэрээр улстөрчид гэгдэх хүмүүс айл гэрийн амьдралаас эхлээд бүх юманд оролцож үймүүлдэг болсноос өнөөдөр хүмүүс намыг болохгүй бүтэхгүй юмны үүр уурхай гэж үзэх болсон байна. Хоёр дахь гол суурь шалтгаан бол хуучны намт өр- аж ахуйн ажил, одоогийнхоор бол улс төрийнт өрийн захиргааны- бизнесийн ажил хутгалдан холилдож, энэ явцад нам дамжсан, бизнесийн сонирхлоороо, эрх ашгаараа нэгдсэн улс төр-бизнесийн бүлэглэл үүсэж, улмаар тэд Монголын төрөөр дураараа тоглодог болсон явдал юм. Энэ бол бүр 1990-ээд оны II хагасаас эхэлсэн, одоо бүр оргилдоо хүрч буй зүйл гэж би ойлгодог. Уг нь 1990- ээд оноос нам-төр-аж ахуйн ажлыг овоо зааглаж эхэлсэн, одоо бүр сайн ялгаж, салгах шаардлага бий болчихоод байна. Үүнийг дагаад эрх ашиг, сонирхлын эрэмбийн одоогийн урвуу байдлыг зөв болгох ёстой. Гурав дахь бас нэг суурь шалтгаан бол өмнө миний заримыг нь дурьдсан Үндсэн хуулиар зохицуулагддаг төрийн эрх мэдлийн хуваарилалт, тэнцвэржүүлэлт, харилцан хяналтын зохистой механизм бүрдээгүйтэй холбоотой. Өөрөөр хэлбэл, зарим үед Парламентын хэмжээгүй эрх мэдэл үйлчилдэг, зарим үед Засгийн газар нь парламентынхаа дээр гарчихдаг, энэ үед нь Ерөнхийлөгчийн зохицуулах эрх мэдэл илэрхий дутдаг явдал гэсэн үг л дээ. Дөрөв дэх нэг суурь шалтгаан бол Монгол Улс сүүлийн 100 шахам жил, манжийн үеийг оруулбал 300 жил өөрийн толгойгоор биш бусдын хүчтэй нөлөө, өрөөлийн бодлогоор явж байгаатай холбоотой. 1990 оноос монголчууд бид өөрийн толгойгоор хөгжих боломжийг олж авсан гэж ярьдаг л даа. Боломж гэдэг талаасаа тийм байсан байж болно. Харин бодит байдал дээр бол тийм биш. Бид 1990 он хүртэл эхлээд Коминтерн, дараа нь ЗХУ-ын бодлогоор л явж ирсэн, харин 1990 оноос хойш ОУВС, Дэлхийн банк, Азийн сан гэх мэт олон улсын байгууллагын нэрээр хэрэг дээрээ АНУ-ын бодлогоор явж ирсэн. Бид зүүн, баруун хоёр туйлын хооронд хуйлран туйлширсаар дунд нь байдаг Монголын төр барих ухаан, монголчуудын язгуур эрх ашиг, монгол хүний оюуны үнэ цэнэ, ёс суртахуун, үндэсний зан заншил зэрэг суурь үнэт зүйлс бүдгэрэн алга болж байна.
И.РЭНЧИНХАНД