Өнгөрсөн баасан гарагт шарил ухсан аймшигт хэрэг гарсан талаар бид өмнө нь мэдээлсэн билээ. Гэмт этгээдүүд тавиад удаагүй байсан шарилыг ухсан байгаа юм. Гашуудлын үгтэй цаасыг нь гаргаж хаячихаад дотор нь байсан эд зүйлсийг хулгайлаад явчихсан нь харамсалтай. Энэ нь ёстой өнөөх үхсэн хүнийг ч амар, тайван нойрсуулахгүй цөвүүн цагийн илэрхийлэл биз.
Зөвхөн нийслэлийн хэмжээнд жилдээ 6000-8000 хүн нас бардаг гэсэн судалгаа байдаг аж. Гэтэл “чимээгүй хот”-ын хөгжил дэлхий нийтийн хөгжлөөс хол хаягдаад байна. Гадаадын өндөр хөгжилтэй улс орнуудад оршуулгын газрын цэвэрлэгч, цэцэрлэгчийн орон тоо байдаг юм билээ. Тухайлбал, манай урд хөршид оршуулгын газрыг тусгайлан цэвэрлэж, арчилдаг цэвэрлэгч, цэцэрлэгч байдаг бөгөөд харуул, хамгаалалтын алба ажилладаг юм байна. Гэтэл манай улсад эсрэгээрээ.
Цэвэрлэж, арчлахаа байг гэхэд ядаж оршуулгын газарт тавьсан шарилын бүрэн, бүтэн байдлыг хариуцах эзэн байх ёстой. Ийм үүрэг бүхний хүмүүс байдаг ч үүргээ биелүүлж чадахгүй байгааг энэ хэрэг явдал харууллаа. Дээрх хэрэг Нарангийн энгэр дэх оршуулгын газарт гарсан. Харин тус оршуулгын газар “Улаанбаатар буян” компанийн эзэмшилд багтдаг бөгөөд 300 гаруй га талбайг эзэлдэг хамгийн том нь аж. Улмаар газар олголтыг “Буян” компаниас олгож, хоёр харуул үйл ажиллагаа явуулж, хариуцаж ажилладаг аж.
Харин Нарангийн энгэрт газар авахын тулд 2.5 сая төгрөг төлдөг гэх мэдээлэл байгаа юм. Энэ талаар тус компанийн үйл ажиллагаа хариуцсан захирал Д.Мөнхнасан “Гэхдээ энэ том талбайд хяналт тавьж ажиллах хэцүү. Тэлүүлэхгүй байх тал дээр нь анхаарч ажиллаж байгаа. Оршуулга болж өнгөрөөд 10 хоноод цогцос танигдахгүй болдог. Тиймээс таниулах боломжгүй. Ар гэрийнхэнд нь цагдаагаас мэдүүлэх боломжтой. Бидний зүгээс ар гэрийнхэнд нь мэдэгддэггүй. Шинэ шарилууд 7-10 хоноод ухагддаг.
Шарил ухаад аваад хэрэглэдэг зүйл байдаггүй болов уу гэж би бодож байгаа. Анзаарахад хоргодсон эд зүйлийг нь хийгээд байдаг айл бага харагддаг. Хоргодсон эд зүйлийг нь дуурайж зурах, зургийг нь аваад хийдэг болсон байна лээ. Өөрөөр хэлбэл, домнож хийдэг болсон байна билээ” хэмээн хэвлэлд өгсөн ярилцлагадаа дурджээ. Энэ бүхнээс харвал шарил ухах явдлыг тэд байдаг үзэгдэл мэтээр хүлээж авдаг бололтой. Ухаж л байдаг, хөндөж л байдаг хэмээх хэнэг ч үгүй сууж байгааг юу гэж ойлгох вэ.
Бид цагдаад биш “Улаанбаатар буян” компанид итгэж, найдаж сонгодог. Нас барсан хүнээ аятайхан газар нутаглуулж, цэвэр, цэгцтэй байгаасай гэж хүсдэг. Түүний төлөө үйлчлүүлэгчид хөлс төлдөг. Үйлчлүүлэгч хөлсөө төлсөн бол хяналт, шаардлага тавих ёстой. Гэхдээ талийгаачийнхаа шарилыг ухагдаж, төнхөгдөөд, сүйд болчихсон гэж хэн ч төсөөлөхгүй. Тэгээд ч ёс уламжлалаа дагаж нас барсан хүний шарилыг гурван жилийн дотор эргэдэггүй. Ялангуяа эцгийн газар хатуу гэж үздэг учраас дор хаяж таван жилийн дараа эргэж, тойрч, уул, усаа аргаддаг хэмээн хөгшчүүл сургадаг. Тэгэхээр энэ бүхнээс харсан ч тэр иргэд хөлсөө төлөөд үйлчилгээгээ аваад сэтгэл амраад буцдаг.
Гэтэл шарилын бүрэн бүтэн байдлыг тухайн оршуулгын газрынхан хангаж чадахгүй, ухаж, сэндийчих үзэгдэлтэй эвлэрчихээд сууж байгаа нь шударга явдал биш. Ёстой л өнөөх 1000 гээд эргээд хартал ганцхан байсан гэгчээр гэртээ зул өргөж, араас нь буян үйлдэж байгаа гэр бүлийнхэн нь эргэж, тойрох гээд очтол ухаж, төнхөгдчихсөн байвал таатай санагдахгүй. “Улаанбаатар буян” зэрэг компани бол үйлчилгээний байгууллага. Тиймээс үйлчилгээндээ баталгаа өгөх ёстой.
Энэ тохиолдолд тэд тавьсан шарилын бүрэн бүтэн байдалд баталгаа гаргах учиртай юм. Үүний тулд оршуулгын газрыг камержуулж, хяналт тавиад сууж байж яагаад болохгүй гэж. Үнэхээр 300 га газрыг бүгдийг нь эргэж, тойрч бардаггүй юм технологийн дэвшилтэт ололтыг ашигла. Камержуулж хяналт тавьдаг болъё. Тэгэхгүй бол шарил ухагсад цагдаад баригддаггүй дээ эрдэж, улам даврах вий.
Энэ удаад шарил ухаж, эд зүйлсийг нь хулгайлж байна. Дараагийн удаад үүнээс илүү балмад авир гаргаж, хүний ёсноос гажууд үйлдэл хийхгүй гэх газаргүй. Үүнээс гадна тухайн компанийн зүгээс хэрэв энэ төрлийн хэрэг гарлаа гэхэд тэр дор нь ар гэрийнхэнд нь мэдэгдэж байх учиртай. Хэдийгээр цогцсыг таниулах боломжгүй ч чулуун дээр нь овог, нэр, төрсөн болон нас барсан он зэрэг бүх зүйл нь тодорхой бичээтэй байгаа. Ар гэрийнхэнд нь цаг алдалгүй дуулгах нь тэдний үүрэг. Түүнээс биш цагдаа нарын хийдэг ажил биш.
Нэгэнт хүнээс төлбөр авч байгаа бол ажилдаа ч гэсэн сэтгэл гаргадаг байх ёстой. Хэн, хэзээ хөндсөнийг нь мэдэхгүй хэмээн хэнэг ч үгүй хариулчихаад чиг үүргээ цагдаагийн байгууллагад хандуулчихаад суудаг байж таарахгүй. Үүний төлөө хэдэн саяар нь мөнгө төлдөггүй юм. Нас барсан хүнийхээ хойчийн буяныг санаж, амар, амгалан нойрсоосой гэж, харуул, хамгаалалттай юм гэж төлбөрөө төлдөг. Гэтэл төлбөр төлсний хэрэг гарахгүй, эзэнгүйдэж байгааг анхааралдаа авах цаг нь болжээ.
Улаанбаатар хотын хүн ам нэмэгдэхийн хэрээр төрөлт, нас баралт нэмэгдэж байгаа. Харин зөвхөн төрөх эмнэлэгтээ сэтгэлээ чилээх биш оршуулгын газрын зохион байгуулалтад ч гэсэн санаа зовних цаг болжээ. Хэдэн жилийн өмнө Далан давхрын оршуулгын газрыг цэцэрлэгт хүрээлэн болгох асуудал яригдаж эхэлсэн ч ажил хэрэг болсон зүйл алга. Төрөх эмнэлэг, сургууль, цэцэрлэгээс өөр нийслэлд маань өөр нэгэн бэрхшээл тулгамджээ, удирдлагууд минь.
Эх сурвалж: www.mminfo.mn