Монгол Улсын Үндсэн хуулийн Дөчин есдүгээр зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар “Шүүгчийн хараат бус, шүүхийн бие даасан байдлыг хангах зорилготой ажилладаг Шүүхийн ерөнхий зөвлөл 5 хүний бүрэлдэхүүнтэй бөгөөд, дарга гишүүдийн цалинг УИХ-ын гишүүн Ц.Нямдорж сонирхжээ.
ШЕЗ-ийн дарга Н.Лүндэндорж УИХ-ын 2012 онд баталсан 36 дугаар тогтоол буюу төрийн өндөрийн дөрөвдүгээр сүлжээгээр 1,4 сая, гишүүн Эрдэнэчулуун төрийн өндөрлөгийн 5-аар 1,3 сая, Д.Дамдин-Од 4,4, Ж.Эрдэнэчимэг 2,9 сая, Б.Сарантуяа 5,4 сая төгрөгний цалин авдаг ажээ. Эдгээр 5 гишүүн бүгд тус тусдаа албаны машин унадаг байна.
ШЕЗ-өөс хууль бус шүүгчийн цалин тогтоож 15 тэрбум төгрөгийн хохирол улсад учруулсан хариуцлагын эзнийг хэн хүлээх талаар УИХ-ын гишүүн Ц.Нямдорж хатуухан хэлж албан тушаалаа урвуулан ашигласан учраас АТГ-т өгөх хэрэгтэй гэсэн юм.
Монголд өнөөдөр ийм ялгавартай байдал харагдаж байна. Эдийн засаг хүндэрсэн нэрийдлээр эх хүүхдийн мөнгөө золтой л таначихгүй. Аргаа барахдаа өөрсдийн нэмэгдүүлсэн баахан орлогч, дарга нараа хасах шийдвэр гаргасан ч нийслэлээс эхлээд орлогч нар нь улс эх орныхоо төлөө би цалингүй ажиллана гэж “үндэсний баатар” болж буй. Эдийн засгийн хүндрэлд ажлаасаа халагдсан хэсэг бүлэг төрийн албан хаагчид гол хохирогч болохоос иргэдээ татварын бодлогоор сөхрүүлэхээр шийдэв бололтой.
Монголчуудын гол хэрэглээ болсон шатахуун бага зарцуулдаг приус маркийн авто машины татварыг 3 дахин нэмэгдүүлсэн нь ард иргэдээсээ алт эрдэнэсээ аваад ир гэж шууд хэлж чадахгүй ч халаасыг нь нүхлээд урсан гарснаар нь улс нөхөөсөө нөхөх гэж улайрч буй хэрэг юм. Үнийн өсөлт, татварын дарамт, ажлын халаа сэлгээнээс өндийж чадахгүй сөхөрч суугаа нэгэн улсын машин унасан сардаа саяас 5 сая төгрөг халааслаад сууж буй нөгөө 2-ын хооронд асар их ялгаа байгаад л Монгол эдийн засгийн хямралаасаа гарч чадахгүй дөнгөлүүлчихээд сууж байгаагийн шалтгаан оршин байгаа юм.
Г.Эрдэм