Түмэнцогтынхон газар тариалангаа сэргээж байна
Сүхбаатар аймгаас УИХ-д сонгогдсон Мөнхчулууны Зоригт жилдээ нэгээс хоёр удаа тойргийнхоо бүх сум, багаар тойрч, иргэд, сонгогчидтойгоо уулздаг. 2014 оны ирцээр тойрогтоо хамгийн их ажилласан гишүүнээр тодорсон тэрбээр энэ сарын 15-ны өдрөөс тойрогтоо ажиллаж байна. Эхний зогсоол Түмэнцогт сум байлаа. Өмнөх нийгмийн үед аймгийнхаа хүнсний ногооны хэрэгцээг бүрэн хангаж байсан тус сум сүүлийн хорин жил тасалдаад байсан газар тариалангаа сэргээж, тариалан эрхлэхийг хүссэн иргэд, аж ахуйн нэгжүүдэд газраа дуудлага худалдаагаар эзэмшүүлж, орлогыг Орон нутгийн хөгжлийн санд төвлөрүүлэх болсноор төсвийн орлогын алдагдлаа нөхөж, цөөнгүй тооны ажлын түр байр бий болгож чадсан байна. Орон нутгийн хөгжлийн сангийн хөрөнгийг иргэдийнхээ саналыг эрэмбэлэн зарцуулахын зэрэгцээ буцалтгүй тусламжаар гэр олгох өрхүүдийг сонгохдоо ч Иргэдийн нийтийн хурлаараа хэлэлцэж олгодог байна. Мөн захиргааныхаа өрөөнүүдийг шилэн хана, хаалгатай болгосон нь хэн хэрхэн ажиллаж байгаа нь иргэддээ нээлттэй харагдах нөхцөлийг бүрдүүлжээ. Энэ мэт жижиг гэлтгүй туршлагыг нь сайшааж, бусад сумдад хэрэгжүүлэх хэрэгтэй гэж үзэж байгаагаа М.Зоригт гишүүн илэрхийллээ.
Түмэнцогт сумын хувьд жилийн жилд түймэрт өртдөг нь хамгийн том бэрхшээл байдаг. Түймэр гарсан тохиолдолд гал унтраах зориулалтын багаж хэрэсэл гэх юмгүй хэдэн хүн дайчилдаг нь үр дүн муутай байдаг, тэдний томилолтын зардалд жилдээ багагүй мөнгө зарцуулагддаг, энэ мөнгөөр хүчин чадал сайтай гал унтраах аппарат худалдаж авах нь илүү үр дүнтэй байж болох талаар санал дэвшүүлж байлаа. Мөн есөн жил ашигласан эмнэлгийн машин нь эвдэрч муудсан тул солих шаардагатай байгааг, мөн Түмэнцогтоос Баруун-Урт хүртэлх замын трансыг хийлгэх хөрөнгийг шийдвэрлүүлэх талаар анхаарахыг УИХ-ын гишүүнээс хүслээ. Түүнчлэн олон жил хэл ам дагуулсан эрчим хүчнийхээ асуудлыг шийдвэрлэхээр трансорматорынхаа хүчин чадлыг нэмэгдүүлсэн ч ахиц гарсангүй. Энэ нь сумын ойролцоо орших “Монгол жюн жү” жоншны уурхайтай холбоотой гэнэ. Тус уурхай Түмэнцогт, Бэрхийн уурхайн хооронд татсан шугамаас салаалан эрчим хүчинд холбогдсоноор шугамын хүчийг бууруулж, тасалдуулахад хүргэжээ.
УИХ-ын гишүүн М.Зоригт “Монгол жюн жү” уурхайн үйл ажиллагаатай танилцсан юм. 2006 оноос 100 хувь Хятадуудын мэдэлд шилжсэн тус уурхай хэдий хэмжээний жонш олборлодог, үүнээсээ хэдэн хувийг нь экспортолдог, хэдэн хувийг дотооддоо нийлүүлдэг вэ, сум орон нутаг болон улсад хэдий хэмжээний татвар төлдөг вэ гэхчлэн мэдээлэл авах гэсэн ч тодорхой мэдээлэл өгсөнгүй, тамга тэмдэг, тайлан баланс, санхүүгийн баримтууд Улаанбаатарт байгаа гэсэн тайлбар өгч байв. Уурхайн удирдлагуудтай уулзах үеэр Түмэнцогт сумын удирдлага болон 2-р багийн иргэд байлцаж, санал хүсэлтээ илэрхийлсэн юм. Тэд жилдээ тэрбумаас дээш төгрөгийн борлуулалттай тус уурхай ажилчдынхаа нийгмийн даатгалын шимтгэл болон орлогын албан татвараа төлөөгүй, сумын иргэд болон мал ундалдаг худгийн усанд түлш асгаж бохирдуулсан, бүтээгдэхүүнээ даац хэтрүүлэн ачуулж, зам эвдэж байгаа, гадаад ажилчдын квотыг хэтрүүлсэн ч квотын төлбөрөө төлөөгүй, нийгмийн хариуцлагын хүрээнд хийж буй ажил нь цагаан сараар 25 ахмадад бэлэг өгөхөөс хэтэрдэггүй гэхчлэн уурхайтай холбоотой асуудлуудыг тавьж байв. УИХ-ын гишүүн М.Зоригт уурхайн удирдлагад эдгээр зөрчлөө шийдвэрлэхийг анхааруулж, орон нутгийн удирдлага, болон байгаль орчны байцаагч мөн 2-р багийн иргэдээс үйл ажиллагаа явуулахыг нь зөвшөөртөл уурхайг хаах санал Мэргэжлийн хяналтын ерөнхий газарт илгээлээ.
М.Зоригт: ОНХС-гийн хөрөнгийг үр ашигтай зарцуулах хэрэгтэй
М.Зоригт гишүүнээр ахлуулсан багийнхны дараагийн өртөө Асгат сум байлаа. Уулзалтын үеэр иргэд Орон нутгийн хөгжлийн сангийн хөрөнгийг халуун усны жижигхэн байшинг тоосгоор өнгөлөхөд 29 сая төгрөг, хэдхэн сарын настай усан оргилуур хийхэд 25 сая төгрөг зарцуулах зэргээр үр ашиг багатай зүйлд хяналтгүй зарцуулж байгаад шүүмжлэлтэй хандаж байв. Мөн дөрөв дэх жилийнхээ нүүрийг үзэж байгаа сургуулийн барилгын ажил удаашралтай байгааг, залуучуудад спортын төв шаардлагатай байгааг тойргынхоо гишүүнд дуулгалаа.
2008 онд 200 мянга орчим төгрөгийн цалин аваад амьдралд нь хүрэлцэж байсан бол өнөөдөр 400 мянга гаруй төгрөгийн цалин аваад амьдралд нь хүрэлцэхгүй байна, иймд юмны үнийн өсөлтийг төрөөс зохицуулж болдоггүй юм уу гэсэн асуултыг залуу багш тавилаа. Төрийн зүгээс үнэ тогтворжуулах бодлого хэрэгжүүлж, бензин, талх, гурил зэрэг өргөн хэрэглээний барааны үнийг тодорхой хэмжээнд тогтоон барьж байгаа ч цалингийн өсөлт нь үүнийгээ гүйцэхгүй байгааг тайлбарлаж, энэ оны төсөвт цалин, тэтгэвэр тэтгэмжийг нэмэхгүй байхаар оруулж ирснийг 20 хувиар нэмэхээр өөрчилсөн гэдгийг ч гишүүн дуулгалаа.
Энэ жил Асгат сумын 90 жилийн ой тохиож байгаа. Хурдан морьдоороо алдартай Асгат нутгийнхаа наадмын талбайг шинэчлэн байгуулах санаачилгыг нутгийн хүү, аймгийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын дарга П.Мөнхжаргал гаргаж, энэ ажлын санхүүжилтийн эхлэл болгож, гэр бүлийнхнийхээ хамтаар 10 сая төгрөг хандивласан байна. Наадмын талбайг зөвхөн хандиваар босгоно гэдгийг тэр хэлсэн юм.
УИХ-ын гишүүн М.Зоригт Асгат сумын иргэдтэй хийсэн уулзалтынхаа төгсгөлд бусад сумдаар тойрч дуусаад тус суманд эргэж ирэхээ амлаж, тэр үеэр Орон нутгийн хөгжлийн сангийн хөрөнгөөс санхүүжүүлж, хэрэгжүүлсэн төсөл, хөтөлбөрүүдийн тайлангаа иргэдээрээ дүгнүүлж, 2015 онд гүйцэтгэхээр төлөвлөөд байгаа төслүүдийн жагсаалтыг танилцуулж, хэлэлцүүлэхийг даалгасан юм.
М.Зоригт: Сумын иргэд намчирхаж талцах хэрэггүй
Асгат сумын иргэдтэй уулзсаны дараа аавынхаа төрсөн нутаг болох Эрдэнэцагаан сумыг зорьсон юм. Нутгийн иргэдтэй хийсэн уулзалт нэлээд ширүүн, маргаантай боллоо. Тус сумын ИТХ-д АН 14, МАН 13 суудалтай ч сонгуулийн маргаан нь одоо хүртэл үргэлжилж, Ардын намаас сонгогдсон төлөөлөгчид нь хуралдаа суухгүй байгаагаас ИТХ-ын үйл ажиллагаа доголдолтой байгаа юм. Энэ нь ч маргааны сэдэв болж байлаа. УИХ-ын гишүүн М.Зоригт тэдэнд хандаж, итгэл хүлээлгэж сонгосон иргэдийнхээ сонголтыг хүндэтгэн, хуралдаа сууж, хяналтаа сайжруулж, намчирхаж талцалгүйгээр нутаг орныхоо хөгжлийн төлөө хамтдаа зүтгэх шаардлагатай байгааг хатуухан санууллаа.
Эрдэнэцагаанчуудын зүгээс “Шинэчилсэн сум” төслийн хүрээнд хийгдэж байгаа ажил удаашралтай, хөрөнгө санхүүгийн зарцуулалт нь иргэдэд нээлттэй бус байгаад шүүмжлэлтэй хандаж байв. Мөн Эрдэнэцагаан сумын нутагт нүүрс олборлож буй компаниудыг хааж, үйл ажиллагааг нь зогсоосныг Сүхбаатар сумын нутаг дахь Хөөтийн уурхайг дэмжих гэснийх, учир нь тус уурхайн “нууц ноёнтон” нь М.Зоригт байдаг, М.Зоригт гишүүн өөрөө сайд болох гэж Шинэчлэлийн Засгийн газрыг унагаасан уу гэх зэрэг иргэдийн дунд хар сэр дагуулсан асуудлуудад тодорхой хариулт өгсөн юм.
Тус суманд Орон нутгийн хөгжлийн сангийн хөрөнгө оруулалтаар “Талын долгион” телевиз байгуулагджээ. Телевизийн хувьд студийн байргүй байгаа нь зочин урих, дотор зураг авах зэрэгт бэрхшээл учруулж байгаа аж. Энэ асуудлыг нь шийдвэрлэхэд анхаарал тавина гэдгээ М.Зоригт гишүүн хэллээ. “Талын долгион” телевизийн цомхон бөгөөд сэтгэл зүтгэлтэй баг Өвөрмонголын Зүүн Хатавч хошууны телевизтэй хамтын ажиллагаагаа эхлүүлж, эхний ээлжинд контент солилцохоор тохиролцож чадсан байна.
УИХ-ын гишүүн М.Зоригтоор ахлуулсан багийнхан Эрдэнэцагаан суман дах дугаар цэргийн ангид буудалласан бөгөөд тус ангийн авъяаслаг албан хаагчид “Эх орны хилээс” сэдэвчилсэн урлагийн тоглолт үзүүлж сонирхуулсан юм. М.Зоригт гишүүний багийн бүрэлдэхүүнд дуучин Н.Намсрайноров багтсан бөгөөд тэрбээр нутгийн иргэдэд ая дуугаа өргөж, “мини” концерт тоглож байгаа. Мэргэжлийн дуучдаас дутахгүй, сонирхолтой тоглолт толилуулсан цэргийн ангийнханд хөгжим аппаратурыг нь шинэчлэхэд дэмжлэг үзүүлнэ гэдгээ нутгийн гишүүн болон дуучин Намсрайноров нар амласан.
Сумдад зохион байгуулж буй уулзалтын үеэр УИХ-аар хэлэлцэж буй Малын хөлийн татварыг дэмжиж байгаа эсэхийг иргэдээс асуухад эхний удаад нэг ч хүн гар өргөхгүй байв. Харин энэ татварыг сум, орон нутгийнхаа хөгжилд өөрсдөө мэдэн зарцуулах эрхтэй, шаардлагагүй гэж үзвэл энэ төрлийн татварыг малчдаас авахгүй байсан ч болно гэдгийг тайлбарласны дараа дээрх асуултыг дахин тавихад нэлээд тооны хүмүүс дэмжин гар өргөж байгаа харагдана. Мөн төрийн албанд ажиллагсад тэтгэвэрт гарахад нэг удаа олгодог тэтгэмжийн хэмжээг бууруулах гэж байгаа нь үнэн үү гэсэн асуултыг иргэдийн зүгээс тавьж байлаа. Энэ тухайд бууруулах биш бага тэтгэмж авдаг хүмүүсийн тэтгэмжийг нэмэгдүүлэх замаар тэгшитгэх бодлого барьж байгааг тайлбарласан юм. Ерөнхийдөө УИХ-аас баталсан болон хэлэлцүүлгийн түвшинд байгаа хуулийн төслүүдийн талаар иргэд мэдээлэл муутай байгаа нь ажиглагдаж байлаа.
М.Зоригт гишүүний ажил хэрэгч тойрон аялал энэ сарын 23-ны өдрийг дуустал үргэлжилнэ.