Шийдлийн гэх Засгийн газраас иргэд хөдөлмөрчид олон зүйлийг хүлээж байсан ч тэдний энэхүү хүлээлт талаар болох бололтой. Засгийн газрын зүгээс эдийн засгийн хямралыг даван туулах арга замыг хэрэгжүүлэхдээ аль болох иргэдэд ачаалал чирэгдэл үүсгэхгүй гэж байсан ч үнэн хэрэгтээ иргэдийн халаасыг тэмтрэх байдлаар асуудалд хандаж эхлээд байна.
Тэд ингэхдээ юуны өмнө иргэдийн хамгийн их хэрэглэдэг приус машины татварыг нэмэх, орон сууцны түрээст татвар ноогдуулахаар болж байсан бол энэ удаа эрүүл мэндийн даатгалын асуудлыг хөнджээ. УИХ-ын Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хорооны хурлаар энэ асуудлыг хэлэлцэн улмаар 16 хүртэлх насны хүүхэд, хэрэв ЕБС-д суралцаж байгаа бол 18 хүртэлх насны хүүхэд, тэтгэврээс өөр мөнгөн орлогогүй иргэн, хүүхдээ 2 (ихэр бол 3) нас хүртэл нь өсгөн бойжуулж байгаа эх (эцэг), хугацаат цэргийн жинхэнэ албан хаагч, тодорхой ажил хөдөлмөр эрхлээгүй иргэд, ял эдэлж байгаа хоригдол, гадаадын иргэн, харъяалалгүй иргэдийн эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг төрөөс болж байсныг болиулж эдгээр хүмүүсээс тодорхой хувийг нь өөрсдөөр нь төлүүлэх өөрчлөлт оруулах хуулийн төслийг хэлэлцэж, мөн их, дээд сургууль, коллеж, мэргэжлийн сургалт, үйлдвэрлэлийн төвийн өдрийн ангийн суралцагчийн эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг тухайн суралцагчийн сургууль, коллеж, мэргэжлийн сургалт, үйлдвэрлэлийн захиргаа төлдөг болохоор өөрчлөлт оруулжээ. Энэ нь мэдээжийн тухайн иргэдэд л ачаалал ирнэ гэсэн үг.
Төр засгийн зүгээс Монголчуудыг олуулаа болохыг уриалдаг атлаа шинээр төрсөн хүүхдийг 18 нас хүртэл төр засаг эрүүл мэндийн даатгалыг хариуцахаасаа татгалзаж байгаа нь хүн амийн өсөлтийг төр засгийн зүгээс цаагуураа дэмжихгүй байгаа юм байна гэсэн дүгнэлтийг олон нийтэд төрүүлж байна.
Мөн өндөр орлоготой иргэдийн хувьд орлоготой нь уялдуулан 10 хүртэлх хувь тооцож эрүүл мэндийн нийгмийн даатгалын шимтгэлийг авахаар болсон аж. Үүнд сарын орлого нь 1 сая 500 мянган төгрөгөөс дээш иргэд багтах ажээ.
Тэртэй тэргүй насаараа эрүүл мэндийн даатгал сар бүр төлдөг хэрнээ эрүүл мэндийн үйлчилгээг нэг ч удаа авч үзээгүй хүмүүс олон байхад дээр нь ард иргэдээ орлогын байдлаар нь ялгаварлан гадуурхаж, өндөр орлоготой ангилах болсон юуны учир вэ? Монгол улсын Үндсэн хуульд иргэнийг хөрөнгө чинээгээр нь ялгаварлан гадуурхаж болохгүй тухай хуульчлан заасан байтал төр засаг өөрөө Үндсэн хуулийн дээрх заалтыг зөрчин, иргэдээ орлогоор нь ялгаварлан гадуурхаж, эрүүл мэндийн даатгалын шимтгэл өндөр тогтоож байгааг юу гэж ойлгох ёстой вэ?
үргэлжлүүлэн энд дарж уншина уу…