А.Ганболд: Налайхыг хот болгох гэсэн иргэдийн маань хүсэл сэтгэлгээний хувьд хэзээний бэлэн болчихсон 

10952381_896617450360359_1168238977_nНийслэлийн алслагдсан Налайх дүүрэгт  өнгөрсөн 21-ний өдөр орон нутагт амьдарч байгаа иргэдийн дунд “Налайх дүүргийг хот болохыг дэмжиж байгаа эсэх”  асуудлаар  бүх нийтийн санал асуулга явуулж, санал асуулгад оролцсон иргэдийн 96.1 хувийн саналаар дагуул хот болохыг дэмжсэн байна.  Тус дүүргийн хувьд 34575 иргэнтэй бөгөөд 19535 иргэн саналаа өгөхөөр бүртгүүлж, үүний 62.3 хувь нь буюу 12180 иргэн санал өгсөн ажээ. Ингэснээр иргэдийн  96.1 хувь нь буюу 11708 иргэн дүүрэгтээ хот байгуулах саналыг дэмжжээ.

Ийнхүү Налайх дүүргийн иргэдийн олонхийн санал нь  тус дүүрэгт хот байгуулах асуудлыг дэмжсэн тул өдгөө асуудал дүүргийн ИТХ-аар хэлэлцэгдэн, улмаар нийслэлийн ИТХ-д өргөн барихаар болсон юм. Хууль эрх зүйн хүрээнд дүүрэгт хот байгуулах асуудлыг Нийслэлийн ИТХ хэлэлцсэний дараа тэндээс УИХ, Засгийн газарт хуулийн төсөл болгон  өргөн барихаар төлөвлөж байгаа аж.

Улаанбаатар хотыг 2020 он хүртэл хөгжүүлэх Ерөнхий төлөвлөгөөний тодотгол, 2030 он хүртэл хөгжлийн чиг хандлагын баримт бичиг, Нийслэлийн Засаг даргын 2013-2016 оны үйл ажиллагааны хөтөлбөрт тусгагдсан энэ ажлыг анхлан  НИТХ-ийн төлөөлөгч, Налайхын унаган хүү С.Амарсайхан санаачлан хэрэгжүүлсэн тухай нутгийнхан онцлон хэлж байлаа. Налайх дүүрэг хот болсоноор өрхийн аж ахуй, тээвэр ложистик, бөөний худалдаа, хүнсний үйлдвэрлэл, барилгын материалын үйлдвэрлэл, мэргэжлийн сургалт үйлдвэрлэлийн төв, шинэ технологи нутагшуулах парк бүхий хот болон хөгжиж, 2030 он гэхэд 65000 орчим хүн амтай Улаанбаатарын дагуул  хот болох тооцоотой байгаа тухай албаныхан хэлж байв.

Налайхад болсон дагуул хот болох санал асуулгын дараа манай сэтгүүлч тус дүүрэгт очиж   нутгийн   удирдлга болон иргэдийн санал бодлыг  сонссоноо та бүхэндээ хүргэж байна

10904378_896617420360362_122684949_nИТХ-ын дарга А.Ганболд: Иргэдийн маань хүсэл сэтгэлгээний хувьд хэзээний бэлэн болчихсон

Энэ талаар Налайхын иргэд ямар бодолтой байгааг сонирхохоор бид Налайхыг зорьсон юм. Хамгийн түрүүнд бид дүүргийн ИТХ-ын дарга А.Ганболдтой уулзсан юм.

-Дүүргээ хот болгох санал санаачилга ер нь хэзээнээс гарав?

-Налайх дүүргийнхээ нийт иргэдийн дунд Налайх нийслэлийн дагуул хот болох уу, үгүй юу гэдэг санал асуулга явууллаа. Ер нь дагуул хотын тухай ярих гэж байгаа бол нийслэлтэй хамгийн ойр гэдэг утгаар нь Налайх дүүргийн тухай ярих нь хамгийн зөв. Байршлын хувьд ч тэр хамгийн тохиромжтой. Энэ асуудлаар НИТХ-ийн төлөөлөгч С.Амарсайхан анхнаас нь санаачилж, үүнийг хөөцөлдөж, Налайхтай холбоотой бүхий л асуудлыг НИТХ-д өөрөө оруулж явсан. Үүний үр дүн ч бодитойгоор гарч байна.

2015 оны нэгдүгээр сарын 21-нд Налайх хотыг шинээр байгуулах, дагуул хот болгох санал асуулга үндсэн дүрмийн дагуу амжилттай явагдлаа. Манай дүүрэг ерөнхийдөө 34 мянга гаруй хүн амтай. 18-аас дээш насны 19800 хүн байдаг. Үүний 65 орчим хувь нь санал асуулгад оролцож, 96.1 хувь нь дагуул хот болъё гэдэг санал өглөө. Ингэснээр өнөөдөр /Нэгдүгээр сарын 23 Баасан гараг/ 10:00 цагт дүүргийн ИТХ-аар оруулсан материалаа албан ёсоор НИТХ-д өргөн барилаа. Өөрөөр хэлбэл бид нийслэлчүүддээ энэ саналаа өгчихлөө.

– Дүүрэг байхаа больж хотын статустай болсоноор юу өөрчлөгдөх вэ?

– Хүн бүр иргэн бүр хот болсоноор миний амьдралд ямар өөрчлөлт орох вэ гэдгийг бодож байгаа. Налайх дүүрэг 100 жилийн хугацаанд нийслэл хот руугаа нүүрс, баялаг, хөдөлмөр, эрч хүчээ өглөө шүү дээ. 1971 онд Налайх маань хотын статустай байлаа. Тэр үед Налайхын уурхай нүүрс маш ихээр гаргадаг байсан. Тухайн үед иргэдийн амьдрал сайхан, амжиргаа өндөр байлаа.

Налайхыг нийслэлийн дагуул хот болгосноор татварын бүх орлогыг орон нутагтаа төвлөрүүлнэ гэсэн үг. Ингэснээр иргэдийнхээ амьдралыг дээшлүүлэх боломж нээгдэнэ. Одоо бол бид 5 тэрбум төгрөгийн орлогыг нийслэлд төвлөрүүлж, түүнээсээ 3 тэрбумыг буцааж авдаг. Харин дагуул хот болох юм бол энэ байдал өөрчлөгдөнө. Нөгөө талд татварын баазыг өргөжүүлж болно. Учир нь Налайхад 510 гаруй үйлдвэр, аж ахуйн нэгж байна шүү дээ.

Энэ бүх боломжуудыг ашигласнаар татвараар дамжуулж хүмүүсээ хөгжүүлэх, үйлдвэр, аж үйлдвэрийн газруудаа ч хөгжүүлж болно. Энэ эрх мэдэл нь ч ирэх юм. Нөгөөтэйгүүр Налайх өөрийн эдэлбэр газартай байна гэсэн үг. Ингэснээр уурхай, барилгатай холбоотой газрын асуудлуудаа хот өөрсдөө шийдээд, газрын менежментээр хотын зөвлөл нь өөрсдөө шийдээд, иргэдэд хамгийн ашигтайгаар ашиглах боломж нээгдэнэ.

Хамгийн наад зах нь Японы хөрөнгө оруулалттай үйлдвэрийн газар байгууллаа гэхэд хотын зөвлөл нь өөрсдөө тэр хүмүүстэй тохироод, татвараа аваад, иргэдээ ажлын байраар хангах боломжтой. Бидний бүх зүйлийг “дээрээ дэгээтэй дарга нар” гэдэг шиг дээрээс шийдээд байхаар хот хөгждөггүй. Хот байгуулаад хотын иргэд нь бүх асуудлаа шийдэх чинь дэлхийн жишиг.

Хот байгуулагдаад ирэхлээр  иргэд нь бүх аж ахуйн асуудлаа шийддэг болно шүү дээ. Өнөөдөр монгол төрийн зохион байгуулалт нь аж ахуйн зохион байгуулалтын асуудалтайгаа холилдчихоод цаашаа явахгүй байна. Цаашдаа ямар нэг нам эвсэл гэхгүйгээр аж ахуйн асуудлаа бүгдийг нь хот өөрөө шийдээд явбал асуудал огт өөр болно. Тэгэхгүй социализмын үеийнх шиг бүх төлөвлөгөө, бүх шийдвэр нь дээрээс ирдэг болохоор хүмүүс гараа хумхиад суучихдаг болчихсон.

– Иргэд саналаа өгчихлөө. Одоо албаны ажлууд шат дараагаараа явна. Харин орон нутгийн удирдлагууд бэлтгэл ажлаа хэр базааж байгаа вэ?

– Налайхыг хот болгох гэсэн иргэдийн маань хүсэл сэтгэлгээний хувьд хэзээний бэлэн болчихсон. Өмнө нь Налайх барилгын зураггүй явж байсан байна түүнийг нь гаргачихлаа. Тэгэхээр барилгын материалын үйлдвэрлэл эхнээсээ очиж байна. Ложистикийн төв гэж яриад байна. Гэтэл Налайх шиг байрлал сайтай газар алга байна шүү дээ. Манайхан төр засгаас команд өгөхөд л хөдлөхөд бэлэн байна. Төсөв төлөвлөгөөг нь өгчих юм бол хэзээ мөдгүй эхлэхэд бэлэн байна. Алтан боломж ирлээ л гэж хэлэх байна даа.

– Одоо НИТХ дэмжчихвэл УИХ руу шилжинэ. Тиймээс гишүүдэд дайх үг байна уу?

-Налайх дүүргийн 34 мянган иргэний үнэмлэхүй олонх нь бид хот болъё, бие дааж хөгжье гээд саналаа өгчихлөө. Мөн нийслэлд энэ хүслээ хэлчихлээ. Тэгэхээр УИХ, Засгийн газар шийдвэрээ гаргах л үлдлээ. Миний бодож байгаагаар манай УИХ түүхэндээ анх удаа энэ онцгой асуудлыг шийдвэрлэх гэж байна. Гэхдээ УИХ-ын гишүүддээ хэлэхэд “гавьяагүй гавьяатан” болж нийслэлийг 100 жилийн турш илч дулаанаар хангаж ирсэн Налайх дүүргээ хот болгох ажлын шанг тавих ажлыг маш яаралтай шийдэж өгөөсэй гэж хүсч байна.

Уурхай нь байна, аялал жуулчлалын асар том бааз тэрэлж дэргэд нь байна. Улаанбаатар Налайхын хооронд хурдны зам тавина гэж яриад байгаа түүнийг хийчихвэл боломж бүр их нэмэгдэнэ. Нийслэл, төр засаг эрвийх дэрвийхээрээ ажиллаад нэг шинэ хотоо цогцлоон байгуулах бүх боломж нь бүрдээд байна.

Үүний дараа дараа бид Налайхын иргэдийн санал бодлыг сонссон юм.

Монгол улсын Гавьяат уурхайчин Л.Дамдинсүрэн: Налайхын үе үеийн удирдлагууд энэ асуудлыг ярьж байсан одоо л хэрэгжих нь

10947654_896617457027025_1288277430_n– Та Налайхад хэдэн жил амьдарч байгаа вэ. Эсвэл бүр эндхийн унаган иргэн үү?

-Би Налайх дүүрэгт сургуулиа төгсөж, яамны томилолтоор ирээд одоо 50 шахам жил амьдарч байна. Налайхын үе үеийн дарга нар дүүргээ нийслэлийн дагуул хот болгож, бие даан хөгжүүлж, хэт ачааллыг буруулах саналыг удаа дараа тавьж байсан. Налайхын үе үеийн удирдлагууд бүгд л үүний төлөө ажиллаж ирсэн байдаг. 1962 онд Улаанбаатар хотын дагуул хот хэлбэрээр хөгжүүлэх Ардын их хурлын тэргүүлэгчдийн тогтоол гарч байсан.

Намын төв хорооны улс төрийн товчооны 92 дугаар тогтоол мөн гарч байлаа. Уурхайн хөгжил, уурхайн хөгжлийн ирээдүйн төлөв байдал, уурхайн хотын хөгжил нэлээд идэвхитэй явагдаж байсан энэ үед хот болгож байсан. Харин үүний дараагаар Улаанбаатар хотын дүүргүүдийг район буюу дүүрэг гэж нэрлэсэнтэй холбоотойгоор Налайх хот маань дүүрэг болсон. Ингэснээр 1992 оны шинэ Үндсэн хуулиар Улаанбаатар хот дүүрэгтэй, дүүрэг нь хороотой байна гэсэн заалтыг дагуу дүүрэг хэлбэрээр хөгжсөн.

Ингээд 1990-ээд оны шилжилтийн үеэс хойш Налайхыг, Төв аймгийн Эрдэнэ сумтай хамт бие даасан эдийн засгийн бүс нутаг хэлбэрээр хөгжүүлэх тухай баримтууд боловсруулагдаж, нийслэлийн хөгжлийн төлөвт оруулж байсан. Энэ баримтууд нь Налайхын уурхай хаагдсантай холбоотойгоор “Эко Налайх хот” хэлбэрээр хөгжүүлэх төсөл хөтөлбөрүүдийг боловсруулсан.

Үүнийг боловсруулахад уурхайгаас төрөн гарсан алдартнууд, үе үеийн удирдлагууд зөвлөхөөр ажиллаж, төсөл хөтөлбөр маягийн зүйл боловсруулж байлаа. Үүнийг НИТХ-ын төлөөлөгч С.Амарсайхан НИТХ-ын тэргүүлэгчдийн хуралд оруулж, улмаар Э.Бат-Үүл даргын мөрийн хөтөлбөрт тусгасан. Ингэснээр энэ асуудал газар авч Налайхыг дагуул хот болгох иргэдийн санал авч, олонхийн саналаар дэмжигдлээ.

Цаашид бие даасан хот хэлбэрээр хөгжиж, эдийн засгийн бүс болоод өөрөө өөрийгөө санхүүжүүлж, өөрөө өөрийнхөө бодлогыг гаргаж хэрэгжүүлэх энэ ажилд НИТХ-ын төлөөлөгч С.Амарсайхан их үүрэг гүйцэтгэснийг энд онцлон тэмдэглэмээр байна. С.Амарсайхан өөрөө Налайхын ууган хүүхэд байгаа юм. Аав, ээж нь уурхайчин хүмүүс тиймээс Налайхынхаа онцлогийг сайн мэднэ.

– Танай дүүргийн хувьд уурхай түшиглэсэн онцлогтой газар шүү дээ. Тэр талаар хийж хэрэгжүүлж байгаа ажлууд бий юу?

– Манай дүүргийн хувьд тэтгэвэрт гарсан уурхайчид, тэтгэврийн хүмүүс мал маллаад эсвэл газар тариалан эрхлээд ажилладаг. Мөн Төв аймгийн Эрдэнэ сумтай маш дотно харилцаатай байдаг. Тухайлбал тус сумын хүүхдүүд манайд сургуульд сурч байна. Түүнчлэн иргэд нь түргэн тусламж дуудахдаа хүртэл зарим тохиолдолд Налайхаас дуудаж байна. Энэ мэт олон сэжмээр холбоотой байдаг учраас Эрдэнэ сумыг оролцуулсан Налайх гэсэн бүс нутаг үүсчихээд байна.

Тиймээс цаашид ингэж бүсчилж хөгжүүлбэл нийслэлийн хэт ачааллыг бууруулна. Нөгөөтэйгүүр Улаанбаатар хот маань Төв аймгийг оролцуулаад Улаанбаатарын эдийн засгийн бүс болж хөгжиж байна. Төв аймгийнхан нийслэл улаанбаатар хотын сүү, ногооны хэрэгцээг хангаж байна. Тиймээс монгол орныхоо эдийн засгийн хөгжлийн хурдасгахын тулд ингэж жижигхэн аймаг, сумуудад хуваагдаж, хөгжсөн зүйлгүй байхаар Төв аймаг тэр чигтээ Улаанбаатарын бүс нутаг гэж хөгжөөд, Налайх маань Эрдэнэ сумыг оролцуулаад бүс нутаг болоод, Багануур Мөнгөнморьт, Баяндэлгэрийг оролцуулаад бүс нутаг болоод хөгжих боломж байна.

Үүнийг эрх зүйн орчинд авч үзэж, хөгжүүлэх зайлшгүй шаардлагатай. Үүний тулд хот, тосгоны эрх зүйн байдлын хуулийг боловсронгуй болгож, Үндсэн хуульд ч хотын тухай асуудлыг оруулах зайлшгүй шаардлага бий болчихлоо. Тэгэхгүйгээр хотгүйгээр хөгжинө гээд байвал Говьсүмбэр гэж жижигхэн аймаг, Орхон, Дархан гэсэн жижигхэн аймгууд. Энэ бол утгагүй зүйл. Тиймээс хот болж хөгжмөөр байна. Хэрвээ тэгвэл хотууд нь тэр бүс нутгаа чирээд хөгжинө шүү дээ.

Таны бодлоор дагуул хот болсоноор иргэдийн амьдралд ямар өөрчлөлт орох вэ?

-Иргэд юу гэж ойлгож байна вэ гэхээр хот болвол бие даасан статустай болж, эрх мэдэл нь өсөх юм байна гэж ойлгож байгаа. Хоёрдугаарт энд үйл ажиллагаа эрхэлж байгаа аж ахуйн нэгжүүдийн татварыг дээш нь явуулдаг биш эндээ төвлөрүүлвэл Налайх маань илүү хөгжих юм байна гэж дэмжиж байгаа. Өөр нэг зүйл гэвэл иргэд маань бидний амьдрал, ахуй дээшлэх нь гэж бодож байна.

Учир нь газар олгох асуудлыг орон нутагтаа шийддэг болох нь. Мөн жижиг аж ахуй хөгжүүлэх боломж нээгдэнэ. Улаанбаатар хотоос хараат биш, өөрөө бие даасан хот болж хөгжих нь орон нутаг болоод иргэн бидэнд хэрэгтэй юм байна гэж л дэмжиж байгаа. Нөгөөтэйгүүр хот болчихвол хот байгуулалт, байгаль орчин, ажлын байр, жижиг дунд үйлдвэрлэл, аж үйлдвэрийн парк зэрэг бүхий л асуудлыг өөрсдөө шийдэх нь.

Иргэд хамгийн гол нь өөрсдийнх нь амьдрал ахуй дээшлэх асуудлыг л харж байна. Түүнээс биш бусад асуудлыг нэг их харахгүй байгаа байх. Гол нь бид энд үйл ажиллагаагаа бие даан шийдээд, эндээ сайхан амьдрах боломж бүрдэх нь л гэж харж байна.

10941776_896617477027023_784509207_n

Налайх дүүргийн дөрөвдүгээр хорооны иргэн, уурхайчин  М.Нямдорж: Би дэмжиж саналаа өгсөн
-Та саналаа өгсөн үү?
-Өгөлгүй яах вэ. Би дэмжиж саналаа өгсөн. Ер нь бүх татвар нийслэлийн төсөв рүү явдаг шүү дээ. Тэгэхээр дагуул хот болчихвол нийслэлээс хараат бус болно гэсэн үг. Ерөнхийдөө өөрсдөө төсвөө захиран зарцуулаад эхэлбэл эндээ жижиг дунд үйлдвэрлэлээс эхлээд дэд бүтэц гээд бүхий л зүйлс хөгжинө. Тэгэхгүй бол нэг их олон дарга нар хөгжиж байгаа ч зүйл байхгүй хэцүү л байна шүү дээ.

Хоёрдугаар хорооны иргэн А.Ганцэцэг: 100 хувь дэмжиж байгаа

– Та дагуул хот болох саналыг дэмжиж байгаа юу?

-100 хувь дэмжиж байгаа. -Манайх Налайх дүүрэг гэж олон жил явлаа. Одооноос дагуул хот болчихвол ард түмний амьдрал ахуй сайжирч хот маань ч өнгө жавхаа нэмэх байх. Би уг нь Дорнодынх гэхдээ Налайхад олон жил амьдарч байна. Ер нь Налайхчууд сайхан амьдралын төлөө 96 хувь нь үүнийг дэмжлээ шүү дээ.

Энэ мэтээр олон хүн саналаа хэлж, нийслэлийн харьяанд биш бие даасан дагуул хот болох хүсэлтэй байгаагаа хэлсэн юм.

Ярилцсан:    М.Санчир

Ugluu-logo

Санал болгох мэдээ

СХД-ийн 12 дугаар сургуулийн өргөтгөлийн барилга ашиглалтад орлоо

Нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн 18 дугаар хорооны 12 дугаар сургуулийн барилга 1948 онд ашиглалтад орсон бөгөөд …