Зургаахан хоногийн дараа болох Монгол улсын Ерөнхийлөгчийн сонгуульд оролцох хараа, сонсголын бэрхшээлтэй иргэд анх удаа ямар нэгэн хүний тусламжгүйгээр бие даан сонгуулиа өгөх бололцоо, нөхцөл бүрджээ. Сонгогчдын саналын хуудсан дээр тэдэнд зориулсан тусгай нэмэлт өгөгдөхүүн суулгаж өгснөөр тэдний эрх баталгаажиж байгаа ажээ. Энэ талаар СЕХ-ны Ажлын албаны дарга Д.Баяндүүрэнтэй уулзаж ярилцсан юм.
-Энэ удаагийн Ерөнхийлөгчийн сонгуульд оролцох хараа, сонсголын бэрхшээлтэй иргэдийн талаар нэлээн анхаарч урьд өмнө хэрэгжүүлж байгаагүй олон чухал ажлыг шинээр нэвтрүүлж байгаа юм байна гэж ойлголоо?
-Тэгж ойлгож болно. Анх удаа томруулсан 18 баррель үсгийн шрифттэй “Сонгогч танаа” гэсэн гарын авлагыг Хараагүйчүүдийн Үндэсний холбоотой хамтран хэвлүүлж бэлэн болгоод байна. Үүнийгээ 21 аймаг, есөн дүүрэгт амьдарч байгаа сонгогчдын нэрсийн жагсаалтад нэр нь бичигдсэн хараагүй иргэдэд эхнээс нь тараагаад явж байгаа. Энэ удаагийн Ерөнхийлөгчийн сонгууль хараагүй, дүлий, сонсголгүй иргэдийн хувьд маш хүртээмжтэй, саналаа бие даан нууцаар өгөх бүх л бололцоо, нөхцлийг хангасан байдалд болно гэдгийг СЕХ-ны зүгээс цохон тэмдэглэж байна. Энэ бүхэн нь Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай хуульд өнгөрсөн жил орсон нэмэлт өөрчлөлтийн шууд үр дүн гэж үзэж болно.
-Ер нь Монгол Улсын өнцөг булан бүрд амьдарч байгаа хөгжлийн бэрхшээлтэй иргэд Ерөнхийлөгчийн сонгуульд бүрэн идэвхтэй оролцох нөхцөл бололцоо бүрдсэн гэж үзэж байна уу?
-Бид Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн Нэгдсэн холбоотой хамтран хөгжлийн бэрхшээлтэй 700 гаруй иргэний регистрийн дугаараар мониторинг хийж сонгогчдын нэрсийн жагсаалтад нэр нь байршсан эсэхийг шалгаж үзсэн. Тэгэхэд хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн хувьд онцын ноцтой зөрчил илрээгүй. Мөн 21 аймаг, есөн дүүргийн хэмжээгээр гэртээ хэвтрийн байдалтай байдаг иргэдийн нарийвчилсан судалгааг гаргаж дуусч байна. Ямартай ч СЕХ-ны ажлаас шалтгаалан хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн санал өгөх үйл ажиллагаанд ямар нэг зөрчил, дутагдал гарахгүй байх нөхцлийг бүрдүүлсэн гэж үзэж байна.
-Сонгуулийн санал авах байрууд бэлэн болсон уу?
-Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай хуульд зааснаар санал авах байрыг сонгууль болох өдрөөс тав хоногийн өмнө тухайн сум, дүүргийн Засаг даргын хяналтанд бэлтгэх ёстой. Энэ удаагийн сонгуулиас эхлээд санал авах бүх байранд тэргэнцэртэй иргэд үйлчлүүлэх боломжтой зам гаргасан байхыг шаардан хэрэгжүүлж байгаа.
Мөн санал авах хэсэг болгон дээр хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд зориулсан нэг ширээг гаргаж өгсөн байгаа. Мөн санал авах байр болгонд хараагүй иргэдэд зориулсан баррель үсгийн нэг ширхэг хавтасыг тарааж байна.
-Сонгогчийн урилга тараана гэсэн энэ талаар тайлбарлахгүй юу?
-Энэ удаагийн Ерөнхийлөгчийн сонгуулиас эхлээд сонгогчдын нэрсийн жагсаалтад нэр нь байршсан сонгогч болгонд сонгуульд идэвхтэй оролцохыг уриалсан урилга хүргүүлж байгаа. Энэ нь бүх сонгогчдод хаягаар нь тараагдана. Гэхдээ энд нэг зүйлийг тэмдэглэхэд энэ бол урилга болохоос биш сонгогчийн үнэмлэх биш юм. Тухайн сонгогчид ямар нэгэн байдлаар урилга нь очоогүй байвал сонгуульд оролцохгүй байж болно гэсэн үг биш юм. Сонгууль өгөхөөр очиход нь урилгаа үзүүл гэж шаардахгүй. Энэ бол зөвхөн сонгогчдыг сонгуульд идэвхтэй оролцоорой гэсэн уриалан дуудсан л нэг хэлбэр юм. Тухайн урилга дээр та хаана очиж хэдээс хэдэн цагийн хооронд саналаа өгөх вэ гэдгийг тодорхой бичсэн байх юм.
-Саяхан хэд хэдэн телевиз, сонингоор “Б.Бат-Эрдэнэ аварга зөвхөн саналын хуудас тоолох хар хайрцагтай л өрсөлдөнө” гэсэн зүйл цацагдсан. Энэ нь нөгөө л санал тоолох машинд сонгогчдын нэлээд хэсэг нь итгэхгүй байгааг л ёжтойхон илэрхийлсэн санаа л даа. Энэ талаар СЕХ ямар байр суурьтай байгаа вэ?
-Нэгэнт өчнөөн хөрөнгө мөнгө зарлагадан авч ирээд хоёр ч сонгууль явуулчихсан болохоор одоо бид санал тоолох машинд итгэхгүй байна, энэ тэр гэсэн яриа гаргах шаардлагагүй юм. Харин ямар нэгэн эвдрэл, гацаа, өөр доголдол гаргахгүйн төлөө л хэсгийн хорооны ажилчид сонор сэрэмжтэй ажиллах шаардлагатай. Санал тоолох машины хувьд бүх л тохиргоог хүн хийж байгаа болохоор маш сайн нягтлан шалгах шаардлагатай байсан. Бид энэ бүх ажлыг ном дүрмийн дагуу хийж гүйцэтгэсэн гэж бодож байгаа.
-Сонгуулийн үеийн нууцлал, өөр бас бус техникийн чиглэлийн ажил бэлэн болсон уу?
-Ямар нэгэн дутуу доголдолтой зүйл байхгүй. Жишээ нь хэсгийн хороодуудаас саналын хуудсыг багцлан хүргэх энэ уут гэхэд л нэг л удаа онгойх зориулалттай. Ам нь нэг л наалдвал дахин задрах боломжгүй. Уут болгон хувийн нууцлалын дугаартай. Тэгэхээр ямар нэгэн байдлаар нэг хоёр ширхэг ч гэдэг юм уу, 10-20 н ширхэг саналын хуудас замын дундаас ч юм уу аль нэг байдлаар нэмэгдэх, хасагдах ямар ч бололцоогүй гэсэн үг.
-Саналын хуудсанд анх удаа гурван нэр дэвшигчийн өнгөт зургийг байрлуулсан нь ямар учиртай юм бэ?
-Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай хуульд орсон нэмэлт өөрчлөлтийн дагуу харааны бэрхшээлтэй, бичиг үсэгт тайлагдаагүй, сэтгэцийн эмгэгтэй хүмүүсийн эрх ашгийг дээдлэх үүднээс анх удаа гурван нэр дэвшигчийн өнгөт фото зургийг саналын хуудсанд байршуулсан. Энэ нь сонгогчдын сэтгэл санааг төвлөрүүлэх, олон тийш самгардах байдлаас түргэн зуурт гаргах давуу талтай гэж үзсэн. Ямар ч хүн тухайн нэр дэвшигчийн зургийг харангуут ой санамж нь маш түргэн цэгцрэх болов уу. Иймэрхүү давуу талуудыг харгалзан үзэж гурван нэр дэвшигчийн зургийг байрлуулсан юм.
-Саналын хуудсанд тэмдэглэгээ хийх талаар товчхон тайлбарлахгүй юу?
-Энэ удаагийн сонгуульд саналаа өгч байгаа сонгогчид гурван нэр дэвшигчийн өмнөх зуйван дугуйгаас зөвхөн нэгийг л дүүргэн будна. Ойлгомжтойгоор хэлэхэд зөвхөн өөрийн сонгосон нэр дэвшигчийн өмнөх зуйван дугуй дүрсийг дүүргэн будсанаар та Монгол Улсын тав дахь Ерөнхийлөгчийг сонгох сонгуульд өөрийн саналаа нэмэрлэлээ гэсэн үг. Харин хоёр, юм уу гурвууланг нь дүүргэн будсан тохиолдолд таны саналын хуудас хүчингүй болж нэг ёсондоо та Ерөнхийлөгчийн сонгуульд саналаа өгөөгүйтэй адил болно. Тэгэхээр зөвхөн нэг нэр дэвшигчийн өмнөх зуйван дугуйг л дүүргэн будахаа сонгогч та мартаж болохгүй.
-Сонгуулийн сурталчилгааны ажилд өнөөдрийн байдлаар хэдэн төгрөг зарцуулаад байна. Ер нь сурталчилгааны материалуудаа хэвлүүлж дууссан уу?
-Сонгуулийн сурталчилгаанд зориулж одоогоор 700 гаруй сая төгрөг зарцуулаад байна. Сурталчилгааны материалууд ерөнхийдөө хэвлэгдэж дууссан. Сонгуулийн дараа санхүүгийн нэгдсэн тайлан гаргаж, ямар материалд хэдэн төгрөг зарцуулсныг нэг бүрчлэн танилцуулах болно.
-Дахин сонгууль явагдаж магадгүй нөхцөл байдал үүсээд байгаа. Энэ тохиолдолд хөрөнгө мөнгөний асуудлыг хэрхэн шийдвэрлэх вэ?
-УИХ-аас энэ удаагийн Ерөнхийлөгчийн сонгуульд зориулан 15.8 тэрбум төгрөг төсөвлөж өгсөн. Хэрвээ дахин сонгууль явагдах нөхцөл бүрдвэл санхүүгийн асуудлыг УИХ-аас нэн даруй шийдвэрлэх боломжтой гэдгийг Ерөнхийлөгчийн сонгуулийн төсөв мөнгө батлагдах үеэр УИХ-ын гишүүд тэмдэглэж байсан.
-Хэрвээ сонгуулийн ирц бүрдэхгүй бол яах вэ?
-Тийм зүйл тохиолдохгүй биз дээ. Зүгээр тухайн хэсгийн хорооны ирц 50 хувьд хүрээгүй тохиолдолд зөвхөн тэр хэсгийн хороон дээр дахин санал хураалт явуулна гэж нэмэлт өөрчлөлтөд тусгасан байгаа. Гэхдээ төрт ёсны баялаг их уламжлалтай монголчууд төрийн тэргүүнээ сонгох энэ түүхэн хариуцлагатай сонгуульд 100 хувь биш юм гэхэд хангалттай хэмжээний ирцтэй саналаа өгнө гэдэгт СЕХ-ны зүгээс өчүүхэн ч эргэлзэхгүй байна.
Эцэст нь хэлэхэд 18 нас хүрсэн Монгол Улсын иргэн та Монгол Улсын тав дахь Ерөнхийлөгчийг сонгох энэ түүхэн сонгуульд идэвхтэй оролцоорой гэж уриалж байна.
Эх сурвалж: