Аймаг, нийслэлийн ИТХ-ын дарга, Засаг дарга нарын семинар өнөөдөр Төрийн ордонд, Ерөнхийлөгчийн дэргэдэх Иргэний танхимд эхэлж байна. Нээлтэд Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж оролцлоо. Тэрээр ИТХ-ын дарга, Засаг дарга нартай хийсэн уулзалтаа ажил хэрэгч болгох үүднээс 2014 онд олсон ололт амжилт, бусад аймгуудад дуулгамаар туршлага, 2015 онд хийх гол ажлаас нь яриулж, өөрийн байр сууриа илэрхийллээ.
Монгол Улсын Ерөнхийлөгч семинарыг нээж хэлсэн үгэндээ “Жил бүхэн аймаг, нийслэлийн Засаг дарга, Хурлын дарга нар уулзаж ажлаа ярилцдаг уламжлалтай. Энэ удаагийн уулзалтыг ажил хэрэгч болгохын тулд та бүхний яриаг сонсоё. 2014 онд хийсэн хамгийн онцлог, бусад нь мэдээсэй гэж хүсч байгаа ажлаа яривал зүгээр. Мөн 2015 онд хийх шаардлагатай гэж үзэж байгаа хамгийн их анхаарал татсан ажлаа ярья. Дундуур нь би байр сууриа илэрхийлье” гэлээ. Ингээд аймаг, нийслэлийн Засаг дарга ажлаасаа танилцуулав.
Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Э.Бат-Үүл:
-Өнгөрсөн 2014 онд бидний хийсэн тэргүүлэх гол ажил гэвэл гэр хорооллын дахин төлөвлөлт байлаа. Өнөөдрийн байдлаар 24 байршилд 34 компани энэ ажлыг эхлүүлж, зарим газар хороолол баригдаж, эхний орон сууцууд ашиглалтад орсон. Бараг Гиннесийн номд орохоор амжилттайгаар ажил явсан.
Анхаарах зүйл гэвэл УИХ-аар 2015 оны төсөв хэлэлцэх үеэр орон нутгийн эрх мэдэл маш хумигдмал байгаа нь тодорхой болсон. УИХ юу гэж хүссэнээр орон нутгийн эрх хэмжээ тогтоогдож байгаа ноцтой байдал УИХ дээр харагдсан. Улс төрийн шүүмжлэлээ орон нутаг руу чиглүүлж үйл ажиллагаа явуулсан. Хэмнэсэн дүр эсгэж орон нутгийг зольсон. Ямар ч санал солилцсон зүйлгүйгээр төсвийг дураараа шийдсэн.
Архангай аймгийн Засаг дарга Д.Бат-Эрдэнэ:
– Архангай аймаг 2014 оныг бодит үр дүнгийн жил болгон зарлаж аймаг, сумдад төрийн үйлчилгээг иргэдэд нэг цэгээс үзүүлдэг боллоо. Ахуйн үйлчилгээг нэг цэгийн болголоо. Нэг сум-нэг брэнд бүтээгдэхүүн гэсэн ажил өрнүүлж байна. 2015 онд “Иргэн таны төлөө” гэсэн уриатай ажиллаж байна гэлээ.
Архангай аймаг ажилгүйдлийг амжилттай шийдсэн байдлаараа улсдаа тэргүүлж байгааг энэ үеэр Монгол Улсын Ерөнхийлөгч онцолж байлаа.
Баян-Өлгий аймгийн Засаг дарга Х.Дармен:
-Манай аймагт ажлын байр бий болгох, ЖДҮ хөгжүүлэхэд онцгой анхаарч ажиллалаа. Баян-Өлгийд ажилгүйдэл их байгаа тул үүнд анхаарч ажилласан. 2014 онд шинээр 1600 хүн ажлын байртай болсон. Ажилгүйдэл 0,5 хувиар буурсан. Мөн гэмт хэргийн гаралтыг 17 хувиар буурууллаа. Баяр ёслолыг архигүй тэмдэглэх ажлыг эрчимтэй зохион байгууллаа. Аймгийн төв, сумдын ерөнхий төлөвлөлтийг шинэчиллээ. Анхаарах зүйл гэвэл орон нутгийн төсөвт онцгой анхаарах шаардлагатай байна гэв.
Монгол Улсын Ерөнхийлөгчийн тэмдэглэснээр Баян-Өлгий аймаг ажилгүйдлийн түвшнээр улсдаа нэгд орж, нийт иргэдийн 23 хувь нь ажилгүй байгаа аж. Мөн орон нутгийн хөгжлийн сангийн мөнгө бүрэн олгогдсон эсэхийг Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж лавласан юм. Баян-Өлгий аймгийн Засаг дарга Х.Дармены хариулснаар орон нутгийн хөгжлийн сангийн мөнгө өнгөрсөн жил 70 хувь нь олгогдож, 30 хувь нь олгогдоогүй байна. Энэ 2015 онд 4,5 тэрбум төгрөгийг тус аймгийн орон нутгийн хөгжлийн санд тусгажээ. Өмнө нь 7,2 тэрбум төгрөг тусч байсан юм байна.
Увс аймгийн Засаг дарга Цэндсүрэн:
-Үл хөдлөх хөрөнгийг бүртгэлжүүлэх, эргэлтэд оруулах, хуримтлалын асуудалд анхаарч ажиллалаа. Иргэдийн хадгаламж өссөн. “Их наяд” гэсэн хөгжлийн хөтөлбөр хэрэгжүүлж байна. “Бяцхан санхүүч” гэсэн дэвтэр гаргаж хүүхэд багачуудыг бага наснаас нь арвич хямгач байдалд сургаж байна. Мөн “Санхүүч ээж” гэсэн цуврал гаргана. “Гудамж”, “Орон сууц” төслийг амжилттай хэрэгжүүлж байна. Орон нутгийн хөгжлийн сангийн мөнгөний 30 хувийг өгөөгүй байна. 10 тэрбум төгрөгө өгөхөөс 7 тэрбумыг өгсөн гэв.