О.Банзрагч: 8 хувийн зээлийг зогсоох нь утааны өмнө гараа өргөсөнтэй адил

zaluu_54d33d27a6557_1Улаанбаатар хотын банкны тэргүүн дэд захирал О.Банзрагчтай ярилцлаа.

-Та бусад банкийг, Монголын банкны холбоог төлөөлж ярихгүй байх л даа. Гэхдээ банкны захирал учраас салбарын мэдээлэлтэй байгаа байх. Өнгөрсөн долоо хоногоос эхлээд банкууд зээл гаргалтаа багасгаж, зарим нь бүр зогсоолоо гэх юм. Үнэхээр тийм юм байна уу?

-Банкууд зээлээ хязгаарлаж байгаа нь үнэн. Харин зогсоосон юм бол байхгүй.  Энэ хязгаарлалт нь эдийн засгийн одоогийн нөхцөл байдал, ирээдүйд учирч болох эрсдэлийг тооцсон шийдвэр. Мэдээж, зөвхөн банкны салбарын эрх ашиг биш шүү дээ. Том зургаараа, улс орныхоо эдийн засгийн бүтцийг харсан, санхүүгийн тогтвортой байдлыг хадгалах гэсэн түр зуурын шийдвэр. Зээлээ ингэж хязгаарлаж байгаа нь хэд хэдэн шалтгаантай.

-Жишээ нь ямар?

-Хамгийн гол нь худалдан авалт буурч байна. Эдийн засаг бол худалдан авалт буюу хэрэглээн дээр тогтдог. Монголчуудын маань худалдан авах чадвар өнөөдөр илт муудаж байна. Ийм нөхцөлд зээлээ хумих нь нэгд, харилцагч хадгаламж эзэмшигчдийнхээ мөнгийг, хоёрт тухайн зээлдэгчийг эрсдэлээс хамгаалж байгаа хэрэг юм. Эдийн засаг ийм хүнд үед зээл авч бизнесээ хөгжүүлнэ гэдэг хэцүү, бас эрсдэлтэй. Дотооддоо үйлдвэрлэсэн ч, гаднаас импортоор оруулж ирсэн ч бүтээгдэхүүн нь худалдан авагчгүй бол тухайн хүн зээл, зээлийнхээ хүүгийн дарамтад орно. Учирч болох энэ эрсдэлээс зээлдэгчийг хамгаалж байгаа хэрэг юм. Нөгөө талаас харилцагч хадгаламж эзэмшигчдийнхээ мөнгийг найдвартай хадгалаад буцааж өгөх нь банкны үндсэн үүрэг. Тийм учраас эргэж төлөгдөх магадлал багатай бизнест зээл өгөхгүй байх нь банк хадгаламж эзэмшигчийнхээ мөнгийг алдахгүй, эрсдэлд оруулахгүй байх үүргээ биелүүлж байгаа юм. Угаасаа ч банк бол өөрөө эрсдэлийн удирдлага байдаг.

-Ер нь эрсдэл байна гэж тооцсон учраас л зээлээ хязгаарлажээ гэж ойлгож болох нь ээ?

-Болно. Гэхдээ зээл өгөхгүй болохоор л муудлаа, мөнгөгүй болчихжээ гэж ойлгож болохгүй. Банк бол хадгаламж эзэмшигчийнхээ мөнгийг бусдад зээлдүүлээд буцааж эзэнд нь өгдөг учраас асуудлыг их олон талаас ул суурьтай хардаг. Бусад салбарынхан өөрийнхөө салбарыг л түлхүү хардаг. Харин банк тэгдэггүй. Банкин дээр бүх салбарынхан, нийгмийн бүх давхаргынхан ирж эдийн засгийн харилцаанд ордог учраас бид нийт том зургаар нь харахыг, бүх эрсдэлийг тооцохыг хичээдэг. Нөгөө талаас зээлийн эх үүсвэр бас хязгаарлагдмал. Өнөөдрийн байдлаар банкны системийн хэмжээнд хадгаламж 7.4 их наяад байна. Гэтэл гаргасан зээл нь 12.5 их наяадаас давчихсан. Банкууд маань өөрийнхөө боломжоос, байгаа мөнгөнөөсөө илүүг зээлээр гаргачихсан гэсэн үг.

-Юу гэсэн үг вэ,  мөнгө байхгүй байж хиймэлээр зээл гаргачихсан гэсэн үг үү?

-Үгүй л дээ. Хадгаламжаас гадна хувьцаа эзэмшигчдийн мөнгө, гаднын банктай хамтарч хэрэгжүүлдэг төслөөс буюу хамтын санхүүжилтийн зээл, арилжааны банкууд гадна зах зээлээс босгосон бондын эх үүсвэрээс зээл олгодог.

-Банкуудын зээлээ хязгаарлаж байгаа энэ бодлого нь эдийн засгийн одоогийн хямралыг улам хүндрүүлэх үү, харин илүү хүндрүүлэхгүй гэсэн бодлого уу?

-Аль талаас нь харахаас л бас болно. Уг нь бол одоо байгаагаас нь илүү хүндрүүлэхгүй л гэсэн санаа. Эх үүсвэр дутагдалтай үед зээлийг хязгаарлах нь илүү эрсдэлтэй. Даарин дээр давс нэмэхтэй адил. Гэтэл зээл гаргаад бүтээгдэхүүн болгоод зах зээлд нийлүүлэхэд борлуулалт, худалдан авалт нь байхгүй тохиолдолд хязгаарлах нь зөв.  Банкууд одоо бол аль болох борлуулалттай, бодит худалдан авалт нь хэвээрээ хэсэгт зээлээ урьдын адилаар хэвийн олгож байгаа.

-Найман хувийн зээлийг хязгаарласан уу, энэ хөтөлбөр борлуулалттай хэсэгт багтаж чадах уу?

-Борлуулалттай учраас найман хувийн зээлийг урьдын адил хэвийн олгож байгаа. Бэлэн болчихсон байрууд олон байна. Борлуулалт, худалдан авалтаас гадна нийгмийн хариуцлага талаасаа найман хувийг зээлийг зогсоож болохгүй л дээ.

-Яагаад?

-Найман хувийн зээлийн нийгмийн ач холбогдол асар их. Зээлтэй хүн зээлээ төлөхийн тулд өглөө ажилдаа явах хэрэгтэй, их цалин авахын тулд илүү хөдөлмөрлөх ёстой. Хувь хүн хөдөлмөрлөснөөр тухайн айл өрхийн орлого нэмэгдэнэ, тэрнийгээ дагаад хэрэглээ өөр болно, иргэдийн хэрэглээг дагаад худалдан авалт нэмэгдэж, улсын эдийн засаг ч өснө. Улс хөгжинө. Үүнээс гадна хамгийн чухал нь амьдралд дөнгөж хөл тавьж байгаа залууст гэрэл гэгээ, сайхан амьдрах, сайн ажиллах итгэл өгч байгаа юм, энэ зээл. Зээлтэй хүмүүс байнгын ажил эрхэлдэг учраас улсад төлдөг нийгмийн даатгалын шимтгэл ч өсч байгаа. Иргэд зээлтэй учраас өрхийн хэрэглээгээ хянадаг, төлөвлөдөг гээд зохистой хэрэглээнд суралцаж байна. Иргэд рүүгээ хандсан, нийгмийн хариуцлагатай  ийм хөтөлбөр урьд өмнө ховор байсан шүү. Харин найман хувийг зээлийн хөтөлбөрийг  хэрэгжүүлснээр төр засаг ард түмнээ эдийн засгийн утгаар нь хүмүүжүүлж байна. Энэ мэтээр тоочвол найман хувийн зээл бол нийгмийн хариуцлагын хөтөлбөр.

-Өнөөдрийн байдлаар хэчнээн айл өрх найман хувийн зээлээр байртай болоод байгаа бол, тоо байдаг уу?

-Байлгүй яах вэ. Нийт банкны системээр авч үзвэл өнөөдрийн байдлаар 47500 айл өрх найман хувийн зээлээр байртай болсон байна. Үүнээс гадна өндөр хүүтэй байрны зээлтэй явсан хүмүүс найман хувь руу шилжсэн. Найман хувийн зээл эхлэхээс өмнө  банкуудын моргейжийн зээлийн жилийн дундаж хүү 18-20 хувь байлаа шүү дээ. Ийм өндөр хүү төлж явсан 18600 зээлдэгч найман хувь руу шилсэн. Ингэснээр нэг зээлдэгчид сардаа 400 мянган төгрөгийн хэмнэлт гарч байгаа юм.

-Одоо найман хувийн зээлийн урсгал, хандалт ямар байна вэ. Эдийн засаг хүндэрсэн, байр зарагдахгүй байгаа энэ үед зээл хүсэгчдийн тоо урьдын адил өндөр байж чадаж байна уу?

-Эдийн засаг сайн байхад мэдээж эрэлт өндөр байсан. Хуримтлал үүсгэж амжаагүй, дөнгөж 25, 26-тай залууст байр авах санхүүгийн ямар ч боломж байгаагүй. Ийм залууст жилийн 18-20 хувийн өндөр хүү төлөх санхүүгийн бололцоо үнэндээ байгаагүй. Байртай болох нь тэдний хувьд бараг биелшгүй мөрөөдөл байсан. Найман хувийн зээлээр энэ мөрөөдөл нь биелсэн. Энэ хөтөлбөр эхэлсэнээр урьдчилгаа 30 хувиа төлөх чадвартай хэсэг бараг бүгдээрээ байртай болсон. Харин одоо зээлдэгчдийн тоо тэр үеийнхээс багассан нь ерөнхийдөө хоёр шалтгаантай. Нэгд, 30 хувиа төлөх чадвартай хэсэг маань бараг дууссан, байраа авчихсан. Хоёрт, эдийн засгийн өнөөгийн хүндрэл нөлөөлж байна. Гэхдээ эрэлт, хүлээлт бол хэвээрээ байна. Ганцхан урьдчилгаа 30 хувь дээрээ л гацаж байна.

-Уг нь эрэлт байгаад байдаг, гэтэл урьдчилгаа нь байдаггүй. Тэгэхээр одоо яах вэ. Урьдчилгаа 30 хувийг багасгах уу?

-Урьдчилгаа 30 хувийг багасгах боломжгүй. Энэ бол нэгд, төрийн бодлого. Хоёрт, үл хөдлөх хөрөнгийн зээлийн урдчилгаа төлбөрийн зохистой харьцааг хадгалахгүй бол болдоггүй нь Америкт харагдлаа шүү дээ. Тэнд яасан гэхээр, зээлийн байрыг урьдчилгаа төлбөргүй болгож 100 хувьд нь зээл өгөөд үл хөдлөх хөрөнгийн зах зээлээс үүдэлтэй эдийн засгийн хямрал болсон.  Гучин хувь бол нэг талаас үнийн бууралт, уналтаас банкийг хамгаалж байгаа ганц механизм нь. Гэтэл амьдрал дээр 30 хувийн урьдчилгаанаас бусад бүх шалгуураа хангаж байгаа, байр хэрэгцээтэй, авлаа гэхэд зээлээ төлөөд явах чадвартай залуус олон байна. Жишээ нь, манай банк 360 ажилтантай. Тэдний 200 гаруй нь 25-28 насныхан. Тэд хуримтлал үүсгэж чадаагүй, үүсгэх хэмжээний олон жил ч ажиллаж амжаагүй байна. Тэгэхдээ тэд амьдралтай, гэр бүлтэй, ажилтай, найман хувийн зээлийн байр авах шалгууруудын 30 хувийн урьдчилгаанаас бусдыг бүгдийг нь хангадаг. Хэрвээ тэд зээлээ аваад байртай болчихвол сар бүрийн төлбөрөө асуудалгүй төлөөд явах цалин орлоготой. Ийм залууст, ийм хэсэгтээ зориулсан боломжийг төр гаргаж өгөх хэрэгтэй.

-Тухайлбал яаж?

-Магадгүй олон боломж байгаа байх. Миний харж байгаагаар төр залуустаа санхүүгийн баталгаа гаргаж өгч болно.  Гэхдээ “Once in a life time”  гэдэг шиг амьдралынх нь туршид  ганц л удаа. Арван хувийг нь зээлдэгч өөрөө төлөөд, үлдсэн 20 хувь дээр нь төр баталгаа гаргаж өгнө гэсэн үг. Банкин дээрээ бол 30 хувиараа л бичигдэнэ. Төр аж ахуйн нэгжийн зээлд батлан даалт өгдөг дөө, тэрэнтэй л адилхан. Бизнест батлан даалт гаргаж өгдөг, янз бүрийн батлан даалтын сангууд ч бий боллоо. Тэгвэл төр амьдралд бие дааж байгаа залуу иргэнээ байртай болоход нь нэг удаа батлан даалт гаргаж өгч болно. Ингэлээ гээд төрөөс мөнгө гарахгүй, төсөв дээр нэмэлт ачаалал ирэхгүй. Тухайн хүн өөрөө 10 хувиа төлөөд, 90 хувийг нь банкнаас  зээлээр авна. Энэ 90 хувийн 20 нь төрийн баталгаатай л гэсэн үг. Тэгээд эхний жилүүдийн төлөлтөөрөө баталгааны 20 хувиа төлөөд дуусгачихна. Тэгсний дараа төр энэ харилцаанаас гарч, банк зээлдэгч хоёр үлдэнэ. Энэ механизмыг найман хувийн зээлийн хөтөлбөр дээр ашиглаж болох юм.

-Их гоё санаа байна, хэрэгжүүлэх боломжтой юу?

-Төрд, төсөвт санхүүгийн нэмэлт ачаалал ирэхгүй учраас болно л гэж бодож байна.  Нөгөө талаас манай улсын хамгийн том ажил олгогч бол барилгын салбар. Хэрвээ энэ салбарт сул зогсолт үүсвэл наад зах нь “Зуун айл”-ын барилгын дэлгүүрийн лангуун дээр зогсдог жирийн иргэнээс эхлээд төмөрлөг, цементийн үйлдвэр, төмөр замын тээвэр гээд олон салбарт ажилгүйдэл бий болж эхэлнэ.  Ийм тулгуур салбараа эдийн засагт эргэлттэй байлгах нэг арга нь найман хувийн зээлийн хөтөлбөрөө улам идэвхтэй, эрчтэй үргэлжлүүлэх явдал л даа. Энэ бол байртай болох  зорилтот зах зээлээ дэмжсэн, маш олон хүний ажлын байрыг  хадгалж байгаа хэрэг юм. Бас өнөөдөр хүн бүр л утаа их байна, утааг бууруулна гэдэг. Утааг бууруулах хамгийн найдвартай ганц арга нь иргэдээ орон сууцаар хангах шүү дээ. Тэгэхээр найман хувийн зээлийн хөтөлбөрийг зогсоох нь иргэдээ цэвэр агаараар амьсгалуулах үүрэгтэй төр засаг утааны өмнө гар өргөсөнтэй л адилхан болно.

-Найман хувийн зээлийн нийгмийн ач холбогдол өндөр гэдгийг ойлгож байна. Гэхдээ энэ хөтөлбөр гарснаар эрэлт нэмэгдээд байрны үнэ хөөрөгдлөө гэдэг сөрөг шүүмжлэл бий.

-Бүх юмыг хараад төгс төгөлдөр хөтөлбөр хийнэ гэж байхгүй. Найман хувийн хөтөлбөрийг эхэлж байх үед ийм хөөрөгдөл анзаарагдсан уу, анзаарагдсан. Гэхдээ цаг хугацааны үед зах зээл өөрөө энийг илааршуулж байна. Эрэлтээ хангах нийлүүлэлт бий болсон учраас үнэ одоо тогтворжоод эргээд буух тал руугаа орж   байна. Тэгээд ч энэ хөтөлбөр бол нийтээрээ байртай болох биш, нийгмийн дундаж болон дундажаас доод төвшнөө дэмжихэд чиглэсэн хөтөлбөр. Ер нь нийт байрны 90 орчим хувь нь 80 ам.метрээс доош байдаг юм.

-Энэ зээлийг авч байгаа хүнийг цалингаа заавал зээл авсан банкаараа дамжуул гэдэг нь ямар учиртай юм бэ?

-Энэ зээлийн төлөлт ерөнхийдөө 20 жил үргэлжилнэ. Зээлдэгчид цалингаасаа зээлээ төлдөг. Тийм учраас 20 жилийн турш үргэлжлэх зээлийн төлөлт ойлгомжтой, олон дамжлагагүй хялбар байх үүднээс цалингаа тухайн банкаараа дамжуулж ав гэдэг. Зээлдэгчид ч төлөлт хийхэд амар. Хэрвээ өөр банкин дээр байвал банк хоорондын гүйлгээнээс болж хугацаа алдах, үүнээсээ болоод  алданги төлбөрт орох, адаглаад л  үл ойлголцох асуудал гарна. Банк, харилцагч хоёрын хамгийн гол харилцаа нь итгэлцэл шүү дээ. Тэр итгэлцлийг хадгалахад зээл, цалин хоёр нэг банкин дээр байх нь үр дүнтэй.

Эх сурвалж: itoim.mn

Санал болгох мэдээ

“Шинэ хоршоо-Чинээлэг малчин” хөтөлбөрийн хүрээнд малчдад зургаан хувийн хүүтэй, 50 хүртэлх сая төгрөгийн зээл олгоно

Засгийн газраас “Шинэ сэргэлтийн бодлого”-ын Хот, хөдөөгийн сэргэлтийн хүрээнд “Шинэ хоршоо хөдөлгөөн” өрнүүлэх, энэ хүрээнд …