Монгол Улсын Шинжлэх ухааны гавьяат зүтгэлтэн, Монголын Үндэсний ШУА-ийн академич, шинжлэх ухааны доктор (ScD), профессор, зурхайч Урианхай Лхасрангийн Тэрбиштэй ярилцлаа
-Хонь жилийн онцлог гэж байдаг уу. Ирж буй хонь жилийн харшлах болоод бусад шалтгааныг тодруулж өгнө үү. Тухайлбал, үхэр жилтнүүдэд хонь жил харш гэдэг. Харш гээд харшлах шалтгаан гарах уу?
– Зурхайн ёсонд тухайн жилийг эр, эм буюу арга, билиг хэмээн ялгадаг. Хонин жил билиг түрсэн эм жил. Бас хонь номхон зөөлөн араншинтай амьтан. Энэ нь тэр жилийн онцлог болно. Зурхайд буй эерэг, сөрөг үзүүлэлтийн нэг нь “Өнцөг долоо (བདན་ཟར།)” юм. Өөрөөр хэлбэл, алинаас нь ч тоолсон долоо дахь нь бололцдог хоёр жил л дээ. Нэгэнт ийм болохоор үхэр жилтнүүд элдэв үйлд хянамгай байвал зохилтой.
-Азийн он тоолол нэг байж яахаараа Азийн улс орнууд нэг өдөр цагаан сараа хийхгүй байгаа юм бэ. Яагаад Цагаан сарыг хоёр өөр өдөр тэмдэглэх болсон талаар. Ер нь монгол, шар, одон зурхай гээд олон зурхай байгаа хэдий ч тэд хоорондоо таарч тохирдоггүйн учрыг танаас сонсмоор байна?
– Ази тивийнхний нийтлэг тоолол байхгүй. Ингэж ярих нь “Сохор нохой дүйвээнээр” хэмээхийн үлгэр болно. Улс орон бүхэн тухайн орны шашин суртал, зан үйл, нутгийн хуваарийн ялгаанаас болж, өөр өөрийн тоололтой байдаг. Монгол зурхай гэдэг нь монголчуудын хэрэглэсээр ирсэн зурхай. Шар зурхай гэж юм ертөнц дээр байхгүй. Хятадын хааны тоолол буюу хуанлийн тооллын зурхайг зарим нэг учир үл мэдэх хүн “Шар зурхай” гэж хэлээд байгаа бололтой юм. Тэр нь “хуань” гэсэн ханз үсэг нь “Хаан”, “Шар” хэмээн хоёр янзаар орчуулагддагийг “Хаан” гэдгийг нь эндүүрч, будилаад “Шар” хэмээн орчуулсан нэгэн молхи хүдэг орчуулагчаас уршигласан биз дээ. Харин хятадад хэрэглэдэг зурхайг манай мэргэд “Алтан зурхай” гэдэг юм. Одон зурхай гэдэг нь өмнө дурдсан ёсоор од гаригийн хөдөлгөөн тооцоолон бодох зурхайн аргачиллыг хэлж буй хэрэг. Монгол зурхайн онолын үндэс нь одон зурхай болно. Иймээс л хоорондоо яв цав таарддагүй юм даа.
-Таны цаглабарыг зарим хүн “Тэрбиш зурхайч өөрийн хүчээр энэ номоо хэвлүүлчих тэнхээтэй хүн гэж бодож байна. Тэнхээ нь хүрдэггүй юАаа гэхэд үндэсний үйлдвэрлэгчид дээр очоод зурхайн номыг маань ивээн тэтгээд хэвлүүлээд өгөөч гэвэл татгалзахгүй нь лав шүү дээ” гэлцэх юм. Энэ талаар тодруулна уу?
-Би хэвлүүлэх гэж хэрээрээ оролдоод амьтанд тарааж чадахгүйгээ мэдсэн толгой. Зарим газар овоо хэдэн жил өрөөсөн гутлын өртөг хүрэхгүй үнээр зохиогчийн эрхээ өгч байсан удаатай. Үнэ хаялцуулсан юм ч үгүй ээ. “Таван Богд ХХК”-ийн Ц.Баатарсайхан захиралтай тохиролцож, “Улаанбаатар принт” хэмээх нэртэй хүчин чадал сайтай хэвлэх үйлдвэрт эрхээ өгч хэвлүүлснээс хойш олны хэрэгцээ хангах чанартай цаглабар гарч байгаад сэтгэл хангалуун байгаа. Хүмүүс ч “Цаглабар тань чанартай болжээ” гэж намайг омруутуулахад “Тэр хэвлэх үйлдвэрийнхэнд талархацгаа” гэдэг. Хэвлэлийн компанитай байгуулсан гэрээн дотор “Архи, тамхи, садар самууныг сурталчилсан зар сурталчилгаа гаргаж болохгүй” хэмээн хатуу заасан байгаа л даа. Хуудуугүй үнэн энэ.
-Янз бүрийн л зан үйл байх юм. Чухам аль нь шашны зан үйл, аль нь зурхайтай холбоотойг сайн ялгахаа байлаа. Жишээ нь мөр гаргах ямар зан үйлэнд хамаарагдах вэ. Өрхийн тэргүүлэгч мөрөө гаргачихсан байхад бусад нь шаардлагагүй гэж хэлдэг хүмүүс ч бий?
-Ард түмний шашин суртахуун, зан үйл өөр хоорондоо нарийн сүлэлдэж, уураг бутарсан улаан шаргал цай шиг болчихсон зүйл. Тийм цайнаас давс, хужир, ус, сүү, архадын тосыг алийг нь гэж ялгах юм бэ. Тийм л зүйл дээ. Нарийн тайлбарлавал нэг жижигхэн ярилцлагад багтах юм биш ээ. Өрхийн тэргүүн мөрөө гаргадаг нь хуучны ёс, “Хуучны юм ул болж, шинэ юм зул болсон” цагт мэргэн оюунаараа тунгаагаарай.
-Гадаадад байгаа монголчууд, мөн орон сууцанд амьдарч байгаа иргэдийн хувьд мөр гаргах нь жаахан асуудал үүсгэдэг. Тэгвэл тэдэнд зориулан хялбаршуулсан байдлаар үүнийг орлочих арга чарга байх уу?
-Асуудал үүсгээд байх зүйл биш ээ. Аль эрт монголчууд мориныхоо уяан дээрээс мордоод мөрөө гаргадаг байсан юм. Тэр мэтээр жишээд, гаднаа нэг цэг аваад эхэлчихвэл болно.
-Таны гаргадаг зурхай, цаглабарын зэрэгцээ “Чингисийн зурхай”, “Шар зурхай” гэх мэт олон зурхайн дэвтэр гарах болсон нь иргэдийг төөрөгдөлд ороход хүргэж байна л даа. Энэ тал дээр таны бодол?
-Өмнө өгүүлснээр тэр яриад байгаа зүйлс нь нангиадын алтан зурхайг л чимэг өргөн магтаж, биднээр мөрдүүлэх гээд байгаа башир арга. Түүний учрыг эздээс нь асуувал таарна. Их Хятад улс хүртэл өөрийн тавь гаруй үндэстэн ястныхаа зан үйлийг хүндэтгэсээр байгаа. Тэнд олон янзын цаглабар мөрдөж буй. Ном дэвтрүүд нь ч гарчихсан.
-Энэ модон хонин жилийн улс төрийн өнгө аяс шороон үхэрт болон зурхайд тодорхой харагдаж л таарна. Онцгой гойд гэх юм уу, содон үйл явдлаар ямархан жил болох бол доо?
-Зурхайн ухаанаар жилийн байр, байцыг тогтоосноо хэлье. Үүнд: “Зурхайн ухааны эрхэм гол шүнгүүдэд “Галзууруулагч” хэмээх модон хонин жилд хэвлийн халуун тэргүүтэн өвчин их дэлгэрч, хүмүүс дотроо үл зохилдохын нигууртай” хэмээн зарлигласан буй. Жилийн эзэн гариг Будын үр нь: Ухааны үүд бүгд ертөнцөд дэлгэрнэ. Үр тариа, жимс, цэцэг дэлгэрнэ. Хүмүүс номын явдлыг эрхэмлэнэ. Номын ёстнууд өргөл, хүндлэл олж, төрийн өндөр суудалтны хүчин арвижна. Жилийн эзэн од Үнэгний үр нь: Хур цагтаа буун, тариа, төмс, хүнсний ногоо арвижиж, амьтан бүхэн асралцан, баясч, амгалантай үйлээр явмуй.
Хаан гариг Санчирын үр хаялга нь: Элдэв хэрэгт гэм, тотгор гарах нь элбэг. Хүмүүс өвчнөөр нэрвэгдэн, эд баялаг доройтох хийгээд цаг бусын салхиар газар, тэнгэр хямран, мөрөн голын ус татрах шалтгаантай ажээ. Түшмэл гариг Ангаргийн түмнээ нөлөөлөх үр нь: Галын хүч арвижих ба хулгайч нар хөшилдөн, зарим газар оронд хур үлэмж тасран, заримд нь ган болох нигууртай. Шар өвчин арвижин хэрүүл тэмцэл дэлгэрнэ. Малчин угсаат монгол нүүдэлчдийн зан, заншилд тохируулан Аригч үйзэн зурхайч Өлзийбат хэмээгч мэргэн номтын туурвисан байгаль цаг уурын байдал, хүн зоны явдал мөрийг урьдчилан боддог зурхайн арга буй. Тэр аргын ёсоор тухайн жилийн “Шороон үхэр” нь амаа хамхин, сүүлээ баруун тийш шарвасан, толгой нь ногоон, омруу нь ногоон эвэр, сүүл, чих нь шар, дөрвөн шийр нь хөх, биеийн зүс шар үхэр, үхэр хариулаачийн ард алхаж явна. Харин модон хонин жилийн үхэр хариулаач нь: Ногоон нигууртай, шар дээлтэй, ногоон бүстэй, баруун гутлаа өмсөн, зүүн гутлаа баруун талдаа зүүсэн, үс нь чихний араар хийссэн, олсон шилбүүртэй, өвгөн хүмүүн үхрийнхээ өмнө яаран гүйж яваагаар дүрсэлсэн байдаг.
-Ирэх хонь жилд цаг агаар тогтуун сайхан байж чадах уу?
“Шороон үхэр”-ийн шинжээр жилийн эх болон улирал бүрийн эхээр салхитай, жилийн дундуур өвс ногоо сайтай, жилийн сүүлээр хур ихтэй, зуд турхангүй байна. Үхэр хариулаачийн байр байц нь: үхэр хариулаач өвгөн хүмүүн тул хонь жил өвгөдөд амгалан, залууст ширүүн, нялхаст харшлах шалтгаантай жил ээ. Малд амгалантай, доодос хямралтай, эхнэрүүдэд амгалантай сайн жил болох бөгөөд хааны хатуу цааз бууж болзошгүйг бэлгэдэж буй. Өвгөн хүмүүнээр төрийн өндөр суудалтан, залуусаар дунд зэрэг дэсийн түшмэл, харин нялхсаар нийт ард зоныг ичнээлэн илэрхийлэх зурхайн ёсон бий. Энэ жилийн хувьд хумх, хонь, үхэр, жинлүүр, матарын ордонд байрлах үед хур ус цагтаа бууж, эд агуурс элбэгжин, ихэс дээдэс буянаар тэтгэх ба бүх зүйл тэгшрэх сайн. Загас, мэлхий, арслан, охин, хилэнц, нум ордонд байрлах үед сайн, муугийн магадлал үгүй тул ажил үйлдээ анхааралтай байж, элдэв өвчнөөс болгоомжлууштай. Харин хамтатгахын ордонд байрлах үед салхи шуурга гаран, хямрал болохын нигууртай тул сэрэмжтэй байгууштай. Монгол зурхайн ухаанд жилийн хэд, хэдэн үзүүлэлтийг тоон утгаар илэрхийлэн гаргаад, түүнийгээ “Цасан чихрийн амт” мэт жилийн үр гэдэг. Тэр тоон үзүүлэлтийн хамгийн бага нь тав, хамгийн их нь 17 болно. Энэ жилийн хувьд хур долоо, Үр 15, өвс долоо, сэрүүн долоо, чийг 17, салхи 13, хямрал 11 болно хэмээсэн байгаа. Хан төрд хэрэгтэй хэмээн хаад, ноёд зарлиг дуртгавал хамаг мэддэгээ хэлээд өгдөг уламжлалтай гэж мэргэд айлджээ.
-Таны МУИС-ийн математикийн ангид элсэн орж байсан тэр үеийн тань тухай нэгэн дурсамж уншсан юм байна. Тэгээд ч одон зурхайгаар шинжлэх ухааны докторын зэрэг хамгаалсан хүн шүү дээ. Зурхайг нарийвчлан судалж эхэлсэн цагаа яривал?
-Би гэрийн уламжлалт сургал- таар ардын сургуулийн “А” үсэг заалгахаас өмнө ариун номын “Га” (ག) -г заалгасан нэгэн. Тэгээд л зурхайн “Цагаан толгой”-той танилцаж билээ. Их сургуульд математикийн ангид ороод шинжлэх ухаанч үзлээр зурхайг сонирхсон. 1974 онд тэр үеийн Цэргийн нэгдсэн дээд сургуульд дээд математикийн багшаар ажиллаж байхдаа сонсогч нарт “Хуучин бичиг” заасан эсэргүү үзэлтэй багш байсныг шавь нар минь хэлээд өгнө өө. /инээв/ Дараа нь 1976 онд ШУА-ийн Физик, математикийн хүрээлэнд математикийн түүхийн групп гэдэг судалгааны нэгж байгууллага бий болоход уралдаант шалгалтад орж тэнцээд, ул суурьтай судалсан. Тэрхүү судалгаанд молхи миний биеийг номын ёсоор хөтөлсөн жинхэнэ шүнгийн зурхайч Б.Жинба багштандаа талархан залбирдаг. Бас дэд доктор, шинжлэх ухааны докторын зэрэг хамгаалах эрдмийн ажлыг минь хөтөлж хайрласан “Монголын шинэ түүх бичлэгийн эцэг” академич Ш.Нацагдорж багшийн ачлал зүйрлэх аргагүй билээ.
-Танай удамд үзмэрч, зурхайч хүн байсан уу. Энэ талаар сонирхуулахгүй юу?
-Аль, аль нь байгаагүй. Харин миний нагац ээж Д.Ригзин, Засагт хан аймгийн Дайчин бэйсийн хошууны гол хийд Усан Зүйлийн хүрээний сүүлчийн хамба ламтан Ш.Донров ранжамба хоёр ах дүүсийн хүүхдүүд л дээ. Тэр үеийн хүрээний гол хийд 2500 шавьтай маш том хийд байсан. Арван жилийн сургууль дуусгаад ирсэн гавж Д.Зэвэг миний ээжийн нагац бөгөөд “Га” үсэг заасан ачтан. Аавын минь авга ах Зүйлийн хүрээний цогчэн их гэсгүй З.Мишиг унзад, түүний авга ах Л.Чойжил хэмээгч цагтаа Цэцгийн хүрээний маарамба алдарт оточ Адарсүрэнг номоор гартаач явсан ламтан гээд тоочвол олон байна аа. Аав минь ч дориун төвд, монгол хэлтэй хүн байсан. Өндөр сүүдэр зооглоод, ерэн наймтайдаа таалал болсон доо.
-Та их олон шавьтай юу. Сайн сайн шавь нараасаа дурдахгүй юу?
-Олон хүмүүн байна аа. Генераль офицерууд ч бий. Эрдэмтэн мэргэд ч байгаа. Хийд орныг тэргүүлсэн номтой лам шавь нар ч буй. Миний бие Монгол Улсын төр, засагт тоогдоод, Монгол Улсын Шинжлэх ухааны гавьяат зүтгэлтэн цол, тэмдгээр шагнуулж, бяцхан номын хурим хийхэд лам нар мандал өргөж, номт шавь нар нэгэн жилийнхээ бүтээл гээд сагс дүүрэн ном бэлэглэхэд магнай тэнийснээ нуух юун. Нэрийг нь дурдаад байвал цаас их барна. Зарим нь “Ингээд л миний зураг байдаггүй юм” хэмээхийн үлгэр гаргаж магад. Энэ удаад нэр дурдахгүй ээ хө. Тийм чухалтай юм биш. “Хөгшин хүмүүнээс үг сонс. Хүдрийн хүйснээс заар ав” гэдэг болохоор дав зуур санаанд орсноо хэлчихлээ. “Өвгөн нам”-ын сонин юм болохоор энэ намын “Эвэр туурайтнууд” минь буурай дорой орныг бузгай сайн хөгжүүлсэн маршал Ю.Цэдэнбалын алдар гавьяаг сэргээж, ачлалт удирдагч Д.Сүхбаатарынхаа талбайг хэвээр нь үлдээх талаар сэтгэл гаргахыг сүслэн гуйя. “Монголын үнэн” сонины уншигч эрхэм абугай нар ирэх жилдээ аз жаргалаар бялуурч, амжилт бүтээлээр бялхаж яваарай.
-Ярилцсанд баярлалаа
Ц.ЗАЯА