Монгол Улсын Ерөнхий сайд Ч.Сайханбилэг, Япон Улсын Ерөнхий сайд Шинзо Абэ нар Токио хотноо хэлэлцээ хийж, “Эдийн засгийн түншлэлийн тухай Монгол Улс, Япон Улс хоорондын хэлэлцээр”-т гарын үсэг зурлаа. Энэ хэлэлцээр нь Монгол Улсын анхных, Япон улсын 15 дахь хэлэлцээр болж, түүхийн шинэ хуудас нээлээ. Энэхүү хэлэлцээр хоёр улсын харилцааг улам гүнзгийрүүлэх, Монгол Улсын эдийн засгийг хөгжүүлэх гэсэн хоёр зорилтыг зэрэг урагшлуулахад чухал үндэс суурь бөгөөд хэлэлцээрийг ажил хэрэг болгохын төлөө хамтран ажиллахаа Ерөнхий сайд нар илэрхийлсэн.
Хөшигийн хөндийд баригдаж байгаа олон улсын нисэх буудлын төсөлд Монголын талын хүсэлтийг үндэслэн 36 тэрбум 850 сая иений зээлийг нэмж олгохоор болсон зэрэг бодит үр дүн авчирсан айлчлал боллоо. Ерөнхий сайд Ч.Сайханбилэг айлчлалаас ирсэн даруйдаа Буянт-Ухаа олон улсын нисэх онгоцны буудалд сэтгүүлчдэд мэдээлэл хийлээ.
Тэрбээр “Ажлын айлчлалын хугацаа богино хэдий ч энэ шахуу хугацаанд үр дүнтэй олон уулзалт хийж, зорилгоо бүрэн хэрэгжүүлсэн амжилттай айлчлал боллоо. Монгол Японы хооронд Эдийн засгийн түншлэлийн хэлэлцээр байгуулж, хоёр улсын Ерөнхий сайд нар хамтарсан мэдэгдэл гаргасан. Монгол Улс дэлхийд 130-д орох эдийн засагтай ч дэлхийд гайхагддаг том эдийн засаг, том зах зээлтэй улс оронтой чөлөөт худалдааны анхны хэлэлцээрээ амжилттай байгуулсан нь манай улсын дараа дараагийн гэрээ, хэлэлцээрийг байгуулахад эергээр нөлөөлөх үйл явдал. Ерөнхий сайд Шинзо Абэтэй албан ёсны хэлэлцээ хийж, хоёр орны хамтын ажиллагааны талаар хэд хэдэн асуудлыг хөндөж ярилцлаа. Мөн Японы Парламентын зөвлөхүүдийн танхимын дарга М.Ямазаки, Монгол Японы парламентын бүлгийн нөлөө бүхий гишүүдтэй уулзалт хийсэн. Төр засгийн удирдлагуудтай уулзахаас гадна Японы бизнес эрхлэгчидтэй ажил хэргийн уулзалтыг амжилттай зохион байгууллаа. Японы гадаад худалдааг дэмжих байгууллага ЖЕТРО энэ уулзалтыг зохион байгуулсан. 150 гаруй хүн оролцохоор бүртгүүлсэн ч 200 гаруй бизнесмэн оролцлоо гэдгийг тэд бидэнд хэлсэн. Энэ үеэр Монголд эдийн засаг, бизнесийн орчныг сайжруулах, гадаад хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх эрх зүйн орчныг таатай болгох талаар Засгийн газраас хийж хэрэгжүүлж байгаа ажил, бодлого, хамтын ажиллагаа, чиглэлээ танилцуулсан.
Японы олон улсад үйл ажиллагаа явуулдаг нэр хүнд бүхий хэд хэдэн байгууллагын удирдлагуудтай уулзсан. Японы олон улсын хамтын ажиллагааны банк (JBIC), Япон улсын хамтын ажиллагааны (JICA)байгууллагатай хамтран хэрэгжүүлэх төсөл, хөтөлбөрүүдээ ярилцлаа. Олон улсын валютын сан, Дэлхийн банктай хамтарч JIСА-ийн хүрээнд Хөгжлийн хөтөлбөрийн зээл авах асуудлыг хөндөж тавьсан. JBIC-ийн хүрээнд Японы техник технологи оруулж ирэх хамтын ажиллагааны туршилтын хугацаа энэ зургадугаар сард дуусна. Дараагийн ажиллагаанд шилжих төслөө ярилцаж чадлаа. Мөн байгаль орчныг хамгаалах, жижиг, дунд үйлдвэрлэлийг хөгжүүлэх чиглэлээр хоёр шатны хөтөлбөр хэрэгжсэн, энэ төслийн гуравдугаар шатны хөтөлбөрийг үргэлжлүүлэхээр болсон. Мөн иений хоёрдугаар шатны Монгол улсад санхүүжүүлэх зээл олгох энэ боломжийн талаар ярилцлаа. Хамгийн гол нь бид зээл гэдгээр нь асуудалд хандаагүй, эдийн засгаа тэлэх, шинэ эх үүсвэр олох чиглэлээр хамтарч ажиллах олон боломж байгаа гэдэгт голлож ярилцаж байлаа.
Мөн хөтөлбөрт ороогүй ч хэд хэдэн үйл явдал боллоо. Жишээлбэл, Японы хамгийн том гурван сүлжээ буудлын нэг “Окура” 2016 онд болох ACEAM-ийн чуулга уулзалтын гол танхимыг барьж өгөх асуудлыг ярьж байна. Парламентын гишүүдтэй яриа хэлэлцээрийн сэдэвт ороогүй ч гэсэн дипломат паспорт эзэмшиж байгаа иргэдэд тус улсад визгүй зорчих боломж гаргах, иргэдэд хөнгөлөлттэй нөхцөлөөр виз олгох хүсэлт тавьсан. Энэ асуудал ойрын үед шийдэгдэх боломж байгаа. Ерөнхий сайдын айлчлалын араас УИХ-ын даргын айлчлал залгана. Тавдугаар сард Монгол Улсын Ерөнхийлөгч “Азийн ирээдүй” олон улсын форумд оролцохоор төлөвлөж байгаа. Монголчуудын олон жил хүлээсэн энэ асуудал дараагийн айлчлалын хүрээнд шийдэгдэх бололцоо гарч байна.
ММ агентлаг: Эдийн засгийн түншлэлийн хэлэлцээрийн үр дүнгийн талаар ямар мэдээлэл өгөх вэ?
-Монголд үйлдвэрлэсэн бараа бүтээгдэхүүнүүд Японы том зах зээл, үйлдвэрлэлийн сүлжээнд хөнгөлөлттэй, татваргүй нийлүүлэгдэх бололцоо гарч ирж байна. Үүнийгээ бид 100 хувь ашиглах хэрэгтэй. 1000 илүү хуудастай энэ хэлэлцээрт байгаа олон боломжийг монголчууд бүрэн дүүрэн ашиглах чиглэлд бид ажиллах хэрэгтэй. Ийм өргөн боломж, бололцоо бий болж байгаа учраас бодит үр дүнд хүрсэн энэ ажлууддаа ханцуй шамлан орох шаардлагатай.
Ерөнхийлөгч, Ерөнхий сайд нарын өмнөх айлчлалын үр дүнгээр бий болсон ийм эерэг уур амьсгалыг алдахгүйгээр үр дүн гаргаж ажиллах учиртай. Аяны богц дүүрэн ирлээ. “Хоёрдугаар сарын 10 бол Монгол, Японы харилцаанд түүхэн өдөр шүү” гэдгийг Японд уулзсан хүн болгон хэлж байлаа. Хоёр орны харилцаанд эргэлт гаргасан, эдийн засаг, эрх зүйн хувьд тодотгосон, нааштай болгосон том өөрчлөлтийн хэлэлцээрийг зурж чадлаа” гэж тэд сэтгэл ханамжтай байна. Бид ч мөн сэтгэл ханамжтай байна гэдгээ илэрхийлсэн. Одоо энэ хэлэлцээрээ УИХ-аар батлуулна. Японы парламентын зарим гишүүдтэй уулзахад хэлэлцээрийг ойрын хугацаанд соёрхон батлуулна гэсэн. Эдийн засгийн хэлэлцээр амьдралд хэрэгжих нөхцөл бэлэн боллоо.
Bloomberg: Бизнес эрхлэгчидтэй хийсэн уулзалтын үеэр Японы талаас хамгийн их сонирхдог төсөл юу вэ? Эдийн засагт хамгийн хурдан хугацаанд нөлөөлөх салбарыг Та юу гэж харж байна. Эхний ээлжинд хэрэгжүүлэх ямар төсөл байна, Тавантолгойгоос гадна?
-Уул уурхайн салбарыг илүү сонирхдог. Гэсэн ч зөвхөн уул уурхай төдийгүй дэд бүтцийн салбарт хөрөнгө оруулах, хамтран ажиллах бүрэн боломжтой гэдгээ бид танилцуулж явсан. Уул уурхайн сайд Р.Жигжид, Барилга хот байгуулалтын сайд Д.Цогтбаатар, Ерөнхий сайдын зөвлөх О.Чулуунбат, Монгол банкны Ерөнхийлөгч Н.Золжаргал нар Монголд хэрэгжүүлэх төсөл хөтөлбөрүүд, бизнес эрхлэх бололцооны талаар танилцуулга хийсэн. Япончууд Оюутолгой, Тавантолгойг хэзээ шийдэх гэж байна, хөрөнгө оруулагчдыг дэмжсэн ямар бодлого, алхам хийх гэж байна, татварын орчин ямар байна, сүүлийн үед яригдаж байсан асуудлуудаа Монголын Засгийн газар шийдэж чадах уу, нааштай өөрчлөлт гарах нь уу зэрэг асуулт тавьж байна. Монголд хөрөнгө оруулах сайхан боломж байна гэхээс гадна хөрөнгө оруулагчдын итгэлийг бий болгох бодитой алхам, бодитой шийдвэрүүдийг хурдан хугацаанд гаргах нөхцөл үүсээд байна.
EAGLE TV: Айлчлалын хүрээнд бий болсон энэ боломжуудыг ажил хэрэг болгох ямар алхмууд хийхээр төлөвлөж байна?
-Зөвхөн Японы хөрөнгө оруулалтыг татах тухайд биш юм. Ард иргэд маань манай Засгийн газрыг чухал шийдвэрүүд гаргаасай, олон жил зогссон төсөл хөтөлбөрүүд хөдөлгөөсэй, эдийн засаг тэлээсэй, Монголд орж ирэх хөрөнгө оруулалт нэмэгдээсэй, хөрөнгө оруулалтаар орж ирж байгаа ам доллар болгон үржээсэй гэж хүсч буй. Энэ үндсэн дээр ханшийн уналтаа зогсоож, эдийн засгийн өсөлтийг хангах, үйл ажиллагаануудыг хийгээсэй гэж хүсч байгаа. Энэ бол монголчуудын үндсэн эрх ашиг. Энэ эрх ашгийг хангах шийдвэрүүдийг Засгийн газар ойрын хугацаанд гаргаж ажиллана. Намрын чуулган өндөрлөх гэж байгаа энэ цөөхөн өдрүүдэд Засгийн газраас өргөн барьсан чухал төслүүдийг хэлэлцэн баталж, өгөхийг хүсч байгаа.
News.mn: Айлчлалын хүрээнд Хөшигийн хөндийд баригдаж байгаа нисэх буудалд шаардлагатай нэмэлт зээлийн санхүүжилтийг шийдвэрлэж чадлаа. Энэ санхүүжилтийн нийт дүн 36.8 тэрбум иен. Эдийн засгийн үр өгөөжтэй ч өрийн босго нэмэгдэнэ. Зарим улстөрийн хүчин өрийн босгыг нэмэгдүүлэхийн эсрэг байр суурьтай байдаг.
-Япончуудтай уулзаж байхад “Манай улстөрчид сонгууль, улстөр гэж ярьсаар байгаад тухайлбал, Японы дөрвөн арлын асуудлыг шийдэхэд маш хүнд нөхцөлд аваачсан” гэдэг зүйлийг ярьж байна. Японд үүссэн шиг асуудал бол манайд өрийн тааз. Энэ уг нь зээл. Хугацаа хэтэрсэн зээл өр болох ёстой. Зээлийн асуудлаа хэтэрхий улстөржүүлж ярьсаар байгаад гар хөлөө дэндүү хүлжээ.
Жишээлбэл, Хөшигийн хөндийн нэмэлт зээлийн санхүүжилтийг авснаар өрийн босго ДНБ-ий 58.3 хувиас өснө гээд асууж байна. Нэмэгдэх шаардлагатай байна, тэгээд одоо яах вэ. Хөшигийн хөндийд барьсан нисэх буудлын барилгад 250 сая доллар зарцуулчихаад, дараагийн 350 сая ам.долларыг авахгүйгээр Яармагийн хүүхдийн эмнэлгийн барилга шиг балгас хэвээр нь үлдээх үү, шийдвэр гаргахаас аргагүй. Эгийн голын усан цахилгаан станц байна. Өөрөө зардлаа нөхсөн тохиолдолд 1 Квт нь 1,4 центээр эрчим хүч үйлдвэрлэдэг манай эрчим хүчний салбарыг бүтэн болгох төсөл. Энэ төслөө санхүүжүүлэхгүй 58,3 хувь гээд зүгээр сууж байх уу. Монголчууд маань прагматик ард түмэн. Асуудлаа харж шийдлээ гаргадаг. Улстөрчид ч тэр, улс орноо тэр ч улстөржсөн ийм хэрүүл маргаан, тэмцлээрээ хөгжлийн гар хөлөө чөдөрлөж болохгүй. Компаниуд, айл өрхүүд зээл авч байгаад бизнесээ өргөжүүлдэг, асуудлаа шийддэг. Яагаад амьдралын үнэн улс орны хэмжээд өөр болох ёстой гэж. Засгийн газар ч гэсэн зээл авч бий болсон өр төлбөрөөө хурдан хугацаанд төлж, эдийн засгаа тэлээд явах нь хөгжлийн зөв гарц гэж үзэж байгаа. Ийм хэлэлцүүлэг нийгэмд олон өрнөөсэй. Хэт нэг талыг барьж битгий яриасай. Зээл бүрийг өр гэж битгий хараасай. Орж ирж байгаа зээлийг яаж зөв зүйлд зарцуулах вэ, зээлийн нэг долларыг яаж гурван доллар болгох вэ гэсэн тохиолдолд зээл зөв хөрөнгө оруулалт болно. Гэхдээ мэдээж дан ганц зээлээр явж болохгүй, хөрөнгийн зах зээл, санхүүгийн хоёр дахь зах зээл, бусад аргуудаар мөнгө босгох, энэ бүх зүйлүүдээ хийнэ. Үгүйсгэлийн үгүйсгэлээр явж болохгүй. Хаана боломж бололцоо байна, тэр бүхний араас Засгийн газар, бизнес эрхлэгчид маань явахаас аргагүй. Энийг бодит амьдрал шаардаж байгаа, улстөржилгүйгээр, улс орны эрх ашгийг тэргүүнд тавиад явахаас аргагүй гэж үзэж байна.