• Хангалттай хэмжээгээр хоолло.
• Боломжийн хирээр олон төрлийн хүнс, хоол хэрэглэ.
• Нэмэлтээр бичил тэжээлийн бодисуудыг хэрэглэ.
• Тамхи, архи болон эмч зааварлаагүй үед эм, тариа бүү хэрэглэ.
• Биеийн жингээ байнга хянаж бай.
1. Хангалттай хэмжээгээр хоолло
– Жирэмсэн үед хоолыг хангалттай хэмжээгээр хэрэглэх нь эмэгтэйчүүдийн бие махбодыг эрүүл байлгахаас гадна эхийн хэвлийд байгаа ургийн өсөлт, хөгжилтөнд хэрэгтэй.
– Өдөр бүр шинэ ногоо, жимсний төрөл бүрийн зууш хэрэглэ.
– Эрүүл жирэмсэн эмэгтэйчүүдэд хэрэгцээг нь хязгаарлах ямар нэг хоол, хүнс байхгүй.
– Жирэмсэн эмэгтэйчүүдэд хоол идэхтэй холбоотой дотор эвгүйрхэх зэрэг ямар нэг асуудал байвал тохирох зөвлөгөө ав.
Жирэмсэн эмэгтэй хангалттай хооллох нь
ургийн бойжилтонд чухал ач холбогдолтой.
Жирэмсэн үед хооллолттой холбоотой гардаг нийтлэг асуудал, зовиурын үед юу хийх вэ?
Бөөлжис цутгах, огиулах үед:
• мах бага ид
• унтаж сэрсний дараа бага хэмжээгээр талх, төрөл бүрийн будаа, жигнэмэг ид
• бага багаар ус уух
Цээж хорсох, ходоод хямрахад:
• мах бага ид
• халуун ногоо, хоол амтлагч хэрэглэхгүй байх
• хоол идсэний дараа баруун хажуугаар доош харан хэвтэх
Өтгөн хатах, гэдэс дүүрэх үед:
• өдөрт хоёр литрээс багагүй хэмжээтэй шингэн ууж бай. Уух шингэнийхээ хэмжээг нэмэгдүүл.
• хүнсний ногоо, жимс жимсгэнийг хангалттай хэмжээгээр ид.
• дасгал хөдөлгөөн тогтмол хий. Ялангуяа явган их яв.
Цагаан мах гарахад:
• удаан хугацаагаар зогсохоос аль болох зайлсхий.
• өтгөн хаталтыг эмчил
• хэвлийг хэт хүчилж бүү шах
• бүлээн усаар өдөрт 2 удаа биеэ арчих, усанд орох
2. Аль болох олон нэр төрлийн хоол, хүнс хэрэглэ
– Жирэмсэн үед аль болох олон нэр төрлийн хоол, хүнсийг хэрэглэх нь та болон таны хүүхдийн өсөлтөнд хэрэгтэй тэжээлийн бодисуудыг бүгдийг нь хангалттай авна.
– Хэрэв та цөөн нэр төрлийн хоолыг их хэмжээгээр эсвэл бага хэмжээтэй иддэг бол энэ нь ямар нэг бодисын далд дуталд хүргэнэ.
– Хоолны нэр төрөл олон байх нь жирэмсэн эмэгтэйг цус багадалтаас, бахлуураас: хүүхдийг чинь элдэв гаж хөгжил, бага жинтэй төрөхөөс урьдчилан сэргийлнэ.
– Идэхэд тохиромжтой төрөл бүрийн зуушнууд тухайлбал: жимс, жимсний шүүс, сүү, тараг, аарц, ээдэм, эрдэнэ шиш, бяслаг, самар, төрөл бүрийн ногоо, жимс хэрэглэвэл хоолны нэр төрөл олон болно.
– Хэрэв гэр бүлийнхэн чинь “жирэмсэн үед зарим нэг хоол хориотой” гэж итгэдэг бол тэдний санаа бодол, буруу ойлголтыг өөрчилж аль бодис нь бие махбодын юунд хэрэгтэй болохыг хэлж ойлгуулаарай.
– Мөн жирэмсэн эмэгтэй иод дутлын эмгэгээс сэргийлэхийн тулд иоджуулсан давс хэрэглэвэл зохино гэдгийг санаарай.
Жирэмсэн үед идэж болохгүй гэсэн хоолны талаарх ташаа ойлголт
ТАШАА ОЙЛГОЛТ: Жирэмсэн үед ялангуяа, жирэмсний сүүлийн 3 сард аль болох бага идэх нь төрөлтийг хөнгөвчлөхөөс гадна кесарев хагалгааг хүндрэлгүй болгодог.
БАРИМТ: Хоол, хүнсээ хориглосноор хүүхдээ амархан төрүүлэхгүй. Эмэгтэйн аарцгийн хэмжээ жижгээс эсвэл хүүхдийн толгой том байснаас төрөхөд хүндрэл учруулдаг. Түүнээс биш их идсэнээс болохгүй.
ТАШАА ОЙЛГОЛТ: Ямар нэг хоолыг хэмжээнээс хэтрүүлж идсэн ч цадахгүй бол энэ нь хүүхэд дутуу төрөх үр хөндүүлэх шалтгаан болно.
БАРИМТ: Ямар нэг хоолыг хэмжээнээс хэтрүүлж хэрэглэхийг хүсэж байгаа нь уг эмэгтэй тэр хоолонд агуулагдах ямар нэг бодисын дуталд орсныг илтгэх бөгөөд ялангуяа төмөр дуталд анхаарлаа хандуулах хэрэгтэй.
3. Бичил тэжээлийн холимогийг тохирох тунгаар хэрэглэ
– Жирэмсэн эмэгтэйчүүд цус багадалт болон бахлуураар өвчлөх эрсдэл их байдаг.
– Иймээс эмчийн хяналтын дор төмрийн бэлдмэлийг нэмэлтээр ууж, иоджуулсан давсыг тогтмол хэрэглэх хэрэгтэй.
4. Жирэмсэн эмэгтэйчүүд тамхи татах, архи уух, эмнэлгийн ажилтны зөвлөгөөгүйгээр эм уухаас татгалз
– Тамхи татах, архи уух, эмийг замбараагүй хэрэглэх нь бага жинтэй, төрөлхийн согогтой хүүхэд төрөх шалтгаан болдог.
5. Жингээ өдөр бүр хяна
– Хэрвээ хоолыг хангалттай хэмжээгээр иддэг бол жирэмсний хугацаанд ойролцоогоор түүний жин 6-12 кг-аар нэмэгдэх ёстой. Үүнээс илүү бол уг жирэмсэн эмэгтэй илүүдэл жинтэй болно.
– Жирэмсний эхний 3 сард биеийн жин 1-2 кг нэмэгдэхэд хангалттай. Үүнээс хойш төрөх хүртлээ сар бүр 1-1.5 кг-аар нэмэгдэж байвал хэвийн гэж үзнэ.
– Жирэмсний хугацаанд жин нэмэгдэхгүй, жингээ алдаад байвал хүнс, хоол хангалттай хэмжээгээр хэрэглэх хэрэгтэй.
Нийгмийн эрүүл мэндийн хүрээлэн