“Төсөв бол Монгол Улсын хамгийн том худалдан авагч юм”

600x600 (1)Монгол Улсын Ерөнхийлөгчийн дэргэдэх Иргэний танхимд өнөөдөр Төсвийн хөрөнгө худалдан авах ажиллагааны тогтолцоогоор дамжуулан үндэсний үйлдвэрлэлийг дэмжих нь сэдэвт хэлэлцүүлэг боллоо. Уг хэлэлцүүлгийг Ерөнхийлөгчийн Иргэний оролцоо, эдийн засгийн бодлогын зөвлөх Л.Дашдорж хөтлөн явуулсан юм.

Тэрээр хэлэлцүүлгийг нээж хэлсэн үгэндээ “Өнөөдөр та бүхэнтэй хамтарч улсын хөрөнгө оруулалт, худалдан авах ажиллагаагаар дамжуулан үндэсний үйлдвэрлэлийг  хэрхэн дэмжих вэ гэсэн хэлэлцүүлгийг хийхээр цуглараад байна. Энэ хэлэлцүүлэгт Сангийн яам, худалдан авах байгууллагууд, Ерөнхий аудитын газар, холбогдох захиалагч, төвүүд, хөрөнгө оруулалт, худалдан авах үйл ажиллагаанд идэвхтэй оролцдог үндэсний үйлдвэрлэл эрхлэгчид оролцож байна.

Өмнөх өдрүүдэд бид нэлээд олон ажлын уулзалтууд хийсэн. Энэ уулзалтыг хийх шалтгаан бол эдийн засаг эрчтэй хөгжиж байна уу, хүндрэлтэй байна уу гэдгээс үл хамааран төрийн худалдан авах ажиллагаа, хөрөнгө оруулалтын бодлого эдийн засагт томоохон үүрэг гүйцэтгэдэг. Өнөөдөр төсөв бол Монгол Улсын хамгийн том худалдан авагч гэж хэлж болно. Нөгөө талаасаа улсын сектор Монгол Улсын хамгийн том ажил олгогч салбар юм. Энэ чиглэлээр явуулж байгаа бодлого нь эдийн засаг болон ажил хөдөлмөр эрхлэх чиглэлээр  бодлого тодорхойлогчийн хүчин зүйл гэдэг нь хаана хаанаа ойлгомжтой. 2013,2014,2015 оны төсвийн гүйцэтгэл болон төлөвлөгөөг харахад жилд дунджаар их наяд төгрөгийн хөрөнгө оруулалтын ажил хийж гүйцэтгэдэг. Худалдан авах ажиллагаа түүнээс хавьгүй их байгаа.

Эдгээр тогтолцоонд үндэсний үйлдвэрлэлийг дэмжих бодлого яаж явж ирэв, хүндрэлтэй асуудлууд хаанаа байна гэдэг чиглэлээр оролцогч талуудын харилцан ярилцах, хүндрэлтэй асуудлуудаа тодруулах, гарах арга зам ямар байх талаар тодорхой ойлголцолд хүрч, энэ дагуу хууль, эрх зүйн орчинд өөрчлөлт оруулах, үндэсний үйлдвэрлэл эрхлэгчдээ дэмжих тогтолцоо бүрдүүлэх шаардлага гарч байна гэж ойлгож байгаа. Худалдан авах үйл ажиллагааны хууль 2000 онд батлагдсан. Тэр үед тогтоогдсон норм, нормативууд өнөөдөр хэрхэн нийцэж байна гэдэг асуудал гарч ирж байгаа.

Монгол Улсын Ерөнхийлөгч үндэсний үйлдвэрлэгчидтэй уулзах үеэр 2013-2014 оны валютын үнэ ханшийн асуудлыг олон талууд гаргаж тавьж байсан. Дийлэнх байгууллага ханшийн зөрүүгээс үл хамаарч ажлаа хийж гүйцэтгэсэн байдаг. Улсын ажлыг хийж гүйцэтгэчихээд ханшийн зөрүүгээс тодорхой хэмжээний алдагдалд орсон байдаг. Үүнийгээ яах талаар асууж байсан.

Энэ оны 1 дүгээр сард 2015 оны улсын төсөвт тодотгол хийх үед би УИХ-ын Эдийн засаг, Төсвийн байнгын хороодын дарга нартай энэ талаар ярьсан. Тэгэхэд тэд Засгийн газар энэ талаар тодорхой байр суурьт хүрээгүй байгаа, тодорхой хугацааны дараа шийдэх байх гэж байсан. Би 2015 оны улсын төсвийн тодотгол дээрээ ханшийн асуудлыг шийдэх заалт тусгаж болдоггүй юм уу гэсэн санал тавьж байсан. Худалдан авалт, хөрөнгө оруулалт нь талуудын харилцан ашигтай хэлцэл байх ёстой. Гэтэл тэр болгон ийм байдаггүй гэсэн асуудал гардаг. Эдгээр асуудлыг тойрч ярья” гэлээ.

Хэлэлцүүлэгт оролцогчид ямар замаар төрийн худалдан авах ажиллагаа, хөрөнгө оруулалтаар үндэсний үйлдвэрлэлээ дэмжих, валютын ханшийн зөрүүг хэрхэн тооцож байх зэрэг асуудлаар байр сууриа илэрхийлж, санал бодлоо солилцов.

Ugluu-logo2028

Санал болгох мэдээ

“Шинэ хоршоо-Чинээлэг малчин” хөтөлбөрийн хүрээнд малчдад зургаан хувийн хүүтэй, 50 хүртэлх сая төгрөгийн зээл олгоно

Засгийн газраас “Шинэ сэргэлтийн бодлого”-ын Хот, хөдөөгийн сэргэлтийн хүрээнд “Шинэ хоршоо хөдөлгөөн” өрнүүлэх, энэ хүрээнд …