Эмэгтэй хүний хэвлийд үр тогтон, түүнийг тээн төрүүлэх нь энэ хорвоогийн хамгийн гайхамшиг гэж би хэлэх дуртай. Эмч бид энэхүү гайхамшигийг бий болгоход танд туслах үүрэгтэй хүмүүс.
Та бид нэг зорилготой. Тэр нь таны хүүхэд хэвлийдээ эрүүл саруул өсч торних, энэ хорвоод эсэн мэнд хүлээн авах л явдал. Гайхамшигийг хамтдаа бүтээхийн төлөө та, таны гэр бүл, би, бид, цаашлаад нийгэм бүхэлдээ хамт хичээх хэрэгтэй гэж боддог юм. Хэдийгээр жирэмслэлт төрөлт бол өвчин биш, байгалийн процесс ч гэлээ, заримдаа жирэмсний явцад ямар нэг хүндрэл, асуудал гарах нь цөөнгүй байдаг.
Өнөө үед анагаах ухаан маш хурдацтай, өдөр хоногоор өөрчлөгдөн, олон олон шинэ нээлт хийгдэж байна. Эх барихын шинжлэх ухаанд ч олон тооны томоохон судалгаа байнга хийгдэж, хөгжин өөрчлөгдсөөр байгаа. Олны дунд ам дамжин яригддаг таамаг, заримдаа итгэл үнэмшил болчихсон олон ойлголт бүхэн үнэн биш гэж би хэлэх гэсэн юм.
Би өөрийн хяналтанд байдаг жирэмсэн ээжүүдэд 21 дүгээр зуунд 21 дүгээр зууны хүмүүс шиг л жирэмсэлж, төрцгөөнө шүү гэж хошигнодог юм.
Иймд та бүхэнд бага ч болов туслах үүднээс дараах хэдэн зөвлөгөөг мэргэжлийн эмчийн хувьд хүргэхийг хүслээ.
- Жирэмслэхийн өмнөх үзлэгт хамрагдах
Эмч таны одоогийн эрүүл мэндийн байдал, жирэмслэлт төрөлтөд сөргөөр нөлөөлж болохуйц ямар нэг эрсдэл байгаа эсэхийг тодруулахын тулд бүтэн биеийн үзлэг, шаардлагатай зарим шинжилгээг хийх болно. Та сүүлийн 1 жилд үзлэгт хамрагдаагүй бол заавал өөрийн эмэгтэйчүүдийн эмчид хандаарай.
Таны амьдралын хэв маяг, хооллолт, дасгал хөдөлгөөн, биеийн жин, хорт зуршилтай эсэх (архи, тамхи, мансууруулах бодис гэх мэт) талаар эмч зөвлөгөө өгөх ба жирэмслэхээс өмнө амин дэм, хүнсний нэмэлт хэрэглэхийг санал болгоно.
Хэрэв танд ямар нэг асуудал илэрвэл нарийн мэргэжлийн өөр эмчид хандах хэрэгтэй. Жишээ нь, цусанд саахар ихэссэн бол дотоод шүүрэл судлалын эмчид үзүүлэх гэх мэт.
Мөн умайн хүзүүний эсийн шинжилгээ (Pap test), бэлгийн замаар дамжих халдвар, улаанууд, салхин цэцэг гэх мэт зарим нэг халдварын эсрэг дархлааг тодорхойлох зэрэг шинжилгээгээ өгөөрэй.
Зарим эмэгтэйчүүд өөрийгөө цоо эрүүл, надад тийм элдэв асуудал байхгүй гэдэгт итгэлтэй байдаг. Гэхдээ та цоо эрүүл байсан ч бид тийм гэж найдах биш, тийм гэдгийг баталгаатай мэдсэн (make sure ^_^) байх ёстой.
- Удам зүйн (хромосом, генийн) шинжилгээ
Хэрэв эмэгтэй танд эсвэл нөхрийн тань гэр бүлд удамшин дамждаг ямар нэг эмгэг байдаг бол удам зүйн шинжилгээнд хамрагдах хэрэгтэй байдаг. Харамсалтай нь яг одоогоор манай оронд удамзүйн шинжилгээг бүрэн хийх чадвартай лаборатори үгүй байна. Эх Хүүхдийн Эрүүл Мэндийн Үндэсний Төв, Анагаахын Шинжлэх ухааны Сургуульд удам зүйн лаборатори ажилладаг боловч удамзүйн бүх шинжилгээг цогцоор нь хийж хараахан эхлээгүй байгаа.
Интермед эмнэлэг сорьц (цус, эд гэх мэт) аваад, БНСУ руу илгээх байдлаар энэхүү асуудлыг шийдэхийг зорин ажиллаж байна.
- Фолийн хүчлийн хэрэглээ
Та фолийн хүчил заавал ууж эхлэх хэрэгтэй. Ургийн мэдрэлийн гуурсны гаж хөгжлөөс сэргийлэх зорилгоор жирэмслэхээсээ дор хаяж 1 сарын өмнөөс фолийн хүчил хоногт 400 – 5000 микрограмаар ууж эхлээрэй. Танд шаардлагатай тунг таны эмч тогтоох болно.
Хэрэв та:
- Уналт, таталтын эсрэг эмийг байнга хэрэглэдэг бол
- Цагаан хоолтон бол
- Таны өмнөх хүүхэд мэдрэлийн гуурсны эмгэгтэй төрж байсан, эсвэл хэвлийдээ оношлогдож байсан бол
- Жингийн илүүдэлтэй бол жирэмслэхээс 3 сарын өмнөөс фолийн хүчлийг эмчийн заавраар өндөр тунгаар уухыг зөвлөж байна.
Дан фолийн хүчлийн шахмалыг дор хаяж жирэмсний 16-20 долоо хоног дуустал хэрэглэхийг зөвлөж байна.
- Аминдэм А тунг хэтрүүлэн хэрэглэхгүй байх
Миний өмнөх зөвлөгөөнд дурьдсанчлан, та жирэмсний мультивитамин худалдан авахдаа А аминдэмийн тун 2500 IU – ээс хэтрээгүй байгаа эсэхийг шалган аваарай.
- Хорт зуршлаас салах
Архи, тамхи, сэтгэц нөлөөт эм, мансууруулах бодис нь МЭДЭЭЖ таны хүүхдийн өсөлт хөгжил, цаашдын хувь заяанд сөрөг нөлөөтэй.
Дараах зурган дээрх хүүхдийг харахад ямар сэтгэгдэл төрж байна вэ?
Хөөрхий хүүхэд ээж, аавынхаа архидалтын уршгаар оюун ухааны хомсдолтой, өвөрмөц жигтэй царайтай төрвөл хичнээн эмгэнэлтэй билээ?
- Эрүүл хооллох
“Жирэмсэн үеийн хооллолт” зөвлөгөөгөөр та бүхэндээ хэрхэн хооллох талаар өмнө нь хүргэсэн.
Өдөрт дор хаяж 2 аяга жимс, 2-3 аяга хүнсний ногоо, бүхэл үрийн бүтээгдхүүнийг хүссэн хэмжээгээрээ, тослоггүй сүү тараг, үр самар, холестерин багатай мах зэргийг тогтмол хэрэглэж хэвшээрэй.
- Биеийн жинг хэвийн байлгах
Хэвийн жинтэй эмэгтэй жирэмслэх, үр тогтох нь илүүдэл жинтэй, таргалалттай эмэгтэйгээс хялбар байдаг. Гэхдээ хэт бага жин ирээдүйн хүүхдэд аюултай.
Жингийн илүүдэлтэй үед жирэмслэлт, төрөлтийн янз бүрийн хүндрэл гарах эрсдэлтэй тул жирэмсний хяналтанд байж, жирэмсний турш биеийн жинг хэрхэн хэвийн нэмэгдүүлэх талаар эмчтэйгээ зөвлөж байх хэрэгтэй.
- Дасгал хөдөлгөөн
Бидний биемахбодь байнгын хөдөлгөөнд байхаар заяагдсан юм байна гэж би бодох болсон. Яг л компьютер шиг. Хэрэглэхгүй, ашиглахгүй бол shutdown болдогтой адил, хөдөлгөж хөөргөхгүй бол хүний биеийн цусны урсгал, эд эсийн солилцоо удааширч олон өвчний суурь болно. Илүү сайн сайхан байхын төлөө үргэлж update, upgrade хэрэгтэйн адилаар байнгын дасгал хөдөлгөөн нь та болон таны хүүхдийн эрүүл саруул өсч торних үндэс юм. АНУ-д хийгдсэн олон жилийн ажиглалт судалгаагаар жирэмсэн үеийн таргалалт, чихрийн шижин нь тухайн хүүхдэд таргалалт, бодисын солилцооны эмгэг үүсгэх эрсдэлтэйг тогтоосон байна.
Та жирэмслэхээс өмнө дасгал хөдөлгөөн хийдэг байсан бол жирэмсэлснийхээ дараа ч үргэлжлүүлээрэй. Дасгалын хүч, хугацааг эмч танд тааруулах болно. Хэрэв та дасгал тогтмол хийж заншаагүй бол өнөөдрөөс л эхэл. Өдөрт 15-20 минут алхахаас эхлэн бага багаар нэмээрэй. Цахилгаан шат ашиглахын оронд шатаар алхах, машинаа арай хол зайд тавьж түүндээ алхаж хүрэх, ажил гэрийн хооронд алхах гэх мэт байнгын хөдөлгөөн хийх арга бидэнд олон бий.
- Шүдний эмчид үзүүлэх
Хэрэв та жирэмслэхээр төлөвлөж буй бол шүдний эмчдээ заавал үзүүлээрэй. Жирэмсэн үеийн дааврын өөрчлөлтийн улмаас буйлны эмгэг үүсэх эрсдэлтэй болдог. Мөн буйлны болон шүдний зөөлөн эдийн үрэвсэл нь зулбах, дутуу төрөх эрсдлийг нэмэгдүүлдэг болох нь судалгаагаар батлагдсан байдаг.
- Сэтгэцийн эрүүл мэнд
Энэ танд сонин санагдаж байж болох юм. Гэхдээ жирэмслэхээс өмнөх сэтгэл гутрал нь жирэмсэн үеийн дааврын өөчрлөлтийн нөлөөгөөр улам гүнзгийрч, таагүй үр дагавар ч дагуулж болох юм.
Хэрэв танд дараах шинжүүд илэрдэг бол заавал сэтгэл зүйч, сэтгэцийн эмчийн зөвлөгөө аваарай.
- Өмнө нь таалагддаг, таашаал авдаг байсан зүйл таалагдахаа болих
- Ямарваа юманд сонирхол татагдахаа болих
- Хоолны дуршил өөрчлөгдөх
- Итгэл найдваргүй болох
- Нойргүйдэх
- Өөрийгөө үнэлэх үнэлэмж буурах
Эмч танд сэтгэл заслын эсвэл эмийн эмчилгээ хийнэ. Мөн бясалгал, иог зэрэг нь сэтгэл санаанд эерэгээр нөлөөлдөг.
- Халдвараас урьдчилан сэргийлэх
Хагас боловсруулсан болон түүхий бүтээгдэхүүн хэрэглэхээс зайлсхийгээрэй. Үүнд: дутуу болгосон өндөг, сүши, ариутгаагүй сүү, жимсний шүүс гэх мэт
Гарын ариун цэврийг сайтар сахин, хөргөгчинд хүнсийг 0 хэмээс доош нөхцөлд хадгалах хэрэгтэй. Эмчтэйгээ зөвлөлдсөний үндсэн дээр зарим вакцинжуулалтад хамрагдаарай.
- Гадаад орчны хорт нөлөөллөөс хамгаалах
Агаарын бохирдол зэрэг бидний өөрсдөө шийдэж чадахгүй асуудал байдаг ч хүнсний пестицид, ахуйн хэрэглээний хорт бодисоос өөрийгөө болон ирээдүйн хүүхдээ хамгаалах боломжтой. Ундны усны эрүүл ахуй хамгийн чухал гэдгийг бүү мартаарай.
- Жирэмслэх, төрөх шийдвэрээ дахин нягтлах
Хүүхэд төрүүлж өсгөх та биднээс маш их хариуцлага шаарддаг тул та өөрийн нөхөр, хамтрагчтайгаа сайтар ярилцсаны дараа шийдвэр гаргаарай. Хэд хэдэн чухал асуулт урган гарах байх .
- Хүүхэд төрсний дараа ажил, гэр бүлийн амьдралын баланс зөв хадгалагдах боломжтой эсэх
- Хэрэв хүүхдэд ямар нэг онцлог асаргаа шаардлагатай болбол үүнийг зохицуулах боломжтой эсэх (Жишээ нь: Хүүхдэд ямар нэг эмгэг илрэх гэх мэт)
- Таны нөхөр/хамтрагч гэр бүлийн амьдралд бэлэн эсэх
Сайтар бодон төлөвлөж жирэмслээгүйгээс олон олон хүүхэд эцэг эхдээ хаягдах, гэр бүлийн хүчирхийлэлд өртөх, гэр бүл салалтын золиос болох гэх мэт хөөрхийлөлтэй байдалд орох явдал нэлээдгүй байдгийг та бид мэднэ.
Доктор Батнасан