Өчигдөр буюу ням гарагт фэйсвүүк, твиттерээр “сонин хачин” зүйл ихтэй байлаа. Эгээтэй л наадмын нээлттэй андуурмаар үйл явдал Төв цэнгэлдэхэд боллоо. Учирыг нь ухаагүй зарим хүмүүс энэ арга хэмжээг Соёлын яамнаас жуулчдад үзүүлж буй үзүүлбэр үү гэж байхад нөгөө хэсэг нь наадмын нээлтийн арга хэмжээний бэлтгэл ажил гэж андуурах явдал ч гарлаа.
Гэтэл эдгээрийн аль нь ч биш, харин өнөөгийн хөгжил дэвшлийн 21-р зуунд тэртээх 800 гаруй жилийн өмнө амьдарч байсан Их эзэн Чингис хааныг дахин тодруулах үйл ажиллагаагаа гэнэ. Та буруу уншаагүй, үнэхээр Их хааныг “дахин тодруулах” үйл ажиллагаа өчигдөр болсон юм шүү.
Бид нэгэнтээ далай ламыг дахин тодруулах үйл ажиллагаа гэж сонсож байсан. Энэхүү үйл явц нь олон шат дараатай үйлдэл байхаас гадна 3 настай балчир хүүг насан эцэслэсэн Далай ламын хойд дүрээр тодруулдаг гэнэ билээ.
Харин манай Их хааныг тодруулалт түүнээс шал ондоо. Мөнх тэнгэртэй холбогдсон “Мөнх тэнгэрийн оньсыг тайлагч” гэж өөрийгөө нэрлэсэн И.Мөнхсаруул гэх цэцэрлэгийн багш асан эмэгтэй энэ бүхнийг гардан зохион байгуулжээ.
Тэрбээр өчигдөр төв цэнгэлдэхэд Их хаан тодруулах арга хэмжээндээ өөрийн нь нэрлэснээр Дайчин цагаан Дарь эхүүд, Эрдэмт мэргэн болон Эрч хүчтэй бурхад, Ариун дагшин хутагт найман гэгээнтэн, Их хааны 5 хатад тэргүүтэй олон хүн алгыг нь тосуулан зогсоож өөрөө 2 цаг орчим уяруулан хайлууланхан, учиглан учирланхан ерөөл айлдвараа цээжний гүнээсээ уншин, олныг хэдэнтээ хурайлуулан хайлуулжээ.
Уншлагын цэцэн, үгийн мэргэн нь үнэхээр бишрүүлэм. Түүний дэргэд “Болор цом”-ын яруу найрагчид ч “жулдана”. Ерөөл айлдвараа толгой холбон унших түүний үгэнд “Чин монголын …, Чингис хааны …” гэх үгс байн байн сонсдоно. Түүний айлдварыг сонсоод зарим хүн нүднээ нулимс унагаж байхыг харлаа. Их эзэн хаан тодроогүй атал түүнд өгөхөөр 5 хатныг нь аль хэдийнээ тодруулсан нь сонирхол татлаа.
Хэрэв их хаан тодроод, тодорсон хаан маань насанд хүрсэн хэн нэгэн бие хүн байх юм бол тэр нь өнөөгийн гэр бүлийн хуулийг зөрчиж 5 эхнэртэй байж таарах гээд байна. 5 хатад /эхнэрүүд/ нь түүнийг хүлээн зөвшөөрөөд, хувь заяатайгаа эвлэрсэн болтой Их хаанаа тодрохыг хүлээн сууна билээ.
Хөдөө гадаанаас найз нөхөд, ахан дүүс утсаар ярьж “Чингис хаанаа тодруулах гэж байна, ETV үзээрэй…” гэж үнэн сэтгэлээсээ итгэлтэй нь аргагүй хэлэхийг сонсоод гайхах, айх зэрэгцлээ.
Сэтгүүлчийн, судлаачийн сонирхол төрж ETV -ийг дуустал нь үзлээ. Муухан наадмын нээлтээс ч Их хааны тодруулалт илүү болсон гэхэд хилсдэхээргүй юм билээ. Дээр нь тэр олон хүмүусийн хувцас хунар, зохион байгууллатын зардлыг Оньс тайлагч аниа хэрхэн олсон бол гэдэг нь сонирхол татлаа. Хөгжмийн аялгуу, айлдварын хэмнэл зэрэг нь хүний сэтгэлийг хөдөлгөх түвшинд хосолж байсан нь айлдагчийг илтгэх урлагийн талаар чамгүй мэдлэгтэйг нотлосон хэрэг боллоо.
Чингис хааны тодруулах үйл явцын гэрч болохоор 45-ээс дээш насныхан голдуу очсон ч үнэндээ тэд нарийн ширийн учрыг тэр бүр ухаж ойлгоогүй болтой юм билээ.
Гэвч Чингис хаан тодорсонгүй, Хааныг тодруулагчийн айлдснаар ирэх 9 сарын 22-ны өдөр хаан тодрохоор болсноор арга хэмжээ өндөрлөжээ.
Мэдлэгийн орон зай хаана дутна, тэнд итгэл бишрэл өөрийн байр сууриа эзлэнэ гэдэг үг бий. Хэдийгээр монголчууд бид нийтээрээ бичиг үсэг тайлагсан гэж ярьдагч бичиг үсэгтэй атлаа бичиг үсэггүй, балар харанхуйн соёлд итгэгчдийн нэгэн адил тодорхой зорилго, тодорхой ашиг хонжоо хайсан “хагас галзуучуудын арми”-д итгэсээр өдийг хүрлээ.
Толгой хоосон, гэдэс өлсгөлөн ард түмнийг улс төрчид нь хуурч, хулхиддаг байсан бол одоо тэдэн дээр өөрийгөө “гэгээнтэн, их хааны хойчис” гэж нэрлэгдэгчид нэмэгдэн нэрмээс боллоо .
А.Гал