Д.Дамдин-Од: Шүүгчийн хамгийн том хариуцлага бол өөрөө өөртөө тооцох хариуцлага л байдаг

1436760673_11733869_983292351689385_1731617427_oШүүхийн ерөнхий зөвлөлийн гишүүн Дамдинсүрэнгийн Дамдин-Одтой ярилцлаа. Тэрбээр хуулийн салбарт 30 гаруй жил, үүнээс шүүхэд 27 жил ажиллажээ. Дөрвөн үеэрээ Монголын төрийн албанд зүтгэж яваадаа бахархдаг энэ эрхэмтэй агнуурын улсын байцаагчаас хэрхэн шүүгч болсон талаар болон шүүхийн салбарт ажилласан 27 жилийнх нь дурсамжаас хуваалцаж, шүүгчийн амьдралын зовлон жаргалын талаар хуучилж суух сонирхолтой байлаа.

Юуны өмнө Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одон хүртсэнд тань баяр хүргэе. Төр засгаас таны хуулийн салбарт 30 гаруй жил үр бүтээлтэй ажилласныг үнэлж, шагналаа. Таны намтрыг сонирхож байхад анх ан судлаач гэсэн мэргэжлээр төгсч, улсын байцаагчаар ажиллаж байсан юм билээ. Ер нь агнуурын байцаагчаас яагаад эрх зүйч мэргэжил рүү “урвах” болсон талаар ярилцлагаа эхлэе?

-Амьдралын түүх юм даа. Бас их сонирхолтой ч байж магадгүй. Анх би аравдугаар ангиа төгсөөд Хөдөө аж ахуйн дээд сургуулийн ойн инженерийн ангид шалгалт өгөөд амжилтгүй болсон учраас аавынхаа зөвлөснөөр гадаадын техникумд явахаар болсон. Тэгээд Эрхүү хотын үслэг ангийн техникумд явсан юм. Тэнд би гурван жил суралцаад агнуур зүйч, ан үржүүлэгч гэдэг мэргэжлээр төгсч ирээд 1977 онд Ой модны аж үйлдвэрийн яамны Ой агнуурын хэргийг шалган байцаах газарт Ой агнуурын улсын байцаагч болсон. Ер нь бараг эндээс л хуульч мэргэжлийг эзэмших эх үүсвэр тавигдсан байх гэж боддог юм. Яагаад гэвэл ой агнуурын улсын байцаагч гэдэг бол Ой агнуурын хуулийн хэрэгжилтэд хяналт тавьж байгаа шүү дээ. Тэгэхээр улсын байцаагч байхдаа ойн шалгалтаар ч ангийн шалгалтаар ч их явна. Ойн хууль зөрчсөн улсуудыг илрүүлж хариуцлага тооцдог. Ангийн шалгалтаар явахад загасны зөвшөөрөл тавигдаагүй байхад загасчлах, эсвэл олноор нь дэлбэлдэг, тарвага хулгайгаар агнадаг хэрэг их гардаг байсан. Тэр үед би хууль дүрмийг иргэд биелүүлж байх ёстой, үүнд хяналт тавьж байх ёстой юм байна, хяналт шалгалт хууль хэрэгжүүлнэ гэдэг бас ийм ажил байдаг юм гэдэг анхны ойлголтыг авч байсан. Хоёр жил ой агнуурын улсын байцаагч хийж байтал цэргийн зарлан дуудах ирээд Зэвсэгт хүчний Агаарын довтолгооноос эсэргүүцэн хамгаалах цэрэгт пүүжингийн ангид алба хаасан. Албаа нэр хүндтэй хааж байсан л даа. Тэгээд нэг жил цэргийн алба хаагаад жагсаалын дарга болсон. Орост техникум төгссөн болохоор хэл устай гээд орос сургагч нартай их ажилладаг. Ингээд 1979 онд жагсаалын дарга болоод зургаан сар болж байхад манай ангийн удирдлагаас офицер болох санал ирээд салбарын улс төрийн орлогчоор ангидаа таван жил алба хаасан. Армид таван жил алба хаана гэдэг бол бас л хуультай холбоотой ажил. Ой агнуурын улсын байцаагч хүн чинь цэрэгт татагдаад хатуу дэглэм, журмыг бас ойлгож байгаа юм. Улс төрийн орлогчийн ажилдаа ч гаршаад, ер нь дээд боловсролтой болж, энэ ажлаа үргэлжлүүлье гэж бодоод яаманд академид явуулж өгөөч гэдэг хүсэлт тавьтал намайг хүлээж аваагүй. Яагаад гэхээр цэргийн анхны мэдэгдэхүүнгүй, цэргийн сургууль төгсөөгүй юм байна, гэхдээ дээд боловсролтой больё гэж байгааг чинь дэмжиж байгаа учраас академид биш энгийн дээд сургуульд орох боломжтой гэдэг хариу ирсэн. Тэгээд Монгол Улсын их сургуулийн Хуулийн факультетад орохоор бүртгүүлэх гэтэл Цэргийн шүүхийн даргаас тодорхойлолт авчир гэсэн. Тодорхойлолт авахаар очтол Цэргийн шүүхийн дарга Цолмон хурандаа амраад явчихсан, эзгүй байсан. Надтай Орост цуг суралцаж байсан Л.Даваасүрэн /одоо Эрүүгийн хэргийн давж заалдах шатны 10 дугаар шүүхийн Ерөнхий шүүгч/ тэр үед Цэргийн шүүхэд ажиллаж байсан л даа. Л.Даваасүрэн дээр очоод тодорхойлолт авах гэсэн дарга нь эзгүй байна, яах вэ гэтэл ерөөсөө манай аав дээр очьё гэсэн. Аав нь гавьяат хуульч Ц.Лувсаншарав гуай л даа. Ингээд Лувсаншарав гуай дээр очтол чи дотоодын сургуульд сурахаар орос хэлтэй юм чинь манай Улсын дээд шүүхийн нэр дээр Орос руу сургуульд яв, төгсч ирээд шүүгч болно гэсэн. Тэгээд би шалгалт өгөөд Эрхүүгийн их сургуульд элсч байсан. Эрхүүд таван жил болоод 1988 онд 32 настай төгсч ирсэн. Тэр үед Улсын дээд шүүхийн дарга шүүгчийг томилдог байсан л даа. Тэгэхэд Дээд шүүхийн даргаар Л.Ринчин гуай ажиллаж байсан юм. Бид тавуулаа төгсч ирсэн, нөгөө дөрвийг маань шүүхүүдэд туслах шүүгч, дадлагажигчаар зургаан сарын хугацаатай томилоод намайг болохоор Багануур дүүргийн шүүхэд шүүгчээр яв гэсэн. Би “Дарга аа, би ч гэсэн зургаан сарын хугацаатай дадлагажихгүй бол анх удаа хийх гэж байгаа ажил хэцүү байна” гэтэл “Та дадлагажихгүй ээ, намын гишүүн хүн байна, 32 настай, өмнө нь төв орон нутгийн байгууллагад хариуцлагатай ажил хийж байсан юм байна, шууд шүүгч болно оо” гээд намайг Багануур рүү явуулж байсан юм. Би Багануурт 10 жил шүүгчээр ажиллаад, дараа нь Нийслэлийн давж заалдах шатны шүүхэд 15 жил шүүгчээр ажиллаад, тэгээд Шүүхийн ерөнхий зөвлөлд томилогдож байсан. Ийм л түүхтэй.

-Та бас их сонин тохиолдлоор шүүгч болж байсан юм байна?

-Тийм ээ, миний хувь заяа үнэхээр шүүгч болохоор заяагдсан юм болов уу гэж боддог.

-Багануур дүүрэгт шүүгчээр томилогдож очоод анх ямар хэргүүд дээр ажиллаж байв, анхны шүүх хуралдааныхаа талаар?

-Тэр үед шүүх хуралдааныг олон нийтийн өмнө хийдэг байсан. Анх хянан магадлангийн шүүх хуралд орж байлаа. Анхны хуралд ороход өвдөг чичрээд баахан хүний өмнө ёстой юу болоод өнгөрвөө гэмээр л сандарч байсан. Ер нь шүүгч гэдэг бол маш сонирхолтой ажил, ажилдаа ч их дуртай болсон. Тэр үед эрүүгийн хэргийг ч иргэний хэргийг ч шийддэг, шүүгчийн туслах гэж байдаггүй, өөрөө л бүхнийг хийнэ. Багануур залуусын хот байсан. Тэр ч утгаараа гэр бүлийн маргаантай хэргүүд их ирнэ. Зарим нь хүүхэдтэй, зарим нь ч хүүхэдгүй, гэр бүлээ цуцлуулах гээд хандана. Хүний амьдрал болохоор янз бүрийн л асуудалтай. Архи, маргаан гээд л. Яавал энэ хоёрыг эвлэрүүлчих бол гэж их үздэг. Юунаас болов гэж асуугаад л учрыг нь олоод эвлэрүүлчих гэж их хичээдэг байсан. Зарим эвлэрсэн гэр бүл “Шүүгчээ ёстой баярласан шүү, бид хоёр буруу ойлголцож явсан байна. Одоо бид хоёр үр хүүхэдтэйгээ сайхан амьдарч байгаа” гээд л сүүлд нь ирдэг. Тэрэнд нь урамшаад л ажилладаг байлаа.

-Одооны эвлэрүүлэн зуучлагч шиг л ажилладаг байж. Та Багануурт 10 жил, дараа нь Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд 15 жил шүүгчээр ажилласан хүн. Ер нь өнгөрсөн хугацаанд хэчнээн хэргийг шийдвэрлэж байсан бол, бүртгэл байдаг уу?

-Байлгүй яахав. Миний шийдэж байсан бүх шийдвэрүүд надад байдаг. Шийдвэрлэсэн шийдвэр бүр шүүгчийн дараа дараагийн ажилд туршлага болно шүү дээ. Би өмнө нь ийм хэргийг ингэж шийдэж, тийм хэргийг тэгж шийдэж байж гээд. Олон жилийн дараа ч гэсэн надаар өмнө шийтгүүлж байсан хүн ороод ирэх юм бол шууд хараад л таньдаг. Эргээд шийдвэрүүдээ харж, дүгнэлт хийхэд хэрэг болдог юм.

-Анхны шийдвэрүүдээ эргэж харахад танд юу бодогддог бол?

-Бас түүхий л байж дээ гэж заримыг нь хараад бодно. Ёстой цавчаад цавчаад өнгөрдөг байж дээ ч гэж бодогдохоор юм байна шүү дээ, бас. Их товчхон бичнэ. Одооны шаардлага бол маш дэлгэрэнгүй, хууль тайлбарлах хэмжээнд бичих ёстой. Тэгэхэд тэр үед манай ахмад шүүгч нар “Ийм их нуршуу юмаар яадаг юм. Товч бич, нуршуу байна, хас хас, базаад бич” л гэдэг байсан. Ер нь гол юмыг нь л бичнэ. Тэр үед манай ахмад шүүгч нарын зөв ч байж магадгүй, хэргийн ачаалал ихтэй, бүх төрлийн хэрэг маргааныг шийддэг, шүүгчийн ачаалал маш их байсан л даа. Тийм учраас ерөөсөө л хугацаанд нь шуурхай гэдэг шаардлага тавьдаг байсан.

-Тэр үед шүүгчийн ачаалал их байсан гэлээ. Нэг шүүгчид жилд хэдэн хэрэг ноогдож байсан бол?

Багануурт анх шүүгчээр очиход даргатайгаа хоёулахнаа байсан. Манай шүүхийн дарга С.Намнансүрэн гэж сайхан буурал байлаа. Намайг очоод хоёр жил болоод тэтгэвэртээ гарсан. Намайг Эрхүүд төгсөөд ирж байхад “Тэр Дамдин-Од гэж хүүг би авна шүү” гээд халаагаа бэлтгэх гээд захьсан юм билээ. Даргын хувьд нэг их хэрэг шийдэхгүй. Туршлагажуулна гээд бараг ихэнх хэргийг надаар шийдүүлнэ. Жилдээ 25 орчим эрүүгийн хэрэг, 80 орчим иргэний хэрэг шийдвэрлэнэ. Гэхдээ энэ бол сүүлд Нийслэлийн давж заалдах шатны шүүхийн ачаалалтай харьцуулахад бас бага байсан л даа. 1998 онд Нийслэлийн давж заалдах шатны шүүхийн Эрүүгийн танхимд ирэхэд хүн амины, онц ноцтой, улсын өмчийн эсрэг, онц их хэмжээний хохиролтой томоохон хэргийг давж заалдах шатны шүүх анхан шатны журмаар шийдвэрлэдэг, тэгээд бүх анхан шатны шүүхээс давсан хэргүүдийг бас шийддэг хуультай байсан. Дүүргийн шүүхэд бол хөнгөн, хүндэвтэр зарим хүн амины хэргийг шийддэг байсан. Тэр үед бас их хэрэг ирнэ ээ. Нийслэлийн давж заалдах шатны шүүхэд ирээд анх казиногийн хэрэг дээр ажиллаж байсан. Ер нь жилд 140-150 хэрэг шийднэ гэдэг бол маш их ачаалал. Нэг хэрэгт зарцуулах хугацааг аваад үзэх юм бол маш олон хоногийн ажил болно. Ажлын найман цагт хэзээ ч зуугаад хэргийг шийдвэрлэж амжихгүй. Тэгээд л ажлын бус цагаар сууж амжуулахаас өөр аргагүй.

-Та казиногийн хэрэг дээр ажиллаж байсан гэлээ. Тэр хэрэгт УИХ-ын гишүүд холбогдсон, олны анхаарлыг маш ихээр татаж, дуулиан дэгдээж байсан шүү дээ. Ер нь шүүгч хүний хувьд иймэрхүү хэрэг дээр ажиллахад дарамт хэр ирдэг бол?

-Би бол 25 жил шүүгч хийхдээ хүний дарамтанд орж үзээгүй л гэж боддог юм. Тэр үед ч энэ дарга ингээд, тэр дарга тэгээд тэр даргынх нь хүслээр шийдэж өгсөн ч юм шиг тиймэрхүү яриа энэ тэр бол хурал зөвлөгөөн дээр ч гэсэн яригддаг л байсан. Миний хувьд дээрээс яриад “За чи тэр хэргийг тэгж шийдээрэй, энэ хэргийг ингэж шийдээрэй” ч гэдэг юмуу би өөрийн хүсээгүй шийдвэрээ гаргах ямар нэгэн дарамттай тулгарч байгаагүй. Манай Ерөнхий шүүгч Б.Пүрэвдорж гээд мундаг ухаантай, туршлагатай, зарчимч хүн байсан. Казиногийн хэргийг Б.Пүрэвдорж, Б.Ундрах шүүгч бид гурав шийдэж байсан. Тэгээд яг л хэргийн хэмжээнд л шийдвэрлэсэн.

-Та 25 жил шүүгч хийсэн хүн. Одоо Шүүхийн ерөнхий зөвлөлийн гишүүн буюу шүүхийн захиргааны төв байгууллагад ажиллаж байна. Шүүх, шүүхийн захиргаанд ажиллах мэдээж өөр байгаа байх. Энэ талаар?

-Шүүхийн захиргааны байгууллагад ажиллах нь шүүгч хийхээс тэс өөр. Шүүхийн тухай багц хуулиуд 2013 оны 4 дүгээр сарын 15-наас хэрэгжиж шүүн таслах үйл ажиллагаа, шүүхийн захиргааг тусад нь салгасан. Давж заалдах шатны шүүхийн шүүгчдийн зөвлөгөөнөөс Шүүхийн ерөнхий зөвлөлийн гишүүнээр намайг нэр дэвшүүлж, Ерөнхийлөгчийн зарлигаар томилсон л доо. Шүүгч бол өөрт ирсэн хэргийг үнэн зөв, хуулийн дагуу шийдвэрлэхэд л бүх анхаарлаа чиглүүлнэ. Хэргийн материалтай танилцаад энэ хүний гэм буруу тогтоогдож уу, энэ хүнд гэм буруу байна уу гээд л хамгийн эхэнд факт юу байна, факт нь тогтоогдож уу, тогтоогдсон бол ямар хэмжээнд, ийм хэмжээнд ямар ял өгөх вэ гээд л хурлаа хийгээд шийдэж байгаа шүү дээ. Харин шүүхийн захиргааны ажил гэдэг бол асар том ажил юм байна. Би сайн мэддэггүй байсан. Хэргээ л шийдээд явна уу гэхээс шүүн таслах үйл ажиллагаа эрхэлж байгаа хүнд бол хэргээс өөр бодох юм ч байхгүй, байх ч ёсгүй. Шүүхийн захиргааны байгууллага бол шүүгчийн цалин мөнгөний төлөө, ажиллах нөхцөлийг сайжруулахын төлөө ажилладаг гэдэг ерөнхий ойлголттой. Түүнээс яг ийм ажил гэдгийг мэдэрдэггүй байсан. Гэтэл Шүүхийн ерөнхий зөвлөл бол Монголын шүүхийг нээлттэй, ил тод, тэгээд шүүгч нараа хараат бус, шүүхээ бие даасан байлгана гэдгийг бол жинхэнэ энэ дотор, халуун тогоонд нь орж ирж байж л мэдэрч байна шүү дээ. Маш их хариуцлагатай, маш их ажил байдаг юм байна. Бас л байнга сэтгэл санаа зовж байхгүй бол болохгүй, эрэлхийлж байхгүй бол болохгүй, мэдээлэл авч байхгүй бол болохгүй, тэгээд хүнтэй ажиллах гэдэг их өөр. Шүүгч байхад бол тэр шүүгчээр томилогдсон гэнэ лээ гээд болсон хойно нь л мэдээлэл авдаг болохоос энэ хүн яагаад, ямар журмаар яваад томилогдов гэдэг ямар ч ойлголт байдаггүй байсан. Шүүхийн тухай багц хуулиар шүүгчийн сонгон шалгаруулалт бол шал өөр хэлбэрт орж байна л даа. Захиргааны ажил бол том ажил юм гэдгийг мэдэрч байгаа. Зүгээр нэг шүүн таслах ажил биш. Ранг нь ч их юм. Улсын хэмжээний шүүхийн бодлогыг барина гэдэг бол маш их ажил, маш их хариуцлага юм гэдгийг мэдэрч л сууна даа.

-Шүүгч хийнэ, хүний гэм буруутайг тогтооно гэхээр нэг ёсондоо тухайн хүнийг таних ажил шиг санагддаг. Одоо та шүүгчийг сонгон шалгаруулна гэхээр бас л хүнийг таних шаардлагатай тулгардаг байх. Та ер нь хүнийг хэр сайн таньдаг бол?

-Их сонин асуулт байна. Уяачдыг морь сайн таньдаг гэдэг шиг, ер нь бол хүнийг таних чадвартай л болж байгаа юм. Би хуучин гэм буруутай хүнийг таних гэж оролддог байсан бол одоо гэмгүй хүнийг таних гэж оролдож байна. Шүүгч байхдаа хэрэг хийсэн эсвэл хэрэг маргаанд орооцолдсон хүний буруу зөв, гэмтэй гэмгүй талаас нь их судалдаг байсан. Энэ хүн ер нь ямар зан араншинтай, ямар боловсролтой, ямар хүмүүжилтэй, тэр байтугай ямар жилтэй, ямар ордны хүн бэ гээд л тал талаас нь судалдаг. Ер нь бол ийм хэрэг хийчихээргүй л хүн байх юм. Алдчихав уу, яав. Эсвэл юу нөлөөлөв гээд л олон талаас нь судалдаг. Одоо бол гэмгүй сайн хүнийг “Энэ ер нь яагаад сайн хүн болох гээд байна, их юм мэддэг хүн үү, эсвэл мундаг мэдлэг чадвартай юу, эсвэл тийм сайн сэтгэдэг хүн юм уу” гээд л сайн талаас нь хүнийг таних гээд үзэж байна.

-Шүүгч бол хүний хувь тавиланг шийддэг, маш хариуцлагатай ажил гэж би боддог. Тухайн хүний хувь тавилан шүүгчийн гаргасан ганц шийдвэрээс шалтгаалаад хаашаа ч эргэж мэдэхээр санагддаг?

-Тийм ээ. Хамгийн чухал асуудал тэр. Тиймээс ч хариуцлагатай байхгүй бол болохгүй. Олон жилийн практикаас харахад ч, өөртөө дүгнэлт хийж байхад, бусад шүүгчийг харж байхад хүний асуудлыг шийдэхдээ хүнийг гэм буруутай ч байсан, гэм буруугүй ч хүн гэдэг талаас нь харж байх ёстой. Зарим хүмүүс “Наадхаа алаад өг, ийм балиар хэрэг хийгээд байхдаа яадаг юм. Ер нь бараг цаазла гээд л” иргэд бол тэгдэг шүү дээ, ялангуяа хохирогчид. Тиймээс аль нэг талд орчихоод энэ муу зэвүүн амьтан байна гэж шийдэх юм бол хэзээ ч үнэн зөв шийдвэр гаргаж чадахгүй. Тэс хөндлөн байж, бусдын нөлөөнд автахгүй байж шийдэх ёстой. Бусдын нөлөөнд автахгүй шийдэхээр шүүгч нарт бас нэг зовлон тулгардаг. “Энэ одоо ийм зэвүүн амьтныг яагаад ингэж шийдэж байгаа юм, ийм ял өгөөд байхдаа яадаг юм” гээд цаад учрыг нь сайн ололгүй шүүгч нарыг буруутгах нь бий. Яг хэрэг уншаад, хэргийн бүх материалтай танилцаад нөхцөл байдлыг ойлгоод ирэхээр хэрэг бол ихэвчлэн хүмүүсийн бодож байгаагаас өөр байдаг. Зарим нь ч яахав нийцнэ, гэхдээ ер нь нийцэхгүй талдаа их дээ. Ер нь бол шийдвэр гаргачихаад “Та шударга шийдлээ” гэх үгийг сонсох нь шүүгч хүнд кайфтай байдаг. Шүүгч шийдвэрээ уншаад хүний нүд рүү харахад андашгүй. Энэ хүний санаанд нийцсэнгүй дээ гээд л. Гэхдээ л шүүгчийн гаргасан шийдвэр гурван шатны шүүхээр дэнслэгдээд үнэн зөв нь тогтоогддог. Энэ анхан, давах, хяналтын шатны шүүхийн тогтолцоо бол маш зөв. Хэрэв шүүгч алдсан байлаа гэхэд дээд шатны шүүх тэр алдааг оллоо гэхэд шүүгч хариуцлага хүлээж ч болно шүү дээ, хамаагүй. Гэхдээ шүүгчийн хамгийн том хариуцлага бол өөрөө өөртөө тооцох хариуцлага л байдаг. Би бол шүүгч нараа бүгд л ийм сэтгэхүйтэй байдаг байх гэж ойлгодог.

-Шүүгч нар ажлынхаа онцлогоос шалтгаалаад өөртөө хяналт тавьж, өөрийгөө хүлээсэнд оруулж, тусгаарлахаас аргагүй байдалд ордог байх. Шүүгч байхын тулд хувь хүнээс хэр их золиос шаарддаг бол?

-Их олон юман дээр эрхээ хязгаарлуулдаг. Угаасаа тэгэхээс өөр аргагүй. Тэгж чадаагүй нь баяртай л болдог. Алдаа гаргаад л. Наад зах нь шүүгч багшлах болон эрдэм шинжилгээний ажил гүйцэтгэхээс бусад ажил хийх, албан тушаал хавсрах нь хуулиар хориотой. Би гэхэд орон сууцны бэрхшээл их үзлээ шүү дээ. Нийслэлд ажиллаж байхдаа амьтан ах дүү нараа бараадаад Улаанбаатар хотын баруун талд нэг гараад зүүн талд ч нэг гараад л явж байх үед их юм бодогддог байсан. Тэр үед шүүхийн тухай хууль үзэхээр төр хангана гэсэн заалт байдаг. Төр хангана гэхээр бас тодорхойгүй. Орон нутгийн төв байгууллага, хотын захиргаа юмуу. За тэгээд аль газар хангах ёстой юм гээд орон сууц хөөцөлдөөд явна гэхээр бас хэцүү. Би шүүгч байж, зарга зайлхай хийгээд явах нь эвгүй санагдаад явж чаддаггүй байх жишээтэй. 1993 оноос Шүүхийн ерөнхий зөвлөл байгуулагдаад, тэнд асуудлаа хэлэхээр “Манайх ч хэцүү л байна даа гээд сууж байдаг. Тэгэхээр би одоо бодоход шүүхийн захиргаа л шүүгч нарынхаа эдийн засгийн хараат бус байдлын төлөө гүйхгүй юм бол шүүгч нар өөрсдөө гүйхгүй шүү. Шүүгч нар одоо ч тийм байгаа. Ёс суртахууны хувьд ч нөгөө хүн чанар нь зулгаагаад байна гэдэг шиг шүүгч нарыг албаных нь эрх ашиг хязгаарладаг болохоор Шүүхийн захиргааны байгууллага тэд нарын өмнөөс сэтгэх ёстой, тэд нарын өмнөөс гүйх ёстой. За хэн ирж ямар гомдол тавих нь уу гээд хараад суух биш. Тийм учраас Шүүхийн ерөнхий зөвлөлд гурван шатны шүүхээс төлөөлөл байдаг гэж би ойлгодог юм. Ж.Эрдэнэчимэг, Б.Сарантуяа гишүүн бид гурав бол илүү сайн мэдэрнэ, ойлгоно. Шүүхийн захиргааны төв байгууллага ингэж тусдаа гарч, ингэж ажиллаж байгаа нь үнэхээр маш том ололт. Улсын эдийн засаг тэр үед ч гэсэн хэцүү л байсан байлгүй. Бүх шүүгч нараа зээлээр ч гэсэн орон сууцтай болгочих бодлого барьж болдоггүй юм болов уу. Барууны орнуудын туршлагаас харж байхад хүний хэрэгцээ юу л байна тэр бүгдийг хангачихаад “За та сайн ажиллаарай” гэх нэг өөр. “Чи зүтгээд бай, зүтгээд бай, болноо аяндаа амьдрал чинь дээшилнэ, хэдэн төгрөг өгнө гэх биш. Энийг бол том бодлого болгох ёстой л гэж ойлгож байгаа.

-Иргэд бол шүүгч нарыг өндөр цалинтай. Ахуй амьдрал, эдийн засаг нь баталгаатай хүмүүс гэж ойлгодог шүү дээ?

-Үгүй ээ. Тэр үед Нийслэлийн шүүхийн ерөнхий шүүгч С.Батдэлгэр яг энэ чиглэлээр сэтгээд 2002 онд банктай яриад шүүгч нараа зээлийн орон сууцанд анх хамруулж байлаа шүү дээ. Тэгж би анх байртай болж байсан. Тэр үед 1 хувийн хүүтэй 15 сая төгрөг зээлж авч байртай болчихоод “2013 онд гэхэд би одоо бараг өөрөө ч байх юм болов уу даа. Дүүрсэн хэрэг. Ахуйгаа л ямар ч гэсэн авч явахгүй бол болохгүй” гээд зээлийн байранд орж байсан. Бид нар чинь зээлээс их айдаг, зээл хүү гэхээр л айдаг байсан. Одоо хараад байхад зээл гэдэг чинь их ашигтай юм биш үү. Зээл авсан хүн өөрөө их хариуцлагатай болно. Таван төгрөг аваад тараачихдаг байсан бол тавыг нь ийшээ хийчихдэг болно. Хуримтлал ч үүсгэж чаддаг болдог юм билээ. Шүүгч нарын амьдрал нийтээрээ чинээлэг гэвэл худлаа. Ер нь хүн л болсон хойно хувь хүний араншин, овсгоотой байдлаас их шалтгаална. Зарим нэг ажилсаг улсууд бол ажлынхаа чөлөө заваар аж ахуй хүртэл байгуулаад амжиргаагаа шударгаар аваад явахад болохгүй юм байхгүй ш дээ.

-Шүүхийн шинэтгэл хийгдсэнээр шүүгчийн цалин нэмэгдсэн. Цалин нэмэгдсэн нь маш их шүүмжлэл дагуулдаг. Багш, эмч бага цалинтай байхад шүүгч яагаад өндөр цалинтай байх ёстой юм гэж шүүмжилдэг хүмүүст хандаж юу хэлэх вэ?

-Шүүгч нарын цалин өндөр болчихлоо. Яагаад эд нар ийм өндөр цалин авах ёстой юм гэдэг дээр би нэг л үг хэлдэг. Нийгэмд шударга ёс байх ёстой юу. Байх ёстой бол шударга ёс ямар үнэ цэнэтэй байх ёстой юм гэж. Шударга ёс бол үнэтэй байх ёстой. Энэ ажлын л үнэлэмж гэж би ойлгодог юм. Ер нь бол өнөөдрийн шүүгч нарын авч байгаа дундаж цалин бол тийм өндөр ч цалин биш. Бага орлоготой хүмүүс бол өндөр цалин биш гэж юу яриад байна гэж хэлж магадгүй л дээ. Нэгдүгээрт хийж байгаа ажил нь хоёрдугаарт нийгмийн баталгаа гэдэг өнцгөөс нь харах гэж шүүгчийн цалин хэд байх ёстой талаар судалгаа хийхэд ийм байж л эдийн засгийн баталгаатай болно гэдэг дүгнэлт гарсны дагуу тогтоосон. Түүнээс энэ тоог зүгээр нэг тэнгэр хараад тавьчихаагүй. УИХ-ын Эдийн засгийн байнгын хороогоор шүүгч нарын цалингийн асуудлыг хэлэлцэхэд би зориуд очиж суусан. Тэгэхэд дураараа цалин тогтоож болдог юмуу гэж шүүмжлэхэд би хэлж байсан ийм эрдэмтэн судлаачдын баг ажиллаад нийгэм эдийн засгийн шаардлагаар шүүгч нарын цалин ийм түвшинд байхад эдийн засгийн баталгаа нь хангагдана гэсний дагуу тогтоосон гэдгийг тайлбарлаж хэлж байсан юм.

-Шүүгчийн хараат бус, шүүхийн бие даасан байдлыг хангахад Шүүхийн ерөнхий зөвлөлд ямар нэгэн бэрхшээл тулгардаг уу?

-Хамгийн том бэрхшээл бол улс орны эдийн засгийн хүндрэлтэй байдал л байна даа. Шүүхийн эрхэм зорилго бол хүний эрхийг хамгаалах, зөрчигдсөн эрхийг сэргээн тогтоох, хууль дэг журмыг хууль дээдлэх, шударга ёс, ардчилсан ёсыг бэхжүүлэх гээд байна шүү дээ. Үнэхээр жинхэнэ утгаар нь энэ зорилгыг хэрэгжүүлэхэд наад зах нь шүүхийн байр ямар байх ёстой юм, ядахдаа үндэс суурийг нь тавих ёстой гэдэг зорилгыг Шүүхийн ерөнхий зөвлөл тавьж байгаа. Өнөөдөр бид бүгдийг хийж чадахгүй, улс орны эдийн засаг ямар байгаа билээ. Нөхцөл бололцоо ямар байна. Гэхдээ бид болохгүй юм чинь яахав дээ гээд суух биш. Хэрэв нартай сайхан өдөр бид мөнгөтэй болчихвол юу хийх ёстой вэ гэдэг суурийг бид тавьсан байх ёстой. Тийм учраас Шүүхийн ерөнхий зөвлөл энэ олон хөтөлбөрийг хэлэлцээд батлаад, шүүх бол ийм байх ёстой, шүүхийн байр ийм байх ёстой гээд зураг төслийг нь хүртэл гаргачихсан. Сая бид Тайванийн шүүхүүдээр явсан. АНУ, Солонгост ч ялгаагүй шүүхийн байр үнэхээр л хүний итгэл, хүндэтгэлийг төрүүлэхүйц байдаг. Шүүхийн үүдээр ороход л дүүрэн ажилтнууд сууж байгаа. Тэнд шүүх дээр очиход л шүүхийн ажилтнууд нь зөвлөгөө өгөөд шүүгч нар нь өрөө тасалгаатай. Шүүх хурал хийлээ гэхэд өрөөнийхөө хажууд өөрийн гэсэн шүүх танхимтай байдаг. Ийм л нөхцлийг бид хангах ёстой. Ер нь бол төлөвлөчихсөн байгаа. Хэзээ боломжтой болно тэр үед шууд аваад хэрэгжүүлэхэд бэлэн байх ёстой. Дараа дараагийн Шүүхийн ерөнхий зөвлөл томилогдоход энийг ингэж авч явах юм байна, ингэж үргэлжлүүлэх ёстой юм байна гэхэд бэлэн. Төрийн залгамж чанар ийм л байх ёстой. Тэрийг дараа дараагийн үе аваад явах ёстой. Гэхдээ сайжруулж болно. Бид иймэрхүү зарчмаар л ажиллаж байна.

-Шүүгч, шүүхийн аюулгүй байдлыг хамгаалдаг Тахарыг татан буулгах талаар яриа их гарч байна. Энэ талаар та ямар байр суурьтай байдаг вэ?

-Тахар бол шүүхэд үнэхээр хэрэгтэй. Хөдөө орон нутагт явж байхад ч Тахарын алба ажилласнаар шүүхийн аюулгүй байдал сайжирсан гэдэг нь илт мэдрэгдэж байна. Шүүхийн үүдэнд хуучин нэг цагдаа зогсдог байсан бол одоо Тахарын хамгаалалтад байна. Тэгэхээр Тахарын албыг сайжруулах, бэхжүүлэх талаар ярина уу гэхээс татан буулгах талаар ярьж байгаа нь зохимжгүй.

-Та Монголын төрийн албанд хуулийн салбарт 30 гаруй жил ажиллаж, үүнээс шударга ёсыг тогтоохоор шүүх гэдэг их айлд 27 жил зүтгэж. Таны хичээл зүтгэлийг төр засгаас үнэлж Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одонгоор шагналаа. Хөдөлмөрөө үнэлүүлэх тэр мөчид танд юу бодогдож байв?

-Ер нь хүн төрд өөрийгөө үнэлүүлж, шагнал хүртэнэ гэдэг бол сайхан зүйл. Одон тэмдэгэндээ гол нь биш. Ямар ч байсан би төрд үнэлэгдэх, хүнд мэдрэгдэх зүйл хийсэн гэдэг нь сайхан. Мэдээж төр засагт үнэлэгдэх хэмжээнд ажиллаж, амжилт гаргахад сайхан хамт олон, гэр бүлийн маань хүчин зүтгэл ч асар их байгаа. Би гурван үеийн төрийн албан хаагч гэдгээрээ бахархдаг. Миний өвөө Мэндийн Сангашир гэж малын эмч хүн байсан. Насаараа малын эмч хийгээд 1950-аад оны үед Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одонгоор төр засгаас шагнуулж байсан бол аав минь Сангаширийн Дамдинсүрэн гэж боловсролын салбарт 40 жил багш, сурган хүмүүжүүлэгч хийгээд 2010 онд Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одон хүртэж байсан, буянтай буурал бий. Тэгэхээр би гурван үеийн төрийн албан хаагч гэдгээс гадна гурван үеийн Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одонт гэдгээрээ бахархаж байна. Аавынхаа нутгийн 90 жилийн ойд зориулж, аавынхаа бичиж, нийтийн хүртээл болгож байсан дурсамж, бодол, эргэцүүлэл, шүлэг зохиол, нийтлэлүүдийг эмхэтгэж, олны хүртээл болгох, ахан дүүстээ өвлүүлэн үлдээх гэж “Цээжинд баринтлагдсан бодлын хэлхээс” нэртэй ном саяхан гаргалаа. Миний аавын хэлэх дуртай нэг үг байдаг. “Унших нь чухал, бодох түүнээс чухал” гэж. Энэ үг миний сэтгэлд хоногшиж үлдсэн болохоор энэхүү номынхоо тэргүүн нүүрэнд бичсэн. Ер нь би аавынхаа төрийн залгамж халааг үргэлжлүүлж яваадаа бахархаж явдаг юм. Одоо энэ залгамжийг миний хүү Дөлгөөн үргэлжлүүлж яваа. Миний хүү Уул уурхай, эрчим хүчний яаманд 10-аад жил ажилласан. Одоо Монголд Ерөнхийлөгчийн санаачлагаар байгуулсан, НҮБ-ын Далайд гарцгүй орнуудын судалгааны төвд хүү маань ажиллаж байна. Тэгэхээр бид дөрвөн үеэрээ төрд зүтгэж явна. Энэ бол бахархалтай сайхан хувь заяа юм даа. Магадгүй ач хүү минь ч гэсэн энэ залгамж халааг үргэлжлүүлэх байх.

-Ярилцсанд баярлалаа.

Г.Буянхишиг

Эх сурвалж: www.judcouncil.mn

Санал болгох мэдээ

Г.Билгүүн: Байгалийн боржин чулуу ашиглан халтирдаггүй явган хүний зам хийж байна

32-ын тойргоос Хүнсний 4-р дэлгүүр хүртэлх 1.2 км явган хүний замыг байгалийн боржин чулуугаар шинэчилж …