Н.Лүндэндорж: Бусад оронд шүүх хурлыг теле сериал гаргаж байгаа юм шиг шууд дамжуулдаггүй

1443508277_dargiin-zuragШүүхийн ерөнхий зөвлөлийн дарга Н.Лүндэндоржтой ярилцлаа.

-Шүүхийн ерөнхий зөвлөлөөс өнгөрсөн онд “Шүүхийн шинэ менежмент” хэмээх 2020 он хүртэл үргэлжлэх хөтөлбөрийг баталж, үндсэн таван чиглэлээр 30 гаруй томоохон ажил хийхээр төлөвлөсөн. Тус шинэчлэлийн хүрээнд ямар ажлууд хийгдсэн талаар яриагаа эхэлье?

-“Шүүхийн шинэ менежмент” хэмээх хөтөлбөрийн гол үзэл баримтлал нь шүүхийг цахимжуулах, нээлттэй болгох зорилготой. Дэлхийн аль ч орны шүүх засаглалын хөгжлийн түвшинг хэр зэрэг нээлттэй, цахимжсан байна гэдгээр үнэлж цэгнэдэг болсон үед бид амьдарч байна. Шүүхийг цахимжуулах нь шүүхийн шийдвэр, үйл ажиллагаа нээлттэй, шуурхай болохоос гадна процессын журмыг чанд мөрдөх зэрэг олон талын ач холбогдолтой. Уг хөтөлбөрийн хүрээнд шүүх хуралд онлайнаар оролцох нөхцөлийг бүрдүүлэх, шүүн шийдвэрлэх бүх процессийг бүрэн бичлэг хийж хадгалах, хэргийн хөдөлгөөнийг программжуулж, шүүхийн шийдвэрийн нээлттэй байдлыг хангах, шүүгч, шүүхийн аюулгүй байдлын хамгаалахад тодорхой алхам хийлээ.. Ихэнх ажил амжилттай хэрэгжиж байгаа. Бүрэн бичлэг хийдэг болсноор шүүх хуралдааны тэмдэглэлийн маргаан алга болсон. Мөн шүүх хуралдаанд оролцогчдын хариуцлага, сахилга дээшилсэн, процесссын журам илүү хэрэгждэг болсон, цаг мөнгө хэмжиж байна, хамгийн гол нь шүүхийн шийдвэр нээлттэй болсон. Хяналтаа хэрэгжүүлэх нь олон нийтийн үүрэг.

-Цагдан хоригдож байгаа этгээдийг шүүх хуралд оролцох эрхийг нь хангах зорилгоор ШЕЗ-өөс хорих 461 дүгээр ангид онлайн танхимыг байгуулсан гэсэн. Энэ танхим нь тус хорих анги дахь шүүх хуралдааны танхимаас тусдаа гэсэн үг үү?

-Өмнө нь цагдан хорих 461 дүгээр ангид шүүх хурал цөөн хийдэг байсан. Шүүхийн танхим руугаа хорих ангиар дамжилгүй гаднаасаа шууд орчихдог. Харин тус танхимын хажууд онлайн танхимыг тусад нь байгуулсан. Иргэд хорих ангид шүүх хуралдааныг хийхэд таагүй ханддаг, гарах шийдвэрт нь эргэлзэх, дургүйцэх байдал өнгөрсөн хугацаанд багагүй ажиглагдсан. Нөгөө талаас тэр байранд шүүх хурал хийх шаардлага ч алга.Одоо бас шүүх хуралдааны танхим харьцангуй олон боллоо. Тахар гэсэн шинэ албатай болчихлоо. Тэнд байсан тоног төхөөрөмж, сандал ширээ зэрэг бүх зүйлээ хураачихсан. Шүүх хурлыг хугацаанд нь, элдэв чирэгдэлгүй хийхийн тулд л Ганц худаг болон цагдан хорих 461 дүгээр ангид шүүхийн танхим байгуулсан байх. Нийслэлийн замын түгжрэл дунд хорих ангиас шүүгдэгчийг шүүхийн танхимд авчрахын тулд хугацаа алдаж, тэр хэрээр шүүх хурлыг олон цагаар хойшлуулдаг байсан. Харин өнөөдөр Улаанбаатарт шүүх хуралдааны танхим олширсон. Зарим шүүх бүр 10 гаруй шүүх хуралдааны танхимтай болчихлоо. Тиймээс хэрэг маргаанаа хорих ангийн дэргэдэх шүүх танхимд хурал зохион байгуулах шаардлагагүй болсон.

Ер нь хаана шүүх хуралдаан хийхийг шүүхийн захиргааны байгууллага шийддэггүй. Шүүхийн ерөнхий зөвлөл шүүх хуралдааныг нээлттэй, хаалттай болгох эсэх, хаана хийлгэх зэргийг мэддэг мэтээр зарим хүн хэлсэн байна лээ. Энэ бол ташаа ойлголт.

-Л.Гансүх нарын шүүх хурлаас ард түмэн Монголын шүүх байгууллага чин шударгаар ажиллаж байгаа эсэхийг бодитоор харлаа гэж дүгнэх хүмүүс олон байна л даа. Энэ үеэр өмгөөлөгч Ц.Цэрэнжээгийн хэлсэн үг болох “Улсын яллагч шүүгдэгч нарын талаарх мэдээллийг хар болон цагаан талыг хоёуланг нь гаргаж ирэх ёстой. Гэтэл энэ хэрэг дээр ажилласан прокурорууд зөвхөн хар бараан талыг нь голчилж яриад, бусад эерэг мэдээллийг гаргаж ирсэнгүй” гэдгийг жиргэсэн хүмүүс твиттерт их харагдаж байсан. Прокурорууд шүүх засаглалын нэг эд эс нь болохоор асуугаад байна л даа?

-ШЕЗ-ийн даргын хувьд шүүх хуралдааны мэтгэлцэгч талуудын талаар үнэлэлт дүгнэлт өгөх ёсгүй. Шүүх яагаад 3 шаттай байдгийг хүмүүс сайн мэддэг. Гомдол санал тэнд л яригдах учиртай. Шүүхийг хүн бүр шүүдэг болчихвол хүн бүр хуулийн хамгаалалтгүй болох аюултай.

Ер нь хуулинд зааснаас бусад тохиолдолд шүүх хурал нээлттэй болдог. Л.Гансүх нарын шүүх хуралдаан шиг хэвлэл мэдээллийн хэрэгслээр шууд дамжуулан олон нийтэд үзүүлдэг практик дэлхийн бусад улс оронд бараг байдаггүй. Олон улсын практикаас харахад эрүүгийн шүүх хуралдааныг гэрч, хохирогч, иргэдийн төлөөлөгчийн аюулгүй байдлын үүднээс бүүр хуулиар дамжуулахыг хориглодог. Бусдыг нь тусгай журмаар зохицуулан дамжуулдаг. Жишээ нь, зөвхөн шүүгчийг харуулна, нэг талаас тийм зүйлийг бичнэ гэх мэтээр. Мэдээж олон нийтэд ач холбогдолтой гэж үзсэн тохиолдолд шүү дээ. Түүнээс биш манайх шиг теле сериал үзэж байгаа юм шиг шууд дамжуулдаггүй. Энэ нь холбогдох хууль тогтоомж, дүрэм журмыг боловсронгуй болгох зэрэг олон асуудлыг бодлогын түвшинд судалж, шийдвэрлэх шаардлагатай гэдгийг бэлхнээ харуулсан зүйл боллоо гэж бодож байна. Наад зах нь гэрчийн мэдүүлгүүд нууц байх ёстой атал олон нийтэд шууд цацчихсан. Энэ зүйлд бид хаана хаанаа бэлэн биш байлаа. Үүнээс санаа сэдэл авч олон зүйлийг судлах, хийх шаардлага бий боллоо.

-Нүүрс хэмээх хөтөлбөрийн хэрэгт холбогдсон Б.Мөнгөнтуяа “Намайг нүүрс хөтөлбөрийн хэрэгт холбогдуулж, ажил дээрээс шууд баривчилсан. Хагас жил саатуулсны эцэст шүүх хуралдаан болсон. Энэ хугацаанд би эрүүл мэнд, сэтгэл санааны хувьд маш их хохирсон” гэж мэдэгдэж байсан. Ер нь энэ мэт сэжигтэнг буруутай гэдгийг тогтоохоос өмнө барьж хорьчихоод, дараа нь шүүх хурал болдог асуудлыг өөрчлөх тал дээр дорвитой өөрчлөлт хийх үү?

– Хэрэг мөрдөн байцаалтын шатанд ийм зүйл болдог. “Алдсан хүн арван тамтай, авсан нь нэг тамтай” гэдэгчлэн ямар нэгэн хэрэг маргаан гарлаа гэхэд нийгмийн дэг журмыг хангах үүднээс арав, хорин хүнийг ч сэжигтнээр татах тохиолдол гардаг. Өөрөөр хэлбэл нэг буруутанг олохын тулд 20 сэжигтэнг саатуулдаг гэсэн үг. Шалгаж байх явцдаа хуулийн байгууллага буруугүйг нь явуулж, буруутай байж болох этгээдээ лавшруулан мөрдөн байцаадаг. Ийм 19 гэмгүй хүнийг сэжиглэн хорих эрсдэл гардаг учраас эрсдлийг нь төр хариуцдаг. Гэхдээ Монгол Улсын хэрэг мөрдөн байцаалтын шинэтгэлийн хүрээнд энэ асуудлыг засах үүднээс ажиллаж байна. Юу гэвэл эхлээд сэжигтнээ барьж хориод дараагаар нь шалгах бус, эхлээд шалгах ажлаа зохион байгуулчихаад, гэм буруутай хүнээ олсны дараагаар түүний эрхийг хязгаарлах эсэх асуудлыг ярьдаг болох чиглэл рүү явж байгаа гэж ойлгож болно.

-Л.Гансүх нарын өмгөөлөгчид “Х.Идэр, Б.Мөнх-Эрдэнэ шүүгч нараас татгалзсаар байтал хүсэлтийг нь хүлээн авсангүй. Идэрийн төрсөн ах Х.Тамир хар тамхины хэргээр АТГ-т шалгаж, Ганц худагт саатуулчихсан. Тиймээс шүүгч Х.Идэрт Л.Гансүх нарын хэргийг улс төрийн зорилгоор хуваарилсан байж магадгүй” хэмээж байсан л даа?

– Өмгөөлөгч шүүх бүрэлдэхүүнээс хуульд заасан үндэслэлээр татгалзах эрхтэй. Татгалзах үндэслэл нотлогдохгүй байна гэж шүүх үзсэн байх. Үүнийг хуульчилсан. Шүүх хүсэлт болгоныг хангаад байх бололцоогүй учраас энэ асуудлыг хуулиар зохицуулдаг. Шүүх ажлаа хийх ёстой.

-Ц.Цэрэнжээ өмгөөлөгч шүүгч нар хавтаст хэрэгтэй танилцуулаагүй гэх гомдлыг шүүх хуралдааны үеэр хэлж байсан. Уг нь өмгөөлөгч үйлчлүүлэгчийнхээ хавтаст хэрэгтэй бүрэн эхээр нь танилцах ёстой биз дээ?

– Монголын шинэ шүүх бараг 100 шахам жилийн настай, Шихихутагаас хөөвөл нас нь мянга мянгаар тоологдоно. Тиймээс энэ мэт дээр монголын хуульчид алдахаа больсон зүйл. Мэдээлэл буруу байх.

М.Ууган-Эрдэнэ

Эх сурвалж: “Өдрийн сонин” 2015.09.29 № 237 /5189/

Санал болгох мэдээ

Г.Билгүүн: Байгалийн боржин чулуу ашиглан халтирдаггүй явган хүний зам хийж байна

32-ын тойргоос Хүнсний 4-р дэлгүүр хүртэлх 1.2 км явган хүний замыг байгалийн боржин чулуугаар шинэчилж …