Хүүхдийн номын өргөөнд 1000 шагай хандивлав

IMG_0893-1024x683

Чингэлтэй дүүргийн Засаг дарга Д.Ганболдын санаачилгаар 3 дугаар хороонд Хүүхдийн номын өргөө байгуулан ашиглалтад оруулах гэж байна. Тус номын өргөө орчин үеийн шаардлагад нийцсэн байхын хамт Монгол өв соёл, ёс заншилын өвөрмөц байдлыг хадгалсан, илтгэсэн байхаараа онцлогтой юм. Хүүхдийн номын өргөөнд Монгол тоглоом, наадгайн буланд байршуулах 1000 шагайг хандивлалаа.

Өвөрхангай аймгийн Баян-Өндөр сумын 2 багийн малчин Д.Гүндэгмаа, хүү С.Батжаргалын хамт 1000 шагайг дүүргийн Засаг дарга Д.Ганболдод хүндэтгэлтэйгээр гардуулж өгөв. 2015 оны 9 дүгээр сарын 18-ны өдөр болсон Чингэлтэй дүүргийн “Иргэдийн баяр”-ын үеэр Д.Гүндэгмаа гуай “Хүүхдийн номын өргөө”-нд 1000 шагай хандивлаж, хүүхдүүд Монгол ёс заншил, тоглоом наадгайгаа сурахад хувь нэмэр оруулах хүсэлтэй байгаа илэрхийлж байсан юм. Шагай хандивласан ээж, хүү хоёртой ярилцлаа.

09-51-1024x834

Д.ГҮНДЭГМАА: ШАГАЙГААР ХАМГИЙН БАГАДАА 20 ГАРУЙ ТӨРЛИЙН ТОГЛООМ ТОГЛОДОГ

-Хүүхдийн номын өргөөнд шагай хандивласанд баяр хүргэе?

-Чингэлтэй дүүргийн Засаг дарга Д.Ганболд болон удирдлагууд халуун дотно хүлээж авсанд баярлаж байна. “Иргэдийн баяр”-ын үеэр дүүргийн Засаг даргаас Хүүхдийн номын өргөө байгуулж байгаа гэж сонсоод 1000 шагай хандивлахаар амласнаа өнөөдөр гардуулан өгч байна.

-Шагайгаар хэдэн төрлийн тоглоом тоглож болох вэ?

-Хамгийн багадаа 20 гаруй төрлийн тоглоом бий. Шагай тоглосноор хүүхдийн сэтгэн бодох чадвар, хараа, мэдрэмж, сонсгол сайжрах, гярхай байдал хөгжих гээд олон сайн талтай. Сүүлийн үед Монгол ахуй, Монгол уламжлалт шагайн наадгай, тоглоомоор тоглох нь бараг мардагдах дөхсөнд харамсч явдаг юм.

-Тэгээд Хүүхдийн номын өргөөнд шагай хандивлажээ?

-Хүүхэд, залуучуудаа уламжлалт өв соёл, тоглоом наадгайгаа бүү мартаасай уламжилж үлдээсэй гэж бодож явдаг. Энэ бодол, хүсэлтэй маань Чингэлтэй дүүргийн удирдлагуудын барьж, байгуулж буй “Хүүхдийн номын өргөө” нийцэж байгаа учраас 1000 шагай хандивласан юм.

-Та Өвөрхангай аймгийн иргэн. Чингэлтэй дүүрэгтэй ямар учир холбогдолтой байна вэ?

-Манай долоон хүүхэд Улаанбаатарт түүнээс 4 нь Чингэлтэй дүүрэгт ажиллаж, амьдардаг юм. Нэг охин маань Монгол үндэсний хувцасны “Энх Ёсүй” салон байгуулсан. Монгол үндэсний хувцас өөрсдөө эсгэж, урлана.

-Таныг хүүхдүүддээ Монгол ахуйг өвлүүлсэн хүн байна гэж ойлголоо?

-Манай хүү С.Батжаргал сураар морины хэрэглэл, хазаар, чөдөр, ногт зангидна, монгол эмээл, айргийн хөхүүр хийнэ. Манайхан Өвөрхангайн хөхүүрийн айргийг нийслэлчүүддээ хүргээд цөөнгүй жил болсон.

-Энэ тухайгаа тодруулахгүй юу?

-Манайхны удам “Жаргалантцэвээн”-ийнхний хөхүүрийн айраг гэж эртнээсээ алдартай байсан юм билээ. Өвөө 1957 онд малаа нийгэмчлээд адуугаа хүүдээ өвлүүлсэнээр өнөөг хүртэл “Хөхүүр”-ийн айргаа таслахгүй, “хөхүүр”-ээ өөрсдөө хийсээр уламжлагдаж ирсэн. Сүүлийн үед Монголчуудаас илүүтэй ӨвөрМонголчууд хөхүүр хийх,хэрхэн урлахыг, хөхүүрийн айраг яаж исгэхийг заалгаж, судалж, хөхүүрийг худалдаж авах гэж ирдэг болсон. 1960 онд намайг 3 настай байхад манайх ах, бид хоёрыг умбуушанд суулгаж, 2 тэмээнд 4 хөхүүр айраг ачиж, адуугаа өдөрт нь тогтоож, гүүгээ сааж айргаа исгээд, шөнөдөө явсаар Улаанбаатарын ойр ирж, Улаанбаатарчуудад хөхүүрийн айргаа хүргэж байсан гэдэг.

IMG_0858-1024x683

Эх сурвалж: chingeltei.gov.mn

 

Санал болгох мэдээ

УОК-ын Шуурхай штаб Дорнод аймгийн Онцгой комиссын гишүүдтэй цахим хурал хийж, өвөлжилтийн нөхцөл байдалтай танилцлаа

УОК-ын Шуурхай штабаас Дорнод аймгийн Онцгой комиссын гишүүдтэй цахим хурал хийж, өвөлжилтийн нөхцөл байдалтай танилцлаа. …