Энэ сарын 15-нд болох “Big Data & Analytics Conference 2015”-д “Төр засгийн үйл ажиллагаанд их хэмжээний өгөгдлийн шинжилгээг хэрэгжүүлэх нь” сэдвээр илтгэл танилцуулах “Үндэсний Дата Төв” УТҮГ-ын Захирал З.Энхболдтой бид цөөн хором ярилцлаа. Тэрээр төрийн байгууллагадих хэмжээний өгөгдөл ашиглан үйл ажиллагааг сайжруулах, үр ашгийг нэмэгдүүлэх томоохон төслийг амжилттай удирдаж байгаа юм.
Х.Уртаа: Таны илтгэлийн сэдэв их анхаарал татаж байна. Олон улсын томоохон, тэр дундаа технологийн компаниуд л их хэмжээний өгөгдөл ашиглан төрөл бүрийн туршилт хийж байгаа туршлагууд илүүтэй сонсогддог?
З.Энхболд: Big Data гэдэг асуудал яагаад яригдаж эхэлсэн бэ гэхээр 2014 онд манай баг Орландод болсон “Data Center World Orlando Conference”-т оролцсон юм. Дэлхийд байдаг нийт дата төвүүдийн ердөө 5 % нь Big Data-аар оролддог тухай тэнд ярьсан. Уг хуралд оролцож байхдаа төр талаасаа бид яагаад тэр 5%-д орж болохгүй билээ гэж бодсон. Тэгээд Big Data нэрийг ашиглъя, үйл ажиллагаагаа энэ чиглэлд хандуулъя гэж зөвшөөрлөө аваад 10-р сард нь Монголд болсон нээлттэй өдөрлөгийн үеэр хамгийн анх төрийн байгууллага Big Data ашиглах тухай албан ёсоор ярьж эхэлсэн.
Х.Уртаа: Таван хувь гэдгийг та илүү дэлгэрэнгүй тайлбарлахгүй юу?
З.Энхболд: Бусад дата төвүүд гол төлөв техник тоног төхөөрөмж талаасаа яаж зардал багатайгаар мэдээллийг байршуулах вэ гэдэгт түлхүү анхаардаг. Big Data чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг 5-ын хувьд Facebook, Google зэрэг томоохон компаниуд багтдаг. Ингэхээр хэт том зорилго тавьж байна гэж зарим хүмүүс харж байж магадгүй. Угтаабол төрийн хэрэглээнд ашиглах нь илүү бодитой ажил юм. Учир нь манайд төрөөс бусад инститүцэд мэдээлэлтэгж системтэй бөгөөд их хэмжээгээр цуглаагүй. Тиймээс одоо байгаа мэдээллээ жаахан цэгцлэхэд л Big Data болно. Тусгай дэд бүтэц нэг их шаардлагагүй. Би зөвхөн Big Data-ийнтухай ярьж байна. Их хэмжээний өгөгдөл гэдэгт data warehouse, data mining, big data гэсэн гурван ойлголт хамаардаг.
Х.Уртаа: Эдгээрийг хэрэглээ талаас нь хэрхэн ялгаж салгаж ойлгох вэ?
З.Энхболд: Data warehouse нь мэдээллийн агуулах гэсэн үг. Өөрөөр хэлбэл үнэн, худал болон бодит цагийн (real time), өнгөрсөн цагийн гэсэн янз бүрийн төлөв байдалд байгаа датаг хадгалж бааз үүсгэж байдаг. Харин Data mining нь аналитик хэлбэрээр судалгаа хийх чиглэл рүү явдаг. Гэхдээ аль алины онцлог нь өнгөрсөн цаг дээр судалгаа хийгддэг. Тиймээс шийдвэр гаргаж, трэндийг тодорхойлохдоо data mining-г ашиглаж байгаа хэрэг юм.
Харин Big data-гийн хамгийн гол онцлог нь бодит цагийн, цэгцэрсэн, давхцалгүй өгөгдөл байдаг. Бодит цагийн дата гэхээр серверийн дэд бүтцэд миллисекундын зөрүүтэй орж ирж байгаа өгөгдлийг хэлнэ. Хүнд хамгийн ойлгомжтойгоор тайбарлая гэвэл машины хурд хурдтгалын индикатор байна. Энэхүү индикаторууд нь моторын эргэлт болон хурдыг харьцуулаад араагаа хэзээ солих шаардлагатайг жолоочид хэлж өгдөг. Хурд хурдатгалын хүрд яагаад температур, бензиний хүрднүүдээс том байдаг гэхээр шийдвэр гаргах давтамж нь хавьгүй олон, чухал мэдээлэл учраас тэр. Машины хурд чинь 80км/цаг байгааг 5 минутын дараа мэдээлээд байвал хүн машинаа жолоодож чадахгүй шүү дээ. Үүнийг л смарт аналитик гээд байгаа юм. Эцсийн ганц үнэн мэдээллийг өгөхийн тулд Big Data нь өөрөө цэгцэрсэн, давхцалгүй, бодит цагийн мэдээлэл байх ёстой.
Х.Уртаа: Төрийн мэдээлэлд Big Data-г ашиглах ажил тэгэхээр 2014 оны эцсээс эхэлсэн гэж ойлгож болох уу? Зайлшгүй шаардлага, ач холбогдол нь чухам юу юм бэ?
З.Энхболд: Big Data хөгжүүлэлтийн үндэс суурь нь ТҮЦ машин байсан гэж хэлж болно. Data warehouse-ийн буюу хуримтлагдсан байсан бүх мэдээллийг авчраад иргэндээ түргэн үйлчилгээ үзүүлнэ гэдэг зорилго тавьсан. ТҮЦ бол зөвхөн дэд бүтэц нь юм. Дэд бүтцийг нь тавиад үзсэн чинь дата маань үнэн, үнэн биш гэдэг дээр зөрж эхэлсэн. Жишээ нь зарим нэг хүн өөрөө мэдээгүй байхад гэрчилгээн дээр нь үсгийн алдаа гарчихсан байдаг. Хоёр яамд бүртгэлтэй мэдээлэл зөрвөл тухайн хүнийг иргэн биш гэж үзэх хүртэл ноцтой асуудал үүсдэг учраас эцсийн мэдээлэл нь өөрөө цэгцэрсэн, давхцалгүй болох шаардлагатай болж байгаа юм. Би өөрөө үүний нэг жишээ болсон. Үнэмлэхний маань үсэг зөрснөөс Японд 700 доллар нэмж төлж жолооны сургалтад суух шаардлагатай болсон. Мэдээллийн технологийн шийдэл гэдэг нь үндсэндээ хүний мөнгө, цаг хугацаа, орон зайг л хэмнэх зорилготой шүү дээ.
Х.Уртаа: Хүмүүсийн мэдээлэл нэгдсэн нэг системд бүртгэлтэй болох юм байна. Тэгвэл хэрэглээ, өдөр тутмын амьдралд ямар өөрчлөлт гарах вэ?
З.Энхболд: Үүнд нэг тайлбар өгөх хэрэгтэй. Big Data-д эзэмшигч гэж байдаггүй.Data warehouse болон Data mining-д мэдээлэл өнгөрсөн цаг дээр байдаг учраас хэн нэгэн түүнийг эзэмшиж болно. Харин Big Data-г миллисекунд тутамд эзэмшигч нь буюу хэрэглэгчид өөрсдөө шинэчилж байдаг. Facebook бол эзэмшигч биш host юм. Профайлын эзэн л өөрөө update хийж байгаа учраас Facebook гэж байгаа юм. Тодорхой зориулалтын хүрээгээрээ л төрийнх, хувийнх гэж ялгагддаг.
Хэрэглээний хувьд маш энгийн. Нэг жишээ авахад 35 настай иргэн байна гэж үзье. Тэр хүн хурууны хээгээ дараад л мэдээллээ өгч, анкет бөглөх боломжтой атал 35 жилийн турш хэдэн удаа, хэр зэрэг хугацаа зарцуулж цаасан анкетыг зөв буруу бөглөсөн бэ гэдэг асуудал гарч ирнэ. Уг нь нэг удаа л хуруугаа дарсан бол дахиж анкет бөглөж цаг алдах шаардлагагүй юм. Мөн улсын эмнэлэг дээр карт нээлгэх гэдэг процесс хэрэггүй болно гэсэн үг. Хувь хүний амьдралд хэдий хэр хугацаа хэмнэнэ, түүнийг 3 саяар үржүүлэхэд улс орны эдийн засагт үзүүлэх бодит нөлөө нь гараад ирнэ.
Х.Уртаа: Монгол улс 2009 оноос хойш Цахим Монгол хөтөлбөрийг хэрэгжүүлж эхэлсэн. Иргэнд үзүүлэх мэдээллийн үйлчилгээг цахим орчин ашиглан хялбарчлах талаар зарим үр дүнгээс дурдвал?
З.Энхболд: Цахим засаглал хөтөлбөр дотор бид нэг зүйлийг анзаарсан. Монгол улсын төрөөс иргэндээ үзүүлж байгаа нийт 360 төрлийн үйлчилгээ байдаг. Эндээс 160 нь электроноор дамжих боломжтой, харин бусад нь эд материалаар дамждаг. Электроноор дамжина гэдэг нь цэвэр мэдээлэл дамжуулах үйлчилгээнүүд байгаа юм. Эдгээр нь дотроо мэдээлэл давхцах тохиолдол их гардаг. Яг одоо байгаа 160 үйлчилгээг Big Data хэлбэрт шилжүүлээд ирэхээр зарим мэдээллүүд нэг нь нөгөөгөө үгүйсгээд, нийт үйлчилгээний тоо цөөрнө гэсэн үг.
Өөр нэг баримт дурдвал ТҮЦ-ээс авдаг лавлагаа бол хамгийн амархан мэдээлэл юм. Улсын бүртгэл дээр байгаа мэдээллийг төмөр машинаар гаргасныг иргэд ашиглаж байна. Банкнаас зээл авахын тулд лавлагаагаа зээлийн эдийн засагчид аваачиж өгдөг. Тэгвэл яагаад банкны эдийн засагч таны тухай тэр хэсгийн мэдээллийг хурууны хээгээр тань бүртгэлээс шууд харчихаж болохгүй гэж. Ингээд ирэхээр ТҮЦ машины лавлагааг үгүйсгээд ирж байгаа юм. Илүү л их хэмнэж, хөгжиж байна гэсэн үг. ТҮЦ-ээс гарч байгаа үйлчилгээнүүд тийм ч боловсронгуй биш, завсрын үйлчилгээ атлаа өнөөг хэр нь 500-аад мянган үйлчилгээ үзүүлж, төсвөөс 4 тэрбум төгрөг хэмнэсэн. Дээр нь монголчууд зуун айл руу түгжирч явах шаардлагагүй болсон. Энэ мэтээр зөвхөн нэг үйлчилгээг танаснаас ийм хэмнэлт гарч байгаа юм. Үүнээс илүүг хэмнэе, ТҮЦ-ийг ажиллуулдаг цахилгаан, үнэт цаасаа хэмнэе гэж байгаа хэрэг.
Х.Уртаа: Энэ хөтөлбөр өнөөдөр ямар шатанд яваа вэ?
З.Энхболд: Цахим засаглалыг хөгжүүлэх хөтөлбөрт бид Европын номер нэг Эстонийн загварчлалыг ашигласан. Эстонийн цахим засаглал 10 жилийн турш эрчимтэй хөгжсөн. Бид энэ чиглэл рүү ороод 3 дахь жилдээ явж байна. Өөрсдийн нөхцөлдөө дөхүүлж, хугацаагаа шахаж түргэсгэх зарчмаар ажиллаж байгаа.
Цахим засаглалд үндсэн хоёр том бүлэг багтдаг. Нэгдүгээрт цахим ардчилал, хоёрдугаарт цахим засаг. Цахим ардчиллын хүрээнд иргэдийн гомдол саналыг сошиал сүлжээ, утас, имэйл зэрэг 10 сувгаар хүлээн авч, хэрхэн шийдвэрлэснийг хариу мэдэгддэг. Өөрөөр хэлбэл төр нь иргэнээ сонсох үйл ажиллагааг цахимжуулсан. Харин цахим засаг нь цэвэр үйлчилгээний шинжтэй. ТҮЦ машин, www.torguuli.mn сайт гэх мэт. Систем гэдэг амьд зүйл учраас цаашид улам бүр хөгжөөд явна. Одоогийн үзүүлэлтээр бид цахим засаглалаараа дэлхийд хоёр жилийн дотор 76-аас 65-р байр руу ахисан.
Х.Уртаа: Сайхан мэдээ байна. Улс орны хэмжээнд цахим засаглалын суурь болсон цахим орчны зураглал Монголд ямар байгаа вэ?
З.Энхболд: 1990 онд МУ-ын бичиг үсэг тайлагдалтын хэмжээ 98 хувьтай байсан. Мэдээллийг цаасаар дамжуулдаг учраас бараг л бүх хүн ойлгож, хэрэглэж чадаж байсан. Харин өнөөдөр дижиталорчны тайлагдалтын хувь буюу digital divide нь Монголд 50 хувьтай байна. Нийт хүн амын 50 хувь нь имэйл аккаунт ярихаар ойлгохгүй, цагаа хэмнэж чадахгүй байна гэсэн үг. Эдийн засгийн хувьд ч баян ядуугийн ялгаа үүсэх нэг хүчин зүйл болж байгаа. Ямар хэмжээний хөгжлийн, ойлголцлын зөрүү дагуулж байгааг харж болно. АНУ-ын ерөнхийлөгч Барак Обама 2006 онд хэлсэн байдаг, “Шилэн кабелиар тардаг интернетийн хурд 10 хувиар нэмэгдэхэд улсын Дотоодын Нийт Бүтээгдэхүүн 2 хувиар нэмэгдэж байна” гэж.Шилэн кабелиар юу явж байна, мэдээлэл л явж байгаа хэрэг шүү дээ.
Х.Уртаа: Төрийн үйлчилгээг цахимжуулах ажлын хүрээнд бүх иргэдийг төрийн имэйл аккаунттай болгоно гэсэн мэдээлэл байсан. Үндсэн мэдээллийг Big Data хэлбэрт оруулахад өөр бусад нөхцөл хэр бүрэлдсэн байдаг юм бол?
З.Энхболд: Мэдээллийн технологийн салбар хөгжихөд чадварлаг боловсон хүчин бэлдэх шаардлагатай байна. Програмист гэдэг ганц л нэр томьёогоор 8-9 төрлийн нарийн мэргэжлийг хамааруулаад байдаг. Тухайлбал Big Data бол дата архитекторын хийдэг ажил. Жилд 1000-аад оюутан мэдээллийн технологийн мэргэжлээр төгсдөг гэсэн судалгаа байдаг ч нарийн мэргэшсэн нь ховор байдаг. Тэрнээс Big Data-г хөгжүүлнэ гээд тусгай тоног төхөөрөмж хэрэггүй. Байгаа олон серверүүдээ холбоод үүлэн тооцооллын зарчимд суурилуулж болно.
Х.Уртаа: Таныг Япон улсад боловсрол эзэмшсэн гэдгээр мэдэх юм байна. Мэдээллийн технологиор мэргэжсэн үү?
З.Энхболд: Ёкохомагийн бизнесийн худалдааны ангид цахим худалдааны (e-commerce) анги гэж байдаг. Сервер яаж суулгах, сервер дээр яаж программын төсөл хийх гээд технологийн нарийн ширийн бүгдийг заадаг. Манайд шинжлэх ухааны салбарт ордог бол Японд мэдээллийн технологи нь дийлэнх утгаараа нийгмийн ухааны салбар болчихсон. Сургуульд юунаас эхэлж заадаг гэхээр Япон улс 128 сая хүн амтайгаас 70 сая нь өөрийн аккаунттай, хүн дунджаар 3, хамгийн ихдээ 5 аккаунтын нэр, нууц үгийг цээжлэх чадвартай, интернет дэлгүүрээ яаж тэр 70 сая хүний дөрөв дэх мэддэг аккаунт нь болгох вэ гэдгийг заадаг. Тэрнээс юу зарах нь хамаагүй. Миний хувьд томоохон сайтуудын эдийн засгийн үр ашиг болоод техникийн дотоод зохион байгуулалтыг 9 жил судалсан.
Х.Уртаа: Сонирхолтой яриа өрнүүлсэнд баярлалаа. Сүүлийн асуултыг танд нээлттэй үлдээе.
З.Энхболд: Боловсрол, мэдээллийн технологи хоёргүйгээр улс орон хурдацтай хөгжлийг ярих боломжгүй. Тиймээс энэ салбарт хөгжлийн урт хугацааны, тууштай бодлого баримтлах хэрэгтэй. Монгол улс хэдийгээр төсвөө танах шаардлагатай байгаа ч чухам үүний тулд, өөрөөр хэлбэл төсвийн мөнгийг хэмнэхийн тулд смарт шийдлүүд бүр илүү хэрэгтэй байна.
Эх сурвалж: datacenter.gov.mn