Засгийн газар 2016 оны төсвийн тухай хуулийн төслийг зардал хэмнэх бодлого барьжболовсруулан Монгол Улсын 2015 оны Төсвийн тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай, 2016 оны Төсвийн тухай хуулийг УИХ чуулганаар хэлэлцүүлж байгаа билээ.
Тус хуулийн төсөлд одоогийн бүтцээрээ ажилласан нөхцөлд 8.7 их наяд төгрөгийн зардал гаргаж төсөв алдагдах учраас ирэх оны төсвийг 7.8 их наяд төгрөг байхаар төлөвлөсөн. Үүнийг дагаад улсын төсвийн тэнцвэржүүлсэн орлогын хэмжээг бууруулж 6.9 их наяд болгон тооцсон. Дутаж буй 900 тэрбум төгрөгийг урсгал зардлуудаас танах байдлаар шийдэж буй. Үүнд бүтэц, чиг үүрэг давхардсан яам, агентлагуудыг нэгтгэж, цөөлөхөөр шийдвэрлэсэн байгаа юм.
Бүтцийн өөрчлөлтөд орж байгаа агентлагуудын тоо болон албан хаагчдын асуудлыг Засгийн газрын журмаар шийднэ. Төрийн өндөр дээд албан тушаалтан, улстөрийн албан тушаалтны цалинг 30 хувиар,төрийн захиргааны албан хаагчдын цалинг 10 хувиар бууруулах ба ирэх жил цалин нэмэх боломжгүй гэдгийг сангийн сайд Б.Болор мэдэгдэж байсан.
Ингээд ирэх онд нэгтгэх, татан буулгах яам, агентлагууд, төрийн байгууллагуудыг хүргэж байна.
2016 оны нэгдүгээр сарын 01-нээс татан буугдах байгууллагууд
1. Төрийн өмчийн хороо
2. Худалдан авах ажиллагааны газар
3. Цагаатгах ажлыг удирдан зохион байгуулах улсын комисс
4. Төрийн захиргааны төв байгууллагуудын дэргэд байгуулагдсан үндэсний зөвлөл, хороодын ажлын албад
5. Хөдөлмөр эрхлэлтийн үйлчилгээний төв улсын төсөвт үйлдвэрийн газар
2016 оны наймдугаар сарын 01-нээс татан буугдах байгууллага
1. Мэдээллийн технологи, шуудан харилцаа холбооны газар
Нэгтгэх байгууллагууд
1.Үндэсний татварын ерөнхий газрыг Гаалийн ерөнхий газартай
2.Улсын бүртгэлийн ерөнхий газрыг Үндэсний статистикийн хороотой
3.Үндэсний хөгжлийн хүрээлэнг Стратеги судалгааны хүрээлэнтэй
4.Боловсролын хүрээлэн, Насан туршийн боловсролын үндэсний төв, Багшийн хөгжлийн институт
5.Нийслэлийн Гэр хорооллыг барилгажуулах ажлын төслийн нэгжийг Гэр хорооллын хөгжлийн газартай нэгтгэх
2016 оны наймдугаар сарын 01-нээс зарим яамдыг нэгтгэж 9 яамтай болно
Чиг үүргийн яаманд
1. Гадаад хэргийн яам
2. Байгаль орчин, аялал жуулчлалын яам
3. Сангийн яам
4. Хууль зүй, дотоод хэргийн яам
Чиглэлийн яамд
1. Батлан хамгаалах яам
2. Гэгээрлийн яам
3. Дэд бүтцийн яам
4. Хөдөө аж ахуйн яам
5. Эрүүл мэнд, нийгмийн хамгааллын яам
Нэгтгэх яамд
1.Эрүүл мэнд, спортын яам болон Хүн амын хөгжил, нийгмийн хамгааллын яам
2.Хөдөө аж ахуйн яам болон Аж үйлдвэрийн яам
3.Барилга хот байгуулалтын яам болон Эрчим хүчний яам, Зам тээврийн яам
2016 оны нэгдүгээр сарын 01-нээс татан буугдах сан
1. Байгаль хамгаалах сан
2. Цэвэр агаар сан
Тусгай сан
УИХ-аас 2006 онд Засгийн газрын тусгай сангийн тухай хуулийг баталж, үүнээс хойш 36 тусгай сантай болсон аж. Эдгээрийн 11-ийг нь татан буулгаж, дараах санг үлдээхээр төсөлд тусгажээ.
Эх сурвалж: www.TODAY.mn