Нэгэнтээ л сурталчилгааны зурган дээрх шиг төгс үстэй төрөөгүйгээс хойш “модны мөчир шиг” салаалах, “шөнийн тэнгэрт од түгэх” шиг хуурайших мэтийн асуудлууд биднийг байнга дагадаг тийм үү?
Үс хатаагч, үс буржийлгагч, үсний индүү, төрөл бүрийн хими… Үр дүнд нь өнгөө алдаж гандан, салаалж хугарсан үс хүлээж байдаг нь үнэхээр бүсгүйчүүд бидний нэг хүндхэн асуудал. Эдгээр асуудлаас ангижрахыг хүсч байгаа хэн бүхэнд доорxи бяцxан зөвөлгөө тус болно гэж найдаж байна.
1. Хугаралт
Үсэндээ хүчтэйхэн хүрэх төдийхөн энгийн үйлдлүүдээс л хугаралт үүсдэг гэдгийг бид мэддэггүй. Индүүдэх, буржийлгах, сэнсдэх, хатаах тэр ч бүү хэл ширүүхэн самнахад л бидний үс хугарч тасарч байдаг тул үсээрээ бага “тоглож” байж үс чинь бага хугарна гэсэн үг юм. Тиймээс өөрийнхөө үсийг яг л нарийн хийцтэй нимгэхэн торгон цамц шигээ хайрлан хэт чанга боож ширүүхэн самнахаас зайлсxийx хэрэгтэй.
2. Уналт халзралт
Таны үс өмнөх шигээ өтгөн, хөвсгөр сайхан харагдахгүй байвал үс тань унаж байна. Харин үсээ бооход илт мэдэгдэхүйц шингэн санагдаж хуйх тань багахан газраа ч гэсэн ил гарсан байвал таны үс халзарч байна гэсэн үг. Ерөнхийдөө нас ахих эсвэл гормоны өөрчлөлтөөс үүдсэн халзралт элбэг тохиолддог ч элдэв хоолны дэглэм, химийн гаралтай эмийн муу нөлөө ба стрессээс болж халзрах тохиолдол ч элбэг байдаг. Хэрэв таны үс ер бусын шингэрсэн санагдвал мэргэжилтнүүдэд мэдэгдээрэй.
Англи эрдэмтдийн хийсэн нэгэн судалгаанаас үс халзралттай тулгарсан эмэгтэйчүүдийн 67% нь дотоод шүүрлийн булчирхайн өвчлөлөөс үүссэн өндгөвчний гажилттай холбоотой байжээ. Мөн хэрэв үсээ байнга чанга боох, мушгиж боох эсвэл үсээ задлалгүй боолттой нь унтдаг бол үсэнд тань үйлчилсэн резиний хүчнээс болж их хэмжээгээр унах, халзрах өндөр эрсдэлтэй. Мөн халзралт нь аймшигтай өвчний шинж тэмдэг байж болзошгүй тул яаралтай эмчид хандаарай.
3. Жирэмснээс үүдэлтэй уналт
Жирэмсний үед үс өтгөн санагдах нь хэвийн зүйл, учир нь Эстрoген буюу эмэгтэй гормон нь үс үсний ургалтын циклийг уртсгадаг юм. Энэ үед үс унах нь тун бага байдаг ч хүн хүний биеийн онцлогоос шалтгаалаад үс өтгөрөхгүй, эсвэл бүр эсэргээрээ үс унах нь ч бий. Харин төрсөний дараа ургалтын цикл буцаад богиносдог учир үс өмнө байгаагүйгээрээ багц багцаар унаж эхлэдэг. Гэвч энэ нь халзралт биш таны бие махбодь буцаад хэвийн тогтолцоондоо орж байгаан илрэл тул санаа зовоx хэрэггүй. Танд мэдрэгдсэн өөрчлөлтүүд нь түр зуурынх ба багахан хугацаа өнгөрөхөд үс аяндаа хуучин хэвэндээ орчихдог.
4. Үгэнд ордоггүй үс
Энэ төрөлд буржгар үс ихээхэн хамаарна. Гэхдээ шулуун үс ч арзайгаад хэвэнд орохгүй байж болно. Гагцгүй та үсээ химийн аргаар шулуун болгоогүй л бол цаг агаарын чийгшлээс шалтгаалан хэлбэрээ алдан арзайх нь бий. Үс эрүүл байх тусмаа үгэнд сайн ордог тул юуны түрүүнд үсээ эмчлэхийг зөвлөж байна. Мөн үс хэлбэржүүлэх, арзайлтыг багасгах бүтээгдэхүүнүүд тодорхой хэмжээгээр тус болдог.
5. Хэсэг хэсгээр гэмтэх
Бүхэл бүхлээрээ бусдаасаа салангид болсноор нь өөрийн үсний хамгийн гэмтэлтэй хэсгийг таньж боно. Үсийг зөв арчилна гэдэг их цаг хугацаа, хөдөлмөр шаарддаг ч залхууралгүйгээр үсний маск, тэжээлийн тосыг зааврынх нь дагуу түрхэж, 6 долоо хоног тутамд үснийхээ гэмтэлтэй үзүүрийг тайруулж байгаарай.
6. Үсний үзүүр салаалаx
Нэгэнт салаасан үзүүрийг тайрч хаяxаас өөр эмчлэх арга байхгүй. Хэрэв таны үсний үзүүр байнга салаалан зовоогоод байвал стандарт хугацаа болох 6 долоо хоног тутамд тогтмол доороос нь тайрч салааг нь түүлгэж байгаарай. Хэрэв үсний тань үзүүр ширэлдээд самнахад хэцүү болоод байвал нэг мөсөн богинохон болтол тайруулсан нь дээр шүү. Учир нь гэмтэлтэй үсний үзүүр л ширэлддэг. Мөн үсний халуун индүү, хайч, сэнс, хатаагч хатуу ширүүн сам гэх мэт хэрэгслүүд гэх мэт үсийг гэмтээж болох бүхий л зүйлсээс болж үсний үзүүр хугарч салаалдаг.
7. Үхэр долоосон мэт налчгар үс
Хугардаггүй, салаалдаггүйд нь талархмаар ч, “үхэр долоосон юм шиг” налчийчихдаг үсэндээ бүрэн сэтгэл хангалуун байх бас л хэцүү. Ихэвчлэн илүүдэл тослог нь налсан үсний шалтгаан болдог юм. Энэ асуудлыг хуурай шампунь ид шид мэт л шийдэж өгнө. Үсний хуурай шампунь нь үсэн дахь илүүдэл тосыг шингээн авч угийг өргөж хөвсийлгөж өгдөг. Мэдээж тослогийг нь авсан ч үсэн доторхи тоос, бичил хогийг арилгадаггүй тул шингэн шампуниар дараа нь заавал угаах хэрэгтэй.
8. Хэтэрхий өтгөн үс
Өтгөн үстэй эмэгтэйчүүд гайхалтай дур булаам харагддаг ч хэтэрхий их үс тань таньд “ачаа” болоод байна уу? Тэгвэл хамгийн сайн арга бол зөв үсний засалт. Үсийг шингэлэн, нүүрний хэлбэрт тохируулан засахын төдийд л хүнд, өтгөн үсний зовлонгоос ангижрах ба хуучных шигээ дур булаам байдлаа хадгалж үлдэх боломжтой юм. Үсийг зөв хэлбэр гаргаж засвал ямар ч үс сайхан харагдах боломжтой гэдгийг санаарай.
9. Үхмэл өнгөтэй үс
Үсний гадна давхраа эрүүл байх үед гэрэл тусан хугарч үс гялалзан өнгө нь гэрэлтдэг. Үс хэдий чинээ эрүүл байна, төдий чинээ сайхан өнгөтэй, гялалзана гэсэн үг юм. Элдэв химийн бодисууд, халуун индүү, хайч гэх мэт нь үсний гадаад давхрааг гэмтээн гялалзах чадварыг бууруулдаг байна. Үсэндээ халуун хэрэгслүүд хүргэхийн өмнө үсийг чийгшүүлж хэт халуунаас сэргийлдэг спрэй бүтээгдэхүүн хэрэглэх нь үсний гадаад давхрааг хамгаалахад туслана.
10. Ургадаггүй үс
Үс чинь чиний хүсдэг шиг уртаас урт ургаж өгөхгүй байна уу? Хүн бүрийн үс ургахдаа ижилгүй ба унатлаа хэр урт ургадгаар нь хүний үсний ургалтын уртыг тодорхойлно. Хэрэв таны үсний ургалтын урт богино бол та үсээ тухайн уртаас илүү гарган ургуулах тун ярвигтай. Зарим хүний хувьд тэр нь мөр хүрсэн урт л байдаг. Үүний эсрэг хийж чадах зүйл барагтай л байхгүй ч үсний ургалтыг дэмжигч бүтээгдэхүүнүүд, сармисны хандтай шампунь хэрэглэвэл үр дүнтэй. Гэвч үснийхээ ургалтын урт хүртэл нь эрүүл байлгаж хугарахгүй байх тал дээр анхаарвал өөрөө илүү ургах боломжтой.
11. Үс ширэлдэн орооцолдох
Үсний гадарга үрэгдэн гэмтсэн үед үс маш ихээр ширэлддэг. Үсний ширэлдээс гаргахад зөөлнөөр самнаж гэмтээхгүйг хичээгээрэй. Мөн тухайн хэсэгт багахан ангижруулагч хэрэглэн самнавал сам тань гулгаж үс гэмтэхгүй.
12. Тослогтох
Xэрэв та цахиурын [силиконы] хэмжээ ихээр агуулагдсан үсний вакс гель мэтийн бүтээгдэхүүн тогтмол хэрэглэдэг бол магадгүй тэдгээрийн орц найрлагаас болж таны үс их тос ялгаруулдаг байж болзошгүй. Хуурай шампунь нь үсний илүүдэл тослогийг шингээн авч үсний эзлэхүүнийг нэмж харагдуулдаг.
13. Хуурайшилт
Та хуурай үстэй байх түмэн шалтгаан бий: xимийн урвалд орсон байх, үргэлж бассеинд орох [хлортой усанд орох] үс хатаагч сэнс хэт их хэрэглэх, эсвэл бүр удмынх ч байж болно. Хуурайшилт үсэн дахь ус төрөгчийн нэгдлийг багасган үс самнахад үзүүлдэг эсэргүүцлийг бууруулдаг тул үс гэмтэхэд хүрдэг. Чигшүүлэх үйлчилгээтэй шампунь, ангижруулагч үсийг омега 3-аар хангаж гаднаас нь дотогш чийгшүүлж зөөлөлдөг тул танд гарцаагүй тусалж чадна.
14. Өнгөө алдаж гандах
Ус үсний өнгийг гандаадаг гэвэл итгэх үү? Үнэндээ бол үсний өнгө алдалтын 80% нь зөвхөн уснаас болдог. Үс усыг шингээж аваад, ус хатахад үсний будагч хамт хатдаг. Хэрэв та өдөр болгон үсээ угаадаг бол одооноос ядаж 1 өдөр өнжөөд угааж байгаарай. Үс угаалтын хоорондох хугацааг уртасгахын тулд хуурай шампунь ашиглаад үзээрэй.
эх сурвалж: everyday.mn