Энергийн гэх ундаануудыг хүн төрөлхтөн бий болгоод тун удаагүй байна. Гэхдээ энэхүү ундаанд ордог орцуудыг мэдрэлийн системийг сэргээхийн тулд эртнээс хэрэглэж ирсэн уламжлалтай. Өдгөө энэ төрлийн ундаа нь хүмүүсийн дунд тун эрэлттэй болж кофег орлохуйц хэмжээнд хүрлээ. Ганц лааз энергийн ундаа уугаад л та эргээд цовоо сэргэлэн болж зогсоо зайгүй ажиллах хүсэл төрдөг нь нууц биш билээ. Угаас өнөөгийн стресс ихтэй нийгэмд чухал хэрэгцээтэй зүйлийн нэг нь яах аргагүй энерги мөн юм гэж үзэх нь ч бий.
Энергийн ундаа үйлдвэрлэгчид өөрсдийн бүтээгдэхүүнийхээ ач тусыг сурталчлахын зэрэгцээ шинэ төрлүүдийг олноор нь үйлдвэрлэх боллоо. Тийм л ашиг тустай бүтээгдэхүүн мөн юм бол яагаад зарим орон түүнийг хориглох болов. Энэ талаар мэдээлэл өгөхийг хичээлээ.
Энергийн ундааны эерэг талууд
Энэ төрлийн ундаанууд хүнийг цовоо сэргэлэн болгож, оюуны чадавхийг сайжруулан сэтгэл санааг нь дээшлүүлдэг. Энергийн ундаа нь дотроо 3 төрөлд хуваагддаг тул хүмүүс өөртөө тохирсныг худалдан авч болно. Зарим төрөл нь кофеиний найрлагатай байдаг бол зарим нь амин дэм, нүүрстөрөгчийн хольцтой байдаг. Кофеиний найрлагатай энергийн ундааг туйлын хөдөлмөрч, өдөр шөнөгүй сурч, ажиллаж байдаг хүмүүс хэрэглэхэд их тохирожтой гэнэ. Харин амин дэм болон нүүрстөрөгч агуулсан энергийн ундаануудыг биеийн тамираар хичээллэдэг хүмүүс уувал зохилтой аж. Нэг аяга кофений үйлчилгээ 1-2 цаг байдаг бол энергийн ундааных 3-4 цаг байдаг аж. Үүнээс гадна энергийн бараг бүх төрлийн ундааг хийжүүлсэн байдаг учир хүний биед түргэн хугацаанд үйлчилж чаддаг нь кофеноос ялгарах чухал хүчин зүйлд тооцогддог байна. Мөн кофе, цайг бодвол энергийн ундаанууд эвтэйхэн савалгаатай учраас хаана ч, хэдийд ч хэрэглэхэд тохиромжтой байдаг гэсэн давуу талуудтай.
Энергийн ундаанууд эерэг үйлчилгээтэй мэт боловч сөрөг талуудтай аж. Юун түрүүнд, энэ төрлийн ундааг өдөрт 2 лаазаас илүү хэтрүүлж болдоггүй юм байна. Зарим эмч бол бүр 1 лаазаас хэтрүүлж болохгүй гэж сануулсан нь ч бий. Хэтрүүлсэн тохиолдолд цусан дахь чихрийн хэмжээг өсгөхийн сацуу даралт ихэсгэдэг аюултай аж.
Энэ төрлийн ундааг Франц, Дани, Норвеги зэрэг оронд албан ёсоор хориглосон байдаг бөгөөд эмийн төрөлд багтаан үздэг учраас зөвхөн эмийн сангаар худалдаалахыг зөвшөөрдөг байна. Өнгөрөгч сард ОХУ-ын Төрийн Думын гишүүд ч энергийн ундааг хориглох тухай хуулийн төслийг өргөн бариад байгаа. Харин өнгөрөгч оноос Шведэд энэ ундааны улмаас хүмүүс нас барсан байж болзошгүй хэмээгээд үхлийн шалтгааныг шалгаж эхэлсэн юм. Тодруулбал, нэгэн үдэшлэг дээр энэ ундааг архитай хольж ууснаас 3 залуу нас барсан аж. Харин Ирландын сагсан бөмбөгийн 18 настай тамирчин Росс Куни энергийн ундаанаас 3 лаазыг уугаад тэмцээний талбай дээрээ нас барсан эмгэнэлтэй хэрэг гарсан.
Энергийн ундаан доторх амин дэмүүд монголчуудын хэлж заншсанаар витаминий комплексийг орлож чадахгүй гэнэ.
Зүрх судасны өвчтэй болон даралт багатай эсвэл даралт нь ихэсдэг хүмүүст тохиромжгүй. Жирэмсэн эмэгтэйчүүд огт хэрэглэж болохгүй аж. Бага насны хүүхэд, өсвөр үеийнхэн энэ ундаанаас зайлсхийх ёстой гэнэ. Учир нь глюкоз, кофеиний агууламжтай энергийн ундаанууд залуу бие махбодид тун хортой гэж үздэг байна.
Энергийн ундаа гэхээр бидэнд энерги өгдөг гэсэн хэрэг огт биш аж. Өөрөөр хэлбэл, эдгээр ундаанд энерги гэх зүйл огт байхгүй, бид өөрсдийнхөө нөөц энергийг л ашигладаг аж. Нэг үгээр хэлбэл, бид өөрсдийнхөө энергийг зээлээр авдаг гэсэн үг гэнэ. Тиймээс хэзээ нэгэн цагт эргүүлээд ядаргаа, нойргүйдэл, уур уцаар зэрэг “хүү”-тэй нь хамт төлдөг учир энергийн ундааны үйлчилгээ гарсны дараагаар сайтар амрах хэрэгтэй гэнэ.
Хүмүүс кофеинд амархан дасч, байнга хэрэглэх зуршилтай болдог нь үнэн. Кофег байнга уудаг хүмүүс үүнийг сайн мэднэ. Нөгөө талаар, энергийн ундаан дахь кофеин нь хүний цуснаас 3-5 цагийн дараа туугдаж алга болдог гэдэг ч үнэн хэрэгтээ тэн хагас нь цусандаа үлддэг байна. Тиймээс тэр үед нь кофе, цай зэрэг ундааг уувал нэг өдрийн нормоо хэтрүүлсэн хэрэг болох нь.
Энергийн ундааны олонх нь В амин дэмийг ихээр агуулдаг учраас зүрхний цохилт олшрох, гар салганах зэрэг сөрөг үзэгдэл ажиглагддаг байна.
Фитнессээр хичээллэдэг хүмүүс кофеинийг шээс сайн хөөлгөдөг үйлчилгээтэй гэдгийг нь мэддэг биз ээ. Тэгэхээр фитнессээр хичээллэсний дараа энергийн ундааг ууж болохгүй гэсэн үг юм байна. Учир нь дасгал хийх явцад их хэмжээний шингэн гадагшилдаг. Тиймээс шингэний дутагдалд орох аюултай. Мөн цусны даралт ихсэх эрсдэлтэйг анхаарна уу.
Энергийн ундаанууд таурин, глюкуронолактон гэсэн бодисуудыг агуулдаг. Нэг лааз ундаан дахь тауриний хэмжээ байх ёстой хэмжээнээсээ хэд дахин их байдаг бол 2 лааз энергийн ундаан дахь глюкуронолактоны хэмжээ нь хоногт авбал зохих хэмжээнээс 500 дахин их байдаг аж. Эрдэмтэд хүртэл эдгээр бодис хүний бие махбодид яаж нөлөөлдөг, кофеинтэй хэрхэн нэгддэг талаар ойлголт алга. Тиймээс ийм өндөр тунгаар хэрэглэх нь эрсдэлтэй алхам гэж үзэж байгаа аж.
эх сурвалж: emegteichuud.mn