Монгол Улсын Шүүхийн ерөнхий зөвлөл, Итали Улсын Шүүхийн дээд зөвлөлийн хооронд 2014 онд байгуулсан хамтын ажиллагааны санамж бичгийн дагуу Монгол Улсын анхан болон давж заалдах шатны нийт 9 шүүгч Итали Улсын шүүхийн тогтолцоо, шүүхийн бие даасан, шүүгчийн хараат бус байдал, шүүх эрх мэдэлд холбогдох эрх зүйн зарим зохицуулалтын онцлог зэргийг танин мэдэх, мэдээлэл солилцох, туршлага судлах зорилгоор Итали Улсад богино хугацааны сургалтад хамрагдлаа. Тухайн сургалтын хүрээнд олж авсан танин мэдэхүйн зарим мэдлэг, мэдээллийг дараах байдлаар товчлон танилцуулж байна.
Итали Улсын Шүүхийн Дээд зөвлөл ба шүүхийн төсөв, сургалт
Шүүхийн Дээд зөвлөл нь Шүүхийн бие даасан, шүүгчийн хараат бус байдлыг хангах чиг үүрэгтэй ба тус зөвлөлийг Итали Улсын Ерөнхийлөгч нь тэргүүлдэг.
Тус зөвлөл нь шүүхийн төсөв, шүүгчийн сонгон шалгаруулалт, шүүгчийн ёс зүйн хариуцлага зэрэг бүхий л асуудлыг шийдвэрлэдэг.
Шүүхийн төсөв нь Улсынхаа төсвийн 1 хувь байх ба шүүгчдийн цалин нь 2300-7000 евро, шүүгчдийнхээ цалингийн хэмжээг Дээд зөвлөл тогтоох ба шүүгчээр ажилласан жил ахих тусам цалингийн хэмжээ нь нэмэгддэг журамтай.
Шүүгч нарын мэргэжлийн мэдлэг, ур чадварыг 4 жил тутамд үнэлдэг, 2 дахь удаа тухайн сорилтод муу үнэлгээ авсан тохиолдолд огцруулах асуудал үүсдэг.
Улсын прокурорын газраас шүүгч нарт холбогдох Ёс зүйн зөрчлийг шалгадаг, хариуцлага хүлээлгэх эсэх эцсийн шийдвэрийг Дээд зөвлөл гаргадаг.
Шүүгчийн албан тушаал дэвшихэд 8 жил ажилласан байх ёстой. Давж заалдах шатны шүүхийн шүүгч зэрэг дэвших шалгалтад тэнцээгүй бол анхан шатанд очихоос гадна, цалин нь буурна.
Тухайн шатны шүүхийн Ерөнхийлөгч (ерөнхий шүүгч) нь шүүгчийг албан тушаал дэвшүүлэхээр санал болгодог байх ба тухайн шүүгч сонгон шалгаруулалтад тэнцээгүй тохиолдолд 1 жилийн дотор дахин албан тушаал дэвших боломжгүй болдог.
Анх шүүхийн шүүгч болоход эрх зүйчээр 5 жил сурна, дараа нь 2 жил магистр суралцана. Насны хувьд 30 настай байхаас гадна нэмэлт шаардлагын хувьд жил бүр сургалтын курсүүдэд суралцсан байх ёстой.
Хууль зүйн сургуулийн төгсөх курсын оюутнууд шүүхэд 18 сар дадлага хийдэг байх дадлагын хугацаанд хүрсэн үр дүн, чадварыг нь үнэлэн шүүгчийн сонгон шалгаруулалтад оролцох эрх олгож болно.
Шүүгчийн сонгон шалгаруулалтын шалгалтын хувьд 3 бичгийн шалгалт, ярилцлага гэсэн хэлбэрүүдээр явагддаг байна.
Шүүгч нарын сургалтыг хариуцсан Дээд сургуультай ба жил бүр сургалтын курс, хөтөлбөрүүдээ зарладаг, эрх зүйн салбарын онол, практик, сэтгэл зүй, социологи, компьютер, эдийн засгийн болон бусад хэргийн материалыг хэрхэн унших, мөрдөх ажиллааны тактик зэрэг чиглэлээр сургалтууд явагддаг.
Сургалтад заавал суух үүрэггүй боловч шүүгчийн зэрэг ахиулах, албан тушаал дэвшихэд нөлөөлөх тул шүүгч нар сургалтад биечлэн болон ажлын байдлаас шалтгаалан цахим хэлбэрээр бүртгэгдэн оролцдог байх ба 1 жилд ойролцоогоор 7 удаа сургалтад хамрагддаг.
Мэргэжлийн шүүгч бус хуульчид тус сургалтад хамрагдаж, шүүгч болох шалгаруулалтад орж болдог байна.
Иргэний хэргийн анхан шатны шүүх
Тус шүүх нь дотроо хэрэг маргааны төрлөөр тухайлбал, хөдөлмөр, гэр бүл, компанийн гэх мэтээр хэсэгт хуваагддаг.
Хэрэг маргаан хянан шийдвэрлэх процесс ажиллагаа манай улсынхтай төсөөтэй байх ба гол анхаарах асуудал нь зарим хэргийг нэн даруй шийдвэрлэдэг, гэхдээ хэрэг хянан шийдвэрлэх дээд хугацаа 3 хүртэл жил, шүүхийн шийдвэрээ гаргах хугацаа нь доод 30 хоног, дээд хугацаа 120 хоног байна.
Иргэний шүүхийн шүүх хуралдаан заавал шүүх хуралдааны танхимд хийгдэхгүй байх ба шүүгч өрөөндөө хийж болдог, мөн иргэний шүүгч заавал өмсгөл хэрэглэх шаардлагагүй байдаг.
Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх
Мөрдөн шалгах ажиллагаа, хэрэг хянан шийдвэрлэх шүүх хуралдаан гэсэн 2 төрлийн үйл ажиллагаа явуулдаг.
Шүүхийн мөрдөн шалгах ажиллагаа гэдэгт баривчлах, цагдан хорих, гэрийн хорионд байлгах зэрэг таслан сэргийлэх арга хэмжээ авах асуудал, мөн мөрдөн шалгах зарим ажиллагааны (үзлэг, нэгжлэг, өмч хураах, нууц ажиллагаа зэрэг)зөвшөөрөл өгөх, мөрдөх ажиллагааг бүрэн гүйцэд явуулах чиглэл, даалгавар өгөх зэрэг шүүгчийн зөвшөөрлөөр хийгдэх мөрдлөгийн шинжтэй ажиллагаанууд хамаарна, тус ажиллагааг шийдвэрлэхэд улсын яллагч, өмгөөлөгч талуудын мэтгэлцээн, нотлох баримт чухал ба эцсийн шийдвэрийг шүүгч гаргана.
Мөрдөн шалгах ажиллагааны шүүгч нь 4 жилээс доош хорих ял оногдуулж болох гэмт хэргийг хянан шийдвэрлэж болно.
Хэрэг хянан шийдвэрлэх шүүх хуралдааны хувьд 10 жилээс дээш хорих ял оногдуулах гэмт хэргийн шүүх хуралдааныг 3 шүүгчийн бүрэлдэхүүнээр, бүх насаар нь хорих, 24 жил хорих ял оногдуулах хэргийг 2 мэргэжлийн шүүгч, 6 иргэдийн төлөөлөгчийн бүрэлдэхүүнтэй шийдвэрлэнэ, бусад гэмт хэргийг шүүгч дангаар хянан шийдвэрлэнэ.
Талууд ял тохиролцох боломжтой.
Хар тамхи, мансууруулах бодистой холбоотой гэмт хэргийг анхан шатны шүүх шийдвэрлэхгүй.
Бүрэлдэхүүнтэй тохиолдолд шүүх хуралдааныг Ерөнхийлөгч (ерөнхий шүүгч) эсхүл ахлах шүүгч даргална, баруун гар талд нь ахлах шүүгч, зүүн гар талд нь залуу (шинэ) шүүгч сууна.
Прокурор, өмгөөлөгч нар шүүх бүрэлдэхүүний эгц өмнө зэрэгцсэн байдлаар сууж, мэтгэлцдэг, прокурор, өмгөөлөгч нь өмсгөл өмсдөг, өмсгөлийнх нь мөрөн дээр байгаа шар өнгийн нэг ба түүнээс дээш цацагууд байх ба энэ нь туршалагтай, ахмад гэсэн зэргийг илтгэдэг байна.
Шүүгдэгч нь шүүх хуралдаанд оролцохгүй байж болно.
Эрүүгийн шүүх хуралдааныг хаалттай, нээлтэй явуулах эсэхийг хуралдаан даргалагч шийдвэрлэнэ, ховор тохиолдолд шүүх хуралдааныг телевизороор бүрэн, хэсэгчилсэн байдлаар гаргах, дуу хураагуур хэрэглэхийг зөвшөөрдөг байна.
Шүүх хуралдааны дараа хэргийн талаар олон нийтэд мэдээлж болдог.
Хөнгөн гэмт хэргийг мөрдөх хугацаа 6 сар, хүнд гэмт хэрэгт 1 жил ба 2 жил хүртэл хугацаагаар сунгаж болно, сунгах эсэхэд шүүхээс зөвшөөрөл авна.
Таслан сэргийлэх арга хэмжээний хувьд оршин буй газраа орхихгүй байх, цагдаагийн байгууллагад биеэр бүртгүүлэх, өөр газар байршуулах, гэр бүлийн гишүүдтэйгээ уулзахгүй байх, гэр бүлийн гишүүдийн оршин байгаа газраас хол байхыг даалгах (гэр бүлийн хүчирхийлэгчийн хувьд), гэрийн хорионд байлгах, цагдан хорих гэсэн төрөлтэй.
Цагдан хорих хугацааны хувьд 6 жилээс доош ял оногдуулж болох гэмт хэрэгт 2 жил, 6-20 жил хорих ял оногдуулж болох гэмт хэрэгт 4 жил, бүх насаар нь хорих ял оногуулж болох гэмт хэрэгт 6 жил хүртэл байна.
Цагдан хорих үндэслэлийн хувьд оргон зайлах, дахин тухайн буюу өөр гэмт хэрэг үйлдэж болзошгүй, хамт буй эсхүл эсрэг талын хүмүүсийг гэмтээж болзошгүй зэрэг нийтлэг нөхцөлтэй.
Гэмт хэргийг хөнгөн, хүнд гэж ангилдаг. Ялын хувьд торгох, хорих гэсэн төрөлтэй. торгох ял нь хөнгөн гэмт хэрэгт 20-10,000 евро, хүнд хэрэгт 50-50,000 евро, хар тамхи, мансууруулах бодистой холбоотой гэмт хэрэгт 50-260,000 евро, хорих ялын хувьд хөнгөн гэмт хэрэгт 5 сараас 3 жил, хүнд гэмт хэрэгт 3 жилээс 24 жил, бүх насаар нь хорих боломжтой.
Давж заалдах шатны шүүх
Иргэн, худалдаа, Эрүүгийн хэргийн гэх зэргээр дагнасан шүүхүүдтэй. Хэрэг хянан шийдвэрлэх процесс ажиллагаа манай улсынхтай төсөөтэй байх ба зарим тохиолдолд зарим хэргийг Дээд шүүх рүү шилжүүлэх зохицуулалт үйлчилдэг байна.
Дээд шүүх
Дээд шүүх нь одоогоор 259 шүүгчтэй, шүүгч нар нь дотроо хэрэг маргааны төрлөөр буюу салбаруудад харъяалагддаг, харин 67 шүүгч нь энгийн буюу онол, практикийн судалгааны чиглэлээр ажилладаг.
Дээд шүүх нь бусад шүүхүүдээ мэрэгжлийн удирдлага, зөвлөмжөөр хангах, мөн гэмт хэргээс урьдчилан сэргийлэх бодлого тодорхойлоход анхаарлаа хандуулдаг.
Дээд шүүх ямар хэргийг хянан хэлцэхийг Үндсэн хуульдаа зааж өгсөн байх ба хүний эрхэд халдсан ноцтой гэмт хэргүүд, эдийн засгийн томоохон гэмт хэрийг харъяалуулсан байдаг байна.
Бусад зарим мэдээлэл
Анхан шатны шүүх, өмгөөлөл нь мэдээлэл зүйн нэгдсэн системтэй. Уг системийг хууль зүйн яам нь хариуцдаг. Давж заалдах шатны шүүх нь туршилтын шатанд байгаа. Дээд шүүх нь мэдээллийн нэгдэн системд бүрэн шилжээгүй аж.
Шүүхүүд мэдээллийн нэгдсэн системд шилжих нь чухал ач холбогдолтойг онцлон анхаарч байгаа гэх ба хүндрэлтэй нэг асуудал нь шүүгч нарынх нь нас дийлэнхдээ өндөр байгаа явдал, гэхдээ тэдэнд компьютер, техник технологийн мэдлэг олгох шат дараалсан сургалт явуулах шаардлагатай үүссэн байна.
Мөн Европын холбооны хууль тогтоомж нь гишүүн улсуудын шүүхээс тухайн улсынхаа хуулийг хэрэглэхэд шууд нөлөөлөхгүй, харин Европын холбооноос тухайн гишүүн улсдаа хууль тогтоомжоо Европын холбооны хууль тогтоомжид нийцүүлэн өөрчлөх, боловсронгуй болгох чиглэл, зөвлөмж, даалгавар өгдөг аж.
Товч дүгнэлт
Итали Улсын шүүхийн эрх зүйгээс санаа авах, судлах асуудлууд бага бус байна гэж үзэж байна.
Шүүхийн төсөв нь улсынхаа төсвийн 1 хувь байх, мөн шүүгчдийн цалинг Шүүхийн Дээд зөвлөл нь тогтоох, шүүгчийн ажилласан жилээсээ хамааран шүүгчийн цалин хангамж ялгаатай байх зэрэг нь шүүхийн бие даасан, шүүгчийн хараат бус байдлыг хангахад чухал ач холбогдолтой зохицуулалт байна.
Мөн иргэний шүүхийн хувьд хэрэг хянан шийдвэрлэх, шийдвэр гаргахад “урт хугацаа” заасан нь нэг талаас хэргийн ачааллыг шүүгчийн орон тоог “их хэмжээ”-гээр нэмэх замаар зохицуулах бус харин хэрэг хянан шийдвэрлэх, шийдвэр гаргах хугацааг сунган зохицуулах, нөгөө талаас шүүгчийн эрүүл мэндийг хамгаалахад чиглэгдсэн бодлогын шинжтэй асуудал гэж үзэж болохоор байна.
Шүүхээс хэрэг хянан шийдвэрлэх хугацааг Итали Улс шиг тийм урт хугацаа заах шаардлагагүй байж болох ч бас одоо байгаа хугацааг “зохистой хэмжээ”-гээр нэмэгдүүлэх, мөн шүүхийн шийдвэр гаргах хугацааг доод тал нь ажлын 15 хоног болгох гэх мэт зохицуулалт хийх шаардлагатай юм.
Эрүүгийн хэрэгт хүний эрхийг хязгаарлахад чиглэгдсэн мөрдөн байцаалтын болон бусад ажиллагааг гагцхүү шүүхийн зөвшөөрлөөр явуулж байгаа нь зайлшгүй чухал зохицуулалт ба энэ асуудлыг Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн шинэ төслөөр оновчтой, зөв шийдвэрлэх асуудал юм.
Торгох ялыг мөнгөн дүнгээр шууд заасан, мөн гэрийн хорионд байлгахыг ялын төрөлд оруулаагүй байна. Гэтэл манай Эрүүгийн хуулийн төсөлд торгох ялыг “тооцооны нэгж” гэх иргэдэд ойлгомжгүй, хэрэглэхэд маргаан үүсгэх байдлаар заасан, мөн гэрийн хорионд байлгах гэх асар их зардал, хүн хүч шаардах мөн хөдөө орон нутагт хэрэглэх боломжгүй ялын төрлийг бий болгосон зэргийг эргэн харах нь зүйтэй юм.
Бусад анхаарах, санаа авах, харьцуулан судлах олон асуудал байгаа болно.
Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн
Эрүүгийн хэргийн хан шатны шүүхийн шүүгч Г.ГАНБААТАР,
Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн
Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.БИЛГҮҮН