Хүмүүнлэг үзэл нь хүн төрөлхтөний нийтлэг эрхэмлэл болохын хувьд дорно дахины ард түмний сэтгэлгээ, ахуй амьдралд чухал байр суурийг эзэлсээр иржээ. Тухайлан өгүүлбээс, энэтхэг орноо анхлан үүсч хожим азийн ихэнх улс оронд түгэн дэлгэрсэн эх болсон зургаан зүйл хамаг амьтныг энэрэн нигүүлсэх бурханы шашны сургаал болно. Монголчууд буддын шашныг өөрийн нутагт идээшүүлэн монголын гэж хэлж болохоор хөгжүүлэн гүнзгийрүүлэхдээ энэ л үзэл санааны хүрээ хязгаар дотор хүмүүнлэг ёсны сургаал номлолыг улам боловсронгуй болгож,түүнийгээ олон зуун жилээр өөрсдийнхөө ахуй амьдрал, байгаль дэлхийг хайрлах ёс зүйн чиг баримжаа болгож иржээ.
Аливаа шашны үндэс хийгээд зорилго нь хүмүүнлэг энэрэнгүй үйл хэргийг бүтээх, хүмүүсийн амар тайван, энх амгалангийн тухай билээ. Тиймээс шашны ёс суртахууны сургаал номлолын гол зүйл хүмүүнлэг, энэрэнгүй, нигүүлсэхүй байдаг. Харин философийн түүхэн дэх гуманизмын үзлээр бол хүн ямар ч шашин шүтлэггүйгээр ёс зүйтэй, утга төгөлдөр амьдарч чадна. Бүх зүйл санамсаргүйгээр өөрөө үүсэн бүрэлдсэн, мөн тийнхүү л дуусаж болно. Хүн л бүхнийг бүтээсэн. Хүн л бүхнийг шийднэ” гэсэн шашингүй, бурхангүй үзэл онолыг номлодог. Орчин үед ч мөн адил!Энэ үзэл санааны үүднээс авч үзвэл Будда бүтээгч бурханы тухай номлоогүй харин хүний бурхан болох чадварт итгэж хутагт билгүүний чинад одон гэгээрэх арга замыг айлдсанаар хүний өөрийн боломжид итгэхийг үндэслэж өгсөн. Буддын сургаалд
Эртний сударт өгүүлсэн гэж бүү итгэ
Бурхан хэлсэн гэж бүү итгэ
Хэн нэгэн итгэж байна гэж бүү итгэ
Зөвхөн өөрийн үзэл мэдлээр итгэж дүгнэ
Өөрийн туршлага бол хамгийн сайн багш гэж сургасанаар хүмүүнлэг юм.
Орчин үед хүний болоод хүн төрөлхтөний хөгжил бол хэрхэн өөрсдийнхөө ахуй ертөнцийг хөнөөхгүй байх, хэрхэн байгаль орчиндоо хэрхэн хүмүүнлэг хандах вэ, улс үндэстэнүүд хэрхэн эв найртай зэрэгцэн орших вэ гэсэн нэгэн зорилгын өмнө тулж ирсэн үүнтэй холбоотойгоор шашин бол хүний итгэл бишрэлийн үнэт зүйл, ёс суртахууны төлөвшлийн бас нэгэн томоохон талбар болохын хувьд ихээхэн үүрэгтэй болох нь дамжиггүй.
Шашин нь ёс суртахууны хувьд хүнлэг энэрэнгүй үзлийг дээдлэн, ёс суртахууны төлөвшил, итгэл үнэмшил өгдөгөөрөө үзэл санааны хувьд хүмүүнлэг зорилгод чиглэдэг. Бид тэнгэр шүтлэгтэй бөөгийн соёл, yламжлалаас буддын шашныг нийтээрээ дээдлэн үзэх болсонтой холбогдон монгол хүний төлөвшил, хүмүүжилд өөрчлөлт гарсан төдийгүй хүнийг үзэх үзэл санаа, сэтгэлгээнд ч томоохон хувьсал гарсан юм. Хүн төрөлхтөний түүхэнд дэлгэрсэн шашнуудаас ялангуяа буддын шашны номлол сургаал нь аливааг өрөвдөх хайрлах, энэрэн нигүүлсэх, ёс суртахууны гол элемент болсон хүнлэг энэрэнгүй байхыг номлосон. Энэ нь монгол хүний хүнлэг ёс, хүн чанарын тухай ойлголтыг улам гүнзгийрүүлж, хүнийг хайрлах, энэрэх, асрах, өрөвдөх нинжин сэтгэлийг бий болгоход эерэг нөлөө үзүүлсэн болно.
Философийн хүрээлэн П.Мягмарсайхан