“Нисдэг данх” гэхээр “Шандын навтгар саарал байшин нүдэнд харагддаг юм даа” хэмээн Дорноговийн Сайншандад амьдарч байсан түрүү үеийнхэн ярьдаг байна.
Гэтэл түүнтэй адил төстэй юм ярьж, “Тэр бүгдийг даруулж, хариулга хийлгэхгүй бол хорлолд өртөөд байдаг юм билээ. Би бол хий гүйдлийн хорлолд өртсөн хүн шүү дээ. Намайг хүн сүхээр цохисон. Би зөрүүлээд жижиг модон сандлаар цохисон. Тэр хүн үхсэн. Гэтэл миний цохиулсан газар улайгаа ч үгүй. Ингээд би хүн алсан гэмт хэрэгтэн болсон. Одоо ч айдас төрөөд, учрыг огт олдоггүй юм. Хашаа, байшин солих, буурь сонгох, сэлгэхдээ маш анхааралтай байхгүй бол газрын догшин судал гүйдэл таарах юм бол аюултай юм гэдгийг л ойлгоод байна. Түүнээс биш бид хоёр хэрэлдээгүй. Зүв зүгээр юм яриад л сууж байсан хүмүүс шүү дээ…” хэмээн харамсан, халаглаж суугаа хүн ч байна.
Энэ жил 60 нас хүрсэн Надмид гэх хөгшин арван жилийн өмнө хорих ялаар шийтгүүлжээ. Гуч шахам жил ханилсан өвгөн нь хорвоогийн мөнх бусыг үзүүлснээс хойш Надмид гуайн бие чилээрхэж, нэг хэсэг эмнэлэгт хэвтсэн байна. Гурван хүү, хоёр охины ээж энэ хөгшин бага охиныхоо ууган охинтой хамт амьдардаг болохоор зээдээ санаа зовниж, эмчилгээгээ дуусгалгүй эмнэлгээс гарах нь энүүхэнд. Эх хүн болсон хойно эрвийж, дэрвийтэл өсөөд тусдаа гарсан хүүхдүүддээ хүртэл санаа зовнино. Бага охин Одгэрэл нь анхныхаа нөхрөөс салж, хоёр дахь амьдралаа зохион дахин хоёр хүүхэд төрүүлсэн боловч хүргэн Нямцэрэн нь тийм ч сайн хүн биш болохыг алхам тутамдаа анзаарч, охин болон бага насны хоёр зээдээ санаа зовох нь их байжээ. Надмид охин Одгэрэлийнхээ том охиныг “Хойд эцгийн царай харуулахгүй” гэсэндээ ч биш “Хүний хүүхдэд эцэг нь болж чадахгүй хүн” гэдгийг мэдэрсэн учраас өөр дээрээ авсан байна.
Уг нь Нямцэрэнг багаас нь сайн мэдэх, эх, эцэгтэй нь нэг нутгийнх учраас охинтойгоо суухад таагүй хандах учиргүй гэдгээ мэдэвч хүргэн болж ирсэн түүний зан авир Надмидын санаа, сэтгэлийг эхнээсээ зовоож байжээ. Нэг удаа эмнэлэгт сар гаруй хэвтэж эмчлүүлээд гарч иртэл:
– Танайх хэзээ нүүх гэж байна? Бид нар бас өдөр судраа харж, хүн амьтанд үзүүлж байгаад нүүж ирэх гэсэн юм. Тэгээд ч хашаа байшинд сэлбэж, засах юм их байна гэжээ. Бараг суудал дээрээ цус харвах дөхсөн Надмид гуай юу болсныг охинтойгоо ярьж ойлгосон байна.
– Нямка машинаа солих гээд мөнгө нь хүрэхгүй болохоор хашаа байшингаа зарсан. Байрлал сайтай, том хашаа, байшин учраас өндөр үнээр зараад, илүү гарснаар нь та хоёрт жижгэвтэр юм аваад өгье гэж бодсон юм. Ийм тайлбар сонсож, 10 сая төгрөгийг авсан Надмид,
– За яахав дээ, охин минь. Чамд хань болж, аятайхан байвал болох нь тэр. Үеийнхэн нь гял, цал болсон машин унаж давхиад явахаар тэр хүн ч бас унаа унахыг, сайхан явахыг бодолгүй яахав. Ээждээ эртхэн хэлж бай… хэмээн хэлсэн аж. Тэрбээр хадгаламжнаасаа мөнгө нэмэн байж бүр илүү том байшин, хашаа авчээ.
– Үзэхээ үзээд, хийхээ хийсэн би өөртөө зориулж тийм томыг сонгоогүй юм. Муу зээдээ үлдээх юм. Үнэтэй, гайгүй юм байг гэж бодсон. Ийм холыг бас үр хүүхдээ гэсэн энэрэл хайр дүүрэн сэтгэлээр Надмид гуайн сонгосон байшинг хүргэн Нямцэрэн нь хараад,
– Хумсаа нуусан муур шиг. Энэ том байшинд ясаа тавих гээгүй юм бол яадаг байна аа. Мөнгөө харамлаад, дараад хол явах байх даа… гэхчлэн элдвийн үгээр аашилж, загнан агсам тавьжээ. Энэ үед Надмид голдоо ортол гомдсон ч үг хэлэлгүй өнгөрсөн байна. Гэвч охин Одгэрэл нь ажил хийхгүй хоёр хүүхдээ харан гэртээ сууж, архины үйлдвэрт борлуулалтын менежер хийдэг гэх хүргэн нь ганган машин унаж, гоёж гоодон, архидаж давхиад байгаад сэтгэл зовдог байжээ.
– Миний охин, ажилд ор. Насаараа чи энэ хүний хараат явах хэрэг үү? Эсвэл эртхэн сал.
– Нямка хардаад бөөн юм болно. Хоёр хүүхдээ өстөл гэртээ байж л байя…
Ээж, охин хоёрын дунд байн байн ийм яриа өрнөдөг бөгөөд Нямцэрэнг жаахан өөлж, муу хэлбэл Одгэрэл уурлаж, түүнийг жигтэйхэн өмөөрдгийг мэдэх болсон Надмид,
– Надад тус дэм болох юм бага. Энэ муу охиноо нэг сургууль төгсгөөд мэргэжилтэй болгочих юмсан гэж бодох юм. Эмэгтэй хүн ажилгүй, анхиагүй байх тусмаа уруудаж, доройтдог юм шүү. Гэхдээ та хоёрыг би суулгаагүй. Тэгээд ч чи цаадхыгаа надаас дээгүүр тавьж өмөөрдөг учраас би юу хэлэх вэ. Өөрийгөө, хоёр хүүхдээ сайн бодоорой хэмээн охиндоо гоморхсондоо бас түүнийг хайрласандаа хэлдэг байжээ.
Шинээр авсан хашаа, байшингаа додомдож, улам тохилог болгоод зээ, эмээ хоёр хэвийн сайхан байтал:
– Наадахь чинь сүнстэй байшин. Чиний толгойг авна даа, харж л байгаарай. Яасан их мөнгөтэй, ямар их том тохилог байшин сонгодог амьтан бэ? Би энэ байшинд чинь эхнэр, хүүхдээ оруулахгүй. Энэ чинь муу ёрын байшин гэж ирээд согтуу ирж мөнгө нэхсэн хүргэн нь баахан элдвийн үг хэлжээ. Арайхийн Нямцэрэнг явуулчихаад Надмид хэлсэн үгнээс нь жаахан жийрхээд бас хэд хэдэн удаа хачин юм харснаа бодоод, сэтгэлээ засан сан тавьж ариулаад унтаж амарсан байна.