О.Баасанхүү: Сайд болохгүй, Баярцогттой нэг ширээний ард суухгүй гээд хэлчихсэн

Монгол Улсын Их Хурлын гишүүн, Өргөдлийн байнгын хороон дарга О.Баасанхүүтэй улс төрд сүүлийн үед өрнөж буй асуудлуудаар ярилцлаа.

174981456653a932eb2d11

-Хэдхэн хоногийн өмнө УИХ–аас 2016 оны улсын төсвийг хэлэлцэн баталлаа. Чанга, оновчтой төсөв болж чадсан уу?

-2008-2012 оны төсөв бол хийх боломжгүй, хий зүйлд их хэмжээний мөнгө тусгасан “хөөсөрсөн” төсөв байсан. Хоол, унаа гэх аар саархан зүйлд төсвийн мөнгөө барах тийм л агуулгатай. Энэ жилийн төсвийг гишүүд олон талаас нь хэлэлцэж, шүүж, удаан маргалдаж байж эцсийн дүндээ баталлаа. Яахав, эрх мэдэлтнүүдийн тансаглал, сул мөнгө зарцуулалтыг хумьсан, харьцангуй зөв зарцуулалтад чиглэсэн сайн төсөв боллоо гэж нэг өнцгөөс харж байгаа. Нөгөө талаас нь үзвэл, төсвийн таналт нэрийдлээр хүүхдийн мөнгөний санхүүжилтээс хасчихлаа. Баян айлын хүүхэд, дундаж орлоготой айлын хүүхэд гэж ялган мөнгө олгохоор болсон нь харамсалтай. Эхээс төрөхдөө тэд чинь би баян айлд, чи ядуу айлд гэж төрдөггүй шүү дээ. Монголын төр, эх орныхоо ирээдүйгээс мөнгө харамлаж байгаа нь утгагүй асуудал. Энэ үүднээс нь авч үзвэл дутагдалтай. Цалин тэтгэвэр нэмэх зорилгоор мөнгө төсөвлөгдөөгүй гэх мэт сул тал олон бий.

-Төсвийн таналт, тансаглал гэснээс гишүүдийн цалинг багасгаж төсвөө чангатгая гэхэд танаас эхлээд олон гишүүд эсэргүүцэж байсан. Би цалингаараа амьдардаг гэж ярьсан. Та үнэхээр цалингаара амьдардаг юм уу. Таныг хууль зүйн товчоо ажиллуулдаг гэж сонссон?

-УИХ–ын гишүүд сард нэг сая төгрөг авдаг. Шүүгчид сард гурван сая ба түүнээс дээш авдаг. Тэгэхээр гишүүдийн цалинг биш шүүгчдийн цалинг бууруулж таная гэвэл би дэмжих байсан. Би бол яг үнэндээ цалингаараа л ар гэрээ авч явдаг. Эхнэр хүүхдээ хараад хоёр жил гаруй ажилгүй суусан. Саяхнаас ажилдаа орсон. Одооноос өрхийн орлого маань сэргэж байна. Яахав бусдын адил амьдрах гээд нэг жижгэвтэр товчоо ажиллуулж байсан. Түүнээсээ хуримтлуулсан жаахан юм, цалин хоёроороо л амьдардаг. Яг яривал бидний цалин ч хүрдэггүй юм шүү. Нэг жишээ ярья. Саяхан надтай уулзах гээд нэг хөгшин ордонд орж ирсэн. Хөгшнийх нь бие муу. Эмчилгээ, эм тарианы мөнгө байхгүй. Ядаж байхад тэтгэврийн зээлтэй гэнэ. Тэгсэн өвгөнийг пүүзтэй гээд ордонд нэвтрүүлдэггүй гээд уйлаад манай өрөөний үүдэнд сууж байсан. Тэгээд гэр рүүгээ яриад надад наад цуглуулсан мөнгөөрөө ботинк аваад ир гээд ярьж байх жишээний. Би тэр өвгөнийг иргэн хүнийх нь хувиар, надад итгээд, өргөдлийн байнгын хороонд хандаад ирэхээр нь түүнийг хүндэтгээд уулзаж ярилцаад өөрөөсөө 200 мянган төгрөг өгсөн. Амьдрал үнэхээр хэцүү байна. Өөрийнхөө ар гэрээс гадна өрөөл бусдад би чинь тус хүргэж явна. Тэгэхээр миний амьдралаа залгуулдаг эх үүсвэрийг ядаж битгий багасгаач ээ гэдэг санааг л илэрхийлсэн юм.

-Монгол Улсын Үндсэн хуулийг өөрчлөх асуудал нэлээд эрчимтэй яригдах боллоо. Энэ парламентын бүрэн эрхийн хүрээнд өөрчилж чадах уу?

-Үндсэн хуулийг өөрчлөх үндсэн санаа нь зөв. Та нар бод доо. Үндсэн хуулийг товчилхоор “ҮХ” хууль болчихоод байгаа юм. Их засаг гэдэг нэршлээр “Их хууль”, эсвэл эцэг эхийн “Эх хууль” гэвэл ядаж ярихад хүртэл чихэнд сонсголонтой сайхан байгаа биз. Доторх бүтцэд хот тосгоны, Засгийн газрын гээд, хугацааны хувьд ч өөрчлөх зүйл бий. Ярих хэрэгтэй. Ард түмнээсээ асуулгүй шийдэв ээ гэхээр асууя гэж байгаа юм. Энэ нь зөв. Иргэд өөрсдийнхөө санаа бодлыг хэлэх нь зүй. Яагаад гэвэл Монгол үндэстнийг хамарсан хууль учраас тэр. Гэхдээ тулгаад Үндсэн хуулийн асуудлыг оруулж ирсэн. Засгийн газрын хэрэг эрхлэх газрын даргыг огцруулъя гэхээр нөгөөх эх цэцнийгээ өмгөөлж, авлигадаад, аргаа барсандаа энэ асуудлыг оруулаад ирсэн. Өөрчлөх үү гэвэл тийм л гэнэ. Юуг өөрчлөх вэ, ямар зүйл заалтыг өөрчлөх вэ гэдэг дээр саналаа өгч чадахгүй байна. Миний хувьд энэ асуудлыг нь шүүмжлээд байгаа юм. Ерөнхий нэг асуудлаар бол тийм, үгүй гэсэн хариултыг хэн ч өгчихнө. Заалт тус бүрээр гаргаж асуулга явуулаач ээ гэдэг зарчмын байр суурьтай байгаа. Тухайлбал 99 гишүүнтэй, таван жилийн бүрэн эрхийн хугацаатай байх нь зөв үү гэдэг ч юм уу. Энэ мэтчилэн задлах хэрэгтэй.

 1386560564d3f749a1f232

С.ЭРДЭНИЙН ХИЙСЭН ҮЙЛДЭЛ БУРУУ

-Таны хувьд УИХ-ын гишүүд 99 болж таван жилийн бүрэн эрхийн хугацаатай байх заалтыг дэмжиж байна уу?

-Яахав дэмжиж болох л юм. Гэхдээ тэд чинь ажил хийдэг бол сайн. Ажлаа мэддэг, ард иргэдийнхээ төлөө ажилладаг бол 99 бүү хэл 50 гишүүн байсан ч болно. Ажил хийж чаддаггүй, мөнгө иддэг, баяждаг, авлига авдаг бол 300 байгаад ч нэмэргүй. Хуучин тогтолцооны үед 400 гаруй депутаттай байсан л юм билээ.  Иргэдийг төлөөлөх бололцоогоор нь асуудалд хандвал зүгээр юм болов уу гэж үзэж байгаа. Би тухайлбал гурван байнгын хороонд харьяалагдаж. Уг нь, таван жилийн хугацаанд нэг байнгын хороонд тухайн асуудлаараа мэргэшээд явбал дээр. Асуудлаа ойлгоод, туршлагажаад явах нь зүйтэй байх. Долоо найман удаа сонгогдсон гишүүн бол ч яахав. Шинэ залуу гишүүддээ ийм боломжийг нээж өгөх хэрэгтэй. Гэхдээ үүнийг надаас асуух нь буруу. Харин иргэдээс, олон нийтээс асуух нь зөв. УИХ –ын гишүүн бол өөрийнхөө ашиг сонирхолд нийцүүлэн тийм л гэнэ.

-Ард нийтээс санал авах хугацаа нь богино байна гэж судлаачид үзэж байгаа шүү дээ?

-Тийм, үгүй гэсэн хоёрхон сонголттой ерөнхий асуудлын хувьд болно. Юу нь богиноддог юм. Харин зүйл заалт бүрээр нь асуулга явуулбал мэдээж богино хугацаа. Миний яриад байгаа хорин асуулттай асуулгад бол мэдээж тохирохгүй.

-С.Баярцогтыг огцруулъя гэдэг асуудлыг та нэлээд хүчтэй ярьж, УИХ болон Засгийн газарт мэдэгдэл хүргүүлээд байгаа. Зарим хүмүүс байнгын хороон даргын нэрээр хувийн үзэл бодлоо хүчтэй илэрхийлж байна гэх шүүмжлэлийг дагуулах боллоо. Түүнийг огцруулах нь таны туйлын хүсэл үү?

-Энэ асуудал дээр би хатуу хандаж байгаа юм биш. Өргөдлийн байнгын хорооны байр суурь хатуу байгаа гэдгийг онцлон хэлье. Байнгын хорооны 15 гишүүн бүгд санал нэгдээд огцруулах нь зөв гэсэн дүгнэлтийг гаргасан. Үүнд АН, МАН, эвслийн бүлгийн гишүүдийн бүгдийнх нь гарын үсэг зурсан баримт бий. Үүнийг ганцхан Баасанхүү гишүүнтэй холбож ярих нь өрөөсгөл юм. Энэ асуудлыг Монгол Улсын байнгын ажиллагаатай парламентын байнгын хорооны гишүүдийн гаргасан үндэслэл гэж ойлгох хэрэгтэй. Би бол байнгын хорооны даргын хувьд хорооныхоо гишүүдийн байр суурийг илэрхийлдэг.

-С.Баярцогт сайдыг огцруулахгүй бол эвслийг тараагаад ч хамаагүй заавал огцруулна гэж та хэлсэн. Гэтэл Засгийн газраас сайдаа хамгаалж, таныг энэ асуудлыг хөндөж тавих бүрт өөр хуулийн төслөөр хаалт хийгээд байх шиг?

Ер нь бол эвслийн бүлгийг тараагаад ч хамаагүй гэсэн л дээ. Бүлгийг тарааж бол болох юм билээ гурван гишүүн гаргаад. Эвслийг тарааж болохгүй юм билээ. Яагаад гэвэл хоёр намын төлөөллөөс бүрдсэн удирдах зөвлөлийнхэн ярилцаад гэрээ байгуулж бүлэг байгуулсан. Тэр удирдах зөвлөлд харамсалтай нь би багтаагүй. Эвслийг тараах эсэх асуудлыг удирдах зөвлөлийн тэр нөхдүүд шийдэх ёстой юм. Нэгэнт Баярцогтыг огцруулъя гэсэн байнгын хорооны тогтоол гарсан. Түүнийг Ерөнхий сайд биелүүлэх л ёстой. Биелүүлэх байх гэж найдаж байгаа, бас дахин шаардаж байгаа.

-Та байнгын хорооны даргын хувьд энэ асуудалд хандаж байгаа гэлээ. Саяхан ирвэс хамгаалах сангийн биологич залуу амь насаа алдсан, мөн “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн үйлдвэрчний эвлэлийн дарга өөрийгөө шатаасан хэргүүд шил дараалан гарлаа. Өргөдлийн байнгын хороонд хандсан санал, гомдлоо ирүүлж байсан гэж мэдээлэл цацагдсан шүү дээ?

-Ирвэс хамгаалагч залуугийн хувьд учир битүүлгээр амиа алдсан нь харамсалтай хэрэг болсон. Гэхдээ Өргөдлийн байггын хорооны зүгээс Тосон Бумбын уулын асуудлыг шийдвэрлэсэн. 2015 оны долдугаар сарын 7-ны өдөр Засгийн газарт өгсөн. Засгийн газар үүнийг тусгай хамгаалалттай газраар бүртгэхээр болоод бүрдүүлэх бичиг баримтыг нь цэгцэлж байгаа юм билээ. Гэвч Засгийн газрын хуралдаанаар нэг сайд нь энэ асуудлыг түр хойшлуулж өгөөч гэсэн хүсэлт гаргасны дагуу хойшлогдоод байгаа гэсэн. Ирэх долоо хоногоос хариуцсан сайдтай нь уулзаж тайлбар, мэдээлэл авна. Түүнийг сонссоныхоо дараа Засгийн газарт хугацааг нь урагшлуулах шаардлага хүргүүлнэ гэсэн байр сууринаас байнгын хороо хандаж байгаа.

-С.Эрдэнэ гуайн асуудалд хэрхэн хандаж байна?

-Хувь хүний хийсэн үйлдлийг бол би буруутгаж байгаа. Олон нийтийг айлгасан, үзэл бодлоо хүчээр тулгах гэсэн үйлдэлд би дургүй. Бүх зүйлээ хууль дүрмийн хүрээнд шийдээд бүр болохгүй бол олон улсын шүүхэд хандах боломжтой байсан. Бид чинь ардчилсан нийгэмд амьдарч байгаа ард түмэн. Манайд өргөдөл өгсөн. Бид түүнийг нь судлаад тухайн компанийн удирдлагуудтай уулзсан. Тэдний яриагаар бол 203 ажилтнаар дамжуулаад ажлынхаа байрыг хадгалж үлдэх гэсэн санаа байгаа юм. Тэгсэн хэрнээ халаад байгаа нь ойгомжгүй үйлдэл. Хөдөлмөрийн хуульд ажилтан өөрийн хүсэлтээр халагдаж болно, эсвэл байгууллагын санаачилгаар халагдаж болно. Орон тооны цомхотголоор чөлөөлж байгаа бол чөлөөлөгдсөн ажилчдыг шилжүүлнэ гэсэн хуулийн зохицуулалт байхгүй. Шилжүүлэн ажиллуулж байхын оронд туслан гүйцэтгэгч хэлбэрээр данс тооцоо энэ тэрээ зүйлс нь манайд, танайх 203 ажилтныг аваад цалинг нь манай данс руу шилжүүл гээд л тохирч болох байсан. Асуудлыг заавал хурцдуулж, хүндрэлтэй байдалд оруулах хэрэггүй. Шийдэх гарц, боломж энэ мэт зөндөө л байсан.

9602242564d3bec83f0f71ГЭРИЙН ЯНХАН ТӨРИЙН ЯНХАН БОЛЖ БОЛОХГҮЙ

-Гэр бүлийн тухай хуулийн төсөлд таны хүргүүлж байгаа санал олны анхаарлыг нилээд татаад байна. Энэ саналыг хуульд тусгалаа гэхэд бодит амьдралд хэрэгжиж чадах уу?

-Д.Хаянхярваа гишүүнээр ахлуулсан ажлын хэсэг гэр бүлийн тухай хуулийн төсөл дээр ажиллаж байгаа. Би ажлын хэсэгт санал хүргүүлсэн. Тэр саналд юу орсон бэ гэхээр Үндсэн хуульд иргэнд чиглэсэн үүрэг, эрх гэсэн хоёр заалт байдаг. Олон заалт бүхий эрхээ иргэн бүр эдэлж байгаа. Харин гуравхан заалт бүхий үүргээ эрчүүд маань төдийлөн сайн биелүүлж чадахгүй байна. Татвараа нэг юм гуйлгуулан байж төлдөг. Цэргийн албыг ч бас дутуу хагас хаадаг. Зугтдаг, бултдаг хэсэг ч бий. Гурав дахь нь хүүхдээ өсгөх. Эр хүн өөрт таалагдсан сайхан эмэгтэйтэй танилцаад, гэрлээд, хүүхэдтэй болгочихоод амьдралын явцад салдаг. Шалтгаан нь хэнээс нь  ч байж болно. Эцэст нь хүүхэд л хохирно. Тэгээд хүүхдийн мөнгө нэмэлжлэхээр би ажилгүй, мөнгөгүй гэх шалтаг тоочдог. Тэгэхээр нь би ийм асуудал тавьж байгаа юм. Таныг би үйлвэрт, ТҮК-д ажилд оруулаад өгье. Харин цалин хөлсийг нь шууд хүүхдэд чинь зориулна гэсэн хүчээр шийдэх аргыг сонгож байгаа. Цэргийн алба хаахгүй зугтвал яах вэ. Шоронд орно, татвараа төлөхгүй бол шоронд орно. Яахаараа хүүхдээ өсгөөгүйнх нь төлөө түүнд албадан хариуцлага тооцож болдоггүй юм гэж үзсэн. Энэ бол нэгдүгээр үндэслэл. Хоёрдугаарт, Монгол чинь дорнын соёлтой ард түмэн учраас ичих, имээх, айх ийм үйлдэл гэж байна ш дээ.

-Гэр бүлийн байдал тогтворгүй гэж үзээд хариуцлага тооцъё гэсэн санал байсан байх аа?

-Айлын цэцэг цэврүү шиг охидыг хөгшин хар юмнууд авч суугаад, зовоогоод л байна. Бүр сүүлдээ тэр үйлдлээ бахархал болгочихсон. Мянганы алдартай хүнээр тодруулсан ч байх шиг. Нэгэнтээ ойлголцоогүй, таарч тохироогүйн улмаас салъя, хоёр дахиасаа бас л таарч тохирохгүйн улмаас салъя. Гурав дахиасаа салаад байхдаа яадаг юм. Эмэгтэй хүн ямар тоглоом уу. Энэ нөхөр тэгээд л гэр бүлийн хувьд тогтворгүй байна ш дээ. Гэр бүлээ авч явж чадахгүй байгаа хүн яаж төрийн хэрэгт тогтвортой ажиллах юм бэ. Тийм хүмүүсийг улс төрөөс зайлуулъя гэсэн юм. Монголын нууц товчоонд биеэ зас, гэрээ зас тэгээд төрөө зас гэж сургасан байдаг ш дээ. Гэрийн янхан, төрийн янхан болж болохгүй л байхгүй юу. Төр маань цэвэрхэн байг л гэж  үзэж байгаа хэрэг. Тэрнээс биш тэр хүн хэдэн хүнээс сална, хэнтэйгээ суух нь хувь хүний эрхийн асуудал. Энэ заалтыг гэр бүлийн тухай хуульд оруулаад заагаад өгчих. Тэгэхгүй бол ийм сул дэл явдалтай хүмүүс зөндөө байна. Удахгүй сонгуульд оръё ч гэх шиг. Ийм хүмүүс улс төрд байх ёсгүй шүү.

-Тэгэхээр манай улстөрчдийн дунд гэр бүлийн хувьд тогтворгүй хүмүүс байгаа гэж ойлгох уу?

-Ер нь бол байгаа шүү дээ. Татварын газрын нэг завхай эрээс болоод хоёр бүсгүй нэгнийгээ хөнөөгөөд, шоронд явсан тохиолдол гарсан ш дээ.  Хоёр эмийн дунд тэлээлж яваад нэгийг нь амь насаар тоглосон залуу одоо гоё амьдарч байна. Энэ мэт хүмүүсийг төрийн ажлаас, улс төрөөс хол байлгах нь чухал. Ийм хүмүүс орж ирэх магадлалтай л байхгүй юу.

-Эвслийн бүлгийг тараагаад ч хамаагүй С.Баярцогтыг огцруулна гэж хэлсэн удаатай. Тэрчлэн бүлгийн даргатайгаа үл ойлголцолд хүрсэн гэх мэдээ ч байгаа. Тэгэхээр бүлэгтэйгээ тааруухан харьцаатай болжээ дээ?

-Эвслийн бүлэгтэй тааруухан харьцсан юм огт байхгүй ээ. Харин эвслийн бүлгийн даргаа солье гэдэг шаардлага л тавьж байгаа юм. Бүлэг даргаа соль. МАХН–ын хүн бол. Тэгвэл би бүлгийн хуралдаа сууя гэсэн байр суурьтай байгаа.

-Ямар үндэслэлээр бүлгийн даргаа солье гэж шаардаад байгаа юм бэ?

-Бодоод үз л дээ. Бүлэг Засгийн газрын үйл ажиллагааг дүгнэж, шүүмжлэх ёстой. Гэтэл засагт суудаг сайд яаж танхимаа муулах юм.  Засгийн газраас нэг хуулийн төсөл ороод ирэхэд нь түүнийгээ муулаад гоочлоод байх сайд олдохгүй ш дээ. Тийм учраас бүлгийн дарга сайд болсон юм чинь сайдынхаа ажлыг л хий. Бүлгийг өөр гишүүнээр даргалуул гэж байгаа.

С.ЗОРИГИЙН ХЭРЭГ ИЛЭРНЭ ГЭЖ ИТГЭЖ БАЙГАА

-Эдийн засгийн хямрал газар авчихлаа. Зарим газрууд хаалгаа барьж, цоожтой лангууд олширлоо. Төрийн зүгээс хямралын эсрэг ямар бодлогыг барьж ажиллах хэрэгтэй вэ?

-Монголын эдийн засаг хямарч байна гэдэг бол төрийн бодлого явахгүй байна гэсэн үг. Энэ улсын эдийн засгийн бодлогыг төр, түүний байгууллагууд л хэрэгжүүлж байгаа ш дээ. Та бодоод үз. Өнөөдөр улсын эдийн засгийн амин сүнс нь яг үнэндээ “Эрдэнэт” үйлдвэр л байна. Гэтэл цаана нь Эрдэнэтээс гурав дахин том, өндөр ашигтай Оюу толгой, түүнээс гурав дахин их ашиг олох боломжтой Таван толгойн орд газрууд байна. Тэдгээрийг л Монголд ашигтай байх нөхцөлөөр эргэлтэд оруулчихвал эдийн засгийн хямрал сэргэх боломжтой. Гэтэл үүнийг хэрэгжүүлэхийг хүсэхгүй байна. Өөрсдийгөө л бодож, төрийн ажлыг явуулахгүй байх шалтаг үүсгэсэн. Хямралыг давах арга байна. Төрийн бодлогыг зөв хэрэгжүүлэх нь нүсэр, том зүйл биш. Эдийн засгийг ойлгоё гэвэл аяга будаагаар хэмж гэсэн үг байдаг. Таны аягатай будаа дүүрэн байвал эдийн засаг хямраагүй, эсрэгээрээ бол хямрал нүүрлэсэн гэж үзнэ. Хямралаас гарахын тулд төр зөв бодлого явуулах нь чухал. Тэр зөв бодлогыг хэлж, ярьж байгаа хүмүүсийг нь үзэн ядаж, нэр хоч өгч, доромжилж байдаг. Тухайлбал, Таван толгойг төр мэдэлдээ авч, ард түмэндээ 1072 хувьцааг нь мөнгө болгох арга, цалин мөнгийг нэмж, тансаг хэрэглээнээс татгалзах зэрэг боломжууд байгаа. Худлаа, өөрсөддөө ашигтайгаар мөнгө унагах арга бодоод л байна. Оюу толгойн 3.2 тэрбумын алдагдлыг бид өөртөө наагаад 66 хувийг төр өөртөө авчих л хэрэгтэй. 34 хувийн ашигтай компани юу ч олж авахгүй. Яагаад гэвэл их хувьтай нь бодлогоо тодорхойлчихно. 51 хувиа авч ч болж байна. Буруу бодлоготой байснаа хүлээгээд мөнгөө өгөөд л хувиа авах хэрэгтэй.

-Эрүүл мэнд, спортын сайд авлигын хэргээр сэжиглэгдэн баривчлагдлаа. Энэ суудалд танай намаас таны нэрийг дэвшүүлсэн гэх бор шувуу нисээд байсан. Танд хэрэв итгэл хүлээлгэвэл давхар дээл өмсөх үү?

-Болохгүй л дээ би. Тийм үлгэр шиг юм гэж байхав. Ямар солиорсон биш. Баярцогттой нэг ширээний ард суухгүй гээд хэлчихсэн хүн чинь Ч.Сайханбилэгийн Засгийн газарт орохгүй. Надад итгэл хүлээлгэнэ гэсэн яриа нь үнэн бол намынхандаа баярлалаа гэж хэлмээр байна. Эцсийн эцэст нам гэхээсээ илүү, ард түмний эрх ашиг гэж байна. Бид өөр шинэ багаар, шинэ засгийг байгуулах гэж байгаа бол өөр хэрэг.

-Намын нөхөр чинь хэрэгт холбогдон, саатуулагдаад байна. Шийлэгдамба гэдэг хүний талаар таны бодол?

-Ирж байгаа болон хэлж, ярьж байгаа мэдээллүүд нь их муухай, хар мэдээллүүд байна. Нарийн нөхцөл байдал нь юу болохыг цаг хугацаа л харуулна. Би бол энэ мэдээлэлд итгэхийг үнэхээр хүсэхгүй байна.

-С.Зориг агсны хэрэг илэрнэ гэдэгт итгэлтэй байна хэмээн та саяхан жиргээд удаагүй байтал түүний эхнэрийг саатуулаад шалгаж эхлээд байна. Энэ хэргийн сэжүүр илэрсэн гэж үзэж байна уу?

Энэ хэрэг илэрнэ гэдэгт би итгэж байгаа. Элбэгдорж итгэж байгаа, Бат-Үүл итгэж байгаа байх, Баабар итгэж байгаа. Та ч итгэж байгаа байх. Бид итгэсээр ирсэн. Итгэсээр ч байх болно. Яагаад гэвэл алуурчин гэдэг чинь цаад хувь заяагаараа, эсвэл хуулиар шийтгүүлдэг. Энэ бол бичигдээгүй хууль. Тэгэхээр С.Зориг агсны хэрэг илэрч, Монголын ард түмний олон жилийн хүлээлтийн цаад учир тайлагдах байх. Гэхдээ би сэжүүр гаргаж, шалгаж, нягталдаг хүн биш. Би зүгээр л итгэж суугаа.

З.БАТХУЯГ

newscom.mn

Санал болгох мэдээ

Г.Билгүүн: Байгалийн боржин чулуу ашиглан халтирдаггүй явган хүний зам хийж байна

32-ын тойргоос Хүнсний 4-р дэлгүүр хүртэлх 1.2 км явган хүний замыг байгалийн боржин чулуугаар шинэчилж …