Далайн түвшин нэмэгдэж байгаатай холбоотой эдийн засагт учрах хор хохирол жил ирэх бүр өсөн нэмэгдэх төлөвтэй байгааг эрдэмтэд анхааруулж байна.
Цаашид далайн эргийн бүс нутгуудыг хар шуурга, бусад гамшигт үзэгдэл дайрах давтамж олшрох төлөвтэй байгаа юм. Үүнээс үүдэн эргийн бүс нутгаарх хот тосгоны барилга байшин, дэд бүтцийг хамгаалах, засварлах ажилд илүү их хөрөнгө мөнгө төсөвлөх хэрэгтэй болно гэж Уур амьсгалын өөрчлөлтийн нөлөөллийг судлах Потсдамын хүрээлэнгийн шинжээчдийн баг Ройтерс агентлагт мэдээлсэн байна.
2050 онд далайн түвшин 2010 оныхтой харьцуулахад дунджаар 11 см өссөн нөхцөлд, Данийн нийслэл Копенгаген хотын хувьд л гэхэд далайн түвшний өсөлтөөс үүдэлтэй гамшигт үзэгдэл 1,1 тэрбум америк долларын хор хохирол учруулна гэж шинжээчид тооцоолж байгаа юм. Уур амьсгалын өөрчлөлт улам эрчимтэйгээр явагдсан нөхцөлд 2050 он гэхэд далайн түвшин 25 см нэмэгдэх боломжтой юм байна. Ингэвэл байгалийн гамшгаас үүдэлтэй хор хохирлыг засварлахад шаардлагатай хөрөнгийн хэмжээ 4 дахин нэмэгдэж, 4 тэрбум долларт хүрч магадгүйг шинжээчид анхааруулж байна. Потсдамын эрдэмтэд далайн түвшин өсөхийн хэрээр эдийн засгийн хор хохирол хэдий хэмжээгээр өсөн нэмэгдэхийг харуулах математикийн загвар боловсруулсан гэдгээ зарласан юм.
Энэ загварыг ашиглан далайн эргийн ямар ч хот сууринд учрах эрсдэл, хор хохирлын үнэлгээг хийх боломжтой юм байна. Хамгийн муугаар бодвол, 2100 он гэхэд далайн түвшин 1 метрээр нэмэгдэх боломжтой гэж эрдэмтэд тооцоолж байгаа юм. Ийнхүү далайн түвшин их хэмжээгээр нэмэгдсэнээс үүдэн дэлхийн улс орнууд дотоодын нийт бүтээгдэхүүнийхээ 0,3-9 хувийг гамшиг сүйрлийн хор хохирлыг барагдуулахад зарцуулна гэж 2014 онд хийгдсэн нэгэн судалгаанд дүгнэжээ. Иймээс эргийн бүс нутгаа хамгаалах хана босговол гамшгийн дараа нөхөн сэргээлт хийх зардлыг эрс бууруулна гэж зарим эрдэмтэд хэлж байна.