Уур амьсгалын хэт дулаарлын эсрэг ямар ч улс орноос илүүтэй, нүүрснээс асар их хамааралтай Хятад улс нэгдэж, үүний эсрэг эрчимтэй арга хэмжээ авч байна. Агаарт ялгарч буй нүүрстөрөгчин давхар ислийн 30 хувийг Хятад улс дангаараа гаргадаг. Дэлхийн хамгийн их агаарын бохирдолтой 20 хотын 16 нь Хятадад байна. Ази тивийн нийт хорт утаа, агаарын бохирдлын 80 хувийг тус улс үйлдвэрлэдэг. Тиймээс ч улс төр, эдийн засгийн хямралаас илүүтэй агаарын бохирдол, байгаль орчны өөрчлөлтөөс тус улс эмээж буй биз.Дэлхийн хүн амын зургааны нэг нь оршин тогтнодог тус улс одоогоор дэлхийн нүүрсний хэрэглээний бараг тэн хагасыг эзэлдэг. Хятадын Эрчим хүч эдийн засаг, санхүүгийн шинжилгээний хүрээлэнгийн тооцоогоор 2020 он гэхэд тус улс нүүрсээр эрчим хүч үйлдвэрлэх хэмжээг 72.5 болгон бууруулна гэсэн байдаг. Дэлхийн дулаарлыг үүсгэж байгаа гол хүчин зүйл болох хүлэмжийн хийн ялгаралтын хамгийн том бүрэлдэхүүн хэсэг нь нүүрс хүчлийн хийн ялгаралт юм. Өнгөрсөн оны арваннэгдүгээр сард АНУ-тай үзэглэсэн уур амьсгалын гэрээнд Хятад улс нүүрс хүчлийн хийн ялгаралтыг 2030 он гэхэд энгийн төвшинд аваачна гэсэн байна. Гэхдээ тус улсын эрх баригчид одоогийнх шигээ ажиллаж чадвал эцсийн хугацааг 2020 он болгон нааш сунгах боломжтой гэдгийг эрдэмтэд хэлж байна. Гэхдээ, өнгөрсөн жил тус улсын нүүрсний хэрэглээ буурсан ч нүүрсний хэрэглээ голлох эрчим хүчний үүсгүүр хэвээр байгаа юм.Хятадын нүүрсний хэрэглээ буурч байгаагийн хэрээр сэргээгдэх эрчим хүчний салбар хурдацтай өсч байна. Өнгөрсөн жил Хятад улс сэргээгдэх эрчим хүчний салбарт 90 тэрбум ам.доллар зарцуулсан юм. Харин хүлэмжийн хий хамгийн их ялгаруулдаг АНУ 52 тэрбум ам.доллар зарцуулжээ. Хятад улс хүлэмжийн хий хамгийн их үйлдвэрлэдэг хоёрдахь орноор нэрлэгддэг ч үүнтэй хамгийн эрчимтэй тэмцэж байгаа улс гэдгийг энэ үзүүлэлт баталж байна гэж болно. Хятад улс салхины эрчим хүч үйлдвэрлэлээр дэлхийд тэргүүлдэг бол нарын эрчим хүчний чадал нь Германы дараа хоёрдугаарт бичигдэж байна. 2000 оны босгон дээр даруухан эхэлсэн Хятадын салхины болон нарны эрчим компани одоо дэлхийн хамгийн том, хамгийн үр ашигтай компани болтлоо өсөөд байна. Мөн Харвардын их сургууль, Цинхуа их сургуулийн судлаачид 2030 он гэхэд Хятад улс бүхий л цахилгаанаа салхины эрчим хүчний тусламжтай үйлдвэрлэх болно гэсэн байдаг. Өөрөөр хэлбэл 2030 он гэхэд Хятад улс нүүрсийг эрчим хүчний эх үүсвэрээс бүрэн халж чадах аж.
Хятад улс агаарын бохирдлыг бууруулахаар эхний ээлжинд судлаачидтай хамтран бүс нутаг тус бүрийн утааны эх үүсвэрийг нарийвчлан тогтоох судалгаа хийжээ. Ингэхдээ ард иргэдийнхээ ахуйд хутгалдан, түүхий нүүрсний хэрэглээг хязгаарласангүй. Харин аж ахуй нэгж, үйлдвэрүүдийг утааны эсрэг тэмцэлд хамтрахыг уриалжээ. Энэ нь ч биеллээ олсон. Нам даралтын зуухтай байгууллагуудыг төвийн шугаманд холбож, хорт утаа ялгаруулдаг үйлдвэрүүдийг хүн ам сийрэг тосгод руу нүүлгэн шилжүүлж эхэлсэн байна. Түүнчлэн хотын замыг тогтмол чийглэж эхэлжээ. Мөн түлшний дутуу шаталттай хуучин автобусыг халж, эко түлшээр ажилладаг троллейбусыг нийтийн тээврийн үйлчилгээнд явуулснаар автомашинаас ялгарах хорт утааг бууруулжээ. Үүний дараа цахилгааны үнийг хямдруулан иргэдийг халаалтаа нүүрсээр биш цахилгаанаар шийдэхэд хүргэжээ.
Энэ мэтчилэн Хятадын Засгийн газрын зөв бодлого, аж ахуйн нэгжүүдийн санаачлага, олон нийтийн дэмжлэг дэлхийн дулаарлын эсрэг тэмцэж, агаарын бохирдлыг бууруулахад онцгой нөлөө үзүүлж байна. Урд хөршийнхөн хорт бохирдлын эсрэг ийн тэмцэж байхад манай улс өдгөө улиг болсон утааныхаа асуудлыг одоо сөхөхөө ч больчихож. Угтаа бол эрчим хүчнийхээ үндсэн эх үүсвэрээс Хятад улс ийн татгалзаж дулаарлын эсрэг тэмцэж буй санааг манай улс ч анхаарахад илүүдэхгүй биз.
эх сурвалж: Zaluu.com