Өнгөрсөн оны сүүлээр Улаанбаатарт зөвшөөрөлгүйгээр баригдаж буй 60-аад барилга байгааг Нийслэлийн мэргэжлийн хяналтын газраас гаргажээ. Тэр даруйд нь зөрчлөө арилгах албан шаардлага хүргүүлсэн байна. Энэ оны хоёрдугаар сар гэхэд тэдгээрийн 24 нь зөрчлөө арилган, барилгын ажил эхлүүлэх, үргэлжлүүлэх зөвшөөрлөө авчээ. Үлдсэн 35 нь албан шаардлага биелүүлээгүй аж. Энэ талаар Нийслэлийн мэргэжлийн хяналтын газрын дэд бүтцийн хяналтын хэлтсийн дарга Н.Гантулгаас тодруулсан юм.
-Дээрх барилгуудад ямар зөрчил илэрсэн юм бэ?
-Надад ирсэн албан мэдээгээр бол 2015 онд нийт 66 барилга ямар нэгэн зөрчилтэй гэж бүртгэгдсэн. Эдгээрийн долоо нь ухсан нүх бол 59 нь аль нэг шатандаа яваа барилга. Зөрчлөө арилгах шаардлагыг 24 нь биелүүлсэн учраас тэдэнд зөвшөөрөл олгосон. Үлдсэн 35 барилгын ажлын зураг төсөл батлагдаагүй, техникийн нөхцөлүүд олгогдоогүй, зураг төсөлдөө магадлал хийлгээгүй гэх зэрэг зөрчлүүд байна. Мэдээж энэ тохиолдолд барилга угсралтын ажил эхлүүлэх зөвшөөрөл олгогдохгүй. Одоогоор эдгээр барилга байгууламжийн ажлыг түр зогсоож, цахилгаан, ус дулаанаар хангахгүй байх талаарх албан бичгийг холбогдох газруудад хүргүүлсэн.
-Уг нь бүх зөвшөөрлөө авчихаад барилгын ажлаа эхлүүлэх ёстой шиг санагдах юм?
-Хуулиараа бол бүх зөвшөөрлөө авчихаад, газар шорооны ажлаа эхлүүлэх ёстой. Барилга барихаар шийдсэн бол эхлээд газраа хууль ёсны дагуу өмчлөх хэрэгтэй. Орон сууц, оффис үйлчилгээ, цэцэрлэг сургууль гээд юу барих гэж байгаа нь ч мөн тодорхой байх ёстой. Үүний дараа дүүргийн болоод нийслэлийн Засаг даргаас захирамжаа авна. Үүн дээрээ үндэслээд архитектур төлөвлөлтийн даалгавраа гаргуулна. Дараа нь ус цахилгаан, дулаан, холбоо зэрэг техникийн нөхцөлүүдээ авсан байх ёстой. Үүн дээр үндэслээд барилгын ажлын зураг төсөл хийгдэнэ. Уг төслөө хуулийн дагуу НОБГ, НМХГ-аар давхар хүлээн зөвшөөрүүлэх ёстой. Ерөнхий төлөвлөгөөний газар батлагдсан эскиз зургийг хянаж үзээд, ажлын зургийг баталгаажуулдаг. Хамгийн сүүлд Барилгын хөгжлийн төвийн мэргэжлийн экспертүүдээр барилгын зураг үнэн зөв, мэргэжлийн дагуу хянаж баталгаажуулагдсан байна уу гэдгийг шалгуулж, магадлалын дүгнэлт хийлгүүлнэ. Гаднах талбайн зохион байгуулалтын зургаа НМХГ-аар давхар хянуулдаг. Энэ бүх бичиг баримтуудыг харгалзан үзээд НЕТГ барилга угсралтын ажил эхлүүлэх, үргэлжлүүлэх зөвшөөрөл өгнө. Энэ зөвшөөрлөө авч байж газар дээрээ хашаа хороогоо барьж, улаан шугамаа татуулж байгаад газраа ухаж эхлэх ёстой. Ингэсэн нөхцөлд барилгын ажлын аль ч шатанд ямар ч хяналт шалгалт хийхэд “бүдрэхгүй”. Бас хэнээс ч гомдол санал ирэхгүй.
-Тэгэхээр зөрчилтэй аж ахуй нэгж, иргэд дээрх бичиг баримтуудаа гүйцэд бүрдүүлэлгүй газраа ухаад эхэлсэн гэсэн үг үү?
-Тийм. Иргэд гэхээсээ аж ахуйн нэгжүүд иймэрхүү зөрчил гаргах нь элбэг. Ихэнхдээ тэд санаатайгаар зөрчил гаргадаг. Тэд чинь дэргэдээ хуулийн зөвлөхтэй, бас мэргэжлийн баг ажиллаж байна шүү дээ. Төрийн байгууллагад торгууль төлснөө зөрчлөө арилгалаа гэж бас эндүүрдэг. Жишээ нь, зөвшөөрөлгүйгээр газраа ухаад, сууриа цутгачихлаа. Гэтэл мэргэжлийн хяналтаас очоод үйл ажиллагааг нь зогсоож, хуулийн дагуу торгууль ноогдуулах нь зүйн хэрэг. Торгуулиа төлөөд барилга угсралтын ажлаа үргэлжлүүлэх эрхтэй гэж ташаа ойлгох нь бий.
Нөгөө талаар төрийн байгууллагуудын уялдаа, холбоог сайжруулах хэрэгтэй. Япон, Хятад, Солонгос зэрэг оронд мэргэжлийн байгууллага нь тухайн барилга баригдах газрыг өмчлүүлэхээс өмнө “Энэ газар дээр та зориулалтаас нь хамаараад суурь нь ийм хэмжээтэй, төчнөөн метр кв талбайд нь ногоон байгууламж бүхий ийм тэдэн давхар барилга байгууламж барьж болно” гэсэн дүгнэлтийг гаргуулдаг. Энэ дүгнэлтийг үндэслэн барилга барих зөвшөөрөл олгоно. Манайд бол эсрэгээрээ. Нэг хүн очоод газрын албанд газар эзэмших өргөдлөө өгдөг. Тэрхүү газрын албаны мэргэжилтэн барилга, хот байгуулалтын мэргэжилтэн биш учраас ямар хэмжээний обьект барьж болох эсэх, хот төлөвлөлттэй энэ нь хэрхэн уялдах зэргийг бүрэн тооцоолж чаддаггүй. Газраа өөрийн болгоод авсан хүн түүн дээрээ юугаа барих нь өөрийн дур гэсэн сэтгэхүйтэй байдаг. Газраа зарлаа ч гэсэн түүнийг нь худалдан авсан хувь хүн, аж ахуйн нэгж ч мөн ялгаагүй. Ингээд хоёр давхар барилга барих боломжтой газар дээр 10 давхрыг барина гээд зүтгэчихдэг. Ингэж хууль зөрчих эхлэл нь тавигддаг.
Германд гэхэд л барилгын ажил гүйцэтгэгч аж ахуйн нэгжүүд нэг нэгэндээ хяналт тавьдаг. Суурь ухах ажлыг нэгэн мэргэжлийн компани хийлээ гэхэд зураг төслийн дагуу, зөрчилгүй хийсэн тохиолдолд дараагийн компани сууриа цутгана. Хэрэв суурийн нүхийг гүехэн, хэмжээг томруулсан бол хоёр дахь компани хүлээн авахгүй байх нь. Барилгын ажлын явцад хэдийд зөрчил гарна, тэр үед нь барилгын ажил зогсоно гэсэн үг. Энэ туршлагыг нэвтрүүлэхээр сүүлийн гурван жил Барилгачдын холбоо, БХБЯ-тай хамтран ажиллаж байна.
-Өнөөгийн санхүүгийн хүндрэлтэй үед мэргэжлийн хяналт, холбогдох төрийн байгуулага ийм ч зөвшөөрөл дутуу, тийм ч бичгээ сунгуул гээд барилгын ажлыг зогсоож, бүтээн байгуулалтын ажилд садаа боллоо гэх асуудлыг хувийн хэвшлийнхэн тавих болсон. Энэ тал дээр?
-Уг нь 60 айлын орон сууц бариад ашиглалтад өгвөл гэр хорооллын 60 яндан үгүй болно, жижүүр цэвэрлэгч гээд гурав, дөрвөн байнгын ажлын байр бий болно гэх зэргээр барилга эхлүүлэх, үргэлжлүүлэх зөвшөөрөлгүй хувийн хэвшлийнхэн тайлбар тавьдаг. Бүх зүйл хуулийн дагуу, ном журмын дагуу явагдах ёстой. Барилгын ажил нь ном журмын дагуу яваагүй бол түр зогсоож, зөрчил дутагдлаа арилгах хугацаат үүрэг өгдөг. Энэ нь тэднийг хавчиж хяхах бус дэмжиж байгаагийн нэг хэлбэр. Хугацаандаа зөрчлөө арилгавал барилгын ажлыг үргэлжлүүлэх зөвшөөрөл олгоно.
Харамсалтай нь зөрчлөө арилгах шаардлага дахин дахин өгсөөр байтал биелүүлэхгүй байгаа аж ахуйн нэгжүүд бас байсаар байна. Эдгээрийн тод томруун “төлөөлөгч” нь дээрх 35 барилга байна шүү дээ.
-Цаашид эдгээр 35 барилга байгууламж дээр ямар арга хэмжээ авах вэ?
-Бичиг баримтуудыг нь дахин нарийвчлан судалж, хэд нь барилга угсралтын ажил эхлүүлэх, үргэлжлүүлэх зөвшөөрлөө НЕТГ-т хүргүүлчихээд хариу хүлээж байгааг гаргаж ирнэ. Мөн тэдэнд зөвшөөрөл олгох эсэхийг НЕТГ-аас тодруулна. Үүний дараа огт хүсэлтээ өгөөгүй, НЕТГ-аас зөвшөөрөл олгох боломжгүй компанийн тусгай зөвшөөрлийг түдгэлзүүлэх саналыг БХБЯ-д танина. Нийслэлийн Засаг даргад газрынх нь зөвшөөрлийг цуцлуулах саналаа ч мөн хүргүүлнэ.
Эх сурвалж: Өдрийн сонин