Тал дүүрэн малтай монголчууд нохойн хоол гэгддэг жижиглэнгээр өл залгуулж байна

14640616105743ceaac8baf

Эдийн засгийн хямрал нүүрэлж, өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүний үнэ өсч, иргэдийн худалдан авах чадвар тэр хэрээрээ буурсан гэдгийг дээр дооргүй ярих болсоор удаж байна. Түүнийг дагаад хоногийн хоолоо болгох гэсэн иргэд аяга будаа, атга мах, ганц ширхэг төмсөөр оройны хоолыг залгуулдаг болсон. Хамгийн эмгэнэлтэй нь заримдаа аяга будаа, атга мах, ганц ширхэг төмс авах ч мөнгөгүй болсон хүмүүс хүүхдүүдээ өлсгөхгүйн тулд иргэний цахим үнэмлэхээ барьцаалан хоногийн хоолоо залгуулдаг талаар хотын захын хорооллын дэлгүүрийн худалдагчид дуу нэгтэйгээр хэлж байна.

Тодруулбал, Баянзүрх дүүргийн 23-р хороонд байрлах захын нэг дэлгүүрээр ороход л энэ бүх дүр зураг бэлхэн харагдаж байсан юм. Дээрх дэлгүүрүүдээр ороход лангууны шилээр дүүрэн барьцаанд үлдээсэн иргэний үнэмлэх нүдэнд тусна. Хамгийн доод тал нь долоо хонож байгаа, дээд тал нь жил гаруй болсон гэх. Тус дэлгүүрийн худалдагч хэлэхдээ, “Манайх уг нь цахим үнэмлэх авахгүй байхыг чухалчилдаг. Яагаад гэвэл зарим хүмүүс барьцаанд тавьж баахан зүйл авчихаад тэр чигтээ ор сураггүй болчихдог. Уг нь дахиад шинээр захиалбал манайд тавьсан өрнөөсөө их үнээр захиалж авах байх. Тэгэхээр хүмүүст иргэний үнэмлэх нь тийм ч чухал биш, бараг хэрэглэдэггүй юм шиг байна лээ. Надад одоогоор 100 гаруй хүний иргэний үнэмлэх байна. Зарим нь бүр ганц ширхэг лууван авахдаа иргэний үнэмлэхээ тавьсан. Одоо болтол ирж аваагүй л байна” гэсэн юм.

Түүнтэй бид цөөн хором ярилцсан юм.

Дэлгүүрийн худалдагч Р.Саруул: Мах авах боломжтой хүн бараг байхгүй

 – Та энэ дэлгүүрээ хэдэн жил ажиллуулж байна вэ?

-Хоёр дахь жилдээ ажиллуулж байна.

 -Танайд яг одоо мах хэдэн төгрөгөөр зарагдаж байна вэ?

-Хонины цул мах кг нь 6000, ямааны цул мах кг нь 5000 гэж байгаа. Гэхдээ хүмүүсийн худалдан авах чадвар өдөр ирэх тусам муудаж байгаа болохоор мах бараг зарагддаггүй юм өө. Харин жижиглэн, толгойн болон махан таташ сайн гардаг.

 -Тэр нь ямар үнэтэй вэ?

-Жижиглэн 500, гэдсэн таташ 800, толгойн таташ 1000, махан таташ 1500 төгрөг гэж байгаа.

Энэ жижиглэн дотор юу юу байдаг юм бэ. Хүмүүс үүгээр хоол хийж иддэг юм уу?

-Тийм ээ. Манайд ирэнгүүт нь айлууд бөөндөөд авчихдаг юм. Ер нь манай энэ хавийн айлууд ихэнх нь энүүгээр хооллодог. Цөөн ам бүлтэй айл нэг жижиглэнгээр хоёр өдөр хоол хийж иддэг гэсэн. Арай нэг гайгүй боломжтой айлууд нь таташ авдаг. Жижиглэн дотор элэг, уушиг, бөөр зэргээс бага багаар хийгээд боочихсон байдаг.

 -Хүнсний ногоонууд хэдэн төгрөг вэ?

-Байцаа 1500, төмс 800, лууван 1700, сонгино 1500 гэж байгаа. Манайхан нэг авахдаа 2 ширхэг төмс, 1 ширхэг лууван, нэг ширхэг сонгино, тал байцаа авдаг.

-Хүмүүсийн худалдан авах чадвар муудсан гэж та хэлсэн. Зээл өгөөч гэсэн хүмүүс хэр их байна вэ?

 -Манайх энд амьдраад удсан болохоор энэ хавийнхаа бараг бүх хүнийг танина. Би зээл өгөөд бүр хаширчихсан хүн л дээ. Тиймээс аль болох зээл өгөхгүй байхыг чухалчилдаг. Гэхдээ би энэ хавынхаа хүмүүсийг бараг бүгдийг нь таньдаг, амьдралыг нь мэддэг болохоор их хэцүү. Яаж ч чадахгүй өрөвдөөд л өгчихдөг. Одоо надад 100 гаруй хүний иргэний үнэмлэх байна.

-Хүмүүс үнэмлэхээ буцааж авдаггүй юм бол, яагаад үнэмлэх барьцаанд аваад байдаг юм бэ?

 -Иргэний үнэмлэхийг би дээд тал нь 20000 төгрөгийн хүнсний бүтээгдэхүүний барьцаанд л авдаг байсан. Сүүлдээ дэмий юм байна гэж бодоод огт авахгүй гэж шийдсэн. Гэвч нэг ширхэг лууван авъя, 100 грамм ургамлын тос аваад иргэний үнэмлэхээ үлдээчхээд маргааш ирж авна гэж байгаа хүнд чинь үгүй гэж хэлэхэд хэцүү шүү дээ. Ингэсээр байгаад л нэг л мэдэхэд маш олон хүний иргэний үнэмлэхтэй болчихсон доо. Бэлэн мөнгөний худалдан авалт буурсаар байгаа болохоор бараагаа ч татаж чадахгүйд хүрээд хэцүүхэн л байна.

Биднийг ийнхүү ярилцах зуур, нэг залуу нэг ширхэг сонгино, хоёр ширхэг төмс авлаа. Мөн 40 гаран насны эгч 100 грамм ургамлын тос, нэг ширхэг жижиглэн аваад худалдагч эгчтэй “Өнөөдөр эрт ирсэн дээрээ сайхан цуйван хийж иднэ ээ” хэмээн ярилцаж байсан юм. Гэтэл, хэсэг хугацааны дараа ажлаасаа ирж байгаа бололтой 30 гаран насны эхнэр, нөхөр хоёр нохойн хоол байна уу, гэсээр орж ирсэн юм. Худалдагч эгч “байгаа 500 төгрөг” гээд тэдний өмнөхөн орж ирсэн эгчийн цуйван хийж идэхээр авч гарсан жижиглэнг гаргаж өгсөн юм. Энэ мэтийг хэрэв сэтгүүлч миний бие өөрийн нүдээр хараагүй бол худлаа л гэж хэлэх байлаа. Хотын захын гэр хорооллын амьдрал үнэхээр ийм л болчихсон байна, Хэрэв уншигч үүнд итгэхгүй бол гэр хорооллын захын хүнсний дэлгүүрт тавхан минут зогсоод үзээрэй. Тансаг зэрэглэлийн амьдралтай улс төрчид саарал ордондоо бодит амьдралаас тээр хол яриад сууж байхад хотын захад амьдарч байгаа иргэд нь нохойн хоолоор хоногийн хоолоо залгуулж байна.

14640597585743c76ead373

 Мөн дурдахгүй өнгөрч болохгүй нэг зүйл бол иргэний үнэмлэхээ барьцаалан зээл авах асуудал юм. Өөрөөр хэлбэл, хотын захын гэр хорооллын дэлгүүрүүдээр өрийн сүлжээ үүсчихсэн байна. Үүнийг дагаад жижиг бизнес эрхлэгчид, хувийн хэвшлийнхэн, түрээслэгчид түрээсийн өрөнд орж, зээлээ төлж чадахгүй ажилгүйчүүдийн эгнээнд шилжиж байна. Нэгэнт бизнес нь цааш үргэлжлэх боломжгүй, үйлчлүүлэгч нар нь бэлэн мөнгөний худалдаа хийхгүй, төгрөгөөр үйлчлүүлэхгүй болохоор тухайн хүн түрээсээ төлөх боломжгүй болж хүнсний дэлгүүрүүд олноороо хаагдаж хаалгаа барьсаар байгаа. Тэд хэдэн жил хөрөнгө мөнгө, цаг заваа зарцуулж дэлгүүр ажиллуулчхаад эцэс сүүлд нь эзэнгүй хэдэн иргэний үнэмлэх, хар дансны буюу өрийн дэвтэртэй л үлддэг нь харамсалтай.

Уг нь бол иргэний үнэмлэхийг ямар нэг хэлбэрээр гэмтээх, бусдад барьцаалж өгөх, бусдын үнэмлэхийг барьцаалж авах болон ашиглахыг хуулиар хориглосон байдаг. Гэтэл нэг дэлгүүрийн худалдагчид л 100 гаруй иргэний үнэмлэх барьцаанд байна гэхээр нийт хэдэн дэлгүүрт, хэчнээн хүний иргэний үнэмлэх байгаа нь тодорхойгүй байна.

 Энэ нь сонгууль дөхсөн өнөө үед иргэний сонгох эрхэнд ч нөлөөлж болохоор байна. Учир нь иргэн сонгуульд санал өгөхдөө заавал иргэний үнэмлэхтэйгээ очиж саналаа өгөх үүрэгтэй. Гэвч маш олон иргэний үнэмлэх хүнсний дэлгүүрт хоногийн хоолны барьцаанд байна. Үр хүүхдээ хоосон хонуулахгүйн тулд үнэмлэхээ барьцаалж, “үмх” мах авсан хүмүүсийг буруутгах аргагүй. Гэтэл элбэг дэлбэг амьдралтай хүмүүс нь эдгээр хүмүүсийг арчаагүйгээсээ болж ингэж амьдарч байгаа, сайхан амьдрах боломж байгаа гэдэг. Гэтэл сайхан амьдрах гэж чадлаараа хичээгээд ч олсон мөнгө нь хаанаа ч хүрдэггүй хүмүүс гэр хорооллоор дүүрэн байна. Эцэст нь дүгнэхэд тал дүүрэн малтай монголчууд нохойн хоол гэгддэг жижиглэнгээр өл залгуулж, ганц ширхэг лууван аваад мөнгийг нь төлж чадалгүй барьцаанд үлдээсэн иргэний үнэмлэхээ авч чадахгүй, сонгуульд санал өгөх эрхээ эдэлж чадахгүйд хүрч байна. Иргэдийн амьдрал бодит байдал дээр ийм л байна …

Эх сурвалж:Zaluu.com

Санал болгох мэдээ

Улаанбаатараас БНХАУ-ын төв хэсэг болох Хунань мужийн Чангша хот руу шууд нислэг үйлддэг боллоо

Зам, тээврийн хөгжлийн яамнаас 2024 оныг Бүсчилсэн хөгжлийг дэмжих бүтээн байгуулалтын жил болгон зарлаж, агаарын …