Оюуны Ундраа Групп Дэлхийд салбартаа тэргүүлэгч Австри улсын Доппельмайер Групптэй хамтран нийтийн тээврийн шинэ хэлбэр болох Эйр 360 Улаанбаатар агаарын замын Кабелькар төслийн хѳрѳнгѳ оруулалт, хамтын ажиллагааны санамж бичигт гарын үсэг зурлаа.
Энэхүү төсѳл нь байгаль орчинд ээлтэй шилдэг технологийг нэвтрүүлэх замаар Улаанбаатар хотын авто замын түгжрэл болон агаарын бохирдлыг бууруулах, аялал жуулчлалыг дэмжих зэрэг олон ач холбогдолтой төсөл юм байна.
Эйр 360 Улаанбаатар агаарын замын Кабелькар төслийн эхний ээлжийн бүтээн байгуулалтыг 2016 оны 3-р улирлаас эхлүүлж 2018 оны 1-р улиралд дуусган ашиглалтанд оруулахаар төлөвлөж байгаа бөгөөд төслийн эхний ээлжийн бүтээн байгуулалт нь Хотын төвөөс Зайсан чиглэлийн 3 км агаарын замыг 8 минутанд туулах, 1 цагт 3000 зорчигчийг тээвэрлэх хүчин чадалтай байхаар төлөвлөгдсөн байна.
Эйр 360 Улаанбаатар агаарын замын Кабелькар төсөл нь Оюуны Ундраа Группийн хэрэгжүүлж байгаа Зайсан Хилл Комплекс төслийн 3 дахь шатны бүтээн байгуулалт бѳгѳѳс энэ нь бизнесийн гэхээс илүүтэй тус компанийн нийгмийн хариуцлагын хүрээнд хийгдэж байгаа тѳсѳл гэдгээрээ онцлогтой юм.
Эйр 360 Улаанбаатар агаарын замын Кабелькар төслийн хѳрѳнгѳ оруулалт, хамтын ажиллагааны санамж бичигт гарын үсэг зурах ёслолын арга хэмжээний үеэр Оюуны Ундраа Группийн Ерөнхийлөгч С.Амарсайханаас тодруулга авснаа хүргэе:
– Хамтын ажиллагааны санамж бичгүүдийн талаар, тухайлбал ач холбогдлоос дурдана уу ?
–Манай Оюуны Ундраа Групп өөрийн Австри дахь салбар компаниараа дамжуулан Австри улсын тэргүүлэгч компаниудтай хоёр төсөл дээр хамтран ажиллах бэлтгэлээ бүрэн хангаад Монгол- Австрийн Форум болж буй энэ ѳдѳр гэрээнд талууд гарын үсэг зурлаа.
–Нэг дэхь төсөл нь: Улаанбаатар хотын төв Чингисийн талбайгаас Зайсан хүртэл нийтийн тээврийн шинэ хэлбэр болох Эйр 360 Улаанбаатар агаарын замын Кабелькарын төслийг Австрийн Дэлхийд энэ чиглэлийн үйл ажиллагаагаараа танигдсан Австрийн “Доппельмайер” Групптэй хамтран хэрэгжүүлэхээр ажиллахаар бэлтгэл ажилдаа ороод байна. Энэхүү төсѳл нь байгаль Улаанбаатар хотын авто замын түгжрэлийн асуудлыг шийдвэрлэх, агаарын бохирдлыг бууруулах болон аялал жуулчлалыг дэмжих зэрэг олон талын ач холбогдол ѳгч байгаа юм.
–Хоёр дахь төсөл нь: Австри улсын эрчим хүчний технологийн компанитай хамтран нарны эрчим хүчний хөдөлгөөнт эх үүсвэрийг үйлдвэрлэх төсөл байгаа юм. Энэхүү тѳсѳл нь өнөөдөр Улаанбаатар хотод төдийгүй Монгол улсын хэмжээнд тулгамдаад байгаа агаарын бохирдол, эрчим хүчний хомсдолыг шийдвэрлэхэд хамгийн бага зардлаар өндөр үр дүнтэй, урт хугацаанд хэрэглэж болохоор нарны хөдөлгөөнт эх үүсвэрийг оруулж, Монголд угсарч хамтарч ажиллахаар боллоо.
–Уг тѳслѳѳс харахад нийслэл хотод цөөхөн чиглэлийн маршруттай байгаа санагдлаа…
– Уг төсөл нь зөвхөн хотын төвийг Зайсантай холбоод зогсохгүй цаашлаад Зайсан-Богд Уул, Богд Уул-Манзуширийн хийд чиглэлийн гэсэн хоёр үе шаттайгаар хэрэгжих юм. Цаашид Улаанбаатар хотын хаана ашиглах боломжтой байна, хотын тээврийн асуудлыг шийдэхэд ямар үүрэгтэйгээр ашиглаж болох талаар судалгаа хийгдсэний үндсэн дээр дараа дараагийн ажлуудыг төлөвлөж, үе шаттайгаар хэрэгжүүлэх боломжтой. Ямартай ч бидний хувьд нэгдүгээр шатны ажлыг эхлүүлэх нь нэн чухал байна.
–Агаарын Кабелькарын зорчих үнэ тариф гарсан болов уу?
–Одоогоор бид аль болох хямд тарифаар шинэлэг ѳндѳр чанартай технологиор иргэдээ зорчуулахыг эрхэмлэж байгаа бѳгѳѳд зорчих тасалбарын хувьд одоогоор үнийн тариф тогтоогүй байна.
–Тѳслийн гүйцэтгэлийн ажилд Монголын талаас хамтран ажиллах компани байгаа юу? Монгол улсын хэмжээнд ихээхэн ач холбогдол ѳгч буй уг тѳсѳлд үндэсний компаниуд хэрхэн оролцох вэ?
–Барилгын гүйцэтгэлийн ажил нь Үндэсний болон Австрийн компанийн оролцоотойгоор хийгдэхээр төлөвлөж байна. Монгол улсад анх удаа хийгдэх гэж буй төсөл гэдэг утгаараа Австрийн талаас нарийн мэргэжлийн ажлуудыг мэргэшсэн инженер техникийн багийн бүрэлдэхүүнтэй гардан хийх байх. Мѳн Австрийн талын зөвлөх мэргэжилтнүүдийн удирдлага дор үндэсний компаниудтай хамтран ажиллаж, дотоодын ажиллах хүчийг ажиллах болно. Энэхүү агаарын замын Кабелькар тѳслийг богино хугацаанд хэрэгжүүлэхээр тѳлѳвлѳж байгаа учраас хариуцлага хамгийн түрүүнд яригдах байх.
–Төслийг хэдийгээр эхлүүлэхээр тѳлѳвлѳсѳн байгаа вэ?
–Энэ намартаа эхлүүлэхээр ажиллаж байна.
–Ярилцсан танд баярлалаа. Та бүхний ажилд амжилт хүсье
– Баярлалаа
Б.Саран