“Харанга” хамтлагийн гишүүн Монгол Улсын урлагийн гавьяат зүтгэлтэн Ц.Чулуунбаттай ярилцлаа.
-“Харанга”-ын анхны дуунуудыг одоогийн бүтээлүүдтэй харьцуулахад ямар дүр зураг харагддаг бол?
-Манай хамтлагийн хуучны дуунууд болох “Амьдралын дуу” , “Мистер Баагий” , “Алсын гялбаа” зэрэг бүтээлүүд тухайн үед хард рок жанраар гарч байсан. Эдгээр дуунууд хатуу сонсогдож, хүмүүсийн сэтгэлд хүрээгүй байж болох талтай. Тиймээс бид жазз рок урсгалаар үзэгчдийнхээ сонорт хүргэхийг зорин ажиллаж байна. Жазз рок урсгал бол хүн сонсоход эгшиглэнтэй, хөгжилтэй байдлыг шигтгэж өгдөг юм. Манай хамтлаг аливаа уран бүтээл дээр ажиллахдаа хамгийн гол нь дууны найруулга дээр маш их анхаардаг. Мөн дууны шүлэг гэдэг бол тулгуур зүйл шүү дээ. Тэгээд шүлгийг дагаад аялгуу зохицсон байх ёстой. Ер нь хүний сэтгэлд хүрэх бүтээл бий болгохын тулд аливаа зүйлд чинь сэтгэлтэй байх нь чухал. “Харанга”-ыг байгуулж байх үед хөгжмийн зэмсэг ховор байсан. Мөн тухайн үед мундаг од болъё, их мөнгө цуглуулъя гэх бодол байгаагүй. Харин мэргэжлийн хөгжимчид байсан учраас хит болох уран бүтээл гаргая л гэж чин зүрхнээсээ хүсч байсан. Тэгээд энэ хүсэл эрмэлзлээрээ өдийг хүртэл явж байна даа.
-Сүүлийн үед таныг бие даасан уран бүтээл дээр ажиллаж байгаа гэж дуулсан. Ямар уран бүтээл бол гэж хүмүүс сонирхож, үнэнч фэнүүд чинь чих тавьж байгаа нь мэдээж?
– Би жазз болон поп хөгжимд илүү дуртай. Хамтлагтаа байгаа ч гэсэн миний зүрх сэтгэл дуугаар хөглөгдөж, дуу хөгжим намайг дуудаж байдаг. 2005 онд “My Street” хэмээх CD гаргаж байсан. Энэ цомогтоо би өөрийнхөө үзэл бодол, ертөнцийг гаргаж ирсэн байдаг. Анх би арван зургаан настайгаасаа дуулж эхэлсэн. “Соёмбо” хамтлагт дуулж, “Харанга” хамтлаг маань дуучинтай учраас аргил гитарчин болсон. Тиймээс өөрийнхөө дуртай стил, жанрыг тоглохын тулд цомог гаргаж байгаа. Энэхүү цомог маань “Амьдралын бэлэг” нэртэй юм. Ирэх намар бие даасан тоглолт хийх төлөвлөгөөтэй байна. Шинэ цомогт орсон “Амьдралын бэлэг” дууны клип гарсан байгаа. Клипэнд сюрприз барин гэрлэх санал тавьж байгаа шинэхэн хосын гайхалтай сайхан мөчийг тусгасан. Уг залуус маань жүжигчид биш жинхэнэ хосууд юм шүү дээ. Ер нь миний бие даасан уран бүтээлд гуниг гутралтай зүйл байдаггүй. Амьдралд сайн сайхныг хүсэж, мөрөөдөх, тэмүүлэх байдлыг гаргадаг. Гэхдээ сүүлд “Ээж” уран сайхны киноны уран бүтээл болох “Уучил хүүгээ” дууг дуулсан. Жаахан уйтгартай дуу л даа. Киноны найруулга нь ээж, хүү хоёрын амьдралын алдаатай оноотой зүйлсийг гаргадаг. Хүү нь амьдралд алдаа гаргаж шоронд ордог. Тэгээд энэ байдлаас ээжийгээ холдуулахын тулд хатуу ширүүн үг хэлдэг. Киноны гол дүрд ардын жүжигчин Д.Мэндбаяр тоглосон. Би Мэндээ эгчийг бодож дуулсан юм шүү.
-Чука ахын хувьд олон сайхан дууны аялгуу хийсэн дээ. Ингэхэд дууны хөгжим зохионо гэдэг амаргүй байх, тийм үү?
– Ая зохионо гэдэг урлаг, мэдрэмж их шаарддаг. Дуртай үедээ дэлгүүрээс талх худалдаж аваад ороод ирэх зүйлтэй адилтгаж болохгүй. Миний хувьд ая зохиоход байнга аливаа зүйлийн цаана нуугдаж байдаг юм шиг санагддаг. Тэгээд тэр нь намайг өдөөж байдаг. Үл тайлагдах оньсого шиг. Сэтгэл санаа сайхан байхад дууны өнгө аялгуу орж ирдэг. Ямар ч уран бүтээлч хүн бүтээлээ энэ сайн боллоо гэж боддог байх. Эхэлж дүгнэлт өгөх хэцүү байдаг. Гэтэл бүтээл босоод ирэхээр олон хүний шүүлт дамжлага, их хугацаа өнгөрсний дараа сайн муу нь мэдэгддэг. Гэхдээ ерөнхийдөө хана гэж байна л даа. Тухайлбал, миний “Амьдралын бэлэг” цомог бол хамгийн шилдэг дууны нэрээр нэрлэгдсэн. Дуу зохионо гэдэг бол хүний сэтгэлийн өнгө аяс, сэтгэл хөдлөл, урам авах эсвэл гутрал ч юм уу. Нэг үгээр хэлбэл дөрвөн улирал юм шүү дээ. Миний “Дөрвөн улирлын өнгө” хэмээх дуу зун цаг болж байхад намрын налгар өдрүүд ирээсэй айргаа уух юмсан, намар болоод ирэнгүүт өвөл болоосой цасаар тоглох юмсан, цас оронгуут хавар хурдан болоосой гэдэгтэй адил. Хавар болоод шуурахаар зун болоосой. Яг үүнтэй адил хүний хүсэл дөрвөн улирлыг байнга дуудаж байдаг.
Мөн “Гэрэлт нарны охин” дуу байна. Ээждээ зориулсан дуу. Эх хүн хүүхдээ өлгийдөн аваад өсгөхөд маш их цаг хугацааг гэтэлж таарна. Хүү өсөж том болоод дуу зохиох юм уу, ямар нэгэн уран бүтээл гаргахад ээжүүд эмээ болж хөгширсөн байдаг шүү дээ. Тиймээс бүх л ээжүүд залуу, сайхан үзэсгэлэнтэй байсныг дурссан дуу. Миний ээж залуудаа намайг хөтлөөд явахад маш үзэсгэлэнтэй хүн байсан гэсэн. Хүмүүс “Энэ Сэвгэр үнэхээрийн үзэсгэлэнтэй шүү” хэмээн дуу алдацгаан ярьдаг байсан гэнэ лээ. Тийм учраас би энэ дуугаа ээждээ зориулсан.
“Энгэрт нь зүүгдсэн нар нь байлаа.
Эмтэлж болохгүй хайр нь байлаа
Та бол гэрэлт нарны охин байжээ..” хэмээн зохиосон байгаа. Энэ дуу бол ээжийнхээ залуу үеийг дурсан санахаар бүтсэн дуу юм. Ээжийнхээ залуу насыг мөнхөлсөн дуу гэж хэлж болно. Мөн “Эр хүн” дуу байна. Ядарсныг дарж, задарсныг дагаж явахгүй ээ би бол эр хүн. Ерөнхийдөө эрчүүддээ зориулсан дуу. Ямар ч эр хүн гитараа бариад дуулчихаар дуу болсон шүү. Дуу бол бодит амьдралыг илэрхийлж өгдөг. Бодит амьдрал бол бодит үг юм шүү дээ.
-Танай удамд урлагийн хүн бий юу?
-Манай аав бол Төв аймгийн Дэлгэрхаан сумын хүн. Аав, ээж хоёр маань өнгөрөөд их олон жил болжээ. Манай ээжийн удамд урлагийн хүмүүс байсан. Ээж маань “Учиртай гурван толгой” жүжгийн дууг дуулж байсан. Манай ээжийн дүү дуучин хүн юм. Монгол Улсын гавьяат жүжигчин Жаргал гэж байсан. Энэ хүний нөхөр мөн гавьяат жүжигчин, хөгжмийн зохиолч Цэрэв гэж хүн байсан. Бид эцэг эхээсээ зургуулаа. Одоо гурвуулаа болсон. Хоёр дүүтэйгээ байна. Ер нь миний хүүхэд нас “Ирмүүн” студи болох чи бид хоёрын ярилцлага хийж буй газар өнгөрсөн. Бага тойруу гэж нэрлэдэг шүү дээ.
-Танай хамтлагийн “Зөвхөн Монголдоо” дуу монголчуудын сэтгэл зүрхэнд тод үлдсэн уран бүтээлийн нэг. Энэ уран бүтээл хэрхэн төрж байсан талаар ярихгүй юу?
-1997 онд “Эрин зууны хөг” хэмээх манай хамтлагийн шинэ концерт тоглогдох болдог юм. Энэ үеэр бид ханан дээр шүлэг наачдаг байсан. Шүлгүүд дундаас хамгийн сүүлд “Зөвхөн Монголдоо” дууны шүлэг үлдсэн байсан. Тэгээд шүлгийг авч үзтэл сэтгэлд бууж, ая зохиохоор шийдэж байлаа. Дорнын их найрагч Бэгзийн Явуухулан гуайн шүлэг шүү дээ. Ардын жүжигчин Ц.Гантөмөр гуай надад хэлж байсан л даа. “Миний найз Явуухулан далан гурван онд энэ шүлгийг бичсэн” гэдэг. Гантөмөр гуай Явуухулан найрагч хоёр нэг дорын хүмүүс байжээ. Гэр орон нь ойр байсан хэрэг. Тийм явах үедээ Явуу найрагч “Зөвхөн Монголдоо” шүлгээ мань хүнд уншиж өгч, хоёул тухайн цагт тэмдэглэж, хундага тулгаж байсан гэдэг. Ийм агуу хүмүүсийн уран бүтээл учраас “Зөвхөн Монголдоо” дуу Азийн шилдэг дууны санд багтсан юм шүү дээ.
-Наадам ойртож буй энэ цагт танаас “Толин хул” дууны тухай асуулгүй өнгөрч болохгүй нь. Уг дууны аялгуу эгшиглээд ирэхээр наадмын өнгө зураг тодорч, морьдын тоос босох шиг санагддаг?
-“Толин хулын тоосонд хийморь зүггүй наадам
Торгон жолоо өргөхөд нулимс тогтохгүй наадам
Толин хулын төвөргөөнд тугаа өргөсөн Монголоо…”. Энэ дууг сонсохоор яах аргагүй сэтгэл маань огшоод ирдэг. Энэхүү бүтээл олны хүртээл болсноосоо хойш даруй арван таван жил өнгөрчээ. Дууны бэлтгэл ажилд ханцуй шамлан орсон үе саяхан мэт санагдана. Би Улаанбаатарын унаган хүүхэд. Монголчуудын хурдан морь, амьдралын аж байдлыг тод дүрсэлсэн дуу. Тиймээс надад анх хол санагдаж байсан. Мөн манай хамтлагийн дуучин гавьяат жүжигчин Х.Лхагвасүрэн “Би рок дуучин учраас морины тухай дуу дуулахгүй” гэж хүртэл хэлж байсан удаатай. Гэвч бид хоёр зориг гарган дууныхаа бэлтгэл ажилд орж байсан. Би хөгжмийн найруулагчаар нь ажиллаж байсны хувьд Лхагваагийн хоолой яг тохирох юм байна гэдгийг гадарлаж таарна. Энэ дууг бүтээхийн тулд анх удаа хурдан морины уяан дээр очиж байлаа. Наадамд уралдах гэж байгаа морь сойж буй байдлыг харж авсан. Сунгаа гэж байдаг ш дээ. Тэр сунгаан дээр очиж, машины цонхоор харж байхад надад маш их омогшил төрж, сэтгэл зүрх маань дагаад догдолж байсан. Тэр морьд ямар өрөвдмөөр байсан гээч. Чих нь хулмалзаад давхиж байгаа нь сэтгэлд тод харагддаг. Хотод өссөн ч гэсэн монгол хүний цус гүйж байгаа учраас омогшдог юм байна лээ. “Толин хул” дуу ингэж л төрсөн. Манай найзууд надаас “Морь уяж байна уу” гэж асуудаг. Хариуд нь “Жил болгон морь уяж байгаа ш дээ. Морь маань түрүүлчих гээд л байна” гэж явуулна. “Толин хул”-ыгаа хэлж байгаа хэрэг л дээ (инээв).
-Монголын рок попын ертөнцөд хүндтэй байр эзэлдгийн тань хувьд асуухад, өнөөгийн рок попын урсгал ямар түвшинд явна вэ?
-Ерөнхийдөө рок поп хөгжмийн урсгал хөгжиж байгаа. Яагаад нам гүм, хөгжөөгүй юм шиг байна вэ гэхээр мэдээллийн эрин үе ирсэн.
Иймээс хаана л бол хаанаас ямар ч дуучид хамтлагийг сонсдог болсон байна шүү дээ. Тэгэхээр дуучид, уран бүтээлчид дор дороо уран бүтээлээ хийгээд явж байгаа. Тухайлбал, “Камертон” хамтлаг бие даасан цомгийн ажилдаа орсон байх жишээтэй. Залуу хамтлаг дуучдаас “Lemons” , “A Sound”, “Fire” амьд хөгжмийн хамтлагууд уран бүтээлээ гаргасаар байна. “Play time” амьд хөгжмийн томоохон шоу тоглолт болдог. Энэ тоглолт дээр олон залуу уран бүтээлчид оролцож байдаг шүү дээ. Тиймээс рок попын урсгал хөгжсөөр л байна. Ер нь хөгжмийн урсгалыг хүргэх мэдээллийн сан нь цалгисан гэж хэлж болно. Шинээр төрөн гарч буй хамтлаг дуучид болон хуучны уран бүтээлчид ч гэсэн шинэ дуу, цомог гаргаж байгаа. Тэр болгоныг үзэгчид үзэж, сонсоогүй байж болно. Жишээлбэл, би “Амьдралын бэлэг” хэмээх цомгоо гаргалаа. Нийтийн дуу ч мөн адил хөгжиж байна. Сонгодог урлагт бид их амжилт гаргаж байна шүү дээ.
Эх сурвалж:dnn.mn