Хятад Монгол хоёр орны харилцаа түүхийн хамгийн сайн цаг үедээ байгаа гэж Хятад судлаачид үнэлж, Монгол улсын хөгжлийн ирээдүйд өөдрөг байр суурьтай байна. Хоёр орон эдийн засгийн талаар хамтран ажиллаж, хамт амжилтад хүрэх ёстой гэж Өвөр Монголын Их Сургуулийн Хөрш орнуудын судалгааны газрын дарга Түмэнцэцэг ХОУР-гийн сэтгүүлч Гантөмөрт дэлгэрэнгүй ярилцлага өгчээ.
Сурвалжлагч: Өнөөдөр Өвөр Монголын их сургуулийн хөрш орнуудын судалгааны газрын дарга, эрдэмтэн судлаач Түмэнцэцэгтэй уулзаад байна. Ингээд сонсогчдын өмнөөс танд энэ өдрийн мэнд хүргэе.
Түмэнцэцэг: За, сайн байна уу? Та бүхний энэ өдрийн амар амгаланг айлтгая.
Сурвалжлагч: Өнөөдөр Монголын үндэсний их баяр наадам болж байна. Та манай радиогоор дамжуулж, өргөн олон монголчууддаа үндэсний их баяр наадмын мэнд дэвшүүлнэ үү.
Түмэнцэцэг: Өнөөдөр 7 сарын 11, Монгол улсын наадам болж байна. Монголд ардын хувьсгал ялсны 95 жилийн ой тохиож байна. Бүх монголчууддаа халуун баяр дэвшүүлж байгаагаа илэрхийлье .
Сурвалжлагч : За, баярлалаа. Ингээд Хятад Монголын дээд давхаргын харилцан айлчлал, уулзалт олширч, Хятад, Монголын харилцаа иж бүрэн стратегийн түншийн харилцаатай болж, хоёр орны харилцаа улам хөгжиж байна. Ингээд Хятад, Монгол хоёр орны харилцааны өнөөгийн байдал, цаашдын хөгжлийн талаар товч ярина уу?
Түмэнцэцэг: Улс төрч, эрдэмтэд Хятад, Монголын харилцааг одоо хамгийн сайн түүхэн цаг үедээ байна гэж үзэж байгаа. Ойрын хэдэн жилийн байдлаар хоёр талын дээд хэмжээний айлчлал тасралтгүй болж, 2014 онд Хятад улсын дарга Ши Жиньпин Монгол улсад албан ёсны айлчлал хийсэн. Тэгээд хоёр улсын харилцаа иж бүрэн стратегийн түншийн харилцаа болж дээшилсэн. 2015 онд Монгол улсын ерөнхийлөгч Ц.Элбэгдорж Хятад улсад айлчилж, Японы түрэмгийллийн эсрэг Хятадын ард түмний дайны ялалтын 70 жилийн ойн баярыг тэмдэглэх үйл ажиллагаанд оролцсон. 2015 оны 11 сард Хятадад дахин албан ёсны айлчлал хийсэн. Энэ жилийн 7 дугаар сард Монгол улс АСЕМ-ын хурлыг хийх гэж байна. Манай улсын ерөнхий сайд Ли Кэчян Монгол улсад айлчилна. Энэ байдлаас үзвэл, хоёр улсын улс харилцаа маш сайн хөгжиж байна. Эдийн засаг, соёлын харилцаа бас тасралтгүй сайжирч байна.
Сурвалжлагч: Хятад, Монголын эдийн засгийн өнөөгийн харилцаа, хамтын ажиллагаа, цаашдын хөгжлийн талаар ярьж өгнө үү?
Түмэнцэцэг: Эдийн засгийн хувьд Хятад, Монгол хоёр улсын эдийн засаг нягт харилцаа холбоотой. 1998 оноос эхлээд Хятад улс Монгол улсын хамгийн том хөрөнгө оруулагч улс болсон. 1999 оноос Хятад улс Монгол улсын гадаад худалдааны хамгийн том түнш хэвээр байна. Тэгвэл хоёр улсын эдийн засгийн харилцаа ойрын хэдэн жил улам нягтарч байгаа. Гэхдээ одоо дэлхийн эдийн засаг, ойрын хоёр жилд жаахан саарч байгаа. Одоо дэлхийн зах зээл дээрх байгалийн баялаг, уул уурхайн бүтээгдэхүүний үнэ хямдарч байгаа. Ийм байдлаар хоёр улсын эдийн засгийн хөгжил жаахан саарч байгаа. Гэхдээ сорилт, боломж хамтдаа оршиж байна. Хятад улсын “Нэг бүс нэг зам” стратеги, Монгол улсын “талын зам” төлөвлөгөөг хэрэгжүүлж байгаа. Энэ бол хоёр улсын эдийн засгийн хамтын ажллагаанд боломж нээж өгсөн. Тэгвэл одоо Хятад, Монгол, Оросын эдийн засгийн хонгилын бүтээн байгуулалт явагдаж байгаа. Хятад, Монгол, Орос гурван улсын төрийн тэргүүн гурван удаа уулзсан. 2014-2015 онд Оросын Уфа хотод уулзсан. 2016 оны 6 сард гурван улсын тэргүүн Ташкент хотод уулзсан. Энэ талаарх хэлэлцээг улам нарийн болгож, эдийн засгийн төлөвлөгөөний төсөлд гарын үсэг зурсан. 2014 онд Ши Жиньпин дарга Монгол улсад айлчилж, хоёр тал иж бүрэн стратегийн түншийн харилцаа тогтоосон. Мөн хоёр талын 26 хэлэлцээрт гарын үсэг зурсан. Үүний 19 нь эдийн засгийн талаар. Иймээс эдгээр хэлэлцээрийг биелүүлэх олон боломж бий. Хэдийгээр эдийн засаг жаахан саарсан боловч, Хятадын эдийн засаг шинэ байдалд орсон. Ийм нөхцөлд хөгжил нь бага зэрэг удааширсан ч их нөөцтэй гэж үзэж байгаа. Гол нь одоо Хятадын эдийн засаг тогтвортой хөгжиж байгаа, тэгвэл Монголын эдийн засаг ч дэлхийн зах зээл дэх уул уурхайн бүтээгдэхүүний үнийн уналт аажмаар сэргэж, дээшилж байна. Хятадын “Нэг бүс нэг зам” бүтээн байгуулалт, Монгол улсын “Талын замын” бүтээн байгуулалтыг хооронд нь холбох талаар олон ажил хийх боломжтой байна. Иймээс хоёр талын эдийн засаг ойрын хоёр жилд хөгжих сайхан ирээдүтэй гэж үзэж байна.
Сурвалжлагч : Та эдийн засагч, судлаач хүн. Монголын эдийн засгийн цаашдын тогтвортой байдлын талаар ямар бодолтой вэ?
Түмэнцэцэг: Монголын эдийн засаг одоогийн байдлаар бүтцийн талаар тийм санаанд хүрсэн биш, гол нь мал аж ахуй, уул уурхай хоёрт тулгуурлаж байна. Иймээс үүнийг өөрчлөх шаардлагатай. Монгол улс эдийн засаг зөвхөн уул уурхайд түших биш, олон талын хөгжил хэрэгтэй. Жишээлбэл аялал жуучлалыг хөгжүүлэх сайхан нөөцтэй. Ус болон ногоон бүтээгдэхүүнийг хөгжүүлэх талаар яригдаж байгаа. Эдгээр төслийн дагуу Монголын эдийн засаг аажмаар, бүтцийн талаар улам сайрах сайхан ирээдүйтэй гэж би бодож байна.
Сурвалжлагч : Сая та ярилаа, 7 сарын 13-14 нд Улаанбаатар хотноо АСЕМ-ын дээд хэмжээний 11 дэх чуулган болно. Энэ олон улсын хэмжээны хурал чуулган, Монголд болж байгаагийн ач холбогдолыг хэрхэн үнэлж, дүгнэж байна ?
Түмэнцэцэг: Тийм, 7 дугаар сард Монголд АСЕМ болно. Энэ бол 11 дэх чуулга уулзалт юм. Энэ хурлыг анх 1996 онд Тайландад хийж байсан. Энэ жил 11 дэх удаагийнх нь Монголд болж байгаа. Монгол хөгжиж буй улс. Ийм том хэмжээний олон улсын хурал чуулган зохион байгуулж байгаа нь маш том явдал. Миний мэдэхээр АСЕМ-ын гишүүн 50 гаруй улс байдаг. Иймээс энэ удаагийн хурлыг дэлхийн олон хэвлэл мэдээлэл анхаарч байгаа. Бас 53 улс орны хэвлэлийн байгууллага Монголд очиж, энэ талаар сурвалжилна гэж дуулсан. Монгол улс хэдийгээр эдийн засгийн талаар ойрын хоёр жил жаахан саарсан боловч гадаад харилцааны талаар олон сайхан шинэ төрийн бодлого явуулж, олон амжилт гаргаж байна. Энэ удаагийн 11 дэх удаагийн АСЕМ-ын уулзалтыг Монголд зохион байгуулах нь Монгол улсын гадаад харилцааны шинэ амжилт гэж бас хэлж болно .
Сурвалжлагч : Хятад, Монгол бол мөнхийн хөрш, тэгэхээр хоёр орны улс төр, эдийн засаг, соёлын харилцааны онцлог давуу талын тухай бодлоо хуваалцана уу ?
Түмэнцэцэг : Хятад. Монгол хоёр улс бол мөнхийн хөрш. Хоёр улсын харилцаа бол хамгийн чухал хоёр талын харилцаа гэж үзэж байгаа. Хоёр улсын улс төр, эдийн засаг , соёлын харилцаа улам нягтарч байгаа. Ялангуяа соёлын талаар хоёр улсын Монгол үндэстэн хилийн наана цаана аж төрж байгаа. Иймээс соёлын талаар, хэлний талаар бусад талаар түүхэн нягт харилцаатай. Иймээс энэ талын харилцаа улам сайжирч байгаа юм.
Сурвалжлагч : Ер нь 21 дүгээр зуун гарснаар дэлхий ертөнцийн олон улсын харилцаа тэр тусмаа олон улсын эдийн засгийн харилцаанд бас олон шинэ зүйл бий болсон байдаг. Мэргэжлийн судлаач хүний хувьд энэ талаарх сүүлийн үеийн мэдээллээ бидэнтэй хуваалцана уу ?
Түмэнцэцэг: Дэлхийн эдийн засгийн харилцаа улам нягтарч байна. Одоо даяаршил гэдэг. Тэгээд бас бүс нутгийн интеграцлалын талаар бас улам нягтарч байгаа. Иймээс хөрш хоёр улсын эдийн засаг улам нягт болох нь яриангүй гэж бодож байгаа. Хятадын талаас авч хэлбэл, хөрөнгө мөнгөний талаар элбэг, мэргэжлийн талаар бол дэлхийд нэлээд өндөр хэмжээнд хүрсэн байна. Хятад, Монгол улс олон талаар харилцан нөхвөрлөх чадвар их байгаа учраас эдийн засгийн харилцааны нөөц улам их байна гэж бодож байна .
Сурвалжлагч : Өнөөдөр бидэнд маш сайхан ярилцлага өгсөн танд их баярлалаа. Эрүүл энх, аз жаргал, сайн сайхан бүхнийг хүсэн ерөөе .
Түмэнцэцэг: Баярлалаа, Та бүхэндээ ч эрүүл энх, аз жаргал, сайн сайхан бүхнийг хүсэн ерөөе .