МАХН-ын дэд дарга Ц.Оюунбаатартай цаг үеийн асуудлаар ярилцлаа.
-2016 оны ээлжит сонгууль болж өнгөрлөө. Сонгуулиас хойш та юу хийж байна вэ?
-Монгол Улсын Шадар сайдын албыг өнгөрөгч долоо хоногт өглөө. Миний мэргэжил хуульч, багш, судлаач. Энэ утгаараа төрийн албанаас тодорхой хугацаанд хөндийрч судалгааны ажил руу орж байна. Миний судалгаа Монгол Улс дахь авлигын, тэр дундаа сонгуулийн авлигын асуудлыг хөндөж байгаагаараа онцлог.
Өмнө энэ чиглэлээр олон жил судалгаа хийсэн. Тухайлбал, 2015 онд Монгол дахь авлигын асуудлаар томоохон эрдэм шинжилгээний хурлыг зохион байгуулсныг хүмүүс санаж байгаа байх. 1990 оноос хойш энэ чиглэлээр судалгаа хийж байна даа.
-2016 оны сонгуулийн үр дүнгийн талаарх таны байр суурийг сонирхмоор байна. Сонгогчдын саналыг мөнгөөр худалдаж авлаа гэх яриа их гарсан шүү дээ. Та санал нэгдэх үү?
-Үнэхээр мөнгөн дээр тогтсон сонгууль болж өнгөрсөн. Улсын хэмжээнд сонгогчдын саналыг худалдаж авах кампанит ажил өрнөлөө. Өмнөх сонгуулиудаас луйврын арга хэлбэрүүд улам олон, нарийн болж баяжсан. 2012 оны сонгуульд 100 орчим тэрбум төгрөг зарцуулж сонгуулийн авлигыг цэцэглүүлж, сонгогчдын саналыг худалдаж авах ажил явагдаж байсан.
Энэ удаагийн сонгуулиар өмнөхөөсөө хэд дахин их мөнгө тараасан. Тэр битгий хэл албан тушаалыг урьдчилан худалдсан. Сонгуулийн хууль зөрчсөн хэдэн зуун гарцаагүй бөгөөд хөдлөшгүй баримт, бичлэгүүд байна шүү дээ.Ард иргэд маань ядуурсан, бэлэн мөнгөний хомсдолд орсон нөхцөл байдалд тулгуурлан санал худалдаж авах үйл ажиллагаа өрнөсөн.
Тухайбал, малчдын малыг худалдаж авна гэж 150-200 мянган төгрөг тараасан байдаг. Хэрэв сонгогдвол энэ мөнгийг буцааж авахгүй гэсэн аман тохироо хийчихсэн байх жишээтэй.
Мөн жижиг дэлгүүрүүдэд бараа зээлээр өгчихөөд сонгогдсон тохиолдолд өрийг цайруулахаар тохиролцсон, сонгогчид санал өгсөн саналын хуудсаа барьж очоод мөнгө авах зэрэг олон арван жишээг энд хэлж болно. Энэ Монголын хөгжлийн зам биш. Эрүүл тогтолцоо ч биш. Ийм замаар хэмлэгдэн байгуулагдсан шинэ УИХ, Засгийн газар ч зөв замаар цаашдаа явахад хэцүү.
Тийм ч учраас монгол төрөө эрүүл, зөв байлгахын төлөө шинжлэх ухааны үндэслэлтэй, судалгааны ажил руу эргэлт буцалтгүй орсон гэж ойлгож болно. Энэ нийгмийг бүхэлд нь хэрсэн авлигын асуудлыг гаргаж ирснээр нийгмийн сэтгэлзүйг эрүүлжүүлэх, улс орныг хөгжлийн зөв голдиролд оруулахад чухал нөлөөтэй юм.
-Энэ сарын 25-нд МАХН-ын дарга Н.Энхбаяр сэтгүүлчдэд мэдээлэл хийсэн. АТГ-аас МАХН-ын даргын эрх, эрх чөлөөнд халдаж, үндэслэлгүйгээр ял тулгахаар завдаж байгаа талаар та бүхэн ярьж байсан шүү дээ. Энэ асуудалд та хүний эрхийн мэргэшсэн хуульчийн хувьд ямар байр суурьтай байгаа вэ?
Монгол Улсын гурав дахь Ерөнхийлөгч, МАХН-ын дарга Н.Энхбаярын эсрэг хэлмэгдүүлэлтийн үйл ажиллагаа шинэ шатанд гарч идэвхжиж байна. Н.Энхбаяр дарга өмгөөлөгчгүй байна. Улс төрийн зорилготой хэлмэгдүүлэлт учраас даргыг өмгөөлөхөөс айж байна.
Н.Энхбаяр даргын Үндсэн хуулиар олгогдсон эрхээ эдлэх боломжийг хааж АТГ байцаалт өгөхийг шаардаж, хариуцлага тооцно гэдэг асуудал гарч байна.
Энэ бүх бусармаг үйлдлээ сонгууль дууссан, улсын баяр наадам болж, иргэд амралтын байдалтай байгаа энэ сиймхийг ашиглаж явуулж байгаа нь ёс зүй хүн чанаргүй явдал шүү дээ. Тийм учраас АТГ-ын шинэ удирдлага, цагдаа, хууль хяналтын байгууллага энэ байдалдаа дүгнэлт хийх ёстой.
Энэ асуудлаар хуульдын хүрээнд ярилцлаа. МАХН-ын Гүйцэтгэх товчооны хурлаар ч мөн хэлэлцлээ. Н.Энхбаяр гэдэг хүнийг 2009 онд ажлаа өгснөөс нь хойш буюу бүтэн долоон жил тасралтгүй шалгаж, мөрдлөө.
Зөвхөн Н.Энхбаяр төдийгүй түүний гэр бүл, ойр дотны хүмүүс, намынх нь журмын нөхдийг хүртэл шалгах, дарамтлах, хууль хяналтын байгууллагаас дуудах зэргээр өнөөдрийг хүрсэн. Энэ нь өөрөө Монгол Улс дахь хүний эрхийн нөхцөл байдал ямар хүнд байгааг харуулж байна.
Энэ байдал даамжирч үргэлжиж байгаа нь туйлын харамсалтай. Бидний хувьд МАН засгийн эрхэнд гарч, олонх болсноор хүний эрхийн ноцтой зөрчлүүдийг залруулж, өнөөдөр бодитоор бий болсон хэлмэгдүүлэлтийн асуудалд нааштай өөрчлөлт гарна гэж найдаж байсан.Харамсалтай нь өөрчлөлт гарсангүй л гэж нийгэм харж байна.
Монголд бүтэн долоон жил нэг хүний эсрэг бүх хуулийн байгууллага нь ажилласан тохиолдол түүхэнд өөр байхгүй.
-Н.Энхбаяр даргыг АТГ-аас удаа дараа байцаалт өгөхийг шаардаад байгаа хэргийг та юу гэж харж байна?
-Иргэний гэрээ хэлэлцээрийг эрүүгийн хэрэг болгон дарамталж хоёр жил гаруй мөрдөж мөшиглөө. Хоёр компани хоорондоо гэрээ хийж, төлбөр тооцоогоо барагдуулсаны үндсэн дээр 50 гаруй жил болсон хуучин байшин худалдаж авсан асуудлыг залилангийн хэрэг мэтээр тайлбарлаж, энэ арилжаа наймаанд оролцоогүй, гарын үсэг зураагүй Н.Энхбаяр гэдэг хүнийг бүтэн хоёр жил дарамталлаа.
Дээр нь авлига хээл хахуулийн хэрэгт холбогдсон хүмүүс өөрийнхөө хэргийг хаа хамаагүй Н.Энхбаяртай холбон тайлбарлаж, өөрөө ялаас мултрах гэж оролдсон. Хууль хяналтын байгууллагын зарим бусармаг ажилтнууд энэ мэт гүтгэлэг хэлмэгдүүлэлтийг улс төрийн зорилгоор МАХН-тай, Н.Энхбаяр даргатай холбох гэж оролдсон.
Ийм л асуудал байна. АТГ гэх байгууллага гадаад, дотоодын олон зуун сая ам.долларын гэрээг, бохир мөнгө угаах асуудлыг шалгадаггүй атлаа иргэд хоорондын гэрээ хэлэлцээрээр хийгдсэн арилжаа наймааг эрүүгийн хэрэг болгож хувиргаад мөрддөг, шалгадаг байгууллага болж хувирч байгаа нь харамсалтай.
Өнөөдөр Монгол Улсад эрх мэдэлтэй нь эрх мэдэлгүй байгаа нэгнээ намнах, хэлмэгдүүлэх, шоронгоор айлгах, хуулийн байгууллагыг улстөрчдийн гар хөл болгон ашигладаг байдал үргэлжлэх аюултай байна.
Монгол Улс ардчилсан орон гэж дэлхийд сурталчилдаг. Олон улсын хэмжээнд дагаж мөрддөг хүний эрхийн тунхаглал, баримт бичгүүдийг ч манай улс нэгдэж орсон орны хувьд дагаж мөрдөх ёстой. Харамсалтай нь манайд дагаж мөрдөхийн оронд нэг нам юм уу, хэсэг бүлэг хүмүүсийн дарангуйлал ноёлох болж, тэдний үзэмжээр хууль завхарч байна.
МАХН-ын удирдах албан тушаалтнуудыг мөнгөөр, албан тушаалаар худалдаж авах, эсвэл айлган сүрдүүлэх, эрүүгийн хэрэгт татах замаар “бууны нохой” болгох байдал газар авсан. Энэ бол манай улсын эмгэнэл юм. Өмнө нь манай нам МАН-тай энэ бусармаг үйл явдлыг залруулах тухай гэрээ хэлэлцээрийг хийж гарын үсэг зурж байсан.
МАН-ын нөхдүүд ч хэлмэгдэл бодитой оршиж байна гэдгийг хүлээн зөвшөөрч байсан. Гэвч өнөөдрийн өнцгөөс харахад хуучин “МАНАН”-гийн бодлогыг хэвээр үргэлжлүүлж мэдэхээр эмзэглэл төрж байна.
-Та бүхэн үүсээд буй нөхцөл байдалтай холбоотойгоор цаашид ямар арга хэмжээ авч ажиллах вэ?
-Хүн үзэл бодол, шашин шүтлэг, яс үндэс үл хамааран өөрийн заяагдмал эрхээ эдлэх ёстой шүү дээ. Монгол Улсад улс төрийн шинж чанартай хоригдол, улс төрийн шинж чанартай мөрдөгдөж, хавчигдаж байгаа хүмүүс байна.
Тухайлбал, Н.Энхбаяр дарга. Тийм учраас иргэний нийгмийн зүтгэлтнүүд, хүний эрхийн чиглэлээр ажилладаг ОУ-ын болон төрийн бус байгууллагууд, хүний эрхийн хуульчид энэ байдлыг хүлээн зөвшөөрөхгүй. Эсэргүүцэж тэмцэх нь мэдээжийн хэрэг.
Бидний хувьд улс төрийн зорилготой хэлмэгдүүлэлтийн эсрэг тэмцлээ үргэлжлүүлнэ. олон улсын байгууллага, НҮБ, Европын холбоо, Эмнести Интернэйшнль зэрэг хүний эрх, эрх чөлөөг хангах чиглэлээр ажилладаг байгууллагуудад хандахаас өөр аргагүй. Н.Энхбаяртай ойр байдаг гэдгээр сайд, УИХ-ын гишүүн байхдаа байнгын утсаа чагнуулж ирлээ.
Байнгын хяналт, мөрдлөг дунд явж ирлээ. Гэтэл өнөөдөр бодитоор бий болсон ноцтой асуудлыг шалгахгүй байна. Монголын хэлмэгдүүлэлтийн хар түүхэнд ч өнөөдрийнх шиг ийм аймшигтай нөхцөл байдал байгаагүй.
Бүтэн долоон жилийн турш Монгол Улсын шүүх, прокурор, АТГ, цагдаагийн байгууллага ганцхан хүнтэй байлдаж, нийгэмд хавтгайрсан авлигын хэргүүд, олон зуун тэрбум ам.долларын Чингис, Самурай бондын мөнгөний зарцуулалт, хэрэгжилтийг бараг шалгасангүй. Энэ мөнгө өнөөдөр элсэнд асгасан ус шиг алга болчихсон.
Хулгайлсан мөнгөө оффшор дансанд хийчихсэн 50 орчим хүмүүсийн нэгийг ч шалгаагүй. Олон нийт, иргэд ч шалгахыг шаардсан. Харамсалтай нь огт шалгаагүйгээр барахгүй, мөнгөөр санал худалдаж авах бололцоог нь олгож, УИХ-ын гишүүн болгочихсон байна.
Хууль, хяналтынхан өөрсдөө энэ тухай ярихаараа дээрээс дарамт ирж байна, дээрээс ирсэн тушаал зааврыг биелүүлэхээс өөр аргагүй гэдэг. Ийм нөхцөлд та бид хэн байхаас үл хамааран ийм шударга бус үйлдэл, хэлмэгдүүлэлтийн эсрэг нэгдэж тэмцэхээс өөр аргагүй. Цаашид бидний хийж буй шударга ёсны төлөөх, хэлмэгдүүлэлтийн эсрэг тэмцэл хүчээ авна.
Хүний эрх, эрх чөлөө нь зөрчигдөж байгаа, шударга үнэний талд зогссон нь өнгө мөнгөнд дарагддаг, хохирдог хэлмэгддэг эрх мэдэлтэй албан тушаалтай байхад бөгс долоон алба горьдож явсан хүмүүс өнөөдөр бүлэглэн нэг хүн рүү дайрч байгаа нь хүний ёсонд нийцэх үү? Хүнийг хэлмэгдэж явахад өмөөрөх жирийн монгол хүн байгаад эргэлзээгүй байна. Энэ байдлын эсрэг хүний эрхийн хуульчийн хувьд тэмцэж ажиллах болно.
-МАХН ирэх дөрвөн жилд ямар чиглэлийг барьж ажиллах вэ?
-Мэдээж бид сонгуулийн үр дүн, үйл явцад нарийн дүн шинжилгээ хийж, намынхаа Бага чуулганаар хэлэлцээд цаашдын бодлогоо тодорхойлох ёстой. Монгол Улсын өнөөгийн нөхцөл байдал, улс төрийн үйл явцад хувийн дүн шинжилгээ хийхэд шударга ард иргэд маань нэгдэж, аль болохоор нийгэмдээ ач холбогдол өндөртэй зөв, чухал асуудлууд дээр хамтран тэмцэх ёстой.
Шударга ёсны төлөө дуу хоолойгоо гаргадаг хүн бүхэн ямар нэгэн “ИЗМ”-гүйгээр Монголын эсрэг, Монголын хөгжлийн эсрэг ажиллаж буй, Монголын баялгийг гадагш нь зөөж байгаа бүлэглэл, буруу бодлогын эсрэг хамтран тэмцэх ёстой. Энэ тэмцэлд ямар нэгэн намын харъяалал, үзэл бодлын жижиг зөрчлийг хойш тавьж нэгдэх хэрэгтэй.
Энэ миний хувийн байр суурь боловч надад итгэж, намайг дэмжсэн олон мянган иргэдийн хүсэл зориг, итгэл үнэмшил хамт явааг хэлэх хэрэгтэй. Нам ч энэ чиглэлийг анхаарч үйл ажиллагаа, бодлого шийдвэртээ тусгаж ажиллах байх. Ирэх есдүгээр сараас эхлэн яг энэ асуудлаар өргөн хүрээнд хэлэлцэх болно.
Х.Хатан