Б.Баатархүү: Нөхөн сэргээлт нэрийн дор хууль бусаар алт олборлож байсан этгээдүүдийг илрүүлэн шалгаж байна

147305268957cd001147ce9

Цагдаагийн байгууллагаас орон нутагт “Байгаль хамгаалах журмын эсрэг гэмт хэрэг”-тэй тэмцэх чиглэлээр хэрэгжүүлж байгаа ажил болон шалгалтан талаар өнөөдөр ЦЕГ-ын Хэвлэл мэдээллийн төвийн дарга, цагдаагийн дэд хурандаа Б.Баатархүү сэтгүүлчдэд мэдээлэл хийлээ.

Тэрбээр “Сэлэнгэ аймгийн цагдаагийн газраас тус аймгийн Ерөө, Хүдэр сумд болон Бугант тосгоны нутаг дэвсгэрт нөхөн сэргээлтийн үйл ажиллагаа явуулахаар Сумдын ИТХ, Засаг даргын тамгын газраас зөвшөөрөл авсан аж ахуйн нэгж байгууллага, иргэдийг аймгийн Мэргэжлийн хяналтын газар, Байгаль орчны албадтай хамтарсан ажлын хэсэг байгуулж Хүдэр, Могойн голуудад газар дээр нь очиж үзлэг шалгалтыг зохион байгуулсан байгаа.

Шалгалтаар эвдэрсэн газрыг нөхөн сэргээх нэрийн дор хууль бусаар ашигт малтмал олборлох үйл ажиллагаа явуулсан С захиралтай “Агро копт” ХХК нь Хүдэр сумын “Нуурын тагт” нэртэй газарт байгаль экологид 95 гаруй сая төгрөгийн хохирол учруулсан, “Б”-д холбогдох Ерөө сумын Могойн гол нэртэй газарт хууль бус аргаар ашигт малтмал олборлож, байгаль экологид 10 гаруй сая төгрөгийн хохирол учруулсан хэрэгт тус тус Эрүүгийн хуулийн 214 дүгээр зүйлийн 214.2 дахь хэсэгт зааснаар эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж байна. Мөн Б гэгч нь Хүдэр сумын нутагт хууль бусаар ашигт малтмал олборлох үйл ажиллагаа явуулж байгаль экологид 270 гаруй сая төгрөгийн хохирол учруулсан нь шинжээчийн дүгнэлтээр тогтоогдож, эрүүгийн хуулийн 214 дүгээр зүйлийн 214.2 дахь хэсэгт зааснаар эрүүгийн хэрэг үүсгэх саналтайгаар прокурорын байгууллагад материалыг хүргүүлсэн байна.

Хамтарсан ажлын хэсэг “Б”, “Г, “Б” нарт холбогдох гол усыг бохирдуулсан, хууль бусаар үйл ажиллагаа явуулсан гэмт хэргийн шинжтэй үйлдлүүдэд шалгалтын ажиллагааг үргэлжлүүлэн ажиллаж байна. Сэлэнгэ аймгийн иргэдийн зүгээс гол, ус бохирдож байгаа талаар мэдээлэл өгч байгаа бөгөөд энэ дагуу цагдаагийн болон холбогдох байгууллагууд шалгалтын ажлыг хийж байгаа” гэлээ.

Байгаль орчны гэмт хэрэгт холбогдсон сэжигтэн этгээдүүдийн буруутай үйлдэл нь хууль болон шүүхийн байгууллагаар тогтоогдвол ямар хариуцлага тооцох талаар, Хуулийн зүйл заалт нь: 214 дүгээр зүйл хууль бусаар ашигт малтмал хайх, ашиглах, олборлох 214.1.Хууль бусаар ашигт малтмал хайх, ашиглах, олборлох үйл ажиллагаа явуулж үлэмж хэмжээний хохирол учруулсан бол хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг хорин нэгээс тавь дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл нэгээс гурван сар хүртэл хугацаагаар баривчлах ял шийтгэнэ. 214.2.Энэ хуулийн 214.1-д заасан гэмт хэргийн улмаас их буюу онц их хэмжээний хохирол учирсан, эсхүл уг үйл ажиллагааг тусгай хамгаалалттай газар нутагт явуулсан бол эд хөрөнгийг нь хураах буюу хураахгүйгээр хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг тавин нэгээс хоёр зуун тавь дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, гурваас дээш зургаан сар хүртэл хугацаагаар баривчлах, эсхүл таван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ гэж заажээ. Дашрамд дуулгахад, дээрх этгээдүүдийг одоогоор цагдан хорьсон байгаа ажээ.

zaluu.com

Санал болгох мэдээ

“Шинэ хоршоо-Чинээлэг малчин” хөтөлбөрийн хүрээнд малчдад зургаан хувийн хүүтэй, 50 хүртэлх сая төгрөгийн зээл олгоно

Засгийн газраас “Шинэ сэргэлтийн бодлого”-ын Хот, хөдөөгийн сэргэлтийн хүрээнд “Шинэ хоршоо хөдөлгөөн” өрнүүлэх, энэ хүрээнд …