Ардын намын бүлгийн хаалттай хуралдааны тэмдэглэл нийтэд цацагдсанаас болж “Ардын эрх” сониныг “шалга”, “сэтгүүлчийг байцаа” гэсэн үүргүүд ТЕГ-аас эхлээд шат шатны байгууллагад өгөгджээ. Уг нь ярьсан сэдэв ч, гарсан мэдээлэл нь ч ТЕГ оролцоод байхааргүй. Тэр дотроо улсын нууцтай огтхон ч хамааралгүй. Нэг намын дотоод асуудал, эдийн засаг, төсөв мөнгө тойрсон яриа голдуу. Харин эрээгүй авирласан, иргэдээ басамжилсан нь ил болчихсонд л гол учир байх шиг. Дээр нь орон нутгийн сонгууль дөхөж байхад багаа хуулчихсан явдал. Бас нэг зүйл нь “60 тэрбум”-ын дуулиан нь намжаагүй байхад хоёр дахь бичлэг ил болчихов. Ардын намын үнэн төрх ийнхүү тодорхой болсонд хэвлэл, мэдээллийнхэн, сэтгүүлчдийг буруутгах ажиллагааг эхлүүлжээ.
Хаалттай хурал хаана ч болдог, байдаг л зүйл. Мэдээлэл нь энд тэнд гарсан, тарсан л байдаг. Ер нь аливаа зүйлийг нуух тусам сэтгүүлч битгий хэл сэтгүүлч биш нь хүртэл сониучирхаж, олж мэдэхсэн, сонсохсон гэж татагддаг нь хүний төрөлх араншин. Сэтгүүлч олж мэдсэнээ баримттайгаар эргэж мэдээлсэн нь буруу зүйл биш. Бүлгийн дарга нь хүртэл баримтыг хүлээн зөвшөөрөөд “Бидний яриаг үг, үсгийн зөрүүгүй хуулаад гаргачихаж, шалгуулъя” гэсэн. Ярьснаа зөвшөөрч байхад өөр юуг нь баталгаажуулж шалгах ёстой гэж. Харин сэтгүүлчийг шалгах үүрэг өгснөөрөө дарангуйллын үнэр үнэртүүлж, нийгэмд айдас хүйдэс нүүрлүүлж байна бус уу. Үүгээрээ цаашид Ардын нам гэж “А” үсэг бичсэн, дуугарсан хэвлэл, мэдээллийн байгууллага, сэтгүүлчдийг барьдаг, хорьдог, хянадаг тогтолцоо руу явна шүү гэсэн дохиог өгч буй бололтой. Тэглээ гээд ард түмэн дарагдаж, дарлагдаж суух нь юу л бол. Үүнийг Ардын нам мэдэхийн дээдээр мэдэж байгаа. Тийм ч учраас мэхээ өөрчлөх тухай дотооддоо ярьж эхэлсэн сураг байна. Тэр нь гишүүд нь дор бүрдээ ярьж хэлэхээ цэгнэж, “Нууцын нууц” гэх зэрэглэлд шилжих тухай. Энэ ажлынхаа бэлтгэл, тактикийг базааж эхэлжээ. Тухайлбал, Ардын намын УИХ дахь бүлэг, парламентын гадна байгаа гишүүд бүгд нэг амтай байх үүрэг хүлээжээ. Намын бүлгээр ярьж нэг мөр болгож тохиролцсон асуудлаар нэр бүхий гишүүн хэвлэлд яриа өгнө. Ингэхдээ эдийн засаг, төсөв санхүүтэй холбоотой асуудлаар зөвхөн эдийн засагч гишүүд ярина. Хууль эрхзүйн асуудлаар хуульч, эрхзүйч гишүүд дуугарна. Бүлгийн дарга ам нээгээгүй байхад бусад нь түрүүлж дуугарахгүй. Дээр нь намаас гарах мэдээ, ярилцлагыг хянаж, хэвлэлд тараах зөвлөл байгуулах гэхчлэн дор бүрдээ ажил ундарчээ.
Ардчилсан намынхан бол аливаа асуудлаар хувь гишүүдийнх нь үзэл бодол нээлттэй байдаг. Намтайгаа байр суурь зөрчилдсөн ч байр сууриа чөлөөтэй илэрхийлчихдэг. Тэгвэл МАН төрд олонх болсноор намын даргын харцаар хөдлөх, “утсан хүүхэлдэй”-н зарчмаар ажиллах, тэр битгий хэл ард түмнээ, хэвлэл, мэдээллийн хэрэгслүүдийг намын дарангуйлалд барих нууц төлөвлөгөө, эхний алхмуудаа ийм маягаар хийгээд эхэлжээ.
Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин