-Ямартай ч иргэд, сонгогчид өөрсдийнхөө дуу хоолойг төрд хүргэх анхан шатны байгууллагын төлөөлөгчдөө сонголоо. Харин хуульд зааснаар Сонгуулийн ерөнхий хорооноос тав хоногтоо багтааж “ялагч”-дын нэрсийг албан ёсоор зарлах юм-
Төрийн анхан шатны байгууллагын төлөөлөгчдийг сонгох орон нутгийн ээлжит сонгууль өчигдөр болж өнгөрлөө. Иргэдтэй хамгийн ойр ажиллах, жинхэнэ “хар” ажилчдыг сонгох хариуцлагатай сонголтыг ард түмэн хийв. Тэд энэ удаагийн Сум, дүүргийн иргэдийн төлөөлөгчдийн хурлын ээлжит сонгуульд 21 аймгийн 1613 баг, нийслэлийн есөн дүүргийн 152 хорооноос нийт 7282 төлөөлөгчийг сонгосон юм. Өөрөөр хэлбэл, 7282 мандатын төлөө 15212 нэр дэвшигч өрсөлдлөө. Үүний 14489 нам, эвслээс байгаа бол 723 нь бие дааж нэр дэвшсэн байна.
Нөгөөтэйгүүр орон нутгийн сонгуулийг зохион байгуулахад улсын төсвөөс 13.9 тэрбум төгрөгийг зарцуулсан билээ. Эдийн засгийн эгзэгтэй цаг үеийг туулж яваа манай улсад энэ бол бага мөнгө биш юм. Тиймдээ ч төр, засгийн зүгээс дахин сонгууль явуулахаас сэргийлж, эл өдрийг бүх нийтийн амралтын өдөр болгон зарлаж, иргэдийнхээ ая, тухыг бодож авто машины дугаарын хязгаарлалтыг хүртэл цуцалсан юм. Харамсалтай нь, 12:00 цагийн байдлаар сонгуулийн ирц 20 хувьд ч хүрэхгүй байсан нь сонгогчид төдийлэн ач холбогдол өгөхгүй, нэг үгээр үүргээ биелүүлэхдээ хойрго хандаж байгаа нь харагдаж байв. Тэгвэл өчигдөр болж өнгөрсөн орон нутгийн сонгуулийн явцын талаарх мэдээллийг тоймлон хүргэж байна.
Ч.Содномцэрэн: Ирц хангалтгүй байна
12:00 цаг: Сонгуулийн ерөнхий хорооноос анхны мэдээллийг хийв. Ээлжит сонгуулийн ирц болон явцын талаарх мэдээллийг тус хорооны дарга Ч.Содномцэрэн өгсөн бөгөөд сонгогчдын ирц хангалтгүй байгааг онцолсон юм. Тэрбээр “Одоогийн байдлаар улсын хэмжээнд ирц хангалтгүй байна. Зарим газар даваа, гүвээ хаагдсан байгаа учраас иргэд санал өгөхөд бэрхшээлтэй байна.
Тиймээс сонгууль зохион байгуулагчид онцгой байдлынхантай хамтарч ажиллан иргэдийг саналаа өгөх бололцоогоор хангаж байна. Энэ удаагийн Сум, дүүргийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын сонгуулийн ирц 12:00 цагийн байдлаар улсын хэмжээнд 16.8 хувийн ирцтэй байна” гэх мэдээллийг өглөө.
Өөрөөр хэлбэл, Архангай аймаг 19.5 хувь, Завхан 25.8 хувь, Сүхбаатар 32.7 хувь, Сэлэнгэ 17.7 хувь, Ховд 25.1 хувь, Дархан 13 хувь, Орхон 12 хувийн ирцтэй байлаа. Энэ нь дунджаар 19.9 хувийн ирцтэй байна гэсэн үг. Харин нийслэлийн дүүргүүд дунджаар 12.9 хувийн ирцтэй байгаа бол улсын хэмжээнд 16.8 хувийн ирцтэй байв. Сонгуулийн өмнөх өдөр зөөврийн хайрцгаар зарим иргэний саналыг авчээ. Улсын дунджаар зөөврийн хайрцгаар санал өгөх нийт иргэдийн 94.9 хувь нь саналаа өгсөн байна.
17:00 цаг: Сонгуулийн ерөнхий хорооноос сонгогчдын ирцийн мэдээлэл ямар байгаа талаар мэдээллийг дахин өглөө. Тэдний өгч байгаа мэдээллээр бол нийслэлээс ганцхан Багахангай дүүрэгт л ирц 50 хувийн босгоо давжээ. Харин бусад дүүрэгт “хангалтгүй” хэвээр байв.
Тухайлбал, Багануур дүүрэг 34.5 хувь, Налайх дүүрэг 38.3 хувь, Баянгол дүүрэг 32.9 хувь, Баянзүрх дүүрэг 29.1 хувь, Сүхбаатар дүүрэг 34.5 хувь, Хан-Уул дүүрэгт 44.3 хувь, Чингэлтэй дүүрэг 28.6 хувь, Сонгинохайрхан дүүрэг 27.9 хувьтай байлаа. Нийслэлийн хэмжээнд сонгуулийн ирц дунджаар 30.9 хувьд хүрчээ.
Өөрөөр хэлбэл, 17:00 цагийн байдлаар нийслэлийн нийт сонгогчдын 266 мянга 320 гаруй сонгогч саналаа өгөөд байсан юм. Тэгвэл хөдөө орон нутгийн хувьд 21 аймгаас 10 аймаг нь 50 хувиас дээш хувьтай, сонгуулийн ирцээ хангаад байгаа бол бусад аймагт ирц мөн л “хангалтгүй” үнэлгээг аваад байлаа.
Сонгуулийн дүнг тав хоногт багтааж зарлана
Орон нутгийн ээлжит сонгуулийн санал хураалт 22:00 цагт өндөрлөлөө. Сонгуулийн ерөнхий хорооноос ээлжит сонгуулийн үйл явцын талаар 12:00 болон 17:00 цагт албан ёсны мэдээллийг өгсөн юм. Ийнхүү иргэд сонгогчид сонгох эрхээ эдэлж, үүргээ биелүүллээ.
Дугаар шилжих мөчид хэд хэдэн хэсгийн хороонд урьдчилсан дүн гараад байсан юм. Тодруулбал, Завханы 10 суманд АН ялалт байгуулсан байна. Увсын Зүүнговьд 21суудлын 19-ыг нь АН, Ховд аймгийн Буянт, Зэрэг суманд АН ялалт байгуулсан байна. Төв аймгийн 27 сумаас 10 суманд АН ялалт байгуулжээ. Тодруулбал, Төв аймгийн Зуунмод суманд МАН ялсан байна. Мөн Төв аймгийн Архуст, Эрдэнэсант, Батсүмбэр, Өндөрширээт, Баянцагаан, Каамар, Баяндэлгэр сумдад АН ялсан бол Сэргэлэн суманд АН, МАН тэнцүү суудал авсан байна. Дундговь аймгийн Цагаандэлгэр, Баянжаргалан, Гурвансайхан, Өлзийт, Эрдэнэдалай суманд АН ялсан байна. Сэлэнгэ аймгийн Мандал суманд одоогийн байдлаар 31 суудлаас 24 суудлыг МАН аваад байна. 2 хэсгийн хорооны мэдээ дутуу байгаа юм.
Сэлэнгэ аймгийн Сүхбаатар, Сайхан, Хүдэр сум МАН ялсан байна. Хэнтий аймгийн Мөрөнд 15 суудлаас 9-д МАН ялалт байгуулсан бол Хэрлэн сумд мөн МАН ялалт байгуулсан байна.Хөвсгөл аймаг галт суманд МАН ялалт байгуулжээ. Багахангай, Баянгол дvvрэгт МАН ялжээ. Сонгуулийн урьдчилсан дүнгээс харахад энэ удаад иргэд АН, МАН-д ачааг тэнцүүлэх сонголтыг өглөө. Тэгвэл өнөөдрөөс эхлэн тав хоногийн дотор ээлжит сонгуулийг зохион байгуулсан Сонгуулийн ерөнхий хорооноос сонгуулийн дүнг албан ёсоор баталгаажуулж, мэдээлэх юм.
Нэг үгээр хэлбэл, тухайн аймаг, нийслэл, сум, дүүргийн сонгуулийн хороо сонгуулийн дүнг тав хоногт багтаан хуралдаанаараа хэлэлцэж, орон нутгийн хурлын төлөөлөгчөөр сонгогдсон нэр дэвшигчдийн нэрсийн жагсаалт болон тэдгээрийн бүрэн эрхийг нь хүлээн зөвшөөрөх тухай шийдвэрийн төсөл боловсруулж шинээр сонгогдсон аймаг, нийслэл, сум, дүүргийн хуралд өргөн мэдүүлж, энэ тухай Сонгуулийн ерөнхий хороо албан ёсоор мэдээлнэ хэмээн хуульчилсан байдаг билээ.
Эх сурвалж: