Гемодиализийн аппаратад орох шаардлагатай иргэдийн эмчилгээний зардлыг төрөөс даана

6a7696de480b66eoriginal

  Бөөрний архаг дутагдалтай өвчтөний гемодиализийн эмчилгээ хийлгэдэг аппарат төрийн эмнэлгүүдэд хангалтгүй байдгаас иргэд хувийн эмнэлгээр зайлшгүй үйлчлүүлэхээс өөр аргагүйд хүрдэг. Гэтэл хувийн эмнэлгийн гемодиализийн аппаратад нэг удаа ороход 170 мянган төгрөгөөс дээш төлбөртэй байдаг нь хувь хүнд хүндээр тусч байгаа юм. Тэд долоо хоногт гурван удаа гемодиализийн аппаратад орох шаардлагатай. Ингээд тооцохоор дээрх өвчтэй хүн нэг сард хоёр сая төгрөгийн эмчилгээ хийлгэх шаардлагатай болж байна. Гемодиализ болон цусны хавдартай өвчтөний эмчилгээний зардлыг төрөөс олгохоор болсон. Тодруулбал, ирэх оноос цусны хавдартай болон урт хугацааны гемодиализийн эмчилгээнд орж байгаа иргэдийн эмчилгээний төлбөрийг төрөөс даана гэсэн хууль тогтоомжийг Засгийн газраас гаргасан билээ. Энэ талаар сурвалжлахаар УНТЭийг зорилоо. Тус эмнэлгийн Бөөрний төвийн дарга Б.Бямбадаштай уулзах өвчтөнүүд дараалал үүсгэсэн байв. Багагүй хүлээсний эцэст эмчтэй уулзлаа.

ГЕМОДИАЛИЗИЙН ЭМЧИЛГЭЭНД ОРСОН ХҮНИЙ ДУНДАЖ НАСЛАЛТ 8-10 ЖИЛЭЭР УРТАСДАГ

Тэрбээр “1975 онд Улсын нэгдүгээр төв эмнэлэгт хоёр аппарат суурилуулж, гемодиализийн эмчилгээ хийж эхэлсэн байдаг. Өнөөдрийн байдлаар УНТЭ-ийн бөөрний тасгийн гемодиализийн төв нь 30 аппараттай. Тогтмол 170-180 хүнд 2-3 ээлжээр цус цэвэрлэх эмчилгээ хийж байна. “Бөөрний архаг дутагдал” гэсэн онош тогтоогдсон бол долоо хоногт гурван удаа, 4-6 цагаар гемодиализийн аппаратын эмчилгээнд орох ёстой.

Долоо хоногт гурваас цөөн орвол хордлого, хаван нэмэгдэж, даралт нь ихэснэ. Гэтэл гемодиализийн аппаратын хүрэлцээ муутайгаас өвчтөнүүд долоо хоногт хоёр удаа цус цэвэрлэх эмчилгээнд орж байна. Энэ нь өвчтөний эрүүл мэндэд муу. Манайд 15 жилийн турш гемодиализийн аппаратын эмчилгээ хийлгэж байгаа хүн ч бий. Энэхүү эмчилгээнд орсон өвчтөний дундаж наслалт 8-10 жил байдаг. Сүүлийн жилүүдэд бөөрний өвчлөл хурдацтай нэмэгдэж байна. Бөөрний эмчилгээ нь өртөг зардал өндөртэй байдаг. Улсын хэмжээнд нийт 200 гаруй гемодиализийн аппарат байгаа боловч мөнгөний боломжоос хүмүүс хамрагдаж чаддаггүй.

Үүнтэй холбоотой Засгийн Газраас хувийн болон төрийн эмнэлэг ялгаагүй эрүүл мэндийн даатгалаар энэхүү эмчилгээнд хамрагдах шийдвэр гаргасанд өвчтөнүүд төдийгүй эрүүл мэндийн ажилчид бид баяртай байна. Ирэх оны нэгдүгээр сарын 1-нээс хувийн, төрийнх хамаарахгүй гемодиализийн аппаратад даатгалаар хамрагдах боломжтой боллоо” хэмээв. Эмчтэй уулзсаны дараагаар УНТЭ-т гемодиализийн эмчилгээнд хамрагдаж буй Х.Мөнгөнцэцэгтэй цөөн хором ярилцахад “Төр засгаас эмчилгээний төлбөрийг дааснаар бид эмчилгээндээ бүрэн орж, бие сайжрахаас гадна гэр бүлийнхэн ч мөн адил санхүүгийн дарамтаас сална. Би гэхэд гемодиализийн эмчилгээнд гурав дахь жилдээ ороод явж байна. Заримдаа ах, дүү, найз нөхдөөсөө мөнгө зээлж эмчилгээндээ хамрагддаг. Ингэж эмчилгээ хийлгэх нь маш хэцүү. Гэхдээ ирэх оноос эхэлж эмчилгээний төлбөрт санаа зовохгүй болох нь. Тиймээс нийт өвчтөнүүдийн өмнөөс болон тэдний гэр бүлийнхний өмнөөс төр засагтаа маш их талархаж байгаагаа илэрхийлье” хэмээлээ.

500 ГАРУЙ ИРГЭНИЙ 10 ОРЧИМ ХУВЬ НЬ Л ХУВИЙН ЭМНЭЛЭГТ ХАНДДАГ

Харин хувийн эмнэлгийнхний байр суурийг сонсохоор “Эрин” клиникт очсон юм. Тус эмнэлэг өнгөрсөн тавдугаар сараас хойш гемодиализийн эмчилгээгээ түр зогсоогоод байгаа аж. “Эрин” клиникийн эмнэлгийн үүсгэн байгуулагч Ц.Алтанзагас “Манайх 15 дахь жилдээ үйл ажиллагаагаа явуулж байна. Онош нь тодорхой болсон хүмүүс манайхаар үйлчлүүлдэг. Бөөрний өвчин даамжирсаар үйл ажиллагаагаа явуулж чадахгүй болсон тохиолдолд диализийн аппаратад ордог. Манай эмнэлэг диализийн эмчилгээг 2014 оноос эхэлж хийсэн. Уг эмчилгээг хийхэд үйлчлүүлэгч болон хувийн эмнэлгийн зүгээс хүндрэлтэй асуудал нэлээд гардаг юм.

Нэгэнт бөөрний дутагдалтай гээд оношлогдчихсон бол тэр хүн долоон хоногт гурван удаа аппаратад тогтмол ороод явбал эрүүл хүнтэй адил ажлын бүтээмжтэй байж чаддаг. Хамгийн гол нь уг эмчилгээг хийлгэхэд өвчтөнд санхүүгийн бэрхшээл тулгардаг учраас хувийн эмнэлгээр төдийлөн үйлчлүүлдэггүй. Өвчтөн бүрт нэг удаагийн эмчилгээнд 170- 200 мянган төгрөгөөр тогтмол ороод явах боломж байдаггүй. 500 гаруй хүн диализэд орох шаардлагатай байдаг ч үүний 10 хувь нь л хувийн эмнэлэгт ханддаг гэсэн судалгаа бий. Гэтэл олон хүн тогтмол үйлчлүүлж байвал тухайн байгууллагад өгөөжтэй шүү дээ.

Диализийн эмчилгээг хувийн эмнэлэг бүр хийгээд байдаггүй. Диализ хийнэ гэдэг асар эрсдэлтэй зүйл. Зүгээр ороод ирсэн хүнд янз бүрийн хүндрэл үүсэхийг үгүйсгэхгүй. Тиймээс уг эмчилгээ нь маш их хариуцлага шаарддаг учраас найдвартай газарт хийлгэх хэрэгтэй. Манай эмнэлэг гемодиализийн 12 аппараттай. Хувийн гемодиализийн аппаратын эмчилгээний тариф 170 мянган төгрөг байдаг. Саяхан нэг эмнэлэг 140 мянгаар уг эмчилгээг хийж эхэлсэн гэсэн. Диализийн эмчилгээ хийлгэдэг хүний урт удаан амьдрахын гол шалтгаан бол тоног төхөөрөмж түүний уусмал, эмчийн хяналтаас шалтгаалдаг.

Энэ нь чанартай байж чадвал тухайн хүн диализэд ороод 20 жил амьдрах боломжтой” гэсэн юм. Монголын эрүүл мэндийн хөгжил шинэчлэл холбооны тэргүүн Т.Адъяатөмөр “Улсын хэмжээнд жилд 500-700 хүн гемодиализийн эмчилгээнд ордог гэсэн тоон мэдээлэл байна. Энэ асуудлыг шийдэж өгч байгаа нь тухайн өвчтөн болон өвчтөний гэр бүлд эдийн засгийн хувьд том хөшүүрэг болно гэж үзэж байгаа. Засгийн Газраас цусны хавдар болон гемодиализтай өвчтөнүүдийн эмчилгээнд тусламж үзүүлж байгаад талархлаа илэрхийлэх зорилгоор өнгөрсөн долоо хоногт өвчтөнүүд “Талархлын өдөрлөг” зохион байгуулсан. Хууль тогтоомжийг 2017 оноос хэрэгжүүлэх төлөвтэй байна. Гэхдээ би хэрэгжилтийн хугацааг хурдасгах тал дээр ажиллах болно” гэв.

ӨРГӨСТ ХЭМХ, УЛААН ЛООЛИЙН ЗУУШ ИДЭХИЙГ ЗӨВЛӨЖ БАЙНА

Бөөрний эмгэгийн үед өөх тос багатай, үхрийн болон тахианы шарж хуураагүй мах, бор гурил, гурвалжин будаа, бүх төрлийн хүнсний ногоо, жимс жимсгэнийн төрлийн зүйлийг идэж болох гэнэ. Харин бөөрний архаг дутагдалд орж, улмаар цус гемодиализийн эмчилгээ буюу цус цэвэршүүлэх аппаратад орж байгаа өвчтөний хувьд кали, кальци, фосфорийн солилцоо алдагддаг учраас дээрх амин дэм агуулагдсан хоол хүнс хэрэглэхийг зөвлөж байсан юм. Тодруулбал өглөөний цайндаа нохойн хошуу, аньсны шүүс болон ногоотой хуйцаа идэх бол өдрийн хоолондоо өргөст хэмх, улаан лоолийн зууш хэрэглэхийг эмч нар зөвлөж байна. Түүнчлэн хачиртай өргөст хэмх, цагаан луувантай шөл, шар лууван ханборгоцойтой зууш зэргийг хэрэглэх нь зохимжтой аж.

Ц.Заяа

Эх сурвалж: МОНГОЛЫН ҮНЭН сонин

Санал болгох мэдээ

“Шинэ хоршоо-Чинээлэг малчин” хөтөлбөрийн хүрээнд малчдад зургаан хувийн хүүтэй, 50 хүртэлх сая төгрөгийн зээл олгоно

Засгийн газраас “Шинэ сэргэлтийн бодлого”-ын Хот, хөдөөгийн сэргэлтийн хүрээнд “Шинэ хоршоо хөдөлгөөн” өрнүүлэх, энэ хүрээнд …