Орхон голын бохирдлын эсрэг ямар арга хэмжээ авсан, бохирдол буурсан, эсэх асуудлаар БОАЖЯ-ны Хүрээлэн буй орчин, байгалийн нөөцийн удирдлагын газрын дарга Д.Даваасамбатай ярилцлаа.
-Орхон голын бохирдлыг бууруулахын тулд БОАЖЯ-ныхан болон сайд нь газар дээр нь очиж ажилласан. Ямар үр дүнд хүрэв. Өнгөрсөн сарын эхээр Орхон гол дахиад бохирдсон гэсэн зураг бүхий мэдээлэл олон нийтийн сүлжээгээр тарсан. Энэ тал дээр өдгөө арга хэмжээ авч байна уу?
-Байгаль орчныг хамгаалах тухай хуулиар мэргэжлийн хяналтын байгууллага байгаль орчны хяналтыг хэрэгжүүлнэ гэсэн заалттай. Гэсэн ч яамны зүгээс Орхон голын бохирдлыг бууруулахад анхаарч, сайд болон холбогдох албаныхан газар дээр нь очиж, компаниудын үйл ажиллагааг зогсоох хүртэл арга хэмжээ удаа дараа авсан. Ингэснээр бохирдол багассан. Бид тэнд үйл ажиллагаа явуулж буй компаниудын удирдлагатай уулзаж “Бичиг баримтаа бүрдүүлж, хууль ёсоор ажилла. Далан шуудуугаа засаж, Орхон гол руу бохир усаа нийлүүлэхээ зогсоо. Төр, засаг бичиг баримтаа бүрдүүлэхэд чинь тусална” гэсэн. Харамсалтай нь тэд бичиг баримтаа бүрдүүлж, хууль ёсоор ажиллах гэж хичээгээгүй. Шөнийн цагаар, хулгайгаар алт угааж байгаа тухай мэдээлэл иргэдээс ирсэн.
Орхон голын урсац бүрэлдэж буй эхийнх нь газрын хөрсний бүтэц их сонин. Булингартсан усыг шилэн саванд хийгээд гурав хонуулахад огт тунахгүй, бужигнаад л байдаг, маш нарийн бүтэцтэй юм байна. Алт угаасан шороотой ус урсаад Орхон голд нийлж буй хэсэгт лаг шавар ихээр тогтсон. Орхон гол энэ зун сүүлийн 30 жилийн дээд түвшинд хүрч үерлэсэн гэж нутгийн иргэд болон цаг уурчид мэдээлж буй. Бид долоо хоног бүр цаг уурын харуулынг албаныхнаар усны бохирдлын шинжилгээ хийлгүүлэхэд Орхон голын бохирдлын хүнд металл нь буурсан ч улаанаар урссан хэвээр байлаа. Тиймээс бид 10 гаруй хүний бүрэлдэхүүнтэй ажлын хэсэг гаргаж, өнгөрсөн есдүгээр сарын 15-30-нд буюу 15 хоног тэнд байрлуулаад, бүх компанийн үйл ажиллагааг зогсоосон. Ажлын хэсэгт яамнаас гадна орон нутгийнхан, цагдаагийнхан багтсан юм. Яамны чиг үүрэг нь бодлого боловсруулах боловч бид хүмүүсээ тэнд 15 хоног байлгасан. Энэ хугацаанд Орхон гол үнэхээр цэвэршиж, Хархорины гүүрэн дээрээс ёроолынх нь чулуу харагдаж байлаа. Харин өнгөрсөн сарын 5-нд тухайн нутагт нэлээд их хэмжээний цас орж, хайлахдаа даланг нь сэтэлж, гол дахиад улаанаараа эргэлдэж эхэлсэн юм. Энд өдөр бүр утсаар холбогдож, иргэдийн өгсөн мэдээллийн үндсэн дээр “Далан, хамгаалалтаа зас” гэсэн шаардлага тавьж байгаа. Төсөв тааруу байгаа учраас яамнаас хүн өдөр бүр тийшээ очоод үзэж шалгаж чадахгүй юм.
-Компаниуд байгаль орчны менежментийн төлөвлөгөө, ТЭЗҮ батлуулаагүй, уулын ажлын төлөвлөгөө, нарийвчилсан үнэлгээгүй зэрэг зөрчилтэй учраас үйл ажиллагааг нь зогсоолоо гэж яамнаас мэдэгдсэн. Гэтэл шаардлагыг хүлээн аваагүй хэрэг үү?
-Биднийг очихоор “Ажиллахгүй байгаа” гэж хэлдэг. Харин иргэд “Ажиллаад байна” гэж мэдээлдэг. Тусгай зөвшөөрөлтэй найман компани бий. Шалгалт ирэх сургаар бүгд ажлаа зогсоочихдог юм байна. Энэ “жишгээрээ” биднийг очиход үйл ажиллагаа явуулаагүй, техникийн нөхөн сэргээлт хийж байсан. Мэргэжлийн хяналтын байгууллагынхан бүх тоног төхөөрөмжийг битүүмжилж, үйл ажиллагаа явуулахгүй байх шаардлага тавьсан. Есдүгээр сарын 3-4-нд манай сайд болон тухайн орон нутгаас сонгогдсон УИХ-ын гишүүд тэргүүтэй албаны хүмүүс дахин очиж ажилласан. Бас л өмнөх шигээ бүгд ажлаа зогсоочихсон, далан хаалтаа бариад, нөхөн сэргээлт хийж байгаа юм. Шалгалт ирвэл мэргэжлийн хяналтынхны битүүмжилсэн лацыг зүүчихээд, явахаар нь буцаагаад авчихдаг. Энэ жил лацыг 3-4 удаа хөндсөн зөрчил гарсан.
-Бохирдлын түвшин өдгөө буурсан уу?
-Хүйтэрчихэж байгаа болохоор бүх уурхай зогсож, энэ жилийнхээ нөхөн сэргээлтийг хийж байна. Бохирдол ч буурсан. Орхон гол дээр очоод захын чулууг аваад үзэхэд 2-5 мм-ийн лаг шавар тогтчихсон. Энэ нь урсаж дуустал нэлээд хэдэн сарын хугацаа шаардлагатай гэж харж байна.
-Ирэх хавар дулаарч, уул уурхайн компаниуд үйл ажиллагаа явуулахаар гол дахиад л бохирдох уу?
-Компаниуд хууль ёсны дагуу бичиг баримтаа бүрдүүлтэл үйл ажиллагаа явуулахгүйгээр барих төлөвлөгөөтэй. Мэргэжлийн хяналтынхан болон цагдаагийнхантай хамтран ажиллана. Хэрэв аж ахуйн нэгжүүд шаардлагыг хүлээн авч, журмын дагуу үйл ажиллагаа явуулахгүй бол тусгай зөвшөөрлийг нь хүчингүй болгох саналаа Ашигт малтмалын газарт явуулахаар төлөвлөсөн. Гэхдээ компаниудын тусгай зөвшөөрлийг цуцлах нь сөрөг талтай. Цуцлангуут л талбай руу нь нинжа нар ороод ирдэг. Хэчнээн гол бохирдуулаад байгаа ч гэсэн одоо бол хариуцах хэдэн компани нөхөн сэргээлт хийж байна. Нинжа нар ороод ирвэл дийлдэхгүй, нөхөн сэргээгээгүй, өчнөөн олон нүх л үлдэнэ. Үүнээс л бид болгоомжлоод байгаа юм.
Би наймдугаар сарын 6-7-нд Орхон голд очиж ажиллахдаа Архангайн Цэнхэр сумын Засаг даргатай уулзаж, “Бид компаниудын тусгай зөвшөөрлийг хүчингүй болгочихвол та нар нинжа нараа дийлэх юм уу” гэж асуусан. “Үнэндээ дийлэхгүй” гэж хариулж байгаа юм. Нинжа нарыг оруулахгүй гэж 24 цаг харуул хамгаалттай байлгаж, хаших хүнд л дээ. Тиймээс ирэх хавар гэхэд нэн тэргүүнд хууль ёсны дагуу ажилла гэдэг шаардлага компаниудад тавина. Компаниуд хуулиа мөрдөж ажиллавал Орхон гол бохирдохгүй. Хамгийн гол нь тусгай зөвшөөрөл эзэмшигчид туслан гүйцэтгэгч нэрээр олон аж ахуйн нэгжтэй гэрээ байгуулж талбай руугаа оруулахаа зогсоох ёстой. Байгалийн баялгийг ашиглаж, хүртэж байгаа бол эргээд хөрөнгө оруулах л ёстой. Байгаль хамгаална гэдэг нь хашаад суухын нэр биш, зүй зохистой ашиглуулах тухай асуудал шүү дээ.
-Компаниудаар голд учирсан хохирлыг нөхөн төлүүлэх талаар ярьж байсан. Энэ ажил ямар шатанд явна вэ?
-Байгаль орчинд учруулж буй хохирлын хэмжээг тогтоолгож байна. Тухайн компани нөхөн сэргээлт хийхгүй бол хохирлыг шууд нэхэмжилнэ. Орхон голтой холбоотой бохирдлыг тооцуулах арга зүй одоогоор алга. Энэ талаар мэргэжлийн байгууллагуудтай ярьж байна.
-Уул уурхайн нөлөөгөөр бохирдсон гол нуур олон бий. Өөр газруудад ажиллаж, арга хэмжээ авч байна уу?
-Хараа, Ерөө гол дээр очин нөхцөл байдалтай нь танилцаж ажилласан. Нинжа нар олширсон, ямар ч хариуцлага хүлээхгүй, хулгайгаар газар ухаж байна. Орон нутгийнхан нь ч дийлэхээ больжээ.
mne.mn