“Эрдэмтдээ сонсъё” уулзалт боллоо

5a55828807936577aa5383032a60f134_large

Байгаль орчин, аялал жуулчлалын яамны Газар зохион байгуулалт, усны нэгдсэн бодлого зохицуулалтын газраас “Эрдэмтдээ сонсъё” уулзалтыг энэ сарын 18-нд зохион байгууллаа. Уулзалтад Байгаль орчин, аялал жуулчлалын сайд Д.Оюунхорол, тус газрын дарга Г.Нямдаваа, газар, хэлтсийн дарга, мэргэжилтнүүд болон салбарын 40 гаруй эрдэмтэд оролцлоо.

Уулзалтыг нээж  Байгаль орчин, аялал жуулчлалын сайд Д.Оюунхорол хэлсэн үгэндээ “Улс орныхоо тогтвортой хөгжлийг хангах, газар, усны нөөцийг оновчтой зөв ашиглах, хамгаалах, эдийн засгийн хөгжлийн түлхүүр болгоход салбартаа сэтгэл зүтгэлээ гаргаж яваа эрдэмтэн судлаач та бүхний судалгааны үр дүн, туршлага, санал зөвлөмж, оролцоо нэн чухал байна. Тийм ч учраас Монгол улсын Засгийн газар, салбарын  яамнаас явуулж байгаа газар, усны бодлого, түүнийг шинжлэх ухааны үндэслэлд тулгуурласан илүү ухаалаг, алсын хараатай, зөв болгохын тулд эрдэмтэд та бүхний санал бодлыг сонсож, оролцоог нэмэгдүүлэх зорилгоор энэ уулзалтыг зохион байгуулж байна. Түүнчлэн ус, агаар, хөрс, ургамал, амьтан гээд байгаль орчны аливаа үзэгдэл юмс өөр хоорондоо нягт уялдаа холбоотой, өөрийн хууль зүй тогтолтой байдаг учир энэ салбарын бодлого, үйл ажиллагаа шинжлэх ухаанч хандлагыг шаарддаг онцлогтой юм.

БОАЖЯ ерөнхий чиг үүргийн яам болсноор байгалийн нөөц түүний дотор газар, ус, ойн нөөцийг  байгалийн унаган төрхөөр нь хадгалан хамгаалах, зохистой ашиглах, нөхөн сэргээх асуудлаар салбар дундын бодлого, зохицуулалтын хэрэгжилтийг хангах, тогтвортой хөгжлийн бодлогод манлайлан оролцох үүргийг хүлээж байгаа. Үүнтэй зэрэгцэн бидэнд өвөг дээдсээс өвлүүлсэн өв соёлоо сурталчилсан тогтвортой аялал жуучлалыг хөгжүүлэх, байгаль орчны экосистемийн тэнцвэрт байдлыг алдагдуулахгүйгээр нөөцийг ашиглах, хамгаалах менежмент хийх нь чухал байна.

Дэлхий нийтээр ногоон хөгжлийн бодлогод тулгуурлан улс орныхоо тогтвортой хөгжлийг хангах зорилт тавин ажиллаж буй өнөө үед манай улс “хар алтны зуун” хэмээгдэж байсан өнгөрсөн үеийг ардаа орхиж, “цэнхэр алтны зуун” гэгдэж буй дэвшилтэд технологийн эрин үе рүү хөл нийлүүлэн найдвартай ажлын байр, тогтвортой орлогын эх үүсвэр, хүртээмжтэй эдийн засгийн өсөлт, нийгмийн хамгааллын чанартай тогтолцоо, байгаль орчны тогтвортой хөгжлийг хангах зорилт тавин ажиллана. Үүний нэг илрэл нь НҮБ-ын уур амьсгалын өөрчлөлтийн конвенц болох “Парисын хэлэлцээр”-т нэгдэн орж УИХ-аар батлуулсан явдал гэдгийг хэллээ.

            Уулзалтын үеэр ШУА-ийн Газар зүй, геологийн бага чуулганы дарга,  МУИС-ийн профессор, академич Д.Амарсайхан: “Өнөөдөр Монголын төр, нийгэм маань ийм хүнд байдалд орчхоод байгаагийн нэг учир шалтгаан бол эрдэмтдийнхээ үгийг сонсоогүйгээс л ийм байдалд орсон гэж бид үздэг. Ер нь эрдэмтдийн судалгааны үр дүн, санаа бодол үргэлж тухайн цаг үеэсээ түрүүлж явж байдаг. Байгаль орчин, аялал жуулчлалын яам эрдэмтдийн үгийг сонсож, санал бодлыг нь шийдвэр гаргах төвшин ашиглах гэж байгаа явдал бол шинэлэг ухаалаг, зөв алхам гэж эрдэмтэн бид үзэж байна. Бид цаашид өөрсдийн ажлын уялдааг сайжруулж, хамтран ажиллах нь зүйтэй” гэв.

Хөдөө аж ахуйн их сургуулийн багш доктор, профессор Ш.Баранчулуун: “2045 он хүртэл хугацаанд уур амьсгалын нөлөөгөөр мөнх цас, мөсөн голууд, газрын доорх мөнх цэвдгүүд хайлах үйл явц тасралтгүй явагдах төлөвтэй байна. Үүнээс хамаарч зарим газарт гадаргын урсац нь хур тунадаснаас хамааралгүйгээр нэмэгдэх магадлалтай байгааг сүүлийн үеийн судалгаа харуулж байна. 2050 оноос манай орны гадаргын болон газрын доорх усны төвшин эрс багасаж, усны хомстолд орно гэсэн таамаглал гарч ирсэн. Иймээс усны нөөцийг хуримтлуулах, нөөцлөх асуудлыг одооноос эхлүүлэх шаардлагатай байна. Ингэснээр бид ирээдүйн усны хомстол дутагдлаас сэргийлэх болно”.

Газар зохион байгуулалт, геодези зураг зүйн газрын хэлтсийн дарга, доктор Ж.Даваабаатар: “Монгол улсад газрын нэгдсэн бодлого байхгүй, зөвхөн хууль хэрэгжүүлэх маягаар л явж байна. Барилга, хот байгуулалтын яам, Байгаль орчин, аялал жуулчлалын яаманд аль алинд нь “газар зохион байгуулалт” гэсэн үг байгаа. Ийм учраас ажлаа уялдуулах хэрэгтэй байна. Хуучин усны институт, газрын институт гэж 2 газар ажил нь уялдаад болоод байсан. Одоо яамд нь уялдахгүй, тэр бүү хэл Хөдөө аж ахуйн яам нь газар олгож байна. Уул уурхайн яам нь лиценз нэрээр газар олгоод явж байна. Одоо хэн дуртай нь газар хагалаад ухаад явж байна. Ямар ч судалгаа алга, хуучин Газар зохион байгуулалтын институт байхад ямар шинж чанартай хөрс байна, юу тариулах вэ? гэдгийг нь тодорхойлоод, Засгийн газарт асуудлаа оруулаад, нэгдмэл сангийн ангиллаас өөрчилдөг байсан. Тэр одоо байхгүй болсон байна” гэв.

Уулзалтад хүрэлцэн ирсэн бүх эрдэмтэд өөрсдийн санал бодлоо чөлөөтэй илэрхийлж, зохион байгуулагчид бичлэг хийж, дараа нь эрдэмтэдтэй хэрхэн хамтран ажиллах талаар тохирлоо. БОАЖЯ цаашид ургамал, амьтан, ой зэрэг өөрийн үйл ажиллагааны салбаруудаар эрдэмтдийн үгээ сонсож, хамтран ажиллахаар төлөвлөж байна.

БОЯ

Санал болгох мэдээ

Д.Амарбаясгалан: “Шинэ хоршоо” хөтөлбөрийн хүрээнд малчдын сарын орлогыг 5 сая төгрөгт хүргэх боломжийг бүрдүүлнэ

“Шинэ хоршоо-Чинээлэг малчин” хөтөлбөрийн талаар Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Д.Амарбаясгалан мэдээлэл өглөө. ЗГХЭГ-ын …