Та бүхэнтэй МАН-ын залуу үеийн төлөөлөл Б.Баярмагнайг уулзуулж байна. Түүнтэй улс төр дэх залуу үеийнхний оролцоо ямар байгаа, улс орны өнөөгийн нөхцөл байдал гэхчилэн тодорхой хүрээнд дэлгэрэнгүй ярилцлаа.
-Одоогоос нэг жилийн өмнө та бид хоёр уулзаж залуучуудын улс төр дэх оролцооны талаар, үе солигдох мөчлөгийн талаар ярилцаж байсан. Энэ хугацаанд их зүйл өөрчлөгджээ. Сонгууль болсон байна. Засаглал солигдсон байна. Таны ярьж байсан залуусын төлөөлөл төрийн бүх шатанд ажиллаж эхэллээ?
-Та бид хоёрын ярьж байсан, бидний бодож зорьж байсан зүйлүүд нэг жилийн дараа эргэн харахад тодорхой хэмжээгээр үр дүнд хүрсэн байна. УИХ, Засгийн газрын түвшинд төдийгүй төрийн тодорхой албан тушаалд залуучуудын маань эзлэх хувийн жин нэмэгдсэн. Тэр үеийн нөхцөл байдал, өнөөдрийн хүрсэн үр дүн хоёр боломжийн шүү. Чамлахаар чанга атга гэдэг дээ.
-Одоо тэднээс юу хүлээж байна?
-Улс орны нийгэм, эдийн засгийн байдал сайнгүй байгааг, үүнээс гарах арга замыг хаа хаанаа эрэлхийлж байгааг та бид мэдэж байгаа. Аливаа хүнд нөхцөлтэй нүүр тулж, түүнийг даван туулах нь залуу хүмүүсийг хэрсүүжүүлж чамбайруулдаг. Энэ цаг хугацаа бид бүхэнд өөрсдийгөө харуулах боломж гэж харах ёстой. Боломжийг бодит, эерэг үр дүнгээр харуулна гэдэгт итгэж байна.
-МАН залуучуудынхаа потенциалыг тултал ашиглаж чадах нь уу. Та хэрхэн харж байна?
-Ашиглах ёстой гэж харж байгаа. Тогтмол усыг сэлбэж, сэргээж байхгүй бол үнэр ордог гэсэн үг байдаг даа. Ямар ч байсан тодорхой хэмжээгээр сэлгэгдсэн. Цаашид ухаантай, зоригтой, туйлбартай байж чадвал хүссэн ч эс хүссэн ч залуучуудыг ганцхан МАН ч бус ерөөсөө улс орны хөгжлийн төлөө ашиглах нь гарцаагүй, заавал ашиглана. Эндээс л залуучуудын маань цаашдын зам засагдана даа.
-Ер нь МАН-д олон түмний итгэл аажимдаа суларч байна уу даа?
-Ерөнхийдөө олон улсын практикаас харахад эрх барьж буй намын рейтинг сулардаг хандлага ажиглагддаг. Энэ нь сонгогчид эрх барьж буй намаас мөрийн хөтөлбөрөө богино хугацаанд хэрэгжүүлэхийг, бодит үр дүнг мэдрэхийг байнга шаардаж байдагтай холбоотой. Аливаа өөрчлөлтийг, эерэг үр дүнг гаргахад цаг хугацаа заавал шаардагдана. Үүгээрээ миний хувьд одоогийн байгаа нөхцөл байдлыг хаацайлах гэсэн санаа агуулсангүй.Олон хүндрэлийн тухай яриад их удлаа, асуудлаа зөв томьёолоод, гарах гарц, хүрэх үр дүнгээ тодорхой болгоод ард түмнийхээ олонхийн дэмжлэгийг авах ёстой. Тодорхой бус олон асуудал байна, хүндрэлээс гарахын тулд хувь хүн юу хийх юм, гэр бүл юу хийх ёстой юм, баялаг бүтээгчид нь юу хийх юм, төр нь хэрхэн зохицуулалт хийх вэ гэдэг нь ойлгомжгүй байна.
-Ингэж хүндэрсэн улс орныг хүлээж авч байсан практик, туршлага танай намд бий л дээ?
-Ерээд оны дундуур П.Жасрай гуайн Засгийн газар өнөөгийн байдлаас илүү хүнд нөхцөлд улс орныг удирдаж байсан гэж боддог. “Хонгилын үзүүрт гэрэл байна” гэсэн үгийг хүмүүс санаж байгаа байх. Энэ дөрөвхөн үгээрээ маш өргөн утга агуулга бүхий санааг илэрхийлж байсан гэж дүгнэдэг. Бид тухайн үеийнхээ тэр хонгилоос гарч чадсан хэдий ч өнөөдөр дахиад ямар хонгилд орчихсоноо оновчтой томьёолж хараахан чадахгүй байна. Дахин хэлэхэд өнөөдрийнхөө нөхцөл байдалд маш хурдан дүн шинжилгээ хийж маргаашийнхаа зорилго, зорилтыг хурдан тодорхойлоод, олон түмнийхээ дэмжлэгтэйгээр цааш явах зайлшгүй шаардлага байна.
-Шууд л ажил барьж аваад хийх бус өмнөх засаглалаасаа буруутанг хайсан хүмүүс олон байх шиг харагдах юм?
-Буруутанг хайх нь зүйн хэрэг. Хийсэн зүйлийнхээ сайн муу үр дагаврын хариуцлагыг хүлээдэг нийгэмд амьдрахыг та бид зорьж байна. Үнэндээ буруутанг хайсаар цаг их алдаж байгаатай санал нэг байна. Бүхий л салбарт суурь өөрчлөлтийг хийж чадах шийдвэр гаргах түвшний хүмүүсийн хүсэл зориг нэгдээгүй тохиолдолд бидний өдөр тутам ярьдаг ажилгүйдэл, ядуурал, авлига, хямрал, буруутанг хайх гэх мэтчилэн асуудлууд яригдсаар л байх болно. Иймээс нийгмийн салбар салбарын мэргэжлийн хүмүүс, эрдэмтэн судлаачид, төрийн байгууллагын шат шатны түшмэдийг оролцуулаад өнөөгийн байгаа байдалдаа бодит дүн шинжилгээ хийж хариултуудыг нь олох ёстой. Тухайлбал, нийгмийн хүлээлтэд тодорхой хариулт өгсөн С.Баяр даргын “Таван төгөлдөршил” гэж тун ойлгомжтой томьёолол Монголын улс төрийн практикт бий. Тухайн үеийн Засгийн газраас юу хийх үндсэн санаагаа таван зүйлд багтаан гаргаж ирсэн. Үүнтэй адил өнөөдөр Засгийн газар хөгжлийн томьёоллоо ойлгомжтой, хурдтай гаргаж олон түмэнд танилцуулах хэрэгтэй. Нэг талаар нийгмийн хүлээлтэд хариу өгөх, нөгөө талаар олон түмний итгэлийг сэргээх ёстой. Тэгэхгүйгээр цаашаа явахгүй юм байна. Маргааш яахыг нь чиглүүлдэг ажлыг өнөөдрийн төр засгийн удирдлагууд хийх ёстой.
-Та ингэхэд өнөөдөр юу хийж байна вэ. МАН-ын залуу үеийн тодорхой нэг төлөөлөлтэй аль нэг төрийн байгууллагын албан өрөөнд уулзах юм бодсон огт өөр газар уулзах чинь?
-Та намайг төрийн зохих ажилд яагаад очоогүй тухай асууж байх шиг байна (инээв). Та нөхдийн ярьдгаар бялуу хүртэхийн тулд эхлээд бялуугаа хийхэд нь оролцох хэрэгтэй биз дээ. Хийхэд нь төдийлөн их оролцоогүй хэрнээ хүртэхэд нь оройлон гүйх шаардлагагүй. Харин өнгөрсөн хугацаанд намынхаа үйл хэрэгт бодитоор оролцож явсан залуусаа төрийн тодорхой ажилд очиход нь дэмжин ажиллахыг хичээж байна. Тан шиг надад санаа тавьж байгаа олон нөхөд маань байгаад миний хувьд баяртай байдаг. Цаг нь ирж нөхцөл нь бүрэлдэхэд төрийн ачааны хүндээс үүрэлцэлгүй яахав.
-Шулуухан асууя, өнөөдрийн засаглалд тодорхой бүлэг хүмүүсийн ноёрхлын тогтолцоо бий боллоо хэмээн судлаачид бичээд эхэллээ?
-Нэгэнт ийм байдалд орчихсон байгааг маш олон хүн ярьж байна. Гэтэл яавал энэ байдлаас хурдан гарах тухай илүүтэй ярьж, гарцаа олох нь хамгийн чухал болоод байна.
-Тэгээд олонхиороо асуудлыг шийдээд цааш явах тийм боломж байна уу, тийм үйл явц өрнөх нь үү?
-Би тийм боломж байгаа гэж харж байгаа. Ард түмэн манай намд аливаа асуудлыг бие даан шийдэх хэмжээний эрх мэдлийг өнгөрсөн сонгуулиар өгсөн. Үндсэн хуульд ч өөрчлөлт оруулж чадахуйц эрх мэдэл нь өнөөдөр байна. Гагцхүү шийдвэр гаргагчдын маань хүсэл зориг, санаачилга чухал нөлөөтэй. Ийм цаг үед залуучууд манлайлан оролцож асуудлыг шийдэхийн төлөө явах ёстой. Залуучууддаа дэм тус болох хүсэл зорилготой ах нар ч бас манай намд байгаа байлгүй.
-Тийм хүсэл зорилго бүхий эрх мэдэлд хүрсэн ах нар танай намд олон байгаа болов уу?
-Байлгүй яахав. Биднээсээ хэдэн оймс илүү элээсэнтэй ч холбоотой юм уу, хашир нь ихдээд аливаа асуудалд мөлгөрдүү хандаад байх шиг. Нөгөө талаас манай намын олон жил уламжлагдаж ирсэн соёлтой ч холбоотой байх.
-Ах нарыг хөдөлгөж байж л шинэчлэл хөдөлгөөн цааш явагдах нь гарцаагүй юм даа?
-Ах нарыг залуус шахаж ажлыг нь хийлгэх ёстой. Нөгөө талаас Монгол Улс лидерийн дутагдалд орчих төлөв ажиглагдаж байна. Улс төрд манлайлал, тодорхой лидер байж гэмээнэ улс орон урагшилна. Өнөөгийн тогтолцооны нэг сул тал нь манлайлагчдыг нийгэм таньж мэдэх боломжийг бууруулах, бусдаас ялгаж харахад төвөгтэй байдалд хүргээд байна. Нөгөө талаас олон түмний дэмжлэгийг бодитойгоор авч, хүлээн зөвшөөрөгдөж, манлайлагч болох тогтолцоо өнөөдөр хумигдмал байна. Гэтэл өнөөдөр улс орныг том зургаар нь хардаг, ард түмэндээ хөтөч болдог, хөдөлгөдөг, ургашлуулдаг, улс орны нийгэм эдийн засгийг маргааштай нь хамт томьёолж чаддаг тийм лидер тун цөөн байна.
-Монголын улс төрийн хамгийн том хүчин өнөөдөр засгийн эрхэнд гарчихаад “Манай улс лидерийн дутагдалд орчихлоо” гээд ярих нь эмгэнэлтэй биш үү?
-Манай намд лидер болох хэмжээний олон сайхан залуус, ах нар байна. Лидерийн дутагдал гэдэг маань түүнийг сургаж бэлддэг тогтолцоо үгүйлэгдэж байгааг л хэлсэн хэрэг. Лидерийн хэмжээний боловсрол мэдлэгтэй, ажлын туршлагатай, улс төрд бэлтгэгдсэн залуусаа өнөөгийн тогтолцоо хааж байна. Манай намд боловсон хүчнийг бэлтгэдэг олон арван жил тогтож ирсэн институтлэг тогтолцоо алдагдаад удаж байгаад санаа зовнидог. Үүнийг л хэлээд байгаа юм. Нөгөө талаас лидерүүд улс эх орны хувьд хөгжил, тогтвортой байдлын чиглүүлэгчид. Өөрөөр хэлбэл, аливаа улс үндэстэн адилсал, ижилсэлгүйгээр оршин тогтноход бэрх. Бид ижилсэх зүйлүүдээ аажимдаа алдаж байна. Үүнийг хадгалж, чиглүүлж явахад лидерүүдийн оролцоо, нэр нөлөө асар чухал.
-Өнөөгийн биднийг манлайлж буй танай намын нөхөд улс орныг хөгжүүлнэ гэдэгт та хэр итгэлтэй байна?
-Цаг хугацааны шалгуур та бидэнд хэлээд өгнө. Ерөнхийдөө та биднийг манлайлж буй аль ч намын гэлтгүй нөхдийн маань зарим нь хөгжлийн талаарх хандлагаа өөрчлөх цаг нь болсон. Ерэн оноос өмнө дэлхийн улс орнууд хөгжлийг үнэлэхдээ эдийн засгийн өсөлт, материаллаг зүйлсийг суурь үзүүлэлтээ болгодог байсан бол ерэн оноос хойш хүний хөгжлийн түвшинг гол шалгуураа болгосон.
-Энэ асуудал дээр жаахан тогтож яривал ямар уу?
-Дэлхий нийт хөгжлийг үнэлэх чиг хандлагаа өөрчлөөд 25 гаруй жил өнгөрч байна. Гэтэл Монгол Улс бахь байдгаараа. Эдийн засгийн өсөлт, материаллаг зүйлс рүү маш ихээр анхаарсан хэвээр. Мөн хүний хөгжлийн түвшнээр ч гавьтай ахисан зүйл алга. Энд би гадны нэгэн байгууллагын манай улсад хийсэн судалгааны дүнг дурдмаар байна. Судалгаанд “Таны зорилго юу вэ” гэсэн асуултад 62 хувь нь “Сайхан амьдрах, эрүүл энх, элэг бүтэн байх” гэж ерөнхий хариултыг өгсөн нь “Биднийг зорилгогүй болжээ” хэмээн дүгнэхэд хүргэсэн. Угтаа хөгжилд ойр очиж буй улс орны иргэдийн дийлэнх нь тодорхой хариулт өгдөг. “Би ийм байшинд амьдарна, би тийм мэргэжилтэй болно, ирээдүйд тэдэн хүүхэдтэй болно, ийм бизнестэй болно” гэхчилэн ирээдүйгээ маш тодорхой харж хариулдаг. Гэтэл өнөөдөр зорилгогүй мэт болсон манай хүн амын энэхүү төлөв байдал нь өнөөдрийн төр засгийн бодлогод ч хүчтэй нөлөөлөл үзүүлж байна. Энэ нь цаашид улс орныг тогтвортой хөгжихөд чамгүй саад бэрхшээл учруулсаар байх болно. Ард түмэн нь төр засгаасаа юу хүлээхээ мэдэхгүй. Ер нь бол төрөөсөө юу ч хүлээгээд хэрэггүй гэсэн нийгмийн сэтгэл зүй бүрдэж эхэлж байгаа нь хамгийн том аюул. Тэгэхээр МАН хувьд олон түмний итгэл, хүлээлтийг сэргээх нь хамгийн чухал ажлуудын нэг нь байх ёстой. Нийгэмд итгэл үнэмшлийг төрүүлэхгүйгээр урагшлахгүй.
-Ийм болчихсон ард түмэнд төр засгаас нь ямар нэгэн арга хэмжээ авахгүйгээр цааш явбал юунд хүрэх вэ?
-Өнөөдөр дэлхийд зовлон болчихсон улс орнууд байна даа. Тэдний хувь зохиол л угтах байх даа. Ер нь мөхсөн буурсан улс үндэстнүүдийг гадны экспертүүд яагаад ингэв гээд судалсан өчнөөн баримт бий. Дахиад би өмнө нь ярьсан ижилсэл адилслын тухай ярья. Бидэнд ижилсэл, адилсал байхгүй болох нь бид ямар хэв шинжийн улс вэ гэдгээ мэдэхэд бэрх болж эхэллээ гэсэн үг. Нүүдэлчин соёл иргэншилтэй гэхээс цааш өөр ярих юмгүй боллоо гэсэн үг. Орчин цагийн Монгол Улс өөрийн ямар өнгө төрхтэй юм бэ гэдгийг дэлхий нийтэд, хөрш улсууддаа ойлгуулахад бэрх болж байна гэсэн үг. Энэ бол маш их хүндрэлийг бий болгох байх.
-Ер нь Монгол Улсад хөгжлийг томьёолсон бичиг баримтууд байдаг биз дээ?
-Хөгжлийн талаарх олон бичиг баримтыг өнгөрсөн хугацаанд Монгол Улсын Их Хурал хэлэлцэн баталсан байдаг. Хамгийн сүүлд 2015 онд НҮБ-аас “Мянганы Хөгжлийн Зорилго”-д суурилан “Тогтвортой хөгжлийн хөтөлбөр”-ийг баталсантай холбогдуулаад манай улс 2030 он хүртэл Монгол Улсыг хөгжүүлэх “Тогтвортой хөгжлийн үзэл баримтлал”-ыг баталсан. Монгол Улс ирээдүйд хаашаа явахыг харуулсан олон улсын хэмжээний үзэл баримтлал цаасан дээр байна. НҮБ-ын бүхий л дүрэм журам, хөгжлийн үндсэн концепцийг өөрсдийн хөрсөн дээр буулгасан. Нэгэнт хийж хэрэгжүүлэхээр баталсан бодлогын баримт бичгүүдээ хэрэгжүүлээд цааш явах талдаа дутмаг, түүнийгээ ойлгож уншдаг хүмүүс цөөхөн байна.
-Юуг чухам ойлгон хүлээж авч ажил амьдралдаа тусгах гэж?
-Монгол төрийн залгамж чанараа хадгалаад, дэлхий нийтийн өмнө, бусад улс орны өмнө хүлээсэн үүргээ биелүүлэх нь хамгийн чухал юм. Дэлхийн улс орнууд аливаа үзэл сурталжсан байдлаасаа түдгэлзэж байгаа хандлага ажиглагдаад эхэлсэн. Баруун, зүүний үзэл баримтлал гэхээсээ илүүтэй дэлхий нийтийн чиг хандлага тогтвортой хөгжлийг эрхэмлэдэг болсон байна. Хүний хөгжлийг тэргүүн зэрэгт тавьдаг болсон байна. Нийгэм тогтвортой байх, улс орон аюулгүй тайван байх үндэс суурь нь хүний хөгжил юм аа гэдгийг дэлхийн дийлэнх улс орон хүлээн зөвшөөрч байна. Өнөөдөр бид хөгжилтэй улс орнуудын хаана нь явж байгаагаа эргэж нэг сайн тодорхойлохгүй бол маш хүнд зам руу орох дүр зураг ажиглагдаад байгаа. Ерэн онд хүний хөгжлөөр доогуур түвшний гурван тэрбум хүн дэлхий дээр байсан бол өнөөдөр нэг тэрбум болтлоо буурсан байна. Тэгэхээр энэ бол хөгжлийн концепци, хөгжилд хандах хандлага өөрөө өөрчлөгдсөнтэй холбоотой. Улс орны хөгжлийг үнэлдэг үнэлэмж шалгуурууд огт өөр болсныг дахин дахин хэлмээр байна. Эдийн засгийн өсөлт бол гурав дөрөв дэх асуудал шүү.
-Хөгжлийн чиг хандлагыг зөв эрэмбэлэх, дэлхий нийтийн жишигт нийцүүлэх, үүний манлайд явах улс төрийн хүчин нь МАН шүү дээ. Журмын нөхөдтэйгөө энэ асуудлуудаар санал бодлоо солилцож байгаа биз дээ?
-Тодорхой цаг хугацаа хэрэгтэйг бүгд ойлгож байгаа. Та бид хоёр ярианыхаа эхэнд хэлсэн, чамлахаар чанга атга гэж. Залуучуудын төр дэх оролцоо нэг үеэ бодвол тодорхой хэмжээнд бодитой бий болсон. Мэдээж хангалттай түвшинд хүрээгүй байна. Арай жулдаж байна ч гэж хэлж болно. Гэхдээ аливаа юмны эхлэл тавигдана гэдэг бол чухал. Үеэрээ явах тогтолцоо бүрэн хэрэгжиж, бидний үе ачаа үүрэхийн цагт өнөөдрийн байгаагаас нь дордуулахгүй, дээшлүүлэн хүлээлгэн өгнө гэдэгт өнөөгийн ах нартаа итгэж байгаа.
-Тийм байхын төлөө ч энэ ярилцлага зориулагдаж байгаа. Залуус минь ээ, хүний хөгжил нэгдүгээрт юм байна шүү, бид дэлхийн хөгжлийн ийм доод түвшинд байна шүү гэж ярьж байгаа нь үүнд чиглэсэн гэж бодож байна?
-Аливаа зүйлийг босгоход их хүнд, нураах их амархан л даа. Нэгэнт бий болсон сайнгүй зүйлсийг засах үүрэг бидний үеийнхэнд ирж ч мэднэ. Хамтран зүтгэж ирсэн үеийн залуустаа нэг л зүйлийг захидаг. Битгий тайлбар тавь, битгий гомдолло, битгий зогс, ямар ч байсан барьж аваад хий, урагшаа алх гэж. Бид энэ нийгэмд шалтаг тоочоод, шалтгаан яриад үндсэндээ 25 жил болсон. Дахиад та бид хоёр болж бүтэхгүй юм яриад байх нь илүүц юм.
-Ер нь тэгээд манай өнөөдрийнх шиг нөхцөл байдлаас гарч гэрэл гэгээтэй нийгмийн зүг явж чадсан улс орнууд байгаа л даа. Монгол улсад туршлага болох нь?
-Өнөөдөр бид суурь шинэчлэлийг хийх цаг нь болсон. Үндсэн хуулиасаа эхлээд улс төрийн намын тухай, түүний санхүүжилтийн тухай, сонгуулийн тухай гэх мэт олон хуулиудад өөрчлөлт хийх ёстой. Хөгжсөн улс орнууд ингэж л эхэлсэн байдаг. Хоёр дах зүйл бол нэгэнт баталсан хууль дүрмийг хэрэгжүүлдэг, бүхий л түвшиндээ даган мөрддөг ажлыг хиймээр байна. Энэ бүгдийг хэн манлайлах ёстой юм. Өнөөдөр улс орныг удирдаж байгаа шийдвэр гаргах түвшний хүмүүс манлайлж хэрэгжүүлнэ. Нөгөө талаас улс төрийн тогоонд чанагдаж буй залуучуудад буруу үлгэр болчихоор “Улс төрд мөнхийн эрх ашиг гэж байхаас мөнхийн дайсан гэж байхгүй” гэх мэт хэлц үгүүд бидний ирээдүйн хөгжилд сайнгүй нөлөөг авчирсаар байна. Энэ нь улс төр хийж байгаа бол хэнийг ч араас нь хутгалж болно, бие биенийгээ хуурч болно, эрх мэдэл, албан тушаалд очихын тулд чи хэнтэй ч нөхөрлөж болно гэсэн буруу үзлийг дэвэргэж байгаа явдал юм. Улс төрд байгаа хүн худлаа ярьж болно, хулгай хийж болно гэж сургаад байхаар чинь энэ нийгмийг цааш нь хэн зөв сайхан авч явах болж байна вэ.
-Та бол улс төр дэх залуу үед их найдлага тавьдаг хүн. Энэ үзэл бодол тань хаана ч үнэртэж байдаг. Гэтэл сэтгүүлчийн нүдээр харахад зарим нэг улс төрийн хүчинд зүтгэж буй залуус маань хэт их яарсан, бачимдсан, үзэн ядсан, албан тушаал эрх мэдлийн төлөө юугаа ч өгөхөөс буцахгүй байдлаар төлөвшиж байх шиг санагдах юм?
-Бидний эргэн тойронд сайн муу зүйлс магад мөнхөд эргэлдэх байх, зөв бодол санаатай нөхдийн дунд явах юмсан гэж чармайдаг. Ёс зүйтэй, аливаад хэм хэмжээгээ барихыг эрхэмлэдэг залуучууд бидний дунд олон бий. Аливаа зүйл өөрийн гэсэн хэм хэмжээтэй боловч хэмжээнээсээ хэтийдсэн дүр зураг хаа сайгүй л харагдаж байна. Үзэл бодол, бодлого, үйл ажиллагаа, итгэл үнэмшлээрээ нэгддэг нэгдэл өнөөдөр аль ч намд дулимаг болчихсон. Цаашлаад намын үндсэн шинж алдагдаж, цөөн тооны нөхдийн хувийн компани мэт аашлах хандлага хаа сайгүй түгээмэл болсныг таслан зогсоох ёстой. Тодорхой цаг хугацаагаар илааршихаас бус өнөөдөр маргааш илааршина гэдэг бол хүнд асуудал. Үүнд би их эмзэглэдэг. Угтаа бол залуу хүн бүр өөрт байгаа сайн чанартаа тулгуурлан гэрэл гэгээтэй зүг рүү л алхах ёстой. Улс төрийн тогоонд ч сайн зүйлс байгаа, түүнийг өнгөлж зүлгээд улс орныхоо ирээдүйн сайн сайхан хөгжилд ашиглахын төлөө байхаас бус зарим ах нарын бий болгосон лаг шавар дотор эргэлдээд байх нь тэднээс ялгарахгүй болгоно шүү дээ.
-Ер нь бол та өнөөдөр улс төрд тодорхой байр суурьтай байгаа ах нартаа тун хатуухан хандаж байгаа юм байна?
-Миний хувьд хэн нэгэн рүү онилох, тэгээд элдвээр хэлэх, дайрч давшлаад байхыг зорьдоггүй. Улс төрийн анчин биш. Бусдын өмнө үүрэг хүлээсэн бол, хүлээхээр зүтгэж байгаа бол, аливаад зарчимтай, голтой, улс төрийн соёлтой байхыг л ерөнхийд нь нэхээд байгаа юм. Хамгийн аюултай нь залуу үеийнхэнд өөрсдийнхөө муу үйлийг улам “сайжруулах” тухай зөвлөөд байгаа нь ирээдүйг сайнаар төсөөлөхөд саад болж байна.
-Улс төрд залуусыг таньж өөд нь гаргана гэдэг бас бэрх бололтой. Залуус төрийн өндөр албанд очоод дараа нь аавын хаалгыг татаж буй жишээ цөөнгүй байна?
-Манай намын ахмад гишүүний хэлсэн үг миний санаанаас гардаггүй юм. “Хүнийг эртнээс танья гэвэл багахан албан тушаал өгөөд харчихад болно л доо” гэж. Энэ үгтэй би санал нэг байдаг. Тиймээс та бид хоёр үүнийг үнэлэж цэгнэх биш нийгэм өөрөө энэ залуучуудын хэн нь хэн бэ гэдгийг үнэлэх үнэлэмж рүү аваачна. Төрийн аливаа ажил хашиж буй залуучууд гэлтгүй бүхий л насныхны хүрээнд алдаа эндэгдэл гардаг. Үүн дотроос залуусын гаргасан алдааг дөвийлгөн эрх мэдлээ удаан хугацаанд хадгалах гэсэн сонирхол бүхий цөөн тооны этгээдүүд өнөөгийн улс төрийн тогоонд байна. Ийм учраас л залуучууддаа аливаад зарчимтай, голтой, ноён нуруутай байхыг л байнга сануулж байгаа.
-Залуус л гарч ирээд энэ улс орныг диваажин болгочихно гэж байхгүй. Туршлага, амьдралын ухаан, мэдлэг боловсрол, ачаалал авч сурах гээд маш олон шалгуур бий. Тэр бүгдийг урьдчилж харж, өөрийгөө бэлдсэн нь хэд юм бол доо?
-Бид бас болоогүй юм байна гэдгээ мэдрэх мэдрэмж залууст байдаг. Залуу хүн гэдэг хийж бүтээх, алдаж онохын дэнсэн дээр байдаг. Үүрэх ачааг нь тааруулж өгөх нь ахмадууд болон дунд үеийнхний үүрэг. Өнөөдөр төр улсыг удирдаад явах ухаанд залуусыг бэлтгэх нь буруу зүйл ерөөс биш, харин залуу хүнийг элдэв явцуу хүсэл сонирхлоо гүйцэтгүүлэхийн тулд олноор нь ашиглаж байгаа явдалд та бид эмзэглэж хандах учиртай.
-Төрийн ачаа нь хүндэдсэн залуу дарга нар гарч ирж байх шиг байна?
-Байхыг үгүйсгэх аргагүй. Байгаа бол төрийн ажилд, улс орны хөгжилд хортой. Ер нь бол төрийн ажил гэдэг тал талын бяр шаардсан ажил. Зүйрлэвэл, ердөө 50 кг-ын туухай өргөх чадвартай хүнд 100 кг-ыг өргө гээд өгөх нь инээдтэй хэрэг биз дээ. Тэгэхлээр таны яриад байгаа бэлтгэл чухал л даа. Аливаа ажилд шаардлага хангасан хүнийг ажиллуулах асуудлыг хувийн ч тэр хувьсгалын ч тэр байгууллагууд баримтлах ёстой. Яахав, өргө гээд итгэл өгч байгаа нь сайхан хэрэг, физилоги, сэтгэл зүйн хувьд түүнийг өргөнө гэдэг бол цаг хугацаа зайлшгүй шаардах асуудал. Энэ асуудал зөвхөн өнөө үед бий болоод байгаа үзэгдэл биш л дээ. Өнгөрсөн цаг хугацаанд ч, бусад намуудад тулгарч байсан зүйл. Өмнөх алдааг бага давтах нь өнөөгийн төрийн ажилд их нэмэртэй гэж боддог. Нөгөө талаас залуучууд маань чадах зүйлээ бардам хийгээд дараагийн удаад 60 кг-ыг өргөе гэдгээ хэлж чаддаг байх хэрэгтэй.
-Энэ удаагийн сонгуулийн үр дүнгээр МАН залуусаа харьцангуй олноор нь хууль тогтоох, гүйцэтгэх засаглалд оруулж байгаа нь танай намд үе солигдох процесс явагдаж байна гэж улс төр судлаачид бичиж эхэлсэн байна лээ?
-МАН-ын зүгээс сүүлийн 25 жилийн хугацаанд нийгмийн захиалга, бусад олон хүчин зүйлээс шалтгаалан, мөн цаг үеэ мэдрээд үе солигдох процессыг хийж ирсэн. Сэтгэлийн хөөрлөөр юугаа ч мэдэхгүй олон залууг гаргаж ирснээрээ үе солигддог юм биш. Үе солигдоно гэдэг бол төрийн ачааг үүрэх цаг хугацаа зайлшгүй иржээ хэмээн бяр нь ханхлаад эхэлсэн хүнд итгэл үзүүлэхийг хэлнэ. Энэ үеийг намын зүгээс мэдэрч чадахгүй бол илүү сайнгүй үр дагаварт хүрч болзошгүй. 100 кг-ын хүндийг өргөх хэмжээнд бэлдэж, өргөж чадахаар боллоо гэсэн үед нь өргүүлэх ёстой. Төр бол хэн нэгний хувийн компани биш. Та өөрийн хувийн компаниа хүчирхэг болгохын тулд хамгийн чадалтай, боловсролтой хүнийг шалгаруулж, чадваргүйг нь авахгүй. Тэгж байж л компани тань өнгөтэй өөдтэй явна. Гэтэл өнөөдөр төрийг юу дуртайгаа чихэж байдаг авдар сав аятай бодож аяглах үзэгдэл хавтгайрах хандлагатай болж байна. Үүнийг хаа хаанаа анхаарч, засч залруулахгүй эдийн засгийн өсөлт яриад, хүн амыг сайхан амьдруулах тухай яриад ямар ч нэмэргүй. За ингэсгээд яриагаа өндөрлөх үү дээ (инээв).
Ярилцлага өгсөн танд баярлалаа.
Эх сурвалж: khashchuluun.niitlelch.mn