С.Бямбацогт: Хөгжлийн банк гэхээр нэгнээ гүтгэж, доромжилдог боллоо

Гишүүдийн ирц бүрдэхгүйгээс сүүлийн хоёр хоног дараалан хойшилсон Хөгжлийн банкны мэдээллийг өчигдөр Байнгын хороодын хамтарсан хуралдаанаар сонслоо.
Хуульзүй, Эдийн засгийн Байнгын хороогоор 14:00 цагт мэдээлэл сонсохоор товлосон хуралдаан 15:30 цагт 62.9 хувийн ирцтэй эхлэв. Хуульзүй, дотоод хэргийн дэд сайд Б.Энхбаяраар ахлуулсан Ажлын хэсэг Хөгжлийн банкинд хийсэн шалгалтын дүнг товч танилцуулж, гишүүд байр сууриа илэрхийлж асуулт асуусан юм. Хуульзүй, дотоод хэргийн дэд сайд Б.Энхбаяр,  Сангийн яамны Санхүүгийн хяналт шалгалтын хэлтсийн дарга Ж.Цогтбаяр, Хөгжлийн банкны тэргүүн дэд захирал Ч.Энхбат, Монголбанкны ахлах хянан шалгагч М.Адилбиш нар мэдээлэл хийв. Хуралдааны протоколыг товчлон хүргэе.
Б.Энхбаяр: /Хуульзүй, дотоод хэргийн дэд сайд/
-Ажлын хэсэг 21 хоногийн хугацаатай үүрэг авч шалгалтын дүнгээ  Засгийн газарт хаалттай танилцуулсан. Хөгжлийн банкны хувь нийлүүлэгч бол Монгол Улсын Засгийн газар. Чиг үүрэг нь УИХ-аас баталсан томоохон хэмжээний төсөл хөтөлбөрийг санхүүжүүлэх юм. Гэхдээ судалгаа шинжилгээ хийгдсэн мэргэжлийн төвшний хүрээнд санхүүжүүлэх хуультай. Хөгжлийн банкны 2011-2016 оны үйл ажил­лагааг  шалгаж 160 гаруй эрхзүйн актад хяналт үнэлгээ хийлээ. Хөгжлийн банк ямар төсөл хөтөлбөр санхүүжүүлэх вэ гэдэг нь УИХ-ын эрх мэдлийн асуудал. Гэтэл 2012-2016 онд УИХ-аас тог­тоол гараагүй. Засгийн  газар, яамд нэр бүхий сайд нар УИХ-ын бүрэн эрхэд халдаж УИХ-ын шийд­вэрээс гадуур санхүүжүүлэх төслийг заримд нь  нэр, мөнгөн дүн заахгүйгээр баталж ирсэн. Эдийн засаг хөгжлийн сайдын 2013 оны 29 дүгээр тушаалаар баталсан Засгийн газрын үнэт цаасны санхүүжүүлэх төслийг хэрэгжүүлэхэд баримтлах журмаар тө­сөл хөтөлбөрийг санхүү­жүүлдэг болсон байна. УИХ, Засгийн газрын хяналтаас гарсан байна. Тодорхой сайд нар Хөгж­­лийн банкнаас санхүү­жүүлэх журмуудыг баталдаг болсон нь хуулиас давсан шийдвэрүүд байсан. Энэ маягаар явсантай хол­бог­дуулан хяналтын удирдлага бүхэлдээ алдагд­сан гэж Ажлын хэсэг дүгнэсэн.
Ж.Цогтбаяр: /Сангийн яамны Санхүүгийн хяналт шалгалтын хэлтсийн дарга/
-Хөгжлийн банкинд  төгрөгөөр 2.2 их наяд, ам.доллараар 1.7 тэрбум, 32.1 сая евро, 30 тэрбум иен буюу 5.6 их наяд төгрөгийн эх үүсвэр төвлөрсөн. Эргэн төлөлтөөр  2017 онд 1.8 их наяд, 2018 онд 1.5  их наяд төгрөг төлнө. 5.5 их наядын зээлээс 2017 онд 1.6 тэрбум, 2022 онд 1.6 их наяд төгрөг төлнө. Хөгжлийн банк бизнес төлөвлөгөө, үйл ажиллагааны үр дүнгийн үйл ажиллагааг баталдаггүй. Гүйцэтгэх удирд­лагыг сонгон шал­га­руулалтгүй шууд томилсон нь мэргэжлийн бус, туршлагагүй. До­тоо­­дын хяналтыг огт ажил­луулаагүй. Үндсэн нэгж, үйл ажиллагааны зардал нэмэгдсэн. 2.5 тэрбумыг олон нийтэд мэдээлэл түгээхэд зарцуул­сан. Гадаад томилолтыг нэг хүний 1.2-2.9 сая төгрөгөөр тооцсон. Яармаг, Хөрөнгийн биржэд их хэмжээний хууль бус санхүүжилт олгосон. Төсөвт өртөг маш их нэмэгдсэн.
М.Адилбиш: /Монгол­банкны Хяналт шалгалтын газрын ахлах хянан шалгагч/
-Хөгжлийн банк 5.5 их наяд төгрөгийн зээлийг улсын төсвөөс эргэн төлөгдөх нөхцөлтэй, Хөгжлийн банкнаас төслийн орлогоос эргэн төлөгдөх нөхцөлтэйгээр шууд санхүүжүүлсэн зээл, арилжааны банкуудаар дамжуулан шууд санхүүжүүлж буй төсөл хөтөлбөр гэсэн хэлбэрээр олгосон. Улсын төсвөөс эргэн төлөгдөх зээл нь гурван  их наяд төгрөг буюу  53.5 хувийг эзэлсэн бол Хөгжлийн банкнаас шууд санхүүжүүлсэн зээл нь 1.3 их наяд 27 хувь, арилжааны банкуудаар дамжуулсан нь нэг их наяд буюу 19 хувийг эзэлж байна. 373 зээлээс 93-ийнх нь хугацааг сунгасан. 2016 оноос огт төлөгдөхгүй байна. Шалгах өдрийн байдлаар нийт активын 79,6 хувь зээл, 5.6 хувь үнэт цаас, 7.7 хувийг гадаад дотоодын арилжааны банкуудад байршуулсан харилцах хадгаламж, 6.6 хувийг бусад хөрөнгө эзэлж байсан. Чанаргүй зээл энэ онд 368.5 тэрбум төгрөг, 2017 оны эхний улиралд 42.9 тэрбум төгрөгөөр төлөгдөх хуваарьтай байгаа. Ирэх оны эхний улиралд төлөгдөх 1.2 тэрбум төгрөгийн зээл төлөгдөхгүй байх эрсдэл маш өндөр байна. Ханшийн тэгшитгэл, үйл ажиллагааны зардлын өсөлт, чанаргүй зээлийн эрсдэл өндөр хувийг эзэлж байна. Нийт 155.3 тэрбум төгрөгийн алдагдалтай байна.
-Б.Пүрэвдорж:
-УИХ- дахь АН-ын  бүлгийн байр суурийг хүргэж байна. АН-ын Засгийн газар улсын эдийн засгийн хүндрэлийг даван туулахын тулд Чингис бондын 1.5 тэрбум ам.доллар, Самурай бондын 300 сая ам.долларыг олон улсын зах зээлээс босгосон. Үүгээр дотоодын үйлдвэрлэлийг дэмжиж ажлын байрыг нэмэгдүүлж эдийн засаг, нийгмийн чухал ач холбогдолтой зүйлийг санхүүжүүлсэн. Гэтэл МАН Хөгжлийн банкинд шалгалт хийхдээ мэргэжлийн бус хэтэрхий нэг талыг барьсан улс төрийн шалтгаанаар хандлаа. Хөгжлийн банк хуулийн дагуу хагас жил тутам олон улсын байгууллагаар аудит хийлгэж баталгаажуулж ирсэн. Шалгалтын дүн санхүүгийн системийг цочирдуулж, эдийн засгийн эрсдлийг бий болгохоор байна. Шалгалтын тоо баримт зөрчилтэй, Ажлын хэсгийн гишүүд бүгд гарын үсэг зурж баталгаажуулаагүй учир хэлэлцэх боломжгүй. Дүгнэлтийг дахин боловсруулж холбогдох бүх байгууллагыг байлцуулж өргөн бүрэлдэхүүнтэй хэлэлцэх шаардлагатай. Эцсийн шийдвэр гараагүй байхад нэр зарлаж бизнесийн нэр хүндэд халдсан асуудалдаа баялаг бүтээгчдээс уучлал гуйхыг шаардаж байна.
-Ж.Энхбаяр:
-Эдийн засгийн өсөлт хоёр оронтой тоонд хүрч Монгол Улсын түүхэнд алтан боломж олдсон. 580 сая еврогийн бондыг МАН-ын Засгийн газар амжилттай гаргаж нэг төгрөг зарцуулалгүйгээр АН-ын Засгийн газарт хүлээлгэж өгсөн. Улсаа барьцаанд тавьж байж олон улсын зах зээлээс авсан зүйл маань Засгийн газар, УИХ-ын зөвшөөрөлгүй гарсан байна. Хөгжлийн банкинд гол найдлага тавьсан. Төсөл хөтөлбөр хэр үр дүнтэй байсныг сонсоод үнэхээр харамсч байна. 300 сая төгрөгийн өртгийн гэрээтэй зам 1.3 тэрбум болж өссөн, 440  сая төгрөгийн өртөгтэй замыг Монроуд компани 1.8  тэрбумаар хийсэн. Жилдээ 373 сая төгрөгийн цалинтай баталж байсан алба дөрвөн тэрбум төгрөг болж өссөн. Тансаглал хэр хэмжээнээс хэтэрсэн байна. Зохион байгуулалттайгаар энэ бүгдийг хийсэн гэж хардаж байна. Арилжааны банкинд байршуулсан мөнгөний хадгаламжийн хүүг авдаггүй гэдэг юу гэсэн үг вэ.
-С.Эрдэнэ:
-Мэргэжлийн бус ажлын хэсэг ажилласан гэдэг нь баримтаар хангалттай нотлогдоно. Чингис, Самурай бондын өр эргэн төлөгдөх зээлийн ихэнхийг эзэлж байгаа мэтээр олон нийтийн толгойг эргүүлж байгаа нь хаанаас гаралтай юм бэ. Ирэх гурван сард  төлөгдөх евро бондын 580 сая долларын зээлийн зарцуулалтад шалгалт хийсэн үү. Бид евро бондыг  дөрвөн орчим их наядын өр авлагатай хүлээж авсан. Хөгжлийн банкны удирдлага, тухайн үеийн сайд дарга нарыг оролцуулж хөгжлийн банкны мэдээллийг хэлэлцүүлж болоогүй юмуу. Тэд тайлбараа өгнө байх. Нотлогдоогүй зүйлээр бизнесийн нэр хүндэд халдсан асуудлын хариуцлагыг хэн хүлээх вэ.
-Л.Энх-Амгалан:
-Бид байр сууриа солиод суусан нь хувь заяаны тоглоом,шоглоом юм уу их сонин санагдаж байна. 2015 онд Ажлын хэсгийн дүгнэлтийг хэд хэдэн удаа УИХ-аар хэлэлцүүлэх гээд чадаагүй. Аргаа бараад АТГ-т шилжүүлсэн. Гэтэл өнөөдөр  Засгийн газрын томилсон Ажлын хэсгийг чадамжгүй, дүгнэлтийг мэргэжлийн бус гээд байх юм. Хөгжлийн банкийг шалгасан таван баримт байна. Үндэсний аюулгүй байдал, Аудитын ерөнхий газар, Сангийн сайдын тушаалаар баталсан ажлын хэсгийн дүгнэлт байна. Дараагийн ажлын хэсэг миний ахалж ажилласан Ажлын хэсгийн дүгнэлт. Энэ бүх дүгнэлтэд дурдагдсан алдаа зөрчил давхацсан байна. Зургаа дахь дүгнэлт одоо орж ирж байна. Хэн нэгний мууг үзэж улыг шагайх гэсэн асуудал биш. Засгийн газрын тогтоолыг АН-ынхан зассан нь гэмт хэрэг шүү. “Фортуна” Н.Батбаяр өөрөө журам гаргаад санхүүжүүлт хийсэн нь зөрчил бишүү. Юунаас айгаад байгаа юм. Шалгуулъя. С.Эрдэнэ гишүүн та бүрэн эрхээсээ татгалзаад шалгуулчих.
Ж.Мөнхбат:
-Эдийн засагт дэм болох гэж байгуулсан Хөгжлийн банкийг өнгөрсөн дөрвөн жилд олон улсын стандарт жишгийн эсрэг удирдаж авч явсан. Хууль зөрчсөн, гэмт хэргийн шинжтэй хуудуу юм олныг хийсэн. Тэр нь ил болоод ирэхээр ичсэн хүн хүн ална гэгч болж байна. АН-ын даргын сунгаа эхлээд нэр дэвшиж байгаа хүмүүс ямар ч хамаагүй сэдвээр улс төр хийж, чанга дуугаар юм ярья гэж боддог болж. Хөгжлийн банкны хөрөнгөөр байр худалдаж авсан мөнгийг тухайн үеийн Сангийн сайд шийдсэн байна гэж хэлсэн. Тухайн үеийн хуралдааны тогтоолоос харахад байр худалдаж авахад оролц­сон хүмүүсийн дунд Ж.Бат­зандан гишүүний ах бий.
С.Бямбацогт:
-Хөгжлийн банк гэхээр нэг нэгнээ гүтгэж доромжилдог боллоо. Босгосон зургаан их наяд төгрөгөөс тодорхой хэмжээгээр үр дүнгээ өгсөн. Эх үүсвэр нь зориулалтын бусаар зарцуулагдаад байгаа гэсэн юм бишүү, шалгая гэдгээс хойш улстөржиж эхэлсэн. Зургаа дахь удаагийн шалгалтын дүнд зөрчилдөж байгаа юм алга. Харлуулж гутаах зүйлийг АН өөрсдөө эхэлсэн. МАН цөөнх байхдаа Ажлын хэсэг байгуулж шалгасан ч бөөн улс төр хийсэн. Зээл авсан гэж нэр бүхий гишүүдийг гүтгэж эхэлсэн. Бодитоор асуудлаа ярья.
С.Уянга
Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

Санал болгох мэдээ

Д.Амарбаясгалан: “Шинэ хоршоо” хөтөлбөрийн хүрээнд малчдын сарын орлогыг 5 сая төгрөгт хүргэх боломжийг бүрдүүлнэ

“Шинэ хоршоо-Чинээлэг малчин” хөтөлбөрийн талаар Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Д.Амарбаясгалан мэдээлэл өглөө. ЗГХЭГ-ын …