Тавантолгойн төслийн хэлэлцээний эргэн тойронд Өмнөговь аймгийн Улаанбаатар дахь нутгийн зөвлөлийн байгаль орчны салбарындарга Ц.Бээжинтэй ярилцлаа.
-Тавантолгойг хамтарч ашиглах түншүүдийн гэрээ хэлцэл эхэллээ.Хэлцэл, зөвшилцөлд орон нутгийн иргэдийн оролцоог хэр хангасан юм бол?
-Өмнөговьчууд нэг удаа Монголын төр, эрх баригчдад хууртагдсан. Монголыг тэжээх, тэр дотроо өмнөговьчуудын амьдралыг зовлон гачаалгүй, ядууралгүй сайн сайхан болгоно гэсэн уриатай “Оюутолгой” хэмээх дэлхийн хэмжээний мега төсөл манай аймагт хэрэгжээд 10 жил болж байна. Эндээс Монгол орны, тэр дотроо Өмнөговь аймгийнхны нийгэм эдийн засгийн болон хувь хүмүүсийн амьдралд эерэг сайн нөлөөллийг горьдож хүлээж байсан.
Гэтэл талаар өнгөрсөн. Үүнийг нийгэм даяараа мэдэж байгаа. Одоо Өмнөговь аймгийн газар нутгийг хуваах, дээрэмдэх, зөөх, зарах, өмнөговьчуудыг хуурах хоёр дахь том зальт үйл ажиллагаа эхэлж байна. Энэ юу вэ гэвэл, Тавантолгойн мега төсөл нэртэй дээрмийн үйл ажиллагааг Монголын төр явуулах гэж байна. Үүнийг Өмнөговь аймгийн жирийн иргэд эрс эсэргүүцэж байгаа.
Яагаад гэвэл, Оюутолгойн сургамж бидэнд байна. Ерөнхий төсөл эерэг үр дүнтэй, өмнөговьчууд, монголчуудын эрх ашигт нийцэж байх юм бол нутгийнхан дэмжихэд бэлэн байгаа. Харамсалтай нь одоогийн төр, засгаас явуулж байгаа яриа хэлэлцээрийн эхний дүр зураг иргэдэд итгэл төрүүлэхгүй байна. Оюутолгойгоос долоон дор үр дагавартай байж мэдэх гарааны алхмуудыг хийж байгаад харамсч байна. Иймээс Өмнөговийн ард түмэн Ц.Дашдорж сайдаар ахлуулсан Засгийн газрын ажлын хэсгийг эхний ээлжинд орон нутагт ирж яриа хэлэлцээр үүсгээч гэсэн хүлээлт бий болчихоод байна.
Ц.Элбэгдорж Ерөнхийлөгч нийгэм, эдийн засгийн аливаа асуудлыг шийдэхдээ иргэдийн оролцоотойгоор шийдэж бай гэсэн сайхан үзэл бодол, зарчим ярьдаг. Энэ үзэл бодол Тавантолгойд, манай Өмнөговьт огт тусгагдахгүй байна. Зөвхөн Цогтцэций сум ч бус мега төсөлд хамаарал бүхий Ханхонгор , Ханбогд, Баян-Овоо сум, Гашуунсухайтын хилийн боомт, Цагаан хадны тээвэр ложистикийн төв гэх мэт суурьшил бүхий, дээр нь тус нутгийн малчид, иргэд гэх мэт мега төсөл хувь заяанд нь зайлшгүй нөлөөлөх ард иргэдийн дуу хоолойг сонсох, санаа бодлыг нэгтгэх ёстой. Ийм ажил төр засаг, аймаг орон нутгийн зүгээс огт хийгдээгүй. Малчид, иргэд ямар ч ойлголтгүй байна.
-Өнөөдөр Тавантолгойн ордын нөхцөл байдал ямар байгаа вэ?
-Өнөөдөр Тавантолгойн орд газарт гурван компанийн таван уурхай ажиллаж байгаа. Хүмүүс гурван уурхай ажилладаг гэж ойлгодог. Гурав биш тав байгаа. Таван уурхай тутмаас өдөртөө 1000 гаруй тээврийн хэрэгслийн ачилт, 10 гаруй удаагийн хөрс хуулалтын тэсэлгээний ажил хийгдэж байгаа. Энэ бүгдээс асар их тоосжилт, тээвэрлэлт, оршин суугчдын хөдөлгөөний эрчим бий болж байна. Дээр нь эмх замбараагүй байдал, байгаль орчны бохирдол, химийн хорт бодисуудын агаар дахь дэгдэлтийн нөлөөлөл хэрээс хэтэрсэн. Улаанбаатарын утааны гамшиг юу ч биш.
Монголд хамгийн их гамшигт нэрвэгдсэн газар бол Тавантолгойн орд газар, Цагаан хад ложистикийн төв, түүнийг дагасан 250 км-ийн зам дагууг нэрлэж болно. Бодит нөхцөл байдал ийм байна. Том төсөл ярихаас өмнө эхний ээлжинд Монголын төр Тавантолгойн орд газар дээр одоо ашиглалтын үйл ажиллагаа явуулж байгаа таван уурхай, Тээвэр ложистикийн цогцолборын үйл ажиллагааг байгаль орчин, хүн ардад хор нөлөөгүй уул уурхайг дэлхийн стандартын түвшинд нийцүүлж зөв голдрилд оруулах ёстой.
-Бид Тавантолгойд гурван уурхай байгаа гэж л ойлгодог. Гэтэл та тав гэж хэллээ. Түүнийгээ нэрлэхгүй юу?
-Орон нутгийн уурхайн 4, 8 дугаар ам, “Эрдэнэс Тавантолгой”-н Баруун Цанхийн болон Зүүн Цанхийн ам, “Энержи Ресурс”-ийн Ухаа худагийн уурхай байгаа.
-Одоогийн нөхцөл байдалд Өмнөговийн иргэдийг ажлын байраар хангасан нааштай шийдлүүд юу байна?
-Тавантолгойн таван уурхайн 3000 орчим ажлын байранд Өмнөговиос 300 хүрэхтэй үгүйтэй хүн л ажилладаг. Бусад нь Улаанбаатараас ирэн очин ажилладаг хүмүүс бий. Одоо байгаа дүр зураг ийм учраас өмнөговьчууд энэ том төслөөс эерэг дүр үр дүн хүлээнэ гэдэг хэцүү.
-Энд ойлголтын нэг зөрүү байх шиг. Эрх баригчид Тавантолгойг цогцоор нь ашиглана гэж хэлдэг. Жирийн иргэд цогц гэдэг нь орон нутгийнхны эрх ашгийг хангасан, том бүтээн байгуулалт, үйлдвэр аж ахуйн төвүүд байгуулсан, нүүрсийг дагасан бусад баялгийг үр өгөөжтэй, зөв зохистой ашиглана гэж ургуулжбодоод байна. Та юу гэж харж байна?
-Цогцоор нь ашиглана гэж хэлж, ярьж байгаа энэ үг тийм үнэмшилтэй биш юм. Налайхаас “Портер”-оор нүүрс ачаад “Цайз” зах дээр авчирдаг байдал, Тавантолгойгоос вагонд нүүрс аяаад Хятад руу гаргах хоёр адилхан. Өнөөгийн Засгийн газрын Ц.Дашдорж сайдаар ахлуулсан 18 гишүүнтэй ажлын хэсэг зөвхөн нүүрсээ л маш хурдацтайгаар их хэмжээгээр зөөх болхи сэтгэлгээний түвшинд хэлэлцээр явуулж байгаа дүр төрх харагдаж байна. Нүүрсийг их хэмжээгээр хурдан зөөхийн тулд төмөр зам хэрэгтэй болсон. Тийм учраас төмөр замаа мега төсөл гэж нэрлэн дагалдуулаад оруулж ирж байгаа. Ердөө үүнээс цааш сэтгэлгээ, үйлдвэр технологи, аж үйлдвэрийн түвшинд, бүс нутгийн нийгэм эдийн засгийн хөгжилд дорвитой нөлөөлөхүйц дагалдах дэд бүтцийн салбар, чиглэлүүд огт яригдахгүй, дурсагдах ч үгүй байна.
-Эцэст нь асуухад та сая орон нутгийн иргэдийн бодол санаа, нутгийн зөвлөлөөрөө дамжуулан илэрхийлж байгаа нийтлэг байр суурийг голлож ярилаа. Тавантолгойн орд газрын тухайд таны хувийн ойлголт, байр суурийг сонирхоё?
-Тавантолгойн орд газар гэдэг миний ойлгож байгаа, надад буй мэдээллээр 1978 оны гуравдугаар сарын 7-ны өдөр Улаанбаатарын геологийн удирдах газрын хайгуулын III ангийн дарга Д.Санчин, ерөнхий инженер Д.Намжил нарын хүмүүсийн анх шав тавьж, 630 мянган хүн/цагийн хөдөлмөр хийж, 14 жил ажилласан үндэсний геологичдийн нөр их хөдөлмөр бүтээлийн үр дүнд үнэ цэнэ нь бий болсон үндэсний стратегийн ганц орд гэж үздэг. Стратегийн 15 ордоос үндэсний мэргэжилтнүүд 100 хувь арга аргачлал, эрэл хайгуул, тайлан хамгаалал, нөөцийг тогтоож эрдэс баялгийн комисст хүлээлгэж өгсөн цорын ганц орд бол Тавантолгойн коксжих нүүрсний бүлэг орд газар юм.
Монголын үндэсний геологийн салбарынхны бахархал, брэнд болсон ийм орд газрыг салбарын хүрээнд ажиллагсдын тал талын байр суурийг сонсохгүйгээр зөвхөн нүүрсийг түргэн зөөж зарна гэсэн байдлаар шийдэх нь учир дутагдалтай гэж бодож байна. Энд төр, засгийн мэргэн ухаан гарах байх гэж өмнөговьчууд найдаж байгаа.
Ч.Олдох
Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин