“Агаарын бохирдлыг бууруулахад иргэн таны оролцоо” технологийн үзэсгэлэн МҮХАҮТ-д өнөөдөр нээлтээ хийлээ.
Дулаан алдагдлыг багасгах, агаарын бохирдлыг бууруулах технологийн шийдлийг танилцуулах зорилготой уг үзэсгэлэнд 50 гаруй аж ахуйн нэгж оролцож байна. Засгийн газраас шийдвэр гаргаж, гэр хорооллын айл өрхүүдийн шөнийн цахилгааны тарифыг тэглэсэнтэй холбогдуулан зохион байгуулж буй уг үзэсгэлэнд төрөл бүрийн цахилгаан халаагуур, шалны халаалт, гэрийн дулаалга, сайжруулсан түлш зэргийг танилцуулж байна.
Монгол Улсын Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат үзэсгэлэнг үзэж, зарим аж ахуйн нэгжийн төлөөлөлтэй уулзаж ярилцах үеэрээ “Үзэсгэлэнд оролцож буй бүх аж ахуйн нэгжтэй уулзах боломж бага байна. Тиймээс энэ төрлийн үйлдвэрлэл эрхлэгчид болон үзэсгэлэнд оролцож буй аж ахуйн нэгжүүдийн төлөөлөлтэй ойрмогхон дахин уулзъя” гэж хэллээ.
Утааг эрс бууруулах бодлогыг шийдвэртэй хэрэгжүүлэхгүй бол гамшгийн хэмжээнд хүрлээ. Эдийн засгийн бололцоо, боломж муу байгаа ч Засгийн газар агаарын бохирдлыг бууруулах бодлогын шинжтэй арга хэмжээг шат дараатай хэрэгжүүлж байна. Засгийн газар эхний ээлжинд гэр хорооллын айл өрхийн шөнийн цахилгааны тарифыг тэглэлээ гэж Засгийн газрын тэргүүн сэтгүүлчийн асуултад хариулахдаа хэллээ.
-Өдөрт 2 шуудай нүүрс түлдэг өрх нэг шуудай нүүрс түлдэг болгохын тулд ийм шийдвэр гаргасан.
Утааг оргүй арилгана гэж хэлэх хэцүү, багасгана. Дэлхийн 100 гаруй улсын 3000 хотод утаа, агаарын бохирдол асуудал үүсгээд байна. Энэ хотуудын нэг нь манай Улаанбаатар. Ганц Улаанбаатар ч биш зарим аймгийн төв утаатай болоод байна.
Утаа бууруулахын тулд 130-140 мянган тэрбум төгрөг зарцуулсан ч буурсангүй. Ийм их мөнгөөр түлш, зуух сольж утаа шийдэх гэж оролдсон. Энэ мөнгөөр шөнийн тарифаа эрт тэглэсэн бол илүү үр дүн гарах байсан байж магадгүй. Манай Засгийн газар түлш, зуух бус бусад олон төрлөөр утааны асуудлыг шийдэх гэж оролдож байна. Шөнийн тарифыг тэглэхээс гадна хөдөө орон нутагт шилжин суурьшихыг дэмжих, орон нутагт ажлын байр бий болгох, орон сууцжуулах ажлыг зэрэг хийнэ. Мөн Улаанбаатар руу түүхий нүүрс оруулдаггүй байх зэрэг арга хэмжээг цаашид авч хэрэгжүүлнэ гэж Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат ярилаа.
Үзэсгэлэнтэй танилцсаны дараагаар Монгол Улсын Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат Баянзүрх дүүргийн II хорооны иргэн Ц.Донжавынд очлоо. Тэднийх 2010 оноос, “Өлзий зуух” төсөл хэрэгжсэнээс хойш ийм зуух хэрэглэж буй ажээ. Өлзий зуух нь ердийн зуухтай харьцуулахад түлж бага хэрэглэдэг, утаа бага гаргадаг гэж өрхийн тэргүүн хэлээд хоол, цайгаа зуухан дээр хийх боломжгүй. Цахилгаан зуух ашигладаг гэлээ.
Ц.Донжав “Шүдэнз зурсан ч утаа, тортог гардаг. Засгийн газар гэр хорооллын айл өрхийн шөнийн цахилгааны тарифыг тэглэсэн нь зөв” гээд дэмжиж байгаагаа хэллээ.
Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат “Агаарын бохирдлыг бууруулахад иргэн таны оролцоо” технологийн үзэсгэлэнд байсан цахилгаан халаагуурыг тэднийх авч өгье, халаагуурыг сар ашиглаад хэр үр дүнтэй байгаа тухай сэтгэгдлээ хуваалцаарай гэж хэллээ.
Ерөнхий сайдын дараагийн очсон айл Баянзүрхийн II хорооны иргэнХ.Билгүүнийх. Тэднийх 2011 онд шалны халаалт тавиулжээ.
Х.Билгүүн” 2011 оноос өмнө нам даралтын зуухтай байсан. Өдөрт гурван шуудай нүүрс түлдэг. Сарын нүүрсний хэрэглээ 300 гаруй мянган төгрөг болдог байсан. Шалны халаалт тавиулснаас хойш түлээ, нүүрсний мөнгө гэхээ болсон. Өрөө өрөөндөө халаалтын тохируулгатай, цахилгаанаа хэмнэх боломжтой. Сарын цахилгааны хэрэглээ дунджаар 60-70 орчим мянган төгрөг гардаг. Өдөртөө халаалтаа бараг ажиллуудаггүй, шөнөдөө л асаадаг ч орой ажлаас ирэхэд дулаахан байдаг. Шалны халаалт тавиулснаас хойш мөнгө хэмнэхээс гадна орон сууцны айлаас дутахааргүй тав тухтай амьдарч байна. Манай хамаатны айлууд манайхаас туршлага аваад шалны халаалттай болж байгаа гэж ярилаа.
Агаарын бохирдлыг бууруулахад иргэн бүрийн оролцоо чухал. Ард иргэд маань санаачилгатай, зүтгэлтэй байх хэрэгтэй гэлээ.
Цаашид цахилгаан дулааны үйлдвэрлэлийн хүчин чадлыг нэмэгдүүлэх ажлыг Засгийн газраас хийнэ. Цахилгаан станц барих төслүүдийн ажлыг аль болох хурдан, энэ онд багтаан эхлүүлнэ. Мөн орон сууцанд амьдрах иргэд ипотекийн зээлд хамрагдаж байгаа шиг гэр хорооллын иргэд халаалтын асуудлаа шийдвэрлэхийн тулд зээлд хамрагдах нөхцөлийг бүрдүүлж өгөх учиртай. Ингэвэл айл өрхүүд маань цахилгаан халаагуур хэрэглэх сонирхол нь нэмэгдэнэ.
Засгийн газар зуух, нүүрс, түлш тарааж утаатай тэмцэхгүй, цахилгаан халаалтын төхөөрөмжүүдийг дэмжинэ гэж Монгол Улсын Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат хэллээ гэж Засгийн газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.