А.Ганбаатар:Монгол Улсын өрсөлдөх чадварын нэрийн хуудас болсон бүтээн байгуулалтад “Төрийн гэрэгэ” шагнал олгоно

“ТӨРИЙН ГЭРЭГЭ” ШАГНАЛД НЭР ДЭВШҮҮЛЭХ ЭЦСИЙН ХУГАЦАА 02 ДУГААР САРЫН 10-НЫ ӨДӨР/

Монгол Улсын Ерөнхийлөгчийн Олон нийтийн харилцаа, нийтлэг бодлогын зөвлөх А.Ганбаатартай сар шинийн баяраар олгодог “Үндэсний бүтээн байгуулалтын дээд шагнал-Төрийн гэрэгэ” шагналын тухай ярилцлаа.

– Сар шинийн баяраар олгодог “Төрийн гэрэгэ” шагналын тухай мэдээлэл өгнө үү.

– “Төрийн гэрэгэ” бол бүтээлч сэтгэлгээ, бүтээгч хүчин, бүтээн байгуулалтыг дэмждэг, үндэсний бүтээн байгуулагчдадаа урам өгдөг шагнал юм. Үндэсний бүтээн байгуулалтын дээд шагнал гэсэн тодотголтой явдаг.

Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газраас нийгэм, эдийн засаг, оюун санааны ертөнцөд шинэ жишиг гаргаж, олон улсын стандартад хүрсэн, улс орныхоо өрсөлдөх чадварын нэрийн хуудас болж чадсан, бизнесийн шинэ чиглэлийн хөгжилд хувь нэмэр оруулсан дэд бүтэц, үйлдвэрлэл, хөдөө аж ахуй, газар тариалан, аялал жуулчлалын салбарын үйлдвэрлэл, барилга байгууламж, улсын нэр хүндийг өргөсөн, өв соёл, үндэсний уламжлалыг сэргээсэн бүтээл туурвилыг шалгаруулж, жилд нэг удаа, билгийн тооллын жил солигдохын өмнө “Үндэсний бүтээн байгуулалтын дээд шагнал-Төрийн гэрэгэ” шагналыг Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар олгодог уламжлалтай.

– Өмнө нь уг шагналыг ямар бүтээн байгуулалтууд хүртэж байсан бэ?

– “Үндэсний бүтээн байгуулалтын дээд шагнал-Төрийн Гэрэгэ”-г

2011 онд “Нэпко” хэвлэлийн газраас эрхлэн гаргасан Британника нэвтэрхий тольд,
2012 онд Үндэсний “Энержи Ресурс” компанийн Өмнөговь аймаг дахь Ухаа Худаг уурхайн бүтээн байгуулалтад,
2014 онд “Гацуурт” компанийн газар тариалан, мал аж ахуйн салбарт нэвтрүүлсэн техник, технологийн шинэчлэл, бүтээн байгуулалт, Дулааны 4 дүгээр цахилгаан станцын суурилагдсан хүчин чадлыг 123 МВт-аар өргөтгөсөн төсөлд, Хөтөлийн “Цемент-шохой” компанийн хуурай аргын технологи нэвтрүүлсэн үйлдвэрлэлд,
2015 онд “Дарханы төмөрлөгийн үйлдвэр” ТӨХК-ийн Сэлэнгэ аймаг дахь Хандгайт өртөөнөөс Төмөртэйн уурхайн чиглэлийн 22,9 км төмөр зам, Төмөртэй өртөөний бүтээн байгуулалт болон “Монголын Алт” /МАК/ ХХК-ийн Хийт бетоны үйлдвэрт тус тус хүртээгээд байна.
Уг бүтээн байгуулалтуудыг улсын нийгэм, эдийн засаг, оюун санааны ертөнцөд шинэ хандлага, дэвшил авчирсан гэж үзэж энэхүү шагналыг хүртээсэн юм.

– “Үндэсний бүтээн байгуулалтын дээд шагнал-Төрийн гэрэгэ” шагналд нэр дэвшүүлэх, шалгаруулах үйл явц яаж явдаг вэ?

– “Үндэсний бүтээн байгуулалтын дээд шагнал-Төрийн гэрэгэ” шагналд Аймаг, нийслэлийн ИТХ, Засаг даргын Тамгын газар орон нутагтаа тухайн жилд бий болсон бүтээн байгуулалтыг, Төрийн яамд салбартаа тухайн жилд бий болсон бүтээн байгуулалтыг, иргэд, төрийн бус байгууллагууд дэмжиж буй бүтээн байгуулалтыг нэр дэвшүүлэх эрхтэй.

Ирүүлсэн бичиг баримтыг Ерөнхийлөгчийн Тамгын газрын даргын захирамжаар байгуулсан ажлын хэсэг авч хэлэлцэн шалгаруулалтад оруулна. Урьдчилсан шалгаруулалтыг Ерөнхийлөгчийн Тамгын газар, Шинжлэх ухааны академи, Монголын үндэсний худалдаа аж үйлдвэрийн танхим, Үндэсний бүтээмжийн төв, Өрсөлдөх чадварын төв, Нийслэлийн Засаг даргын Тамгын газрын төлөөллөөс бүрдсэн ажлыг хэсэг зохион байгуулдаг. Нэр дэвшсэн, шалгарсан бүтээн байгуулалтыг сар шинийн өмнө Монгол Улсын Ерөнхийлөгчид танилцуулна.

– Одоогоор хэдэн бүтээн байгуулалтыг нэр дэвшүүлж ирүүлээд байна вэ?

– Байгууллага, иргэд нэр дэвшүүлэх ажлыг 01 дүгээр сарын 25-ны өдрийн дотор дуусган, холбогдох бичиг баримтыг Ерөнхийлөгчийн Тамгын газарт ирүүлэх ёстой. Эхнээсээ цөөнгүй материал ирсэн байна. Гэхдээ байгууллага, иргэдээс шагналд нэр дэвшүүлэх хугацааг сунгахыг хүссэн. Үүнийг харгалзан үзэж материал хүлээн авах эцсийн хугацааг 02 дугаар сарын 10-ны өдрийг хүртэл сунгаж байна.

“Үндэсний бүтээн байгуулалтын дээд шагнал-Төрийн гэрэгэ” шагналын журамтай эндээс танилцана уу.

http://www.president.mn/content/11439

Санал болгох мэдээ

Г.Билгүүн: Байгалийн боржин чулуу ашиглан халтирдаггүй явган хүний зам хийж байна

32-ын тойргоос Хүнсний 4-р дэлгүүр хүртэлх 1.2 км явган хүний замыг байгалийн боржин чулуугаар шинэчилж …